Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/303

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Хохирогч Д.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Чад холбогдох эрүүгийн 1838005880330 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 23-ны орой 21-22 цагийн орчим шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Идэр дэлгүүрийн гадаа иргэн Д.Эыг нүүрэн тус газар нь бөгжтэй гараар нэг удаа цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 23-ны орой 21-22 цагийн орчим шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Идэр дэлгүүрийн гадаа иргэн Д.Эыг нүүрэн тус газар нь бөгжтэй гараар нэг удаа цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Чын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Идэр дэлгүүр ороод чанга дуугаар пиво авъя гэсэн чинь дэлгүүрт байсан 2 залуу яасан чанга дуутай юм бэ гэхээр нь хуц гэж хэлчихээд гараад явсан. Нэг залуу араас дагаж гарч ирчихээд намайг бариад авахаар нь эргэж хараад сандарсандаа том бөгжтэй гараа атгаж байгаад цохисон. Тэгэхэд тэр залуу надад цохиулаад суусан. Хамт явж байсан залуу намайг барьж аваад зодсон...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг,

Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 10-13 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 15 дугаар хуудас/,

      Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 23-ны орой П бид хоёр манай гэрийн наад талын үзүүрт байдаг Идэр дэлгүүр дээр очсон. Дэлгүүрт ороод зогсож байхад гаднаас Ч гэх хүн орилсоор орж ирсэн. Тэр үед манай найз П болон худалдагч залуу хоёр Ч ахыг гар гэж хэлсэн. Тэгэхэд Ч ах гараад явсан. Удалгүй би түрүүлээд гадагшаа гарахад Ч ах миний нүдрүү хүчтэй юмаар цохьчих шиг болсон. Яг юугаар цохисоныг мэдэхгүй байна. Би тухайн үед цохиулчихаад хальт барьж авах гэж оролдсон боловч чадалгүй шууд доошоогоо суусан. Суухад миний нүднээс цус гарч байсан. Тэгэхэд найз П маань дэлгүүрээс гарч ирээд хөөж гүйж байгаад барьж аваад цагдаад дуудлага өгсөн... Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт очоод үзүүлэхэд нүд чинь гоожсон байна, яаралтай хэвт гээд хэвтүүлсэн. Уг өдрийн маргааш намайг яаралтай Улаанбаатар хотруу яв гэсэн учраас би замын унаанд сууж Улаанбаатар хотруу явсан. Улаанбаатар хотод очоод Улсын 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүлэхэд нүд чинь гоожсон байна. Хагалгаанд орно гэж байсан. Би 2018 оны 07 дугаар сарын 27-ний өдөр нүдний хагалгаанд орж нүдээ авахуулж, хиймэл нүд хийлгэсэн. Улсын 1 дүгээр эмнэлэгт нийтдээ 6 хоног хэвтэн эмчлүүлсэн... хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдөр нүднийхээ процессийг тавиулж дуусаад Мөрөнд гэртээ ирсэн. ...Эмчилгээний зардалд нийт 3.500.000 төгрөгийн зардал гарсан, үүнээс шүүгдэгчийн өгсөн 1.100.000 төгрөгийг хасаад 2.400.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...Ч надад нэмж 1.010.000 төгрөг өгсөн... ” гэх мэдүүлэг,

       Гэрч А.Пын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Дэлгүүрт ороод зогсож байхад гаднаас Ч нэртэй ах нилээн согтуу хаалга хүчтэй онгойлгосоор орж ирсэн. Би Ч ахыг ороод ирэхээр нь та хөгшин хүн байж яасан аймаар яваа юм бэ, гар та гэж хэлэхэд гараад явчихсан. Ч ахыг гараад явсны дараа найз Э маань гарсан. Би найзыгаа гараад явахаар нь дэлгүүрийн дотор талаас цонхоор нь хараад зогсож байхад Ч ах найз Эыг маань цохисон. Яг юугаар цохьсоныг мэдэхгүй байна. Найз Э маань цохиулчихаад шууд доошоогоо суучихсан. Тэгээд би дэлгүүрээс гүйж гараад найз Э дээрээ очиход нүднээс нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/,

