Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2017/00034

 

У.У-ийн нэхэмжлэлтэй,

Баянтүмэн сумын Засаг даргад холбогдох

хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, хариуцагч байгууллагын төлөөлөгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 138/ШШ2017/00835 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор У.У-н нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад холбогдох “Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх  тухай” иргэний хэргийг 2017 оны 09 сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч У.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд 2012 оны 07 сарын 06-ны өдрийн Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар томилогдсон боловч Эрүүл мэндийн төвийн даргыг Засаг дарга Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөн томилох ёстой гээд Эрүүл мэндийн газрын даргын Б/23 тоот тушаалыг хүчингүй болгож,  Баянтүмэн сумын Засаг дарга 2013 оны 02 сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Засаг дарга Эрүүл мэндийн төвийн даргыг сонгон шалгаруулах тухай хүсэлт илгээсний дагуу Дорнод аймгийн Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалт 2013 оны 10 сард болж Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн  даргын орон тоон дээр надтай хамт 3 хүн орсон. Сонгон шалгаруулалтын дүнгээр миний бие 81 оноотой 1 дүгээрт, Ц.Идэрзориг 74 оноотой 2 дугаарт эрэмбэлэгдсэн. Түүнээс хойш Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 4 жил ажиллаж байна. Засаг дарга  2016 оны 06 сарын 17-ны өдөр миний албан тушаалыг үндэслэлгүй бууруулсан учир шүүхэд хандсан. Шүүхээс Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эргүүлэн тогтоосон бөгөөд  давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл Баянтүмэн сумын Засаг дарга Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Засаг дарга 2017 оны 04 сарын 26-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Засаг даргын хөдөлмөрийн гэрээг цуцалсан  тушаалын баримталсан зүйл нь гэрээ цуцлах заалт биш  гэж үзэж байна. Засаг дарга хууль бус шийдвэр гаргаж, Эрүүл мэндийн төвийн даргаар Ц.Идэрзоригийг томилсон. Баянтүмэн сумын Засаг дарга нь хууль бус шийдвэр гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан учир У.У намайг Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэжээ 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Баянтүмэн сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 26-ны өдрийн Б/10 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах  тухай захирамж нь үндэслэлгүй байна. Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга У.У нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн үйлчилгээний албан тушаалтан учир ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд  ажлаас халах үндэслэл болдог. Гэтэл Засаг дарга нь хөдөлмөрийн гэрээг ямар үндэсээр цуцалсан болон хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн талаарх үндэслэлийг захирамжиндаа зааж өгөөгүй байдаг. Тийм учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж, Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хүртэл ажлын 83 хоног болж байна. Сарын дундаж цалинг сүүлийн 3 сар буюу 2017 оны 3, 4, 5 сард авсан цалингийн дундажаар тооцоход сарын дундаж цалин 861750 төгрөг болж байна. Үүнээс нэг өдрийн цалинг тооцоход 40081 төгрөг болж байна. Ажилгүй байсан өдөрт тооцоход нийт 3 326 723 төгрөг болж байгаа. Үүнийг нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааны цалинд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч П.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Байгууллагын ерөнхий менежер болон төсвийн байгууллагын дарга нар нь  төрийн албаны шалгалтанд тэнцсэн төрийн жинхэнэ албан хаагч байна гэсний  дагуу төрийн албаны салбар зөвлөлд Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргыг сонгон шалгуулалт хийх хүсэлт тавьсан. 2013 оны 10 сард төрийн албаны шалгалт болсон. Шалгалтанд тэнцсэн эсэх талаар тогтоолыг надад ирүүлээгүй. Тухайн үед У.У нь Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн албан тушаалд томилогдон ажиллаж байсан.  Төрийн албан хаагчийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд жинхлэх хуулийн заалттай учир У.У-г үүрэг гүйцэтгэгчээр томилсон. У.У нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашигс онирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж өөрийн төрсөн эхийг  өөрийн дор ажиллуулсан. Энэ зөрчлийн талаар өөрт нь мэдэгдэж,  албан бичиг хүргүүлсэн боловч  У.У нь алдаагаа засаагүй. Нийтийн алба болон нийтийн ашиг сонирхолын зөрчлийн тухай хуулиар шууд ажил албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно гэсэн  хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Нарангаравын дүгнэлтийг үндэслэн У.У-г  албан тушаал бууруулан  3 дугаар  багийн эмчээр томилсон.  2013-2015 онуудад У.У нь ажиллаж байхдаа ёс зүйн доголдол маш их гаргаж байсан. Төрийн албаны салбар зөвлөл болон Эрүүл мэндийн газрын ёс зүйн салбар хороонд очиж байсан. Салбар хорооны дүгнэлтүүд ч гарч байсан. Төрийн албаны салбар зөвлөлөөс У.У-д хариуцлагын арга хэмжээ ав гэсэн шийдвэр  гарч,  хариуцлага тооцож байсан.  2015 онд Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Хулантай ажлын доголдол дахин гаргахгүй гэж гурвалсан гэрээ байгуулсан. Гэтэл У.У нь ахин ёс зүйн зөрчил , ажлын доголдол гаргаж байсан. Харьяалал бус эмчлүүлэгчид эмнэлгийн түүх нээж ажлын хариуцлага алдсан байгаа. Энэ нь мэргэжлийн хяналтын шалгалтаар тогтоогдсон. Шүүхийн шийдвэрт ажилд нь эргүүлэн томил гэсэн үгийг ойлгохдоо өмнө ажиллаж байсан ажил албан тушаалд нь тогтооно гэж  ойлгож байгаа. У.У нь өмнө нь Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаал дээр ажиллаж байсан учраас үүрэг гүйцэтгэгчээр эргүүлэн ажилд нь томилсон. Тухайн үед Төрийн албаны салбар зөвлөлийн шалгалтын дүн надад ирээгүй байсан. Шалгалтын дүнг үндэслэж байж даргаар томилох байсан. Тухайн үед Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан У.У нь Дундговь аймагт байгаа аавын бие муу байгаа гэж Эрүүл мэндийн төвийн даргаас 1 сарын цалингүй чөлөө авсан байдаг. Ажлын хамт олон нь мөнгө төгрөг цуглуулж өгсөн. Гэтэл У.У нь Солонгос улсад ажил хийхээр явсан байсан. У.У нь Солонгос улс руу явсан байсан учир ажилд авсан захирамжийн  хувийг  албан бичгээр нөхөрт нь хүргүүлсэн. Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтанд У.У, Ц.Идэрзориг нар нь тэнцсэн байдаг. У.У нь  удаа дараа ёс зүйн доголдол гаргаж байсан учир Эрүүл мэндийн газрын дарга Оюун, Эрдэнэтуяа нартай зөвшилцөн,  Төрийн албаны тухай хуулийн 10.1.4-т төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журамд заасны дагуу  Төрийн албаны салбар зөвлөлийн нөөцөд буй Ц.Идэрзоригийг Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн даргаар томилсон байгаа. У.У-г 2017 оны 01 сард ажилд эргүүлэн томилсноос хойш Эрүүл мэндийн төвийн 13 ажилчдаас нь У.У-г Солонгос улс руу худал хэлж явсан, ёс зүйн доголдол гаргасан, ажлын дарамт үзүүлсэн  талаар надад өргөдөл,  гомдлууд ирсэн байгаа.

