| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2018/0850/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/857 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Э.УНДРАХХЭРЛЭН |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/857
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
улсын яллагч Э.Ундраххэрлэн,
хохирогч Д.Б,
иргэний нэхэмжлэгч О.А, Б.З, М.П,
хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.Буянжаргал,
иргэний хариуцагч В.Насанбаяр,
шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэгт Б овогт Хийн Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803005830328 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Х.Н нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ “согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэн 2,61 хувийн согтолттой үедээ Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Завсрын буудлын замд Тоуота Магк-II маркийн 51-81 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин М.Пүрэвжавын жолоодон явсан Тоуоtа Passo-Sette маркийн 06-24 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч О.Алтангэрэл, Б.Золжаргал, жолооч М.Пүрэвжав нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Д.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,
түүний мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...согтуу машин жолоодож явсан нь миний буруу тухайн үед би эгч Гантулга дээр очих гэж явж байгаад буцаад гэр рүүгээ явах гээд шугам даваад явахад гэнэт машин ирээд миний унаж явсан машины баруун урд тал руу мөргөсөн. Тухайн үед би машиндаа төрсөн охин Н.Эгшиглэнтэй хамт явсан Эгшиглэнгийн бие сайн байгаа би осол болсны дараа эмнэлэгт үзүүлэхэд 1 гарантай жирэмсэн болсон байна гэж хэлсэн одоо 3 сартай болсон байгаа. ...Харагдах орчин чөлөөтэй зам халтиргаа гулгаа байхгүй машин тэрэгний хөдөлгөөн ихтэй цаг агаар таатай байсан…” гэсэн мэдүүлэг /хх-98-99/,
Хохирогч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 7 дугаар сарын 20-ны ажлаа тараад явж байхад нэгэнт хажуу талаас урсгал сөрөөд машин орж ирээд, манай машиныг мөргөсөн дайрсан. Манай машинд жолоочоос гадна 4 хүн байсан. Пүрэвжав өөрөө жолоо барьж байсан. Тухайн зам тээврийн ослоос болж, надад хүндэвтэр гэмтэл учирсан. Бусад хүмүүст хөнгөн гэмтэл учирсан...” гэв,
түүний мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд хүргэний Тоёота Пассо маркийн 06-24 улсын дугаартай машинтай ажлаасаа тараад гэр рүүгээ харих гээд 5 буудлын хурд сааруулагч гэрлэн дохио өнгөрөөд явж байсан. Тухайн үед би жолооч буюу хүргэн Пүрэвжавын хажуугийн суудал дээр суугаад хойд суудал дээр охин Золжаргал, танил залуу Алтангэрэл нар суугаад явж байсан. Тухайн үед би өөрийнхөө утасны тогтоомоор тоглож явж байхад гэнэт “тас няс” гээд би ухаан алдчихсан байсан. Нэг сэртэл нэг охин машины хаалга онгойлгоод “та яаж байна, зүгээр үү” гэсэн. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Машинаас буугаад харахад эсрэг урсгалаас машин сөрөөд орж ирсэн байдалтай харагдаж байсан. Хүргэн 40 км/цагийн хурдтай явж байсан. Ослын улмаас миний баруун гарны шууны яс хугарсан, зүүн талын 3 хавирга хугарсан, тархинд цус хуралттай, тархи няцралттай болсон...” гэсэн мэдүүлэг /хх-29/,
Иргэний нэхэмжлэгч О.Алтангэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Би эмчилгээ хийлгэсэн 120.000 төгрөгөө нэхэмжилж байна. Тухайн ослын дараа нүүр болон тархиа гэмтлийн урд талын эмнэлэгт үзүүлсэн...” гэв,
түүний мөрдөн байцаалтад өгсөн “...гэрийн зүг Тоёота Пассо автомашины баруун хойд талын суудалд суугаад, миний хажууд жолоочийн эхнэр Золоо, жолоочийн хажууд Золоогийн аав Батсайхан сууж явсан. 5 буудал өнгөрөөд явж байтал урд талаас цагаан өнгийн машин шууд ирээд мөргөсөн. Юу болсныг санахгүй, байгаа нэг мэдсэн цагдаа эмнэлэг ирсэн байсан. Харагдах орчин чөлөөтэй халтиргаа гулгаа байхгүй машин тэрэгний хөдөлгөөн бага, цаг агаар таатай байсан. Эмнэлэгт үзүүлсэн надаас гарсан зардлыг барагдуулчихвал, өөр ямар нэгэн санал гомдол байхгүй, миний бие зүгээр надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-59-60/,