      Гэрч Б.Ууган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Тухайн өдрийн орой 21 цагийн үед байхаа дэлгүүртээ ажлаа хийгээд байж байхад П ах, Банди ах хоёр манай дэлгүүрт орж ирээд надаас архи зээлчих гээд гуйгаад байсан. Би тухайн үед тэр хоёрт зээл өгөхгүй гээд ярилцаад байж байхад гаднаас Ч нэртэй зүс таних ах орж ирсэн...Ч ахыг гарсаны дараа П ах, Б ах хоёр надаас архи зээлчих гээд дахиад гуйсан. Тэгэхээр нь би архи зээлэхгүй гэж хэлэхэд Б ах түрүүлээд гараад явсан. Б ахыг гарсны дараа би араас нь цонхоор харж байхад Б ахыг үүдээр дөнгөж гарахад нь Ч ах гараа саваад цохьчихсон. Тэгэхээр нь Паа ахтай хамт гарахад Б ахын нүүр нь нилэнхүйдээ цус болчихсон, нүүрээ дараад сууж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/,

       Гэрч Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Б бид хоёрыг алхаж явах замд Идэр дэлгүүрийн хажуу талд нөхөртэй маань адилхан хүн 2 залуутай маргалдаж зодолдож байсан. Тэгээд Б бид хоёрыг явж очих хооронд нэг залуу нь суугаад авсан. Харин нөгөө залуу манай нөхрийг газарт унагаагаад зодож байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,

      Гэрч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Идэр дэлгүүрийн урд 2-3 хүн зодолдоод байгаа бололтой харагдсан. Тэгээд дэлгүүрлүү нилээн дөхөж очиход Алтантогос манай нөхөр Ч мөн байна ш дээ зодолдоод байна гүйгээрээ гэсэн. Намайг очих үед нэг залуу нь суучихсан. Нөгөө залуу нь Чтай маргалдаад дэлгүүрийн хажуу талаар орж байсан. Араас нь гүйгээд очиход өндөр биетэй залуу Чыг доороо хийчихсэн хоолойг нь боочихсон зодож байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 43-44 дүгээр хуудас/,

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 427 тоот дүгнэлтэд:

      1. Д.Эын биед зүүн нүдний алимны гэмтэл, хараагүйдэл, хамар ясны хугарал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна.

      З. Д.Эын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.1-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

      4. Цаашид хөдөлмөрийн чадварыг 65 хувиар тогтонги алдагдана гэх дүгнэлт /ХХ-ийн  47 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838005880330 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч Д.Э нь шүүгдэгчээс эмчилгээнд гарсан зардал 3.500.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн ба хохирлоос шинжилгээний төлбөр 66.000 төгрөг, нүдний шракны үнэ 380.000 төгрөг, Онош эмнэлэгийн оншилгооны төлбөр 55.000 төгрөг, Эмийн сангуудаас авсан эм, тарианы үнэ 148.661 төгрөг, нүдний мэс заслын үнэ 507.960 төгрөг, шилэн нүдний үнэ 150.000 төгрөг нийт 1.307.621 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардал нийт 2.110.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна. Харин хохирогчийн нэхэмжлэлийн дүнгээс үлдэх 2.192.379 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч Д.Э нь 2.192.379 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Чаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

      Шүүгдэгч Б.Ч нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь 53 настай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838005880330 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урдаа хос морины толгой бүхий хээтэй цайвар цагаан өнгийн металь бөгжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Ш Бийн Чыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн Чыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чад оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн 1838005880330 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Э нь 2.192.379 /хоёр сая нэг зуун ерэн хоёр мянга гурван зуун далан ес/ төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Чаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн 1838005880330 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урдаа хос морины толгой бүхий хээтэй цайвар цагаан өнгийн металь бөгжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР