Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00624

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2019/00626 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 223/МА2019/00022 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ш-т холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Д-ын өмгөөлөгч С.Сувдмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин,   Б.Батлхагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Нямхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ха” ХХК-ийн гаргасан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн тоот үнэлгээний тайлантай танилцаад дараах үндэслэлээр дүгнэлтийг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 151/ШШ2017/00962 дугаар захирамжийн дагуу хариуцагч Г.Д, С.Д нараас зээлийн төлбөрт нийт 57 688 795 төгрөгийг гаргуулах, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

“Х “ХХК хүсэлт гаргасны дагуу Ш нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Шраас 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3/270 дугаартай албан тоотоор төлбөр авагч “Х” ХХК-д хандаж шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудаст дурдсан Төв аймаг, Зуунмод, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаартай, 27.7 ам метр талбай бүхий орон сууцны үнэлгээг мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан борлуулах хөрөнгийн үнэлгээнд 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Ха” ХХК дүгнэлт гаргаж Г.Дын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаартай, 27.7 ам метр талбай бүхий орон сууцны үнэлгээг 71 448 460 төгрөг гэж гаргасан байна.

“Ха” ХХК нь хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жил байгуулах элэгдлийн хэмжээг тооцохгүй, хөрөнгийн ашиглалтад орсон хугацаа 1980 он байхад тухайн хөрөнгийг бусад этгээдээс худалдан авч өмчлөх эрхээ 2010 онд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснийг үндэслэсэн нь буруу байна. Тухай хөрөнгийг хэзээ худалдан авч, өмчлөх эрхээ бүртгүүлсэн нь уг хөрөнгийн ашиглалтад орсон хугацааг илтгэхгүй бөгөөд анх ашиглалтад орсон буюу 1980 оноос элэгдэл хорогдлыг тооцно. Нөгөөтэйгүүр үнэлгээний байгууллага нь хөрөнгийн талбайн хэмжээ улсын бүртгэлийн гэрчилгээнд 27.7 ам метр гэж заасан байхад нь түүнийг 63.49 мкв талбайтай гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн мэдээллээс зөрүүтэйгүүр үнэлсэн ба үнэлгээг хэрхэн, яаж хийсэн нь тодорхойгүй, зах зээлийн бодит үнэлгээнээс хэт дээгүүр үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Шраас Г.Дын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаартай, 27.7 ам метр талбай бүхий орон сууцны үнэлгээг 71 448 460 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, мөн “Ха” ХХК-ийн үнэлгээчин нь хуульд заасан үндэслэл бүрдээгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, эсхүл шүүхээс “Ха” ХХК-ийн 3 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, үнэлгээ хийх цаг хугацаа дуусан байхад өөрийн санаачлагаар хөрөнгийг дахин үнэлж, үнэлэгдсэн хөрөнгийн нийт үнэ цэнийг 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 68 569 200 төгрөгөөр тодорхойлсон. Иймд Шраас Г.Дын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаартай, 27.7 ам метр талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 68 569 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзаяа, Г.Юмжирмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилон төлбөр төлөгчийн эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэдэг бөгөөд томилогдсон шинжээч нь хөндлөнгийн нөлөөнд автахгүй, хөрөнгийн чанар байдлыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнд тулгуурлан бие даан тайлангаа гаргадаг. Иймд Ш нь дээрх зарчмын дагуу төлбөр төлөгч Г.Д, С.Д нарын барьцаа хөрөнгөнд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №02/01 дугаартай шинжээч томилох тогтоолоор “Ха” ХХК-ийн шинжээч Ч.Адъяасүрэнг томилон хөрөнгийн үнэлгээ хийлгэн тайланг талуудад хуулийн хугацаанд танилцуулсан.

Дээрх хөрөнгийг үнэлсэн үнэлгээнд манай байгууллага өөрчлөлт оруулах эрхгүй бөгөөд шинжээч нь өөрийн гаргасан үнэлгээний тайлангаа үнэн зөв бодитой эсэхийг өөрөө бүрэн хариуцах учир манай байгууллага нь үнэлүүлсэн хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлийн хүрээнд хариуцагчаар оролцох ёсгүй гэж үзэж байна. “Х” ХХК нь нэхэмжлэлдээ Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-8 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаартай, 27,7 метр кв талбай бүхий орон сууцыг 68,569,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилон төлбөр төлөгчийн эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэдэг бөгөөд томилогдсон шинжээч нь хөндлөнгийн нөлөөнд автахгүй, хөрөнгийн чанар байдлыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнд тулгуурлан бие даан тайлангаа гаргадаг.

