Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/0283

 

ОТБАР ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Жархынбек, Ж.Очирхуяг, гуравдагч этгээд А.Цог, гуравдагч этгээд А.Цог, Ш.Баяржаргал нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг, гуравдагч этгээд М.Энхсаруулын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнхчулуун нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Отбар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ОТБАР ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ОТБАР ХХК нь Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд Очир хотхоныг барьж ашиглалтанд оруулан, иргэн Ш.Баяржаргал, А.Цог, Ч.Далайдорж нартай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийнхээ дагуу сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, Ш.Баяржаргал Очир хотхоны 78А дугаар байрны 403 тоот 67.47 м.кв, Ч.Далайдорж 78А дугаар байрны 906 тоот 76.96 м.кв, А.Цог 78А дугаар байрны 704 тоот 54.23 м.кв орон сууцыг захиалж, захиалгаар орон сууц барих тухай гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Гэрээний 1.1.2-т Орон сууцны нийт талбайн хэмжээнд цонхоор битүүмжлэгдсэн тагтны талбайн 50 хувийг тооцохоор, 1.1.3-т Энэхүү орон сууцны талбайг ажлын зургаар тооцоолсон бөгөөд өрөө хоорондын хана хасагдахгүй болно, бүрэн гүйцэтгэсний дараа ойролцоогоор 2 хувийн нэмэх, хасах хэлбэлзэл гарч болохыг зааж тусгасан. Энэ талаараа ч тайлбарлаж өгсөн. Ш.Баяржаргал, Ч.Далайдорж, А.Цог нар гэрээнд өөрчлөлт оруулах буюу ямар нэгэн заалтыг зөвшөөрөөгүй буюу эргэлзээг зөвшилцөх тухай санал, маргаан гаргаагүй болно.

Гэрээ хийснээс хойш Ш.Баяржаргал нь 8 сар, А.Цог нь 7 сар, Ч.Далайдорж нь 16 сарын дараа Хот айл, Цогзориг ХХК-уудаар орон сууцны доторх сууцны талбайн хэмжилт хийлгэхэд Ш.Баяржаргалын орон сууцны талбайн хэмжээнээс 2,76 м.кв, А.Цогийн орон сууцны хэмжээнээс 3,3 м.кв, Ч.Далайдоржийн орон сууцнаас 4,93 м.кв М.Энхсаруул 3,427 м.кв дутуу гэж тогтоожээ. Иргэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргахад улсын байцаагч нар зөрчил арилгуулах албан шаардлага гаргасан. Уг шаардлагыг гаргахдаа ОТБАР ХХК, иргэд хоорондын байгуулсан Захиалгаар орон сууц барих тухай гэрээг харгалзан үзээгүй, гүйцэтгэгч байгууллагын тайлбарыг аваагүй, гэрээний 1.1.2, 1.1.3-т заасан талбайн хэмжээг дутааснаар тооцон үнийг буцаан төлүүлэхээр гаргасан байдаг.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Очир хотхоны 78А байрны 904 тоотын оршин суугч М.Энхсаруулын орон сууцны талбайн м.кв-ийн зөрүүгийн талаар 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7/462 дугаар улсын байцаагчийн албан шаардлага гаргасан байна. Уг албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар манай компаниас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан боловч гомдлын хариуг ирүүлээгүй бөгөөд манай компаниас хүсэлт гаргаж 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гомдлын хариуг бичгээр хүлээн авсан.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хууль тогтоомж, стандартад нийцэж буй талаар хяналт шалгалт хийх ёстой. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөрчилтэй гэж үзэж зөрчил арилгуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч энэ нь хяналт шалгалтыг хуульд заасны дагуу хийж гүйцэтгээгүй, албан шаардлага үйлдэхдээ маргаан бүхий байранд үзлэг хэмжилт хийгээгүй, шалгаж байгаа талаар шалгуулагч компанид мэдэгдэж санал хүсэлтийг дурдаж байлцуулаагүй. Хэмжилт дүгнэлт гаргасан Лэндс ХХК нь барилгын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, зөвхөн хөрөнгийн үнэлгээ хийдэг компани юм.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/346 дугаар албан шаардлага, мөн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7/135, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7/462 дугаар албан шаардлагыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартааОТБАР ХХК-аас Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Очир хотхоны 78А байрны 404 тоот, 67,47 м.кв орон сууцыг иргэн Ш.Баяржаргал, 704 тоот 54,23 м.кв орон сууцыг иргэн А.Цог нарт худалдсан бөгөөд худалдан авагчид Хот айл ХХК болон Цог зориг ХХК-аар хэмжүүлэхэд 404 тоот орон сууцны нийт талбайн хэмжээнээс 2,76 м.кв 704 тоот орон сууцны нийт талбайн хэмжээнээс 3,3 м.кв дутуу болох нь тус тус нотлогдсон. ОТБАР ХХК-ийн дээрх үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3.3, 12.9, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.10 дахь заалтууд болон Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор баталсан Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал Монгол Улсын стандарт /MNS-6058-2009/-ыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул тус газрын улсын байцаагчдын албан шаардлагуудыг хүргүүлж, хэрэглэгчдийн хохирлыг барагдуулахыг шаардсан нь хууль тогтоомж зөрчөөгүй болно. Улсын байцаагчийн 2012 оны албан шаардлагыг эс зөвшөөрч ахлах байцаагчид гомдол гаргалгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь буруу гэж үзэж байна. Гомдол гаргасан 4 иргэний байранд хийсэн хэмжилтээр дутуу болохыг нь тогтоосон байдаг.

