Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/74

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

            Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

            Хохирогч М.Ж, Э.Д

           Иргэний нэхэмжлэгч М.У, Б.Б,

           Хэлмэрч Ч.Даваадэлгэр

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

           Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

               Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ч.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Ч.Б нь Дорноговь аймгийн Даланжаргалан сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн авто зам дээр ... улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 12 дугаар бүлгийн 12.9 дэх заалтуудыг тус тус зөрчин уг замаар зорчин явсан .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Э.Дгийн эрүүл мэндэд хүнд, М.Жийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нарын өгсөн мэдүүлгүүдийг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ч.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Уурхайгаас нүүрс ачаад 25 дээр буулгах гээд ганцаараа явж байсан. Зам руу хурдаа хасч ороод машин харагдахгүй болохоор нь хааз өгөөд араагаа сольсон Зам руу орсны дараа харагдсан. Би нэгэнт орсон юм чинь зогсох арга хэмжээ авах боломжгүй юм шиг санагдсан. Учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулна хорих ялаас хөнгөн төрлийн ял оногдуулж өгнө үү гэв, Хохирогч Э.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарын 23- ны өдөр Замын-Үүд сум руу явахаар болоод НАМЗХ-ын таньдаг хоёр залуу явна гэхээр нь авч явсан. Хотоос 5-уулаа явсан. Би урд өдөр нь нойр муутай, ачаалалтай ажилласан байсан болохоор эгч нь чойр хүртэл машин барья, маргааш эргээд хот явна, нойр авахгүй бол болохгүй, жолооны үнэмлэхтэй хүн байна уу? Сайншанд хүртэл нэг нь бариад Сайншандаас цаашаа У барьчих, үнэмлэх байгаа юу гэхэд байгаа гэж хэлсэн. Тэгээд Чойр хүртэл өөрөө барьж яваад хүнд жолоогоо өгчихөөд хажуу суудал дээр унтсан, нэг мэдэхэд аваар гарсан байсан. Юу болсон талаар мэдээгүй. Тэрнээс хойш Сайншандын эмнэлэгт ирээд хагалгаанд ороход энэ залуу байсан юм байна лээ. Намайг хотын харъяат болохоор 7 хонуулаад яаралтай харъяат газартаа очиж хэвт гэсэн, хотод очоод хүзүүгээ үзүүлсэн. Хамгийн гол нь юу хэлэх гээд байна гэхээр энэ залуу нэг ч удаа надруу яриагүй, маш их гомдолтой байна. Хүн харахад гайгүй юм шиг болохоос биш миний амьдрал орвонгоороо эргэсэн. Би өрх толгойлсон эмэгтэй, би банкны зээлтэй, надад туслах хүн байдаггүй, дээр нь насан туршийн өвчтэй болоод үлдсэн. Ч.Б мэдүүлэгтээ уучлал гуйсан гэж хэлж байна, энэ нь худлаа, надтай болон манай охинтой нэг ч удаа яриагүй. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн баримтаа өгсөн. Гараад ямар ч эмчилгээ хийлгэх мөнгөгүй болсон учраас зарим эмчилгээг хийлгээгүй. Өдрийн дундаж орлого зэргийг нэхэмжлээгүй орхисон. Зөвхөн эрүүл мэндийн хохирлыг нэхэмжилсэн гэв,