Иймд Ш нь дээрх зарчмын дагуу төлбөр төлөгч Г.Д, С.Д нарын барьцаа хөрөнгөнд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №02/01 дугаартай шинжээч томилох тогтоолоор “Ха” ХХК-ийн шинжээч Ч.Адъяасүрэнг томилон хөрөнгийн үнэлгээ хийлгэн тайланг талуудад хуулийн хугацаанд танилцуулсан.

2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд “Ха” ХХК-ийн шинжээч Ч.Адъяасүрэнг гэрчээр оролцуулахад Ч.Адъяасүрэн нь техникийн алдаагаа засан дахин үнэлгээ хийгээд 68 569 200 төгрөг болгож алдаагаа зассан гэж тайлбарласан байдаг. “Ха” ХХК-ийн шинжээч Ч.Адъяасүрэн нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай газарт үнэлгээний тайлангаа ирүүлэхдээ 68,569,200 төгрөг болгон өөрчлөн ирүүлсэн бөгөөд тус газар нь хуулийн хугацаанд талуудад мэдэгдсэн. Цаашид дээрх үнэлгээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах болно. Иймд “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа: 2010 онд 23 000 000 төгрөгөөр худалдаж аваад 16 000 000 төгрөгийг банкнаас ипотекийн зээлээр авч байсан. 4 жилийн дараа бизнесээ өргөжүүлээд өөр дэлгүүр, хоршоо нээх шаардлагатай болоод зээл хүсэхэд “Х” ХХК нь анх 40 000 000 төгрөгийн бэлнээр олгосон. Манай байрыг тухайн үед 60-65 сая төгрөгөөр үнэлж байсан. Бусад зээлүүдэд 53 000 000 төгрөгөөр үнэлсэн. Миний байрыг 53 саядаа аваад зээлийг хаагаад өгөөч гэсэн ч банк зөвшөөрөөгүй гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2019/00626 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Шт холбогдох Г.Д, С.Д нарын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаартай, 27.7 ам метр талбай бүхий орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 71 448 460 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 68 569 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 223/МА2019/00022 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 151/ШШ2019/00626 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийг шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Шт холбогдох нэхэмжлэгч “Х” ХХКомпаний Г.Д, С.Д нарын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод 1-р баг, 17-р байр, 1-08 тоотод байрлах 27,7 ам метр талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 71 448 460 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 68 569 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш болон төрийн сангаас тус бүр 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХКомпанид олгосугай.” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Дын өмгөөлөгч С.Сувдмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.21-ний өдрийн 151/ШШ2019/00626 тоот шийдвэр ,Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.02-ны өдрийн 223/МА2019/00022 тоот магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1, 172.2, 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн урьд гаргасан шаардлагаа тодруулсан, өөрчилсөн талаар маш тодорхойгүй шаардлага гаргасан. Дахин гаргахдаа эхлэн гаргасан шаардлагаа өөрчлөх, тодруулах гэж огт бичээгүй дахин нэхэмжлэл бичиж өгсөн байсан. Энэ нь ИХШХШ тухай хуулийн 62-р зүйлийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Ийм ойлгомжгүй байсан учир анхан шатны шүүх зөвхөн нэг үнэлгээг хүчингүй болгосон. Нөгөөг нь яах эсэх талаар огт дурдаагүй. Харин давж заалдах шатны шүүхээс 71 448 460 тегрөгний үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2019.04.23-ний өдрийн 68 569 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгч Х маргаан бүхий үнэлгээгээр үнэлэгдсэн байшин орон сууцыг Г.Дт 2015.03.07-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээлийг олгохдоо 53 000 000 саяд, мөн 2016.02.05-ны өдөр 26 000 000 төгрөгийн зээл олгохдоо 53 000 000 төгрөгт үнэлж тавьсан байдаг.

Х уг байрыг одоо өрөнд хурааж авах болхоороо хүний өмчлөлийн зүйлийг хэт их үнэгүйдүүлж зах зээлийн одоогийн Төв аймагт мөрдөгдөж байгаа 2 өрөө байрны үнэлгээнээс хэт их доогуур буюу 30 000 000 төгрөгөөр хураах гэж байгаад гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч юуг үндэслэн уг байрыг 30 000 000 төгрөгт авах гээд байгаа үндэслэлээ нотлоогүй, хэрэгт энэ талаар хангалттай нотлох баримт байдаггүй.

Г.Дыг түрүүчийн зээлээ төлж дуусаагүй байхад дараагийн зээлийг нэмж олгодог, зээл олгох бүрт зээлийн барьцаа болгонд уг байрыг барьцаанд давхардуулан барьцаалдаг, нийт авсан зээлүүд нь 81 000 000 төгрөг болсон бөгөөд эдгээрийг хүүгийн хамт төлөөд одоо 56 000 000 төгрөг үлдсэн.

