Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 10

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Б , Х.У , Т.Д  нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн Төрийн аудитын газарт холбогдох

Төрийн аудитын газрын 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий 158/2020/0009/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Б, Х.У, Т.Д , хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Миний бие 2007 оноос хойш өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа. Ажиллах хугацаанд ямар ч нэмэгдэл, урамшуулал авч байгаагүй. 2019 онд удаан жилийн нэмэгдэлийг байгууллагын дотоод журамд тусгасны дагуу авсан. Эргүүлж төлөх үндэслэлгүй. Тийм учраас аудитын газрын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгч Х.У шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Би өрхийн эрүүл мэндийн төвд 2002 оноос хойш ажиллаж байна. Манай эрүүл мэндийн төв нь нөхөрлөл хэлбэрээр ажилладаг ба төрөөс санхүүждэг байгууллага. 2017 онд нөхөрлөлийн гишүүнээр бүртгэгдэж орсон. Биднийг хувийн хэвшлийн ажилчид гэж үзээд төрөөс төрийн албан хаагч нарт үзүүлдэг тусламж, дэмжлэгээс хасдаг. Төрийн албан хаагчийн нэг хүүхдийн төлбөрийг төр хариуцдаг, буцалтгүй тусламжаар төрийн албан хаагчдад олгосон мөнгөн тусламж зэрэг төрийн албан хаагчдад үзүүлдэг тусламжаас огт хүртэж байгаагүй. Бусад ижил түвшний эмнэлгийн байгууллагын ажилчдын цалингийн сүлжээнээс бага цалингаар цалинжиж ажилдаг. Миний бие илүү цагаар, хийх ёстой ажлаа хийгээл явж байдаг. Нэг ч удаа төрөөс үзүүлсэн тусламж, дэмжлэгт хамрагдаж байгаагүй. Олон жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүмүүст удаан жилийн нэмэгдэл олгохоор хурлаар хэлэлцээд, байгууллагын дотоод журамдаа тусгаад нэмэгдэл цалин авсан байгаа. Актыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад төрөөс үзүүлж байгаа тусламж, дэмжлэгт төрийн албан хаагч биш гэж хасчихаад удаан жилийн нэмэгдэл олгох тогтоолыг төрийн үйлчилгээний албан хаагчид үйлчлэх хугацаа нь болоогүй гэж төлбөр тавьж байгаа юм бэ. Төлбөр тавьж байгаа талаараа бидэнд мэдэгдээгүй, хэрвээ энэ талаар мэдэгдсэн бол очиж танилцаад, учир байдлаа хэлэх байсан. Гэтэл надаар төлбөр төлүүлэх шийдвэр гаргаж байж надад танилцуулж, хэлээгүй, өөр хүмүүс миний өмнөөс зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Үүнд гомдолтой гэв.

Нэхэмжлэгч Т.Д  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Манай Ц  өрхийн эрүүл мэндийн төв нь гэрээгээр ажил гүйцэтгэдэг хувийн хэвшлийн байгууллага. Бид нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцээд шийдвэрлэсний дагуу нэмэгдэл цалин авсан. Аудитын газраас төрийн үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл олгох тухай зохицуулсан тогтоолыг зөрчсөн гэж акт тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй. Төрөөс үзүүлдэг төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллаас бид хувийн хэвшилд ажилладаг үндэслэлээр хасагддаг. Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэмд цалин, нