Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2017/00035

 

У.У-н нэхэмжлэлтэй,

Баянтүмэн сумын ............-т

 холбогдох хэргийн талаар

 

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 138/ШШ2017/00907 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхболд нарын давж заалдах гомдлоор У.У-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Баянтүмэн сумын ......т холбогдох ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговорт нийт 5325974 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг үүрэг болгох тухай гомдолтой иргэний хэргийг 2017 оны 10 сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч У.У шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2012 оны 7 сарын 06-ны өдөр Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон 2016 оны 6 сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан. Баянтүмэн сумын Засаг даргаас 2016 оны 6 сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжаар миний албан тушаалыг бууруулж, мөн сарын 22-ны өдөр ажил хүлээлцсэн. Ингээд уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх миний гомдлыг 2016 оны 9 сарын 20-ны өдөр хэлэлцээд 1065 тоот шийдвэрээр намайг ажилд минь эгүүлэн томилж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Засаг дарга эс зөвшөөрч гомдол гаргаснаар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 40 тоот магадлалаар анхан шатны шүүхийн 1065 тоот шийдвэрийг хуулийн үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингээд хоёр шатны шүүхийн шийдвэрээр Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул Баянтүмэн сумын Засаг дарга 2017 оны 01 сарын 09-ний өдөр Б/01 тоот У.У-г ажил албан тушаалд нь эгүүлэн авах тухай захирамж гаргасан боловч энэ захирамжид намайг тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмчийн үүрэг гүйцэтгэгчээр эгүүлэн авах тухай заасан байсан тул миний бие ажилдаа орох боломжгүй байсан. Шүүхийн шийдвэрээр намайг тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар эгүүлэн тогтоосон байтал шүүхийн шийдвэрийг зөрчиж үүрэг гүйцэтгэгчээр томилж, миний хөдөлмөрлөх эрхийг дордуулсан. Түүнчлэн тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Идэрзориг нь Засаг даргын Б/01 тоот захирамжид ажил хүлээлцэх комисст ямар хүмүүс орохыг заагаагүй учир хууль бус захирамжаар ажил хүлээлгэж өгөхгүй гэж хэлсэн учир миний бие Засаг даргын дээрх захирамжийн дагуу ажилдаа орж чадаагүй. Ингээд Засаг дарга П.Гунгаацэрэн нь 2017 оны 01 сарын 30-ны өдөр Б/02 тоот захирамжаар ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулснаар миний бие 2017 оны 02 сарын 01-ний өдөр ажлаа хүлээн авч Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан.

Миний бие тус сумын Засаг даргын 2016 оны 6 сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон учир ажилгүй байсан хугацааны цалинг болон зөрүү цалинг олгож өгнө үү гэх өргөдлийг Засаг даргад хандаж гаргасан боловч тэрээр ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж өгөх боломжгүй тухай албан бичгээр хариу өгсөн. Иймд миний бие ажилгүй байсан хугацааны цалин болон бага цалинтай ажил хийсний цалингийн зөрүүгээ нэхэмжилж тус шүүхэд хандаж байна.

Миний бие тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хийж байх үедээ буюу 2016 оны 5 сард 1384204 төгрөг, 4 сард 1133343 төгрөг, 3 сард 1136343 төгрөгийн цалин авч байсан ба үүнээс нэг сарын дундаж цалин хөлсөө тооцвол 1217964 төгрөг болж байна. Нэг сарын ажлын дундаж өдөр 21,5 өдөр байдаг ба нэг өдрийн ажлын дундаж цалинг тооцвол 56649 төгрөг болж байна. Миний бие 2016 оны 6 сарын 22-ны өдрөөс эхлэн тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас халагдаад мөн өдрөөс эхлэн тус төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Идэрзоригтой хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 дугаар багийн их эмчийн албан тушаалд 2016 оны 10 сарын 31-нийг дуустал хугацаанд ажилласан. Ингээд 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн тус төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Ингээд нийт буцаж ажилдаа эргэн орох хүртэл нийт 7 сар гаран буюу ажлын 158 хоног ажилгүй байсан учраас уг хоногийг нэг өдрийн дундаж цалин болох 56649 төгрөгөөр үржүүлэн нийт 8950542 төгрөг болж байна. Үүнээс тус төвийн багийн их эмчээр 2016 оны 6 сарын 22-ноос 10 сарын 31-нийг дуустал хугацаанд ажиллахдаа нийт 3624568 төгрөгийн цалин авсан тул уг цалинг хасч тооцоод 5325974 төгрөгийг ажилгүй байсан хугацаанд авбал зохих цалин болон цалингийн зөрүүнд нэхэмжилж байна. Мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч У.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Баянтүмэн сумын Засаг даргын захирамж 2016 оны 6 сарын 17-ны өдөр гарсан боловч мөн сарын 22-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн учраас цалингаа болон ажилгүй байсан хугацаагаа 6 сарын 22-ны өдрөөс тооцсон болно. Хариуцагч талын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбарт хариу тайлбар гаргахад 1. Хариуцагч нь нэхэмжлэгч У.У-г 17 хоног цалингүй чөлөө авсан, 31 хоног шалтгаангүй ажил тасалсан гэж үзэж 48 хоногийг ажилгүй байсан хугацаанаас хасч тооцжээ. Давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 12 сарын 01-ний өдөр хянан хэлэлцсэн бөгөөд тус шүүхийн магадлалд хариуцагч тал гомдол гаргаагүй учраас 12 сарын эцсээр хүчин төгөлдөр болсон. Гэтэл У.У нь ажлаас үндэслэлгүй халагдсан тул заавал багийн их эмчийн ажил үүргийг гүйцэтгэх шаардлагагүй гэж үзсэн учраас багийн эмчийн ажлыг хийгээгүй. 17 хоног чөлөөтэй байсан нь мөн ялгаагүй. Иймд дээрх хоногийг ажилгүй байсан хугацаа гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

2. Хариуцагч нь У.У-г тус төвийн даргаар ажиллаж байхдаа Засаг даргын шийдвэргүйгээр дур мэдэн 2016 оны 5 сард 250861 төгрөгийн илүү цагийн мөнгө өөр дээрээ бичүүлж авсан, мөн 2016 оны 3-5 дугаар саруудад цалингийн 40 хувийн урамшуулал авсан гэж дээрх мөнгийг ажилгүй байсан хугацааны цалингаас хасч тооцсон байна. Гэтэл Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар урамшууллын мөнгө авсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх бөгөөд сумын Засаг даргын шийдвэр заавал шаардлагагүй. Түүнчлэн нэхэмжлэгч У.У дээрх мөнгийг ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр дур мэдэн үндэслэлгүйгээр авч завшсан болохыг шалгаж тогтоосон хяналт шалгалтын акт, хуулийн байгууллагын шийдвэр тогтоол гэх мэт ямар нэгэн бичгийн баримт хэрэгт байхгүй байна. Иймд дээрх мөнгийг хасч тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: У.У нь сумын Засаг даргын 2016 оны 6 сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар албан тушаал буурч 2017 оны 01 сарын 30-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар үүрэгт ажилдаа орсон бөгөөд энэ хугацааны цалингийн зөрүүнд 5325974 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч У.У нь 2016 оны 3,4,5 саруудад Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 02 сарын 26-ны өдрийн А/08 дугаар тушаалаар статистик мэдээллийн ажлаар А үнэлгээ авч гурван сарын хугацаагаар цалингийн 40 хувийн урамшуулал авсан байна. Мөн 5 сард илүү цагийн хөлс 250861 төгрөг авсан байна. Гэтэл Төсвийн тухай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчийг томилж, чөлөөлөх, урамшуулах арга хэмжээ авах шийдвэрийг гаргахаар тусгасан. Иймд албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан урамшуулал олгох асуудлаар шийдвэр гаргах бөгөөд дээрх урамшууллыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга олгох эрхгүй тул олгосон уг урамшуулал нь үндэслэлгүй байна. Мөн илүү цагийн хөлсийг ч ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр авсан нь харагдаж байна.

