| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 158/2020/0005/з |
| Дугаар | 09 |
| Огноо | 2020-07-17 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 09
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: З.Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: БУБХ т холбогдох
2002 онд 2 хувьцаа эзэмшигчтэй, 2006 онд 1 хувьцаа эзэмшигчтэй, 2018 онд 1 хувьцаа эзэмшигчтэй болгож, З ХХКомпаний дүрэм, үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулсан бүртгэлийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий 158/2020/0005/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э , өмгөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Р , гуравдагч этгээд Ц.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Зундуй овогтой Т нь 1998 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Эсгэлэн ЗБН-ийн дүрмийн сангийн эд хөрөнгөө З ХХКомпанид хувь нийлүүлж компаний хувь эзэмшигчээр бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тус компаний хувьцаа эзэмшигч байсаар ирсэн ба компанид ямар нэгэн дүрмийн өөрчлөлт хийгдэж, шийдвэр гарч, компаний хувь эзэмшигчээс хасагдах тухай асуудал яригдаагүй, ямар нэгэн үйлдэл хийгдээгүй байгаа. Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаанаас харахад ямар дүрэм, шийдвэрийг үндэслэж бүртгэл хийн, хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдсөн талаар тодорхойгүй, хувьцаа эзэмшигч З.Т д огт мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулан гэрчилгээ олгосон байна. 1996 оны 4 дүгээр сарын 24-нд батлагдсан З ХХКомпаний үүсгэн байгуулах гэрээнд 1998 оны 3 дугаар сарын 2-ны өдөр өөрчлөлт оруулан 8 дугаар зүйлийг компани 60.4 сая төгрөгийн дүрмийн сантай, 9 дүгээр зүйлийг компани 4 гишүүнтэй, нийт дүрмийн сангийн 82.27 хувийг З.Э , Х , 16.9 хувийг Б , 0.83 хувийг З.Т нар эзэмшинэ. Энэ нь ашиг алдагдал хуваарилах, татан буугдах, гишүүнээс гарахад тооцоо хийх үндэслэл болно гэж тус тус өөрчилсөн. З ХХК-ийн дүрэм, дүрмийн санд 1998 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хийгдсэн нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгэн, улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт өөрчлөлийн хэсэгт зохих тэмдэглэл хийгдсэн, тамга дарагдсан боловч 1999-2002 онд 2 хувьцаа эзэмшигчтэй, 2006 онд 1 хувьцаа эзэмшигчтэй, 2018 оны 8 дугаар сарын 8-нд 1 хувьцаа эзэмшигчтэй болж улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний үүсгэн байгуулах баримт бичигт орсон нэмэлт өөрчлөлтийн талаарх тэмдэглэгээнээс тодорхой байгаа боловч дээрх өөрчлөлтийг хийхдээ ямар баримт бичигт үндэслэсэн нь тодорхойгүй, хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч З.Т ын эрх ашиг, сонирхол хөндөгдсөн. Иймд Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн З ХХКомпаний 2002 онд хоёр хувьцаа эзэмшигчтэй, 2006 онд 1 хувьцаа эзэмшигчтэй, 2018 онд 1 хувьцаа эзэмшигчтэй болгож тус компаний дүрэм, үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулсан бүртгэлийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн БУБХ т холбогдуулан гаргасан З ХХКомпанийн 2002, 2006, 2018 онд хийгдсэн улсын бүртгэлийн өөрчлөлтийг хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. 2002, 2006 оны хуулийн этгээдийн улсын бүртгэлд хийгдсэн өөрчлөлт нь 2003 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулагдана. Энэхүү хуульд хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүртгэхэд шаардагдах материалыг нарийвчлан тусгаж өгсөн байдаг. Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 15 дугаар зүйл, 16 дугаар зүйл, 22 дугаар зүйл, 31 дүгээр зүйлүүдэд хуулийн этгээдийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан тухай шийдвэр болон өөрчлөлтийг тусгасан баримт бичгийг үндэслэж бүртгэлд бүртгэхээр зохицуулсан байгаа. Гэтэл дээрх материалууд улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтад байхгүй байгаа нь ямар бичиг баримтад үндэслэсэн нь тодорхойгүй байгаа нь улсын бүртгэлийг хууль бусад тооцох үндэслэл болно. 2018 оны бүртгэл нь 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль-иар зохицуулагдах байгаа. Мөн л 2018 онд З ХХКомпанийг 1 хувьцаа эзэмшигчтэй болгож өөрчилж бүртгэсэн бүртгэлийн хувийн хэрэгт хуулийн 11.2, 15 дугаар зүйлүүдэд заасан мэдээлэл байхгүй байхад өөрчлөн бүртгэл хийсэн нь хууль бус юм. Дээрх бүртгэлүүдийг хийхдээ үндэслэл болгосон бичиг баримтыг улсын бүртгэлийн хэлтсээс авахаар хүсэлт гаргасан боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт шаардлагатай баримт бичиг байхгүй байгаа нь бүртгэлийг үндэслэлгүйгээр өөрчилж хийсэн гэж үзнэ. Иймд 2002, 2006 болон 2018 онуудад хийгдсэн бүртгэлийн өөрчлөлтүүд нь хууль зөрчсөн хууль бус болохыг тогтоож өгнө үү. Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр маргаан үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн З.Т ын эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэдгийг олж мэдсэн гэв.
Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хуулийн этгээдийн улсын бүртгэл нь 2009 оноос өмнө Татварын хэлтсийн эрхлэн гүйцэтгэх ажил үйлчилгээнд хамаарах тул 2002, 2006 оны бүртгэлийн талаар нарийвчлан тайлбар өгөх боломжгүй байна. 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн бүртгэл нь Булган аймгийн тойргийн нотариатч Б.П гийн үйлдсэн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн хийгдсэн болно. Дээр дурьдсан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шинээр өв нээсэн тохиолдолд уг бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой байна гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БУБХ нь 2009 онд байгуулагдсан. Үүнээс өмнө Татварын хэлтэст хуулийн этгээдийн бүртгэлийг хийдэг байсан. З ХХКомпанийн бүртгэл хуулийн дагуу хийгдсэн. Нэхэмжлэгч талаас З ХХКомпанийн хөрөнгийн асуудал дээр иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн боловч энэ асуудал нь шийдэгдээгүй байгаа. Ер нь маргааныг удаашруулах зорилгоор төрийн байгууллагыг үндэслэлгүйгээр буруутгаж байна гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б ээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Т нь 1995 онд Анагаахын их сургуулийг төгсөөд Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчээр ирж ажиллахдаа манай компаний хөрөнгө болох зочид буудалд эхнэр хүүхдийн хамт олон жил амьдарч, нэг ч төгрөгний төлбөр төлөөгүй, ах дүүгийн ёсоор аж төрж байгаад 2005 онд Улаанбаатар хот руу шилжсэн. Нэхэмжлэлд дурьдсанаар З.Т нь компанид нийлүүлсэн эд хөрөнгөө бусдад хууль бусаар алдсан зүйл байхгүй. Тухайн үед хамт амьдарч байсан учраас компанийн дүрмийн санд өөрчлөлт орж хасагдаж байгааг мэдээгүй гэх үндэслэл байхгүй. Хасагдах болсон шалтгаан нь тухайн үед Монгол улсад мөрдөгдөж байсан Компанийн тухай хуульд хувь нийлүүлэгч нь 30 аас доошгүй хувь оруулсан байна гэсний дагуу хасагдсан. З.Т нь 0.83 хувь эзэмшиж байсан. З ХХКомпанийн захирал З.Э нь 2011 онд З.Т д байрны урьдчилгаа хэрэгтэй байна туслаач гэсний дагуу Хас банкнаас зээл авч 20.000.000 /хорин сая/ төгрөгийг данс руу нь шилжүүлж өгсөн. Өмнө 2013 онд нэхэмжлэл гаргаад байгаа хүмүүс З ХХКомпанийг үүсгэн байгуулсан З.Э г амьд сэрүүн байхад хэлцэл хийсэн байдаг. Энэ үедээ энэ асуудлаа яриагүй байж олон жилийн дараа үндэслэлгүйгээр заргалдаж байгаа нь ойлгомжгүй юм. Энэ асуудлыг аль эрт мэдсэн хирнээ санаатайгаар иргэний хэргийн шүүх дээр байгаа маргааныг хойшлуулах, шийдвэрлэхэд нь саад учруулж байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э аас БУБХ т холбогдуулан 2002 онд 2 хувьцаа эзэмшигчтэй, 2006 онд 1 хувьцаа эзэмшигчтэй, 2018 онд 1 хувьцаа эзэмшигчтэй болгож, З ХХКомпаний дүрэм, үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулсан бүртгэлийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүхээс дээрх нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай захирамжаар иргэн Ц.