Иймээс У.У-г Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эргүүлэн авах боломжгүй учир нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 138/ШШ2017/00835 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.У-г Дорнод аймгийн Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын  ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянтүмэн сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговор 3 326 723 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.У-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар байгууллагаас төлөх ёстой нийгмийн даатгалын болон бусад шимтгэлүүдийг төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүрээр шимтгэл төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвд үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 68178 төгрөг гаргуулж төсвийн орлого болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ...шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Г давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 138/ШШ2017/00835 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт, хариуцагч тал “У.У-г Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам зөрчсөн гэж тайлбарлаж буй боловч хуульд зааснаар дээрх зөрчилд нь байгууллагын дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ямар арга хэмжээ авсан талаарх баримтыг ирүүлээгүй байгаа нь У.У-г байгууллагын  дотоод журам, Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр шийдвэрт тайлбарласан нь хэрэгт авагдсан нотлох баримт Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.6.2-т ноцтой зөрчлийг тодорхойлохдоо “хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах” гэсэн заалт, мөн сумын Эрүүл мэндийн төвийн нийт ажилчдын У.У-н ёс зүйтэй холбоотой гаргасан өргөдөл, мөн дээрх зөрчлийг нотлох талаар Эрүүл мэндийн төвийн нийт ажилчдыг гэрчээр суулгах, шүүх хуралдаанд биеэр оролцуулах талаар хүсэлт тавьсан боловч хариуцагчийн эрхийг хангаагүй зэргээс дээрх зөрчлийг нотлох боломж олгож өгөөгүй гэж үзэж байна.

Мөн “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар Ажил олгогч энэ хуулийн  40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр хуульд заасан атал хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай мэдэгдлийг хуульд заасны дагуу У.У-д өгөөгүй байна.” гэсэн нь У.У-д сумын Засаг дарга албан өрөөнд биеэр дуудаж Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг танилцуулж хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдсэн. Харин шүүх хуралд нэхэмжлэгч У.У нь өөрийн биеэр байгаагүй учир дээрх асуудлыг асуулга тавьж нотлох боломж гараагүй.