У.У нь сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээнд зааснаар үндсэн цалин 668963 төгрөг дээр Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолд зааснаар үндсэн цалингийн 20 хувь буюу 133793 төгрөгийн нэмэгдлийг нэмж нийт 802757 төгрөгийн цалинг сар бүр авдаг. Ингээд У.У сүүлийн 3 сард нийт 2408271 төгрөгийн цалин авсан байх ба 3 сарын дундаж ажлын хоногийг 65 хоногоор тооцвол нэг өдрийн цалин нь 37050 төгрөг болж байна. У.У-ийн 6 сарын 22-ноос 11 сарын 07-ны өдрийг хүртэл нийт ажлын 105 хоногийг ажилгүй байсан хугацаа гэж тооцвол нийт 3890250 төгрөгийн цалин авахаас багийн их эмчийн ажлыг хийж байхдаа авсан цалин 3624568 төгрөгийг хасвал 265682 төгрөгийг нэхэмжлэхээр харагдаж байна. У.У нь 2016 оны 10 сарын 26, 11 сарын 22-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн даргад Дундговь аймагт аавыгаа асрах зорилгоор хувийн чөлөө авах өргөдөл гаргасан байх ба өөрийн хүсэлтээр ажиллаагүй болох нь уг өргөдлөөр харагдаж байхаас гадна 2016 оны 12 сар, 2017 оны 01 саруудад шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь ирц бүртгэлд тэмдэглэгдсэн байна. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг болон түүний өмгөөлөгч Т.Энхболд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа У.У-ийн цалинг тооцохдоо нэг өдрийн цалингийн дундажийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтад дурдсан зарим заалтын дагуу тооцоогүй байсан тул зөвтгөн бодож, нэмэлт тайлбарыг гаргаж байна. У.У-ийн нэхэмжилсэн 5325974 төгрөгийг бүхэлд нь төлөх үндэслэлгүй байна.

1. Дээрх 55 дугаар тушаалд заасны дагуу У.У-ийн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 3 сарын нийт цалин 3653890 төгрөг ба үүнээс хоолны үнийн хөнгөлөлт 192000 төгрөгийг хасахад 3461890 төгрөг болж байна. Дээрх 3461890 төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсийг тооцвол /3461890:3/ 1153963 төгрөг гарч байна. Нэг сарын ажлын дундаж өдөр 21,5 өдөр ба нэг өдрийн дундаж цалинг тооцвол /1153963:21,5/ 53673 төгрөг гарч байна.

2. У.У нь 2016.06.22-ны өдрөөс Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмчийн албан тушаалаас буурч, багийн их эмчийн ажил хийж байгаад буцаж хуучин ажилдаа орох хүртэл нийт 153 хоног ажиллах байсан бөгөөд энэ хугацаанд тэрээр 17 хоногийн цалингүй чөлөө авсан, мөн 31 хоног ажил тасалж 48 хоног ажиллаагүй байна. Иймд ажлын 153 хоногоос дээрх 48 хоногийг хасч тооцоход ажлын 105 хоног гарч байна. Энэ 105 хоногийг нэг өдрийн цалин болох 53673 төгрөгөөр үржүүлбэл /53673х105/ нийт 5635665 төгрөг гарч байна. У.У нь албан тушаал буурч багийн их эмчээр 2016.06.22-ноос 2016.11.07-ны өдрийг хүртэл ажиллахдаа нийт 3624538 төгрөгийн цалин авсан байдаг ба уг мөнгийн нийт цалин 5635665 төгрөгөөс хасч тооцвол /5636665-3624538/ 2011127 төгрөг болж байна.