Б ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхболдод шүүх хуралдааны товыг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдсэн байх ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасны дагуу гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Мөн хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасныг баримтлан хангахаас татгалзаж шийдвэрлэлээ. Учир нь Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 132/ШЗ2020/1418 тоот шүүгчийн захирамж хүчин төгөлдөр ба уг захирамжаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа З.Э нарын нэхэмжлэлтэй Ц.Б , Б.П нарт холбогдох хэргийг нэхэмжлэгч З.Э ын өмгөөлөгч Б.Минжүүрдоржоос З ХХКомпаний улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хууль бусад тооцуулахаар гаргасан нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг хангаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд үүсгэсэн маргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн хэлтсийн 2002, 2006, 2018 оны З ХХКомпаний хувьцаа эзэмшигч нарын өөрчлөлтийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нь бүртгэлийн үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/-д заасан маргаан бүхий акт гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ З ХХКомпаний хувьцаа эзэмшигч З.Т ыг тус компаний хувьцаа эзэмшигчээс хасаж бүртгэл хийсэн 2002, 2006, 2018 онуудын Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэл нь 2003, 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль-д заасан бичиг баримтыг бүрдүүлээгүй, хууль зөрчсөн тул хууль бус гэж тодорхойлсон ба
Хариуцагчаас Улсын бүртгэл хуулийн дагуу хийгдсэн, хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн хүсэлт, компаний дүрэм, гэрээнд үндэслэж бүртгэл хийгдсэн гэж маргажээ.
Нэхэмжлэгч З.Т нь 1998 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн З ХХКомпаний 1996 оны 4 дүгээр сарын 24-нд батлагдсан үүсгэн байгуулах тухай гэрээнд өөрчлөлт оруулснаар тус компаний дүрмийн сангийн 0.83 хувийг эзэмших эрхтэй болж, компанийг үүсгэн байгуулагч З.Э холбогдох өөрчлөлтийг тусгасан гэрээ, компаний дүрмийг үндэслэл болгон тухайн үед мөрдөгдөж байсан 1991 оны Аж ахуйн нэгжийн тухай хууль-д заасны дагуу хуулийн этгээдийн өөрчлөлтийг эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр ******** дугаарын регистртэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 1998 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрчлөлт хийгдсэн нь 1996 оны улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм болон гэрээнд оруулсан өөрчлөлт зэрэг баримтаар тогтоогджээ.