Шинжээч дүгнэлтээ гаргахдаа БХБ-ын сайдын талбайн хэмжилтэнд өөрчлөлт орсон учир бүх талбай 63.49 м.кв болсон. Шинэ дүрмээр 00-ийн өрөө харанхуй өрөө, балкон, гал тогоо зэргийг м.кв-т оруулж тооцдог болсон учир урьдах 27 м.кв-т өөрчлөлт орсон гэж тайлбарладаг.

Шинжээчээс танай гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол хаана хэнд хандах вэ гэсэн асуултанд мэргэжлийн үнэлгээчдийн инстутид хандаж гомдол гаргана, энэ байгууллага миний гаргасан үнэлгээнд өөрчлөлт оруулж, хүчингүй болгоно гэж хариулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч энэ байгууллагад гомдлоо гаргаагүй, мөн бүрэлдэхүүнтэй дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байна.

Шүүх ИХШХШ тухай хуулийн 65.1.3 Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй.

Иймд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч Г.Д, С.Д нар нь “Х ХХК-ийн зээлийн төлбөрт 57 688 795 төгрөгийг төлөхөөр, төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг Төв аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШШ2017/00962 дугаартай шүүгчийн захирамжаар баталжээ.

Шүүхийн дээрх шийдвэрийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Төв аймгийн Зуунмод, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах 27.7 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад талууд тохиролцоогүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний “Ха” ХХК-ийг шинжээчээр томилсонд шинжээч 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 71 448 460 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Х” ХХК эс зөвшөөрч, үнэлгээг хүчингүй болгуулахаар Төв аймгийн Шарт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ: “...шинжээч нь хөрөнгийн үнэлгээ гаргахдаа Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилийн хэмжээг зөв тооцоогүй, хөрөнгийн ашиглалтад орсон хугацаа 1980 он байхад 2010 онд улсын бүртгэлд бүртгэгдсэнийг үндэслэн элэгдлийг тооцсон, хөрөнгийн талбайн хэмжээг бүртгэлд бүртгэгдсэн мэдээллээс зөрүүтэй тогтоож үнэлсэн, зах зээлийн бодит үнэлгээнээс хэт дээгүүр үнэлсэн...” гэж тайлбарлажээ.

Хэрэг шүүхэд хянагдах явцад шинжээч “Ха” ХХК дээрх хөрөнгийг дахин үнэлсэн гэх үндэслэлээр хураагдсан хөрөнгийг 68 569 200 төгрөгөөр үнэлсэн Үнэлгээний тайланг хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэгч үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч Төв аймгийн Шар нэхэмжлэлийг  эс зөвшөөрч, шинжээч төлбөрт хураагдсан хөрөнгийг 71 448 460 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнд гаргасан алдаагаа засч 68 569 200 төгрөгөөр үнэлж ирүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, үнэлгээ тус бүрийг  хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийг 71 448 460 төгрөгөөр үнэлсэн 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 68 569 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Дын өмгөөлөгч С.Сувдмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийн талаар эрх бүхий этгээд буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан, хэрэгт цугларсан баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй байх тул ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг ...шүүхэд гаргана гэж заасан тул шинжээчийн дүгнэлтийн талаар гомдол гаргах урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн талаарх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Дын өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Харин нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй талаарх гомдол үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгохыг хүссэн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүйгээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, улмаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Хөрөнгийн үнэлгээний “Ха” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 68 569 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнд 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй, тухайн үнэлгээг хүчингүй болгосон тухай заагаагүй, шинжээч хөрөнгийг дахиад үнэлэх болсон шалтгаан үндэслэлээ тайланд тусгаагүй бөгөөд хэний захиалгаар дахин үнэлгээ хийсэн нь тодорхойгүй, улмаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийсэн эсэх нь тодорхойгүй байхад “...шинжээч өөрийн алдааг залруулж, дахин үнэлгээ тогтоосон тул анхны үнэлгээнээс эрх зүйн үр дагавар үүсэхгүй...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2., Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн “...төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлсэн үнэлгээ Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн, шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу  маргаж буй хөрөнгийг үнэлсэн “Ха” ХХК-ийн үнэлгээ хуульд заасан арга, журмын дагуу явагдсан эсэхэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, агуулгын хувьд зөрчилтэй үнэлгээг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн...” гэх дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Дын өмгөөлөгч С.Сувдмаагийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 223/МА2019/00022 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2019/00626 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Дын өмгөөлөгч С.Сувдмаагийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Даас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД