Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/477

 

2021 04 07 2021/ШЦТ/477 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго, улсын яллагч Э.Ариунболд, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Балжиннямын Алтанчимэгт холбогдох эрүүгийн 2106 00801 0632 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 14а гудамжны 373 тоотод оршин суух, *******

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Балжиннямын Алтанчимэг нь согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 08- ний өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 14а гудамжны 373 тоотод байх хашаанд Б.Батчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж, үснээс нь зулгааж зодож биед нь тархи доргилт, хамар зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, Хавтаст хэргээс: Хохирогч Б.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ганбаатарын гэрт очиж авсан архиа хувааж ууцгаасан. Удалгүй Ганбаатарын эгч Алтанчимэг орж ирээд бид нарыг эхнэр хүүхдүүд нь байхгүй та нар архи уулаа гээд Ганбаатарыг загнаж байгаад гараад явсан. Тэгсэн Ганаа, Тоогий хоёр намайг Ганбаатарын гэрт орхиод явсан. Тэгээд 20 цагийн үед гэр рүүгээ гарах гээд Ганбаатарын гэрт сууж байхад Алтанчимэг орж ирээд намайг энэ гэрээс гар гэж хэлсэн. Гадаа гараад Алтанчимэг эгч бид хоёр харилцан бие биеийнхээ үснээс зулгааж зодолдсон. Тэгээд би Алтанчимэг эгчид зодуулаад газар суугаад болъё эгчээ гэж хэлэхэд намайг Алтанчимэг эгч миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Би Алтанчимэгт ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн гаргасан 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2101 дугаартай “...Б.Батчимэгийн биед тархи доргилт, хамар зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 хуудас/, Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Батчимэгийг салаавч гаргаад байхаар нь үсдэж байгаад нүүр лүү нь алгадаад зодсон. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх- ийн 31-32 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч *******ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ. Шүүгдэгч Балжиннямын Алтанчимэг нь согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 08- ний өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 14а гудамжны 373 тоотод байх хашаанд Б.Батчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж, үснээс нь зулгааж зодож биед нь тархи доргилт, хамар зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд: Шүүгдэгч *******ийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс хохирогч Б.Батчимэгийн “...Ганбаатарын гэрт сууж байхад Алтанчимэг орж ирээд намайг энэ гэрээс гар гэж хэлсэн. Гадаа гараад Алтанчимэг эгч бид хоёр харилцан бие биеийнхээ үснээс зулгааж зодолдсон. Тэгээд би Алтанчимэг эгчид зодуулаад газар суугаад болъё эгчээ гэж хэлэхэд намайг Алтанчимэг эгч миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн гаргасан 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2101 дугаартай “...Б.Батчимэгийн биед тархи доргилт, хамар зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/, яллагдагч *******ийн “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Батчимэгийг салаавч гаргаад байхаар нь үсдэж байгаад нүүр лүү нь алгадаад зодсон. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх- ийн 31-32/ зэрэг болно. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хохирогч Б.Батчимэгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт ...”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзлээ. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч ******* нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. *******т шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдав. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. ******* “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй. 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэм хорын хохирол, хор уршиг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