З ХХКомпани нь анх 1996 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үүсгэн байгуулагдсан байх ба үүсгэн байгуулагч нь Зундуйн Э , хувь нийлүүлэгч нь Х гэх иргэн байсан бөгөөд үүсгэн байгуулах тухай гэрээгээр тус компаний захирлаар З.Э ажиллахаар тусгажээ. Уг гэрээ-нд эрхлэх үйл ажиллагааг -зочид буудал, - үйлдвэрийн болон хүнсний барааны дэлгүүр, - бар, гоо сайхны үйлчилгээ, - гадаад, дотоод худалдаа, - туслах аж ахуй гэсэн байх ба үүсгэн байгуулагч З.Э нь 3,5 сая, хувь нийлүүлэгч Х нь 1,0 сая төгрөгийн хөрөнгийг анх нийлүүлж дүрмийн сангаа бүрдүүлсэн байна. Тухайн үед хуулийн этгээд үүсгэн байгуулах, түүнийг бүртгэх асуудал нь 1991 оны Аж ахуйн нэгжийн тухай хуулиар зохицуулагдаж байсан байх ба энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2-т Хувиараа эрхлэх аж ахуйг иргэний гаргасан өргөдөл, бусад аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулагчийн бичгээр үйлдсэн гэрээ, дүрмийг үндэслэн Улсын татварын ерөнхий газар, аймаг, нийслэлийн татварын алба, сум, дүүргийн татварын алба /цаашид бүртгэх байгууллага гэх/ харьяаллын дагуу бүртгэнэ гэж заасанчлан Булган аймгийн Татварын хэлтэст хязгаарлагдмал хариуцлагатай компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл-ийг гаргаж улсын бүртгэлд бүртгүүлжээ. Дээрх 1991 оны Аж ахуйн нэгжийн тухай хуулийг 2002 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон байх бөгөөд энэхүү хууль нь 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан ба Иргэний хууль 2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн байна. Үүнээс харахад З ХХКомпаний 1999 болон 2002 онд дүрэм болон гэрээнд хийсэн өөрчлөлтүүдийг 1991 оны Аж ахуйн нэгжийн тухай хуулиар харьяалах Татварын хэлтэс бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд зохих бичилт, өөрчлөлтүүдийг хийсэн нь хууль зөрчсөн хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э аас Булган зочид буудлыг өмч хувьчлалаар аав, ах, дүү нарын хамт авч, З ХХКомпанийг үүсгэн байгуулсан гэж маргаж байгаа боловч 1994 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Бүрэн бус хариуцлагатай компани үүсгэн байгуулах тухай гэрээ, 1994 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Булган хувийн зочид буудлын ББХКомпанийн дүрэм зэрэгт тус бүрэн бус хариуцлагатай компанийг үүсгэн байгуулагч З.Э , хувь нийлүүлэгч Х гэсэн 2 гишүүнтэй, эзэн нь З.Э байхаар тусгаж улсын бүртгэлд бүртгүүлэхээр 1994 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргасны дагуу 1994 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 475173 дугаарын регистртэй улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. 1994 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Булган зочид буудлыг аймгийн Өмч хувьчлалийн шийдвэрээр Нийтийн аж ахуйн газраас Б ББХКомпани й эзэн З.Э д акт-аар хүлээлгэн өгсөн байдаг ба тухайн үед протокол №1-ийг үйлдэж, гуанзны үйлчилгээ хариуцсан захирлаар З.Төгсжаргал, буудлын үйлчилгээ хариуцсан захирлаар З.Э г тогтоож, Б ББХКомпани й мэдэлд өгсөн байна. Дээрх баримтаас харахад Б ББХКомпани одоогийн З ХХКомпаний үүсгэн байгуулагч нь З.Э болох нь нотлогдож байна. 1996 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Б ББХКомпани й захирал З.Э нь З ХХКомпанийг үүсгэн байгуулсан байх ба ХХКомпани үүсгэн байгуулах тухай гэрээ-г үйлдэж, уг гэрээнд үүсгэн байгуулагч З.Э , хувь нийлүүлэгч Х гэж гэрээний 5 дугаар зүйлд тусгасан байна. Дээрх хоёр хуулийн этгээдийн үүсгэн байгуулсан гэрээнээс харахад Б ББХКомпани нь З ХХКомпани болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Ийнхүү хуулийн этгээдийн нэрийг өөрчилж үүсгэн байгуулсан З ХХКомпанийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 1996 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Татварын хэлтэст өргөдөл гаргаснаар ******** дугаарын регистр олгож, улсын бүртгэлд 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгожээ. Дээрх бичиг баримтаас харахад нэхэмжлэгч З.Т нь З ХХКомпанийг үүсгэн байгуулахад оролцож, дүрмийн санд хувь оруулсан гэдэг нь нотлогдохгүй байна.