3. У.У нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016.02.26-ны өдрийн А/08 тоот тушаалаар статистик мэдээллийн ажлаар А үнэлгээ авч 3 сарын 40 хувиар урамшуулал авчээ. Уг урамшууллыг авахдаа Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 15.4.1, 16 дугаар зүйлийн 16.2.3, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.2, Баянтүмэн сумын Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарын хамтын ажиллагааны гурвалсан гэрээний 2.5 дахь хэсэгт тус тус заасныг зөрчиж сумын Засаг даргын захирамжгүйгээр урамшууллын 802758 төгрөг, илүү цагийн 250861 төгрөг нийт 1053619 төгрөгийг өөртөө үндэслэлгүйгээр авсан байна. Иймд уг мөнгийг цалингийн зөрүү болох 2011127 төгрөгөөс хасч тооцоход 957508 төгрөг гарч байна. Иймд хариуцагчийн хувьд У.У-д ажилгүй байсан хугацааны цалин болон зөрүүнд 957508 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба үлдэгдэл 4368466 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 138/ШШ2017/00907 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газраас ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговорт 4274942 /дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1051032 /нэг сая тавин нэгэн мянга гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч У.У-д олгох 4274942 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дорнод аймгийн Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн санхүүд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100166 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч У.У-д олгож, хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 83349 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгож, ...шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхболд нар давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 138/ШШ2017/00907 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга буюу эрхлэгч их эмчийг тус сумын Засаг дарга аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх эрхтэй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь сумын Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд сумын эрүүл мэндийн төвийн дарга буюу эрхлэгч их эмчтэй үр дүнгийн гэрээ байгуулан дүгнэх түүнчлэн эрүүл мэндийн газрын дарга болон сумын эрүүл мэндийн төвийн дарга нартай гурвалсан гэрээ байгуулах эрүүл мэндийн газрын даргын тушаал шийдвэрийг үндэслэн сумын төсөвт хуваарилагдан ирсэн мөнгөн хөрөнгөнөөс эрүүл мэндийн төвийн даргыг мөнгөн шагналаар шагнасан мөнгийг гаргах, хуваарилах, захиран зарцуулах эрх бүхий субъект. Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016.02.26-ны өдрийн А/08 дугаар тушаалаар У.У нь статистик мэдээллийн ажлаар А үнэлгээ авч 3 сарын 40 хувиар урамшуулал авахаар болсон байна.

Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 15.4.1, 16 дугаар зүйлийн 16.2.3, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.2 дахь хэсэг, Баянтүмэн сумын Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарын хамтын ажиллагааны гурвалсан гэрээний 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар сумын Засаг дарга буюу ажил олгогчийн захирамж гарсан үед уг захирамжийг үндэслэн У.У нь урамшуулал болон илүү цагийн мөнгө авах зохицуулалттай байна.

Гэтэл нэхэмжлэгч У.У нь Баянтүмэн сумын Засаг даргын буюу ажил олгогчийн захирамжгүй урамшууллын 802758 төгрөг, илүү цагийн 250861 төгрөг нийт 1053619 төгрөгийг өөртөө авч гурвалсан гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр дур мэдэн үндэслэлгүй авсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын хяналт шалгалтын акт, аудитын дүгнэлт, хуулийн байгууллагын шийдвэр гэх мэт бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь 2016 онд У.У-ийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байх хугацааны цалингийн түүвэрт нэмэгдэл урамшуулал 40 хувийн 267586 төгрөгийг 2016 оны 3,4,5 сард олгосон үүнийг хүлээн авсан бичгийн баримт болон Эрүүл мэндийн газрын даргын тушаалд өөртөө мөнгө олгохоор цохолт хийсэн бичгийн баримтуудыг шүүх үнэлж дүгнэлгүй өрөөсгөл шийдвэр гаргасан болно.