Хохирогч М.Жийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед би машин дотор сэрүүн байж байгаад унтаад сэрэхэд жолооч нь өөрчлөгдсөн байсан. Цаашаа унтаад явж байхад хүчтэй тормоз гишгэсэн. Аваарт ороод амьсгалж чадахгүй, нуруугаа хөдөлгөж чадахгүй, хөл хөдлөхгүй байхад найз У машинаас гаргасан. Хэсэгхэн хугацаанд юу болсон талаар мэдээгүй эмнэлэг дээр ирээд хугарсан гэдгээ мэдсэн. Хотод мөн эмчлүүлсэн. 2 сар хэвтэрт байсан. Бие маань эдгэрээгүй. Байнгын зовиуртай байгаа. Осолд орохоосоо өмнө ачигч хийдэг байсан. Ажлаас 2 сарын хугацаатай чөлөө өгсөн ч бие маань эдгэрээгүй хэвтэрт байсан учраас ажилдаа орж чадаагүй. Энэ хугацаанд хэцүү байдалд орсон. Эмчилгээ хийлгэ гэсэн ч хийлгэж чадаагүй. Мөн тухайн үед чихэндээ сонсголын аппараттай байсан ч эргэж олоогүй, надад хайрцаг нь л үлдсэн. Аппаратгүй болохоор хүмүүстэй харьцаж, ойлголцож чадахгүй, огт сонсогдохгүй болсон. Хотод очиж чих, хамар, хоолойн эмчид үзүүлсэн. Ямартай ч хуучин аппаратаа буцаан гаргуулмаар байна. Мөн эмчилгээний зардлаа гаргуулмаар байна гэв, Иргэний нэхэмжлэгч М.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Толгой нуруу хааяа өвддөг. Хотод цахилгаан бичлэг хийлгэхэд бөөрнөөс болоод бусад эрхтэн нь өвдөөд байна гэж хэлсэн. Үзүүлсэн баримтаас гадна тархины нарийн шинжилгээ хийлгэмээр байна. Тэр нь 1 сая гаруй төгрөг болох юм шиг байна билээ, өгсөн баримт нь 600 000 төгрөг орчим байгаа байх. Нийт 2 сая төгрөг нэхэмжилж байгаа гэв,

Иргэний нэхэмжлэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Машинд 2 сая гаруй төгрөгийн хохирол учирсан, хөдөлгөж болохгүй байсан учраас хажуу талын бензин колонк дээр үлдээгээд машины эд ангийг бас хулгайд алдсан байсан. Үнэлгээний материалаа хэрэгт хавсаргасан байгаа. Одоо нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 24-ний 05 цаг 10 минутанд ... улсын дугаартай норд бенз маркийн автомашинд Чингисийн хар алт нүүрсний уурхайгаас Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нүүрс ачилт буулгалтын талбай руу нүүрс ачин явж байсан чинь 06 цагийн үед Даланжаргалан сумын 5 дугаар багийн хойд талын засмал замд дөхөж ирээд би машиныхаа арааг салган ертөнцийн зүгээр замын хойд талд нь хурдаа саатуулан ирж зам хөндлөн гарах гээд замын 2 талруу харахад ямар нэгэн машины гэрэл харагдахгүй болохоор нь би араагаа хүндрүүлэн зам хөндлөн гарч замын голын тусгаарлах цагаан зурвас өнгөрч байсан чинь Улаанбаатар талаас буюу ертөнцийн зүгээр баруун талаас нэг зуу гаруй метрээс машины гэрэл харагдсан. Тэгээд би машиныг хурдаа сааруулах байх гэж бодоод явж байсан чинь гэнэт баруун талаас мөргөсөн. Тэгээд би машинаа зогсоох гээд тормос гишгэсэн чинь тормос барихгүй байсан ба 20 метр орчим газар явж байгаад зогссон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. 10-20 километр цагийн хурдтай явсан .... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/

судалснаас гадна Мөн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтийн дагуу :

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5/,

ослын газар хийсэн бүдүүвч зураг /хх-7/,

хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27/,

бичлэгийг эд мөрийн баримтаар тогтоосон тогтоол /хх-28/,

Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх-103-104/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан /хх-109/,

Гэрч Б.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...жолооч нь эмэгтэй хүн байсан ба тэр эмэгтэй жолооч урд өдөр нь нойргүй явсан ядраад байна, машин барьдаг хүн байна уу гэж асуухаар нь би тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэж хэлсэн чинь намайг Чойр дээрээс Сайншанд ортол машин жолоодоод өгөөрэй, эгч нь өөрөө Чойр хүртэл жолоодоод авъя гэсэн. Тэгээд Чойр дээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний 05 цаг 10 минутын орчим очсон ба би Чойроос .... улсын дугаартай Тоёота Приүс- 20 маркийн автомашиныг жолоодон Сайншанд руу явсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 24-ний 6 цаг өнгөрч байхад Даланжаргалан сумын 25 гэдэг газар явж байсан чинь гэнэт ертөнцийн зүгээр хойд зүгээс ачааны том оврын машин гарч ирсэн ба тэр ачааны том машины баруун талын урд дугуйг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны...дугаартай дүгнэлтэнд: "...М.Уын биед тарх доргилт, баруун 2 дугаар хуруу, баруун өвдөг, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 56 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: “...Э.Дгийн биед баруун уушгины шалчийлт, цээжний хөндий дэх хий хуралт, баруун 2-7-р хавирганы хугарал, зүүн чихний ар хэсэг, эрүү, хүзүү, зүүн бугалга, зүүн алганы ар хэсэг, баруун гуя. баруун шилбэ, зүүн шагайн дотор хэсгийн цус хуралт, баруун суганы урд хэсгийн зулгаралт, баруун, зүүн шилбэ, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Э.Дгийн биед учирсан баруун уушигны шалчийлт, цээжний хөндий дэх цус хуралт, баруун 2-7 хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн чихний ар хэсэг, эрүү, хүзүү, зүүн бугалга, зүүн алганы ар хэсэг, баруун гуя, баруун шилбэ, зүүн шагайн дотор хэсгийн цус хуралт, баруун суганы урд хэсгийн зулгаралт, баруун, зүүн шилбэ, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна..." гэжээ /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: “...М.Жийн биед зүүн шагайн дотор хэсгийн хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн чихний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..." гэжээ /хх-ийн 74 дүгээр хуудас/,

