Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 180

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-т холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч А.Ундрах,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч А.Ундрахын гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-т холбогдох эрүүгийн 1802004210237 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

.................... овгийн ................... .................., 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, өвөө, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт ........... дүүргийн 15 дугаар хороо, ............ 7-31-8 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 998 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:.........................../;

Д.Б 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1601.2 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар өөрийн оршин суудаг Сүхбаатар дүүргийн ....... дугаар хороо, Дамбадаржаагийн ......... тоотод 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Давгадоржийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 998 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ тогтоолоор Д.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ял дээр 2 жилийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Б-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Бын цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цаасан шуудайнд хийсэн уутны хамтаар 1601.2 грамм өвс мэт зүйл, “50” гэж дугаарласан гялгар уутны хамтаар 2.6 гр ногоон өнгийн нунтаг зүйл, “51” гэж дугаарласан хүрэн бор өнгийн шавар мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн тамгын газарт хүргүүлж, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч А.Ундрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б нь бусдад гэм хор учруулаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6-д “Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь Д.Б-ын мэдүүлэгт “Би янжуур тамхи татдаг, энэ өвсийг янжуур тамхинаас арай хүчтэй тамхи гэж бодсоноос сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис гэж мэдээгүй” гэж мэдүүлэг өгсөнөөр нотлогддог. Д.Б нь гэр бүлтэй, эхнэр, 1 настай охины хамт амьдардаг. Эхнэр нь жирэмсэн байгаа болно. Тэрээр хийсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Д.Б-д оноосон хорих ялыг тэнсэн, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өөрчилж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Б нь хэргийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хувийн байдлыг нь харгалзан үзэх ёстой. Урьд нь санаатай гэмт хэрэгт холбогдоод тэнссэн хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой. Тэнсэж байгаа нь уг зорилгод нийцэхгүй байна. Иймд хорих ял оногдуулах нь зүйтэй. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж заасан. Ял оногдуулна гэдэг маань хорих ял оногдуулах ойлголт байгаа. Тэнсэх нь ял биш учраас заавал хорих ял оногдуулах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Д.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1601.2 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар өөрийн оршин суудаг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 7-31-8 тоотод 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-9/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-13/, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-14-16/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9999 дугаартай дүгнэлт /хх-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9990 дугаартай дүгнэлт /хх-27-30/, шинжээч Д.Золзаяагийн мэдүүлэг /хх-36-38/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

          Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан тайлбар, мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Д.Б-ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

            Шүүгдэгч Д.Б-ын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ундрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч А.Ундрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                                        Д.ОЮУНЧУЛУУН

 

                         ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