Мөн түүнчлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтын 3-ын г-д “... шагнал урамшуулал гэж ажилтан, албан хаагчийн ажлын үр дүн, эсхүл тухайн байгууллагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлэн ажил олгогчоос олгож буй мөнгөн урамшууллыг хэлнэ” гэжээ. Энэ тушаалаар ажил олгогч буюу сумын Засаг дарга нь мөнгөн урамшууллыг олгох эрхтэйг шүүх анхаарч үзсэнгүй.

2. У.У нь 2016.06.22-ноос Баянтүмэн сумын ЭМТөвийн эрхлэгч их эмчийн албан тушаалаас буурч багийн их эмчийн ажил хийж байгаад буцаж хуучин ажилдаа орох хүртэл нийт ажлын 154 хоног ажиллах байсан бөгөөд энэ хугацаанд тэрээр ажлын 17 хоног цалингүй чөлөөтэй, 21 хоног ажил тасалсан нийт 38 хоног ажиллаагүй. Ажлын 154 хоногоос дээрх 38 хоногийг хасч тооцоход ажлын 116 хоног ажилласнаар гарч байна. /116 хоногийг шүүхийн тооцсон цалингийн дундаж 51120 төгрөгөөр үржүүлэхэд 5929920 төгрөг буюу У.У-ийн авах ёстой олговор бөгөөд үүнээс бага эмчээр ажилласан хугацааны цалин 3597538 төгрөгийг хасахад 2332382 төгрөгийн зөрүү гарч энэ мөнгийг авахаар байгаа юм./ Шүүх цалингүй чөлөөтэй 17 хоног, ажил тасалсан 21 хоногийн талаарх асуудлыг дүгнэхдээ түүнийг сайн дураараа ажил үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм гэжээ.

Өөрөөр хэлбэл Г.У-г ажлаас нь үндэслэлгүйгээр халж, өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоож, сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон атал сумын Засаг дарга дээрх үүргээ биелүүлээгүй нь түүнийг сумын Эрүүл мэндийн төвийн багийн эмчийн ажлыг гүйцэтгэхгүй байх нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэх тул түүнийг чөлөөтэй байсан, ажил тасалсан хугацааг ажилгүй байсан хугацаа гэж үзэх үндэслэлтэй юм гэжээ.

Гэвч давж заалдах шатны шүүхийн шийдвэр 2017 оны 01 сард хүчин төгөлдөр болж У.Уртнасанг 2017 оны 01 сарын 09-ний өдөр №Б/01 тоот захирамжаар сумын Эрүүл мэндийн төвийн дарга эрхлэгч их эмчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Гэтэл шүүх 2017 оноос өмнөх асуудлыг 2017 оны асуудалтай хольж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Нэхэмжлэгч У.У-ийн 2016 оны 11 сард ажлын 17 хоногийн цалингүй чөлөө авах тухай түүний өргөдөл, цалингүй чөлөө олгосон тухай Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчийн тушаал, ажил тасалсныг бүртгэсэн цагийн бүртгэл зэрэг бичгийн нотлох баримтыг шүүх анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч У.У нь 2016 оны 12 сард ямар ч шалтгаангүйгээр эрүүл мэндийн төвийн 3 дугаар багийн бага эмчийн ажлыг ажлын 21 хоног тасалсан байдаг. Үүнийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 сарын 02-ны өдрийн Б/02 тоот тушаалаар эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Идэрзориг цуцалсан байдаг. Эдгээр нотлох баримтаар 2016 онд ажил тасалсан нь тогтоогдсон байхад шүүхийн түүнийг 2017 оны 01 сарын 09-ний өдрөөс 2017 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар ажил таслаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч У.У-йн нэхэмжлэлээс ажил олгогч буюу сумын Засаг даргын захирамж шийдвэргүйгээр авсан урамшууллын 802758 төгрөг, илүү цагийн 250861 төгрөг нийт 1053619 төгрөгийг хасч улмаар түүний ажилласан хоногийг 116 хоногоор тооцож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