Шинжээч Б.Бийн ... дугаартай дүгнэлтэнд: “...Зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь Норд Бенз маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ч.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрминй 2 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар бүлэг /Уулзвар нэвтрэх/-ийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна..." гэжээ /хх-ийн 99 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний 05-06 цагийн үед Дорноговь аймгийн Даланжаргалан сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн авто зам дээр ... улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 12 дугаар бүлгийн 12.9 дэх заалтуудыг тус тус зөрчин уг замаар зорчин явсан .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Э.Дгийн эрүүл мэндэд хүнд, М.Жийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Э.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэгээд Чойр хүртэл өөрөө барьж яваад хүнд жолоогоо өгчихөөд хажуу суудал дээр унтсан, нэг мэдэхэд аваар гарсан байсан. Юу болсон талаар мэдээгүй.... гэсэн мэдүүлэг, Хохирогч М.Жийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед би машин дотор сэрүүн байж байгаад унтаад сэрэхэд жолооч нь өөрчлөгдсөн байсан. Цаашаа унтаад явж байхад хүчтэй тормоз гишгэсэн. Аваарт ороод амьсгалж чадахгүй, нуруугаа хөдөлгөж чадахгүй, хөл хөдлөхгүй байхад найз У машинаас гаргасан.... гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: замын 2 талруу харахад ямар нэгэн машины гэрэл харагдахгүй болохоор нь би араагаа хүндрүүлэн зам хөндлөн гарч замын голын тусгаарлах цагаан зурвас өнгөрч байсан баруун талаас нэг зуу гаруй метрээс машины гэрэл харагдсан. Тэгээд би машиныг хурдаа сааруулах байх гэж бодоод явж байсан чинь гэнэт баруун талаас мөргөсөн, Хохирогч М.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг 2017 оны 12 дугаар сарын 24- ний өдөр гэртээ байж байхад над руу үүрээр Ж гэх хүн миний .... утасны дугаар луу 6 цаг 35 минутын орчим залгаад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон[1]Овоо гэх газар машинтай мөргөлдчихлөө гэж надруу хэлсэн. гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Улаанбаатар хотоос 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2 цаг өнгөрч байхад хөдөлсөн ба би Улаанбаатар хотоос гараад унтаад осол болоход сэрсэн. ... Намайг Улаанбаатар хотоос гараад унтахад ... улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн автомашиныг жолооч нь өөрөө жолоодож байсан, осол гараад сэрэхэд оюутны холбооны тэргүүн Ж жолооны ард сууж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...жолооч нь эмэгтэй хүн байсан ба тэр эмэгтэй жолооч урд өдөр нь нойргүй явсан ядраад байна, машин барьдаг хүн байна уу гэж асуухаар нь би тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэж хэлсэн чинь намайг Чойр дээрээс Сайншанд ортол машин жолоодоод өгөөрэй, эгч нь өөрөө Чойр хүртэл жолоодоод авъя гэсэн. Тэгээд Чойр дээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний 05 цаг 10 минутын орчим очсон ба би Чойроос .... улсын дугаартай Тоёота Приүс- 20 маркийн автомашиныг жолоодон Сайншанд руу явсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 24-ний 6 цаг өнгөрч байхад Даланжаргалан сумын 25 гэдэг газар явж байсан чинь гэнэт ертөнцийн зүгээр хойд зүгээс ачааны том оврын машин гарч ирсэн ба тэр ачааны том машины баруун талын урд дугуйг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны...дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт, Шинжээч Б.Бийн .... дугаартай дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ний хохирлын үнэлгээ, Тэнцвэр Эстимэйт ХХК-ний техникийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.Бд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтооход үнэлэхээс гадна улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ч.Быг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Бд холбогдох гэмт хэрэгт Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил хорих ял оногдуулахаар санал гаргаж ирүүлсэн ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялуудаас түүнд 10 сар хорих ял оногдуулж, урьд цагдан хоригдсон 38 хоногийг ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаар: Хохирогч Э.Д нь эрүүгийн хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой 1 369 739 төгрөгийн баримт бүрдүүлж өгсөн байх ба үүнээс гадна 5 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн авто машинаа нэхэмжилсэн байна. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан баримтуудын хамт / х.х -123- 144 р тал/ шинжлэн судлаад гэмт хэргийн улмаас биед учирсан хүнд гэмтлийг эмчлэхтэй холбоотой 1 053 730 төгрөгийн зардал, автомашины эвдрэл гэмтлийг засварлахад шаардагдах болон хохирлын үнэлгээ тогтоохтой холбоотой баримтыг үндэслэн 5 816 000 төгрөгийн зардал бүгд 6 869 730 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.Дд Иргэний хуульд заасны дагуу олгох нь зүйтэй байна.