Иргэний нэхэмжлэгч Б.Золжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Манай машин Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг. Тухайн машиныг аваад сар гаруй хугацаа өнгөрч байна. Машины хохирол 6.400.000 төгрөг гарсан. Би шүүгдэгчид гомдолтой байна. Намайг шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Би нурууныхаа зургийг үзүүлээд, буцаад шүүх эмнэлэг дээр очиход одоо гаргаж өгөх баримт байхгүй гэж хэлсэн. Би тухайн осол гарснаас хойш 21 хоног хөдөө явж барилгын ажил хийсэн. Хөдөө ажиллаж байхад гэмтэл авсан хүзүү өвдөөд, зовиуртай байдаг болсон. Тухайн үедээ бариа хийлгэсэн. Би шүүгдэгчээс 724.770 төгрөгийг нэхэмжилж байна. Бид шинээр аваад удаагүй машинаа мөргүүлчхээд, банк бус санхүүгийн байгууллагад хий дэмий мөнгө төлөөд баймааргүй байна. Манайх тухайн машинаа банк бус санхүүгийн байгууллагаас зээлж авсан байсан...” гэв,
түүний мөрдөн байцаалтад өгсөн “...нэг мэдсэн чинь “тас түс” болоод явчихсан. Амьсгалж болохоо байгаад хэсэг машин дотор суусан. ...нөгөө машины жолооч эмэгтэй согтуу түргэний машин дотор эмч нартай хэрэлдээд, орилоод байсан. Ослын улмаас миний хүзүү мурийгаад толгой байнга өвдөөд, нуруу байнга өвдөөд шөнө унтаж чадахгүй баруун хөл бадаарч янгинаж өвдөж байна...” гэсэн мэдүүлэг /хх-37/,
Иргэний нэхэмжлэгч М.Пүрэвжав нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Машины үнэлгээний мөнгийг нэхэмжилж байна. Хохиролд машины 6.400.000 төгрөг, эмчилгээнд зарцуулсан мөнгө зэргийг нэмээд, нийт 1.002.200 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Би шүүгдэгчид гомдолтой байна...” гэв,
түүний мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 02-ны Баянзүрх дүүргийн нутагт байрлах барилгын ажил дээрээс хадам аав Д.Б, эхнэр Б.Золжаргал, манай ажлын залуу Ариунболд нарыг Тоёота Пассо маркийн 06-24 УБС улсын дугаартай автомашиндаа суулган, би жолоодон гэрийн зүгт явж байгаад, Ариунболдыг 13 автобусны буудал дээр буулгаад, манай гэрийн ойролцоо байдаг Алтангэрэлийг суулгаад 5 буудал завсрын буудал өнгөрөөд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал өөдөөс нэг машин урсгал сөрж ирээд миний автомашиныг мөргөсөн. Замын цаанаас хүн гүйж ирээд хаалга онгойлгож бид хэдийг буулгасан. ...Марк-2 машинаас нэг согтуу эмэгтэй, охин хүүхдийн хамтаар бууж ирсэн. ...харагдах орчин чөлөөтэй, халтиргаа гулгаа байхгүй, машин тэрэгний хөдөлгөөн бага, цаг агаар таатай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-47-48/,
Иргэний хариуцагч В.Насанбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Надад хэлэх зүйл байхгүй. Надад машинаа ломбарднаас худалдаж авсан гэх баримт байх ёстой. Би тухайн үед торгуулиа төлж амжаагүй байсан учраас нэрээ шилжүүлээгүй байсан юм ...” гэв,
түүний мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 12 дугаар сард Цайз-16 орчим байдаг автомашин ломбардны газраас 3.800.000 төгрөгөөр бэлэн худалдаж авсан. Тухайн машин дээр 380.000 төгрөгийн торгууль байсан болохоор нэр дээрээ шилжүүлж авалгүй худалдах, худалдан авах гэрээ хийгээд итгэмжлэл хийлгэчихсэн байгаа, машины анхны эзэнтэй уулзах гэхээр огт болохгүй байна. Машин маань 3 сард оношлогоонд орох ёстой байсан, би хөдөө байсан учраас оношлогоонд оруулж амжаагүй юмаа. Осол болох үед Нарантунгалаг нь дүү болох Батбаяртайгаа маргалдаад миний машиныг унаад гарсан байсан. Түүнээс биш унах хүн байхгүй хашаан дотор байж байдаг байсан. Нарантунгалаг нь миний эхнэр юмаа, бид 2 гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа 4 хүүхэдтэй юмаа. Машины түлхүүр гэрт хөргөгч дээр тавьсан байсан. Нарантунгалаг жолооны курс төгсөөгүй жолооч биш. ...Хааяа л согтууруулах ундаа хэрэглэдэг. Дүүтэйгээ ямар учраас, юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна, би тэр үед гадуур ажилтай явж байсан. Дүүтэйгээ гэртээ уусан гэсэн. Ослын улмаас автомашинд жолоочийн талын суудлын урд хэсэг, дугуйны хэсэг тэр чигээрээ байхгүй эвдэрчихсэн. ...Үнэлгээ хийлгэхгүй, нэхэмжлэхгүй. ...хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой хохирлыг төлж барагдуулахад ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Одоохондоо боломжгүй байна, 9 сараас төлж барагдуулж чадахаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-72-73/,
Гэрч Д.Бямбацэрэнгийн “...2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг Чанар авто засварын газар ажилтай байж байгаад үүдэндээ зогсож байтал, замаар хойноос урд зүгт Тоёота Марк-2 автомашин маш хурдтай орж ирээд эсрэг урсгалд ороод өөдөөс нь ирж явсан автомашиныг мөргөсөн. Тоёота Марк-2 автомашин дотроос согтуу эмэгтэй хүн жолоочийн хаалганаас бууж ирсэн, мөн бага насны хүүхэд урд суудал дээр сууж уйлаад байх шиг байсан. Би цагдаа, эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-65/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹8346 тоот актын “…Д.