Нэхэмжлэгч компани манай байгууллагаас явуулсан албан шаардлагыг хүлээж аваад гомдлоо 30 хоногт гаргах ёстой. Дээрх хугацаа дуусч нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна.

Мөн улсын байцаагч зөрчил тогтоохын тулд холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэдэг. Өөрсдөө тухайн байранд очиж хэмжээгүй гэдэг асуудлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг. Хэмжилт хийсэн дүгнэлт дээр маргаж байгаа. Улсын байцаагчийн албан шаардлага, мэргэжлийн дүгнэлт нь тус тусдаа асуудал юм . Мэргэжлийн байгууллагын шинжилгээний дүгнэлтийг бид хүлээж авна. Энэ дүгнэлт нь хуульд нийцсэн. Хэмжилт хийсэн байгууллагын асуудлыг тусдаа ярих нь зөв гэж үзэж байна. Хэмжилт хуулийн дагуу хийгдсэн. Албан шаардлага хуулийн дагуу тавигдсан. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Отгон, Ш.Баяржаргал нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Отгон надад Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 78 дугаар байрны 404 тоот 67,47 м.кв 2 өрөө орон сууцыг захиалгаар орон сууц барих тухай гэрээгээр 1 м.кв-ийг 1450 ам доллар буюу нийт 97831 ам доллараар миний хүү Ш.Баяржаргал худалдаж авч өгсөн бөгөөд би одоо энэ байрандаа амьдардаг.

Гэрээний дагуу 2013 оны намар барилгын ажил дуусаж ОТБАР ХХК-д хугацаанд нь 100 хувь төлбөр тооцоогоо хийж, уг байрандаа орсон болно. Байрандаа орсныхоо дараа гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа юм шиг болохоор нь өөрөө хэмжиж үзэхэд хэмжээндээ хүрэхгүй байсан учир тухайн компанид энэ талаар хэлэхэд хүлээж аваагүй. Ингээд миний бие тусгай зөвшөөрөлтэй Хот айл ХХК-д хандаж хэмжилт хийлгэхэд 64,71 м.кв гэж гарсан. 2014 оны 02 дугаар сард Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж тухайн компанийн талаар гомдол гаргасан гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Далайдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулаад байрандаа орсон. Эхлээд би өөрөө хэмжсэн. ОТБАР ХХК-д орон сууцны хэмжээ дутуу байгаа талаар хэлсэн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас орон сууцны хэмжээ зөрүүтэй байгаа талаар телевизийн мэдээлэл гарсан. Барилгын хөгжлийн төвөөс хэмжилт хийдэг компаниудын хаягийг авч өөрийн байранд хэмжилт хийлгэж, 4.93 мкв-ын зөрүүтэй байгааг мэдсэн. Би архивын газраас анх батлагдсан ажлын зургийг очиж үзэхэд уг орон сууц 71 мкв-аар хийгдсэн зурагтай байсан. Үүнийг өргөдлийн хамт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өгсөн. Түүний дараа А.Цог, Б.Баяржаргал нар нь байрны зөрүүтэй холбоотой асуудлаа өгч байсан. Би энэ байрыг авахын тулд 8 хувийн зээл авсан. Мөн дулааны мөнгийг м.кв-аар төлдөг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар бол миний эрхийг хамгаалсан гэжээ.

Гуравдагч этгээд М.Энхсаруул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Энхсаруул нь 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ОТБАР ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Очир хотхоны 78А байрны 904 тоот 54,23 м.кв орон сууцыг захиалсан. Орон сууц ашиглалтад ороход ижил төстэй байрнаас хэмжээ нь жижиг санагдсан тул Хот айл ХХК-д хандаж хэмжилт хийлгэсэн. Уг хэмжилтээр манай орон сууцны нийт талбайн хэмжээ 50.44 м.кв гэж дүгнэгдсэн захиалгын гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрх хэмжээнээс 3,79 м.кв буюу үнийн дүнгээр 7,769.500 төгрөгийн зөрүү гарсан. Энэ байдлыг ОТБАР ХХК-д мэдэгдэхэд хүлээн аваагүй учраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан. Миний охин М.Энхсаруул уг байрыг захиалж, би орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Анхнаасаа гэрээ байгуулж авсан. Бид орон сууц авахын тулд банкнаас зээл авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 171 дүгээр шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан ОТБАР ХХК-аас Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/346, 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7/135, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7/462 дугаар албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ОТБАР ХХК давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын актууд нь Төрийн хянан шалгалтын тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан журам, нөхцлийг зөрчсөн, илтэд нэг талд үйлчилсэн, хяналт шалгалтыг зохих ёсоор хийгээгүй, шалгуулагч этгээдийн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байхыг ноцтой үгүйсгэсэн байхад шүүх эдгээр үндэслэлүүдийг хянаагүй, шүүх хуралдаанд гаргасан үндэслэлүүдийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын албан шаардлагад дурьдагдсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Бараанд биет байдлын доголдол болон эрхийн зөрчил илэрвэл хэрэглэгч гэрээнд заасан хугацаанд буюу хугацаа заагаагүй бол нэн даруй уг гэм хорыг арилгах буюу учирсан хохирлыг нөхөн төлөхийг худалдагчаас шаардах эрхтэй гэж заасны дагуу гомдол гаргагч иргэд гэрээг байгуулсны дараа болон гэрээний дагуу орон сууцыг хүлээж авах мөн дутагдалтай гэж үзсний дараа ч гүйцэтгэгч компанид хандан албан ёсоор бичгээр гомдол шаардлага гаргаж байгаагүй байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д хэрэглэгч хэмжих нэгжийг мэдэх эрхтэй, 8 дугаар зүйлд гэм хор учирсан гэж үзвэл гэм хорыг арилгуулахаар, эсвэл шүүхэд хандах эрхийг нь заасан байхад хэрэглэгч буюу захиалагч нар нь дээрх эрхүүдийн алийг нь ч хэрэгжүүлээгүй байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлд энэ хуулийн хяналтыг төрийн болон эрх бүхий төрийн бус байгууллага тавина гэсний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хууль тогтоомж, стандартад нийцэж буй талаар хяналт шалгалтыг хийх ёстой. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөрчилтэй гэж үзэн зөрчил арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байх боловч энэ нь хяналт шалгалтыг хууль дүрэмд заасны дагуу хийж гүйцэтгээгүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д хяналт шалгалтын арга хэлбэрт байр барилга байгууламж .... үзлэг хийх, шинжилгээ хийх гэснийг, 4 дүгээр зүйлийн 4.1.2-д зааснаар хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд ... нээлттэй, ил тод байлгах, 4.1.4-д шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны ашиг сонирхол нэр төрийг хүндэтгэн харьцах, 5 дугаар зүйлийн 5.6-д хяналт шалгалт эхлэхээс өмнө албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж хяналтын хуудасны 1 хувийг өгөх бөгөөд улын байцаагч албан үнэмлэхээ үзүүлнэ, 5.9-д хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг 2 хувь үйлдэх бөгөөд 1 хувийг шалгуулагчэтгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд тогтоогдсон нөхцөл байдал, дүгнэлт, санал хүсэлт зэргийг тусгах ёстой. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэр бүхий улсын байцаагч нар зөрчил арилгуулах, албан шаардлага үйлдэхдээ маргаан бүхий байранд үзлэг хэмжилт хийгээгүй, шалгаж байгаа талаар шалгуулагч компанид мэдэгдэж, санал хүсэлтийг дурьдаж байлцуулаагүй байна.