Харин 1998 оны 3 дугаар сарын 02-нд хийсэн хуулийн этгээдийн дүрэмд хийсэн өөрчлөлтөөр нэхэмжлэгч З.Т хувь нийлүүлж, дүрмийн сангийн 0.83 хувьтай тэнцэх хөрөнгийг оруулснаар З ХХКомпани 4 гишүүнтэй болсон талаарх өөрчлөлтийг улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт өөрчлөлтийг бүртгэлд тусгуулсан байдаг боловч 1999 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Компанийн тухай хуульд нийцүүлэн тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 /Компанийг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.../-д заасны дагуу компанийн оноосон нэр, оршин байх газар зэргийг заасан эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий бүртгүүлэх тухай өргөдөл, компанийн дүрэм, гэрээ зэрэг баримтыг хавсарган мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 /Энэ хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан компаниуд 2000 оны 9 дүгээр сарын 01-ний дотор компанийхаа дүрмийг энэ хуульд нийцүүлэн өөрчилнө. .../ -д зааснаар З ХХКомпаний дүрэм болон гэрээнд дахин өөрчлөлт хийж, уг компанийг 2 гишүүнтэй /үүсгэн байгуулагч З.Э , хувь нийлүүлэгч нь Х / болгон 1999 оны 12 дугаар сарын 29-ны өдөр дүрэм, гэрээ-г ноториатаар батлуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Энэхүү бүртгэл нь 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн болох нь 1996 онд олгосон улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт өөрчлөлтийн бүртгэл-д тусгагдсанаар нотлогджээ.
Ийнхүү З ХХКомпани нь 1999 оноос хойш 2 гишүүнтэй хуулийн этгээдээр үйл ажиллагаа явуулж байсан ба 2002 онд компаний дүрэмд өөрчлөлт оруулан эрхлэх үйл ажиллагаанд Гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын ахлах анги бүхий дунд сургууль гэж нэмж, зохих байгууллагаас зөвшөөрлийг аван улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан байна. Энэхүү өөрчлөлт нь З ХХКомпаний эрхлэн явуулах үйлчилгээ, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулснаас бус гишүүдийн тоог өөрчилсөн өөрчлөлт биш байна.
З ХХКомпани нь 1999 онд хоёр гишүүнтэй болж, үйл ажиллагаа явуулж байгаад 2006 онд гишүүдийн тоо нь 1 болж өөрчлөгдөн шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байх бөгөөд уг бүртгэлийн үйл ажиллагаа 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулагдах бөгөөд хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн аль нэг гаргана гэж заасанчлан З ХХКомпанийг үүсгэн байгуулагч З.Э улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гарган, компаний дүрэм гэрээг хавсаргаснаар улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ олгогджээ. З ХХКомпанийг үүсгэн байгуулагдах үеэс эхлэн компаний хувь нийлүүлэгчээр бүртгэгдсэн Х нь 2006 оны улсын бүртгэлийн талаар маргаан үүсгээгүй бөгөөд үүсгэн байгуулагч З.Э 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл З ХХКомпанийг удирдаж, үйл ажиллагаа явуулж байжээ. Үүсгэн байгуулагч З.Э нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барж, нас барснаас хойш 1 жил 7 сар 4 хоногийн дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулагч З.Э гийн эхнэр буюу гуравдагч этгээд Ц.Б т өв нээгдэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Энэхүү бүртгэлийн үйл ажиллагаа нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулагдах бөгөөд хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч гаргана гэсний дагуу өв хүлээн авагчийн хүсэлтээр 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл нь өвлөх эрхийн гэрчилгээнд үндэслэсэн, өвлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр, өвийг хүчингүй болгосон шийдвэр гараагүй байна.
Дээрх улсын бүртгэлийн 2002, 2006, 2018 онд хийгдсэн өөрчлөлтийн бүртгэл нь нэхэмжлэгч З.Т ын эрх, ашиг сонирхолыг хөндсөн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч З.Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э аас БУБХ т холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн хэлтсийн 2002 онд 2 хувьцаа эзэмшигчтэй, 2006 онд 1 хувьцаа эзэмшигчтэй, 2018 онд 1 хувьцаа эзэмшигчтэй болгож, З ХХКомпаний дүрэм, үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулсан бүртгэлийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 107, 108 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 1991 оны Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 1999 оны Компанийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 98 дугаар зүйлийн 98.1, 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э аас БУБХ т холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн хэлтсийн 2002 онд 2 хувьцаа эзэмшигчтэй, 2006 онд 1 хувьцаа эзэмшигчтэй, 2018 онд 1 хувьцаа эзэмшигчтэй болгож, З ХХКомпаний дүрэм, үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулсан бүртгэлийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