Шийдвэрийн дүгнэлт хэсэгт, “Нэхэмжлэгчийн 2017 оны 04 сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 сарын 21-ний өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны олговрыг дараахь аргачлалаар тооцсон болно.” гэсэн дүгнэлт нь 2017 оны 2,3,4 сарын дундаж цалингаас ... гэсэн байтал нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтохын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “3,4,5 дугаар сард авсан цалингийн дунджаар тооцоход” гэсэн нь У.У нь 5 дугаар сард цалин аваагүй болно.

Мөн “Ажилгүй байсан 83 хоногийн 1 хоногийн дундаж цалин болох 40081 төгрөгөөр үржүүлэхэд ажилгүй хугацааны олговор 3326723 төгрөг” гэсэн нь ажилгүй байсан 83 хоног гэснийг буруу тооцож илүү хоног гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.У нь хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад холбогдуулан сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн  тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга нь ажилтан У.У-г шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн Б/01 дугаар захирамжаар Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, 2017 оны 04 сарын 26-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 11.3, Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 21 дугаар тогтоолыг үндэслэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч У.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 04 сарын 26-ны өдрөөс цуцалжээ. / хх-ийн 2, 4, 77 дугаар талууд /

Ажил олгогч Баянтүмэн сумын Засаг дарга нь ажилтан У.У-тай 2016 оны 01 сарын 04-ний өдөр сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба У.У-г 2017 оны 01 сарын 09-ний өдөр тус ажилд дахин томилохдоо шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. / хх-ийн 5-7, 64-66 дугаар талууд / Иймд ажилтан У.У-тай  2016 оны 01 сарын 04-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэвээр мөрдөгдөж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажилтан У.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай. Гэтэл ажил олгогч нь  хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа үндэслэлээ тодорхой заагаагүй, хөдөлмөрийн болон холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байна. Энэ талаар  анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. 

Ажил олгогч Баянтүмэн сумын Засаг дарга “У.У-ийн талаар 2017 оны 01 сард эмнэлгийн ажилчдаас гомдол ирсэн“ гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч энэ гомдлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн, ямар арга хэмжээг хэнд авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн ажил олгогч нь У.У-ийн ёс зүйн асуудлаар 2013, 2014 онуудад гомдол ирж байсан гэсэн тайлбар гаргаж байгааг хүлээн авах боломжгүй юм. Учир нь энэ маргаанд ажилтан У.У-г ажилд томилсон 2017 оны 01 сарын 09-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хугацаа буюу 2017 оны 04 сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны асуудал хамаарах юм. 

Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 11 сарын 21-ний өдрийн 21 дугаар тогтоолоор У.У нь 81,0 оноогоор Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд тэнцсэн байхад Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол ирээгүй, У.У-г тухайн албан тушаалд тэнцсэн эсэх талаар манай байгууллагад мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр түүнийг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр удаа дараа томилсон нь ажил олгогчийн буруу гэж үзнэ. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолыг шаардаж авах, лавлаж асуух эрх нь ажил олгогчид нээлттэй байна. Мөн У.У-г сумын Эрүүл мэндийн төвийн даргаар эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр байгаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалтыг анхааарах нь зүйтэй байна.  / хх-ийн 73 дугаар тал /

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж ажилтан У.У-г  Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг ажил олгогчоос гаргуулж ажилтанд олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагч байгууллагын гаргасан “ У.У-ийн ажилгүй байсан хугацааг шүүх буруу тооцсон байна “ гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. 

Анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “ Дундаж цалин хөлс тодорхойлох журам “-ын 7-д зааснаар ажилтан У.У-ийн ажилгүй байсан хугацааны олговрыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохдоо ажилгүй байсан 74 хоногийг 83 хоног гэж тооцож ажилгүй байсан хугацааны олговрыг илүү олгохоор шийдвэрлэснийг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Ажилтан У.У нь 2017 оны 04 сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн боловч цалингаа бүтэн авсан, энэ талаар талууд маргаагүй болно. Ажилгүй байсан хугацааг тооцвол 5 сард 23 хоног, 6 сард 21 хоног, 7 сард 16 хоног, 7 сард 14 хоног, нийт 74 хоног болно. Нэг өдрийн цалинг 40081 төгрөгөөр тооцож 2965994 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, улсын тэмдэгтийн хураамж 62406 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч байгууллагын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 138/ШШ2017/00835 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ ... 3326723 төгрөгийг ... олгосугай. “ гэснийг “ ... 2965994 төгрөгийг ... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 360729 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.“ гэж, 4 дэх заалтын “ ... 68178 төгрөг ...” гэснийг “ ... 62406 төгрөг ...“ гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                

                   ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Л.НАРАНБАЯР

                   ШҮҮГЧ                                                             Я.АЛТАННАВЧ         

                                                                                           З.ЭНХЦЭЦЭГ