2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7/462 дугаартай албан шаардлагыг огт удирдамжгүй хийж гүйцэтгэсэн, шалгалт явуулсан талаар ч мэдэгдээгүй байхад шүүх ....иргэдийн гомдлоор 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/79 дүгээр Барилгын ажил, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын удирдамжаар явуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь уг удирдамжийн хугацаа дууссан, сунгасан тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно. Мөн уг шаардлагад хэмжилт хийх эрхгүй "Лэндс" ХХКомпаниар хийлгэсэн дүгнэлтийг үндэслэж акт тавьсан байхад шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн санаачлагаараа хийлгэсэн "Хот айл" ХХК-ийн хийсэн хэмжилтээр дүгнэлт гарч, албан шаардлага тавьсан байна гэж нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй байна.

Актын үндэслэл болгосон хэмжилт хийсэн компаниудын дүгнэлтийг үндэслэсэн гэх боловч "Хот айл" ХХК-ийн гаргасан дүгнэлтийн нүүрэнд архитектор Ж.Орхон гэсэн атлаа Хавсралт В-д хэмжилт хийсэн архитектор нь Ш.Жамсранжав гээд дүгнэлт гаргасан этгээдийн гарын үсэг байхгүй байна. "Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал" МNS 6058:2009 Монгол улсын стандартын 6.1-д заасан сууцны талбайн хэмжилтийн хүлцэх алдааг тооцоогүй, тагтны огтлол зургийг үйлдээгүй байна.

Мөн хэмжилтийн лазер болон төмөр хэмжилтийн багаж ашиглаж хийсэн гэх боловч энэ багаж нь одоо мөрдөгдөж байгаа Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлалд нийцсэн, хэмжилт хийх стандартын шаардлага хангасан багаж эсэх нь эргэлзээтэй байна. Дээрх багажийг стандартын шаардлагад нийцсэн талаар холбогдох ямар ч баримтыг ирүүлээгүй байна.

Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох МNS 6058:2009 аргачлалын 8.1-д орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж үйлдэнэ гэж заасан байна. Хэмжилт хийж дүгнэлт гаргасан "Лэндс" ХХК нь барилгын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, зөвхөн хөрөнгийн үнэлгээ хийх л эрхтэй компани байна.

Мэргэжлийн эрхгүй, дүгнэлт гаргасан процесс нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй дүгнэлтийг үндэслэсэн төрийн хяналт шалгалтын хийж гүйцэтгэж явуулсан нь төрийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгээгүй нь тогтоогдож байхад нормативийн дагуу хийгдсэн гэж дүгнэсэн нь илтэд хууль бус байна.

Гуравдагч этгээд Д.Отгоны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баяржаргалд итгэмжлэлийг шилжүүлэх эрх олгогдоогүй байхад дахин өөр этгээдэд итгэмжлэлийг олгосныг шүүх хүлээж авсан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д заасныг ноцтой зөрчсөн байна. Энэ талаар шүүх хуралдааны үед мэдэгдсээр байтал шүүх хуралдаанд байвал зохих зохигчдыг оролцуулаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/346 дугаар албан шаардлагаар иргэн Ч.Далайдоржийн худалдан авсан орон сууцанд илүү төлсөн 4,93 м.кв-ын үнийг буцаан олгох, орон сууцны талбайн хэмжилт хийхэд гарсан зардал, орон сууцны нийт талбайн хэмжээ зөрүүтэйгээс ашиглалтын зардалд илүү төлсөн үнийг ОТБАР ХХК-аар нөхөн төлүүлэх-ээр;

2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7/135 дугаар албан шаардлагаар иргэн Ш.Баяржаргалын худалдан авсан орон сууцанд илүү төлсөн 2,76 м.кв, иргэн А.Цогийн 3,3 м.кв үнийг буцаан олгох, орон сууцны талбайн хэмжилт хийхэд гарсан зардал, орон сууцны нийт талбайн хэмжээ зөрүүтэйгээс ашиглалтын зардалд илүү төлсөн үнийг тус тус ОТБАР ХХК-аар нөхөн төлүүлэх-ээр;

2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7/462 дугаар албан шаардлагаар иргэн М.Энхсаруулын худалдан авсан орон сууцанд илүү төлсөн 3,427 м.кв-ын үнийг ОТБАР ХХК-аас буцаан олгуулах шаардлагыгтус тус тавьсан байна.

Дээрх шаардлагуудыг гаргахдаа нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газрын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/79 дүгээр Барилгын ажил, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах тухай удирдамжийн дагуу ОТБАР ХХК-дхяналт шалгалтыг явуулжээ.

Уг шалгалтаар Ч.Далайдоржийн ОТБАР ХХК-тай байгуулсан Захилгаар орон сууц барих тухай гэрээнд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Очир хотхоны 78А байрны 209 тоот орон сууцыг 76,97 м.кв гэсэн боловч Тоонто гранд ХХК-аас хийсэн хэмжилтээр орон сууцны талбайн хэмжээ 72,04 м.кв,

А.Цогтын тус компанитай байгуулсан гэрээнд дээрх хотхоны 78А байрны 704 тоот орон сууцыг 54,23 м.кв гэсэн боловч Цог-Зориг ХХК-ийн хэмжилтээр орон сууцны талбайн хэмжээ 50,93 м.кв,

Ш.Баяржаргал /гуравдагч этгээд Д.Отгоны өмчлөлийн орон сууц/ -ын гэрээнд мөн байрны 404 тоот орон сууцыг 67,47 м.кв гэсэн боловч Хот айл ХХК-ийн хэмжилтээр орон сууцны талбайн хэмжээ 64,71 м.кв,

М.Энхсаруулын гэрээнд дээрх байрны 904 тоот орон сууцыг 54,23 м.кв гэсэн боловч Лэндс ХХК-ийн хийсэн хэмжилтээр 50,803 м.кв, Хот айл ХХК-ийн хийсэн хэмжилтээр 50,44 м.кв хэмжээтэй гэсэн дүгнэлтүүдээророн сууцны талбайн хэмжээ зөрүүтэй гарсан байна.

Энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2.-д өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх гэж заасныг зөрчсөн байна.

Иймээс хариуцагч улсын байцаагч нар нь Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.1-д зааснаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрхийнхээ дагуу дээрх албан шаардлагыг гаргасан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс хариуцагч нь хяналт шалгалт хийхдээ тухайн орон сууцанд очиж үзлэг хийгээгүй нь журам зөрчсөн гэж маргаж байгаа боловч дүгнэлт гаргасан Тоонто гранд ХХК, Цог зориг ХХК, Лэндс ХХК, Хот айл ХХК-ууд нь барилгын хэмжилт, барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан эдгээр компаниудын тусгай зөвшөөрлөөр тогтоогдож байх тул хариуцагч улсын байцаагч нар заавал үзлэг хийх шаардлагагүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Д.Отгон нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ш.Баяржаргалыг, Ш.Баяржаргал нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Эрдэнэбилэгийг оролцуулахаар итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлээр итгэмжлэл шилжүүлэх эрх олгогдоогүй боловч шүүгчийн захирамжаар Д.Отгон, Ш.Баяржаргал нар нь тус тусдаа гуравдагч этгээдээр татагдсан учир нэхэмжлэгчийн Д.Отгоны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баяржаргалд итгэмжлэлийг шилжүүлэх эрх олгогдоогүй байхад дахин өөр этгээдэд итгэмжлэл олгосныг шүүх хүлээж авсан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д заасныг ноцтой зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтланнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Б. ТУНГАЛАГСАЙХАН