Мөн хохирогч М.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 10 ширхэг 498 500 төгрөгийн хохирлын баримт бүрдүүлж өгсөн байна. Энэхүү хохирлын баримтуудаас / х.х – 158-166 р тал/ хохирогчийн эмчилгээ, шинжилгээ болон унаанд зарцуулсан 438 500 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Харин шатахууны зардалтай холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр .... улсын дугаартай автомашинд 60 000 төгрөгийн бензин хийж гэр бүлийн 2 хүн ирсэн талаар бүрдүүлсэн баримт нь иргэний нэхэмжлэгч Уын бүрдүүлсэн баримтанд давхар орсон байх тул шүүхээс тус бүрдээ нэхэмжилсэн 60 000 төгрөгийн уг шатахууны зардлыг шүүгдэгчээс 30 000, 30 000 төгрөгөөр талуудад хувааж олгож хохирогч М.Ж, иргэний нэхэмжлэгч Уын нарын нэхэмжлэлээс тус бүрд 30000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хохирогч М.Жийн 468 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж илүү нэхэмжилсэн 30000 төгрөгийн зардлыг хэрэгсэхгүй болголоо. Мөн иргэний нэхэмжлэгч М.У шүүхийн шатанд 2000 000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт хохиролтой холбоотой 455 304 төгрөгийн баримтыг шүүхэд бүрдүүлэн өгсөн байна. М.Уын нэхэмжлэлийн шаардлагаас бүрдүүлсэн баримтуудыг нь үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал 215 302 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Харин 240 002 төгрөгийн баримтанд гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээс хамааралгүй өвчин болох ханиадны эмчилгээтэй холбоотой 34000 төгрөгийн зардал, ямар машинаар хаашаа явсан эсэх нь тодорхойгүй шатахууны зардал 206002 төгрөгийн зардал бүгд 240002 төгрөгийн зардлыг энэ гэмт хэрэгт хамааралгүй байна гэж шүүхээс үзэж нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болголоо.

Иймд шүүгдэгч Ч.Баас нийт 7 553 532 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Дд 6 869 730 төгрөгийг, хохирогч М.Жид 468 500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Ут 215 302 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ. Иргэний нэхэмжлэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүгдэгч Ч.Б нь иргэний нэхэмжлэгч Б.Бөд төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Хохирогч Э.Д, М.У, М.Ж нар нь шүүхийн хэлэлцүүлэгт биеийн эрүүл мэндийн байдлаас хамааран цаашид эмчилгээ хийлгэх талаар гаргасан нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD-г хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчид хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 10 /арав/ сар хорих ял оногдуулсугай.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 10 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолохыг мэдэгдсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бын цагдан хоригдсон 38 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Ч.Бын хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баас нийт 7553532 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Дд 6869730 төгрөгийг, хохирогч М.Жид 468500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Ут 215302 төгрөгийг тус тус олгож иргэний нэхэмжлэгч М.Уын 240002 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хохирогч М.Жийн 30000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Д, М.У, М.Ж нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD-г хэрэгт хадгалсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                           Х.ГАНБОЛД