/Өөрөөр хэлбэл У.У-ийн цалингийн зөрүү 2332382 төгрөгөөс сумын Засаг даргын захирамж шийдвэргүй авсан 1053619 төгрөгийг хасч суутган тооцоход 1278763 төгрөгийг У.У-д төлөхөөр байна./

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.У нь хариуцагч Баянтүмэн сумын Засаг даргын тамгын газраас ажлаас халагдсаны цалингийн зөрүү болон авах ёстой байсан цалин хөлс болох 5325974 төгрөгийг гаргуулах, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Ажил олгогч Баянтүмэн сумын Засаг дарга нь 2016 оны 06 сарын 17-ны өдрийн Б/11 дугаар захирамжаараа ажилтан У.У-г Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас нь бууруулжээ.  / хх-ийн 44-45 дахь талууд /

Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 06 сарын 22-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар сумын 3 дугаар багийн их эмчээр томилон ажиллуулсан байна. / хх-ийн 36 дахь тал /

Ажилтан У.У нь Баянтүмэн сумын Засаг даргад холбогдуулан Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүх 2016 оны 09 сарын 20-ны өдрийн 1065 дугаар шийдвэрээр У.У-г Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосныг хариуцагч байгууллагын давж заалдах гомдлоор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 0040 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. / хх-ийн 7-11, 55-63 дахь талууд /

Ажил олгогч Баянтүмэн сумын Засаг дарга нь хоёр шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 2017 оны 01 сарын 09-ний өдөр ажилтан У.Уртнасанг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчийн үүрэг гүйцэтгэгчээр эгүүлэн авсан тухай Б/01 дугаар захирамжийг, 2017 оны 01 сарын 30-ны өдөр “Ажлын хэсэг зохион байгуулах тухай“ Б/02 дугаар захирамжийг тус тус гарган мөн өдрөө ажилтан У.Уртнасанд сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлыг хүлээлцүүлсэн байна.  /хх-ийн 13, 14  дэх талууд/

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд ажил олгогч Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар нь ажилтан У.У-д 2016 оны 06 сарын 17-ны өдрөөс 2017 оны 02 сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг олгох үндэслэлтэй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “ Дундаж цалин хөлс тодорхойлох журам “-ын 7-д зааснаар ажилтан У.У-ийн ажилгүй байсан хугацааны олговрыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлох боловч ажилтан У.У нь 2016 оны 06 сард сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд бүтэн ажиллаагүй учир түүний өмнөх 3 сарын цалингийн дундажаар ажилгүй байсан хугацааг тооцож олговрыг олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ажилтан У.У нь 2016 оны 3,4,5 саруудад үндсэн цалин 668964 төгрөг, Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор 20 хувийн нэмэгдэл 133793 төгрөг, урамшууллын 40 хувь болох 267586 төгрөг, 5 сард илүү цагийн хөлс 250861 төгрөг нийт 3 сард 1136343 төгрөг, 4 сард 1133343 төгрөг, 5 сард 1384204 төгрөгийн цалинг тус тус авсан байна. / хх-ийн 12, 16,38 дахь талууд /

Анхан шатны шүүх ажилтан У.У-ийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож гаргахдаа түүний ажилласан хугацаа болох  2016 оны 6 сарын 15 хоног, 5 сарын 22 хоног, 4 сарын 21 хоногуудыг хооронд нь нэмж энэ хугацаанд авсан цалинг нийт ажилласан хоногт нь хувааж нэг өдрийн дундаж цалинг тооцож гаргасан нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “ Дундаж цалин хөлс тодорхойлох журам “-ын 7-д зааснаар “ ... сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно “ гэсэнтэй нийцэхгүй байна.

 Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 02 сарын 18-ны өдрийн А/68 дугаар “ Тайлан хүлээн авсан дүнгийн тухай “ тушаалын / хавсралтын 2-т Баянтүмэн/  2-д “ ...” А “ үнэлгээ авсан байгууллагуудын дарга, статистик эмч нарыг үндсэн цалингийн 40 хувиар гурван сар ...” урамшуулал олгосон байх ба ажилтан У.У уг урамшууллыг 2016 оны 3,4,5 саруудад авчээ. / хх-ийн 12, 78,79 дэх талууд /

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “ Дундаж цалин хөлс тодорхойлох журам “-ын 2-т “шагнал урамшуулал“-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахаар заасан байна. Хэрэв ажилтан сар бүр тогтмол урамшуулал авч байсан бол түүний дундаж цалин хөлсөд оруулан тооцож ажилгүй байсан хугацаанд олгох  боломжтой юм. Гэтэл анхан шатны шүүх эрх бүхий албан тушаалтан ажилтны үр дүнгийн гэрээг жилийн эцэст дүгнэж нэг удаа 3 сар 40 хувиар олгосон урамшууллыг ажилтан У.У-ийн дундаж цалин хөлсөд оруулан тооцож түүний ажилгүй байсан нийт 7 сарын хугацаанд олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд ажилтан У.У-ийн ажилгүй байсан хугацааны олговрыг олгохдоо түүний Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан 2016 оны 3, 4, 5 сарын цалингийн дундажаар / 40 хувийн урамшууллыг хасч / тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгч нар ажилтан У.Уртнасанг сумын Засаг даргын зөвшөөрөлгүйгээр 2016 оны 05 сард 250861 төгрөгийн илүү цагийн хөлс авсан нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй юм. Учир нь ажилтан У.Уртнасанг илүү цагийн хөлсийг хууль бусаар авсан гэдгийг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Мөн хариуцагч талын  ажилтан У.У-г 3 дугаар багийн их эмчээр ажиллаж байхдаа ажил тасалсан гэж үзэн ажилгүй байсан нийт хугацаанаас ажил тасалсан хоногийг хасч тооцохоор гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Ажилтан У.У-г Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас хууль бусаар халсан нь хоёр шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул түүний багийн их эмчээр ажиллах эсэх асуудал энэ маргаанд хамаарахгүй юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Иймд ажилтан У.У-ийн ажилгүй байсан хугацааны цалингийн дундажийг дараахь аргачлалаар тооцох нь зүйтэй байна. Ажилтан У.У нь 2016 оны 3 сард 802757 төгрөг, 4 сард 802757 төгрөг, 5 сард 1053618 төгрөг, нийт 26599132 төгрөгийн цалин авсан. Үүнийг 3 сард хуваахад нэг сарын дундаж цалин 886377 төгрөг болно. Үүнийг 21,5-д хуваахад нэг өдрийн цалин 41227 төгрөг болно. Ажилтан У.У нь 2016 оны 6 сард 6 хоног, 7 сард 16 хоног, 8 сард 23 хоног, 9 сард 22 хоног, 10 сард 21 хоног, 11 сард 21 хоног, 12 сард 21 хоног, 2017 оны 01 сард 22 хоног, нийт 152 хоног ажилгүй байжээ. Нэг өдрийн цалин 41227 төгрөгийг ажилгүй байсан 152 хоногоор үржүүлвэл нийт 6266504 төгрөгийн цалин авах байсан. Үүнээс  сумын 3 дугаар багийн их эмчээр ажиллаж байхдаа авсан цалин 3624638 төгрөгийг хасч үлдэх 2641866 төгрөгийг Баянтүмэн сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан ажилтан У.Уртнасанд олгож, нэхэмжлэлин шаардлагаас 2684009 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 57894 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 138/ШШ2017/00907 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... 4274942 төгрөгийг ... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1051032 төгрөгийг ...  “ гэснийг “ ... 2641866 төгрөгийг ... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2684009 төгрөгийг ... “ гэж, 4 дэх заалтын “ ... 83349 төгрөг ...” гэснийг “ ... 57894 төгрөг ...“ гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

                       ШҮҮГЧИД                                                            Я.АЛТАННАВЧ                                                                                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