| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2017/03306/и |
| Дугаар | 2655 |
| Огноо | 2016-10-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2655
| 2017 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 181/ШШ2017/02655 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 10 дугаар их тойруу-2 Зүүн түгээх байрны төвийн байр 1 давхарт байрлах, улсын бүртгэлийн 9012001012, регистрийн 2646161 дугаартай, Eийн нэхэмжлэлтэй,
43.725.895 төгрөгийн найдваргүй өр авлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангэрэл, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Eтэй гэрээтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршин сууж байсан 2008 оны 58 хэрэглэгчийн 5 386 303 төгрөг, 2009 оны 19 хэрэглэгчийн 3 832 526 төгрөг, 2010 оны 93 хэрэглэгчийн 8 394 433 төгрөг, 2011 оны 120 хэрэглэгчийн 11 249 114 төгрөг, 2012 оны 115 хэрэглэгчийн 7 699 068 төгрөг, 2013 оны 52 хэрэглэгчийн 7 165 459 төгрөг буюу нийт 459 хэрэглэгчдэд холбогдох 43.725.895 төгрөгийн авлагаг нь найдваргүй авлагын бүртгэлд байсаар он удаан жил болж өрийн сүлжээ болж байна. Уг өрийг барагдуулахын тулд авлага хариуцсан ажилтангууд ажиллаж, олон жил уг өрийг барагдуулах ажлыг зохион байгуулсан боловч үр дүнгээ өгөхгүй байна. Хаягийг нь тодруулах эрэн сурвалжлах ажиллагаа явуулах нь зардал их гарч, үр дүнгүй ажил болж байгаа учир эрчим хүчний авлага үүсгэн ор сураггүй болсон хавсралтад заагдсан нэр бүхий 459 хэрэглэгчдэд холбогдох 43.725.895 төгрөгийн найдваргүй өр авлагыг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн гаргасан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй гэрээтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршин сууж байсан 2008 оны 58 хэрэглэгчийн 5 386 303 төгрөг, 2009 оны 19 хэрэглэгчийн 3 832 526 төгрөг, 2010 оны 93 хэрэглэгчийн 8 394 433 төгрөг, 2011 оны 120 хэрэглэгчийн 11 249 114 төгрөг, 2012 оны 115 хэрэглэгчийн 7 699 068 төгрөг, 2013 оны 52 хэрэглэгчийн 7 165 459 төгрөг буюу нийт 459 хэрэглэгчийн 43.725.895 төгрөгийн авлага үүссэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан тус газрын найдваргүй авлагын жагсаалтаар тогтоогдож байна.
Эрчим хүчний тухай Монгол улсын хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна" гэжээ. Хэрэглэгчид нь дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байсан байна.
Гэвч хамгийн сүүлийн хэрэглэгчдийн төлбөл зохих хугацаа 2008 оных байх бөгөөд “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заажээ.
Иймд нийт 459 хэрэглэгчийн 43.725.895 төгрөгийн төлбөрийн шаардлага гаргах хөан хэлэлцэх хугацаа дууссан байх тул авлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хавсралтад дурьдсан нэр бүхий 459 хэрэглэгчдэд холбогдох цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт 43.725.895 төгрөгийн найдваргүй авлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.579 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