Бы биед тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн голомтлог цус хуралт, баруун шуу, богтос яс, цээжний зүүн талын 6, 7, 8-р хавирга ясны хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо үйлчиллээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. ...Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-20/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹8348 тоот актын “…Б.Золжаргалын биед хүзүү, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-36/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹8347 тоот актын “…М.П-ын биед цээжний зөөлөн эдийн няцрал, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. ...Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-50/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹8367 тоот актын “…О.Алтангэрэлийн биед хамрын нуруунд шарх, зулгаралт, 2 нүдний зовхи, хамрын нуруу, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,
Замын Цагдаагийн албаны 502 дугаартай шинжээчийн дүгнэлт “Тоёота марк-2 маркийн 51-81 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Н нь ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ “согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна /хх-78/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-8-9/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6-7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-17/, Ашид Билгүүн ХХК-ний авто машины техникийн үнэлгээний тайлан /хх-81-83/, Жолоочийн согтуурал шалгасан баримт /хх-17/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-100/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-101/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-110/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-102-104, 106-109/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /123-127, 129-133/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Х.Н нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ “согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэн 2,61 хувийн согтолттой үедээ Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Завсрын буудлын замд Тоуота Магк-II маркийн 51-81 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин М.Пүрэвжавын жолоодон явсан Тоуоtа Passo-Sette маркийн 06-24 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч О.А, Б.З, жолооч М.П нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Д.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Д.Б, иргэний нэхэмжлэгч О.Алтангэрэл, Б.Золжаргал, М.Пүрэвжав, иргэний хариуцагч В.Насанбаяр нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжилгээний №8346, 8347, 8348, 8367 тоот актын дүгнэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Х.Нийн яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Х.Нийн согтуурсан мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бд 9.437.619 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Золжаргалд 990.409 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.Пүрэвжавд 7.602.440 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч О.Алтангэрэлд 120.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан болон хохирогч иргэний нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Наас дээрх хохирлыг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул тэдгээрийн цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Нийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.
Шүүх шүүгдэгч Х.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний бага насны 2 хүүхэдтэй, жирэмсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж дүгнэв.
Хэрэгт хураагдсан Toyota Mark-2 маркийн АЯ№0048111 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг В.Насанбаярт буцааж олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хийн Нийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497, 505, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Х.Наас 9.437.619 (есөн сая дөрвөн зуун гучин долоон мянга зургаан зуун арван есөн төгрөг) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д 990.409 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.З-д 724.770 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Пүрэвжав-д 7.602.440, иргэний нэхэмжлэгч О.А-д 120.000 төгрөг тус тус олгож, хохирогч Д.Б, иргэний нэхэмжлэгч Б.З, М.П, О.А нь цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Энэ хэрэгт хураагдаж ирсэн Toyota Mark-2 маркийн АЯ№0048111 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний хариуцагч В.Насанбаярт буцааж олгосугай.
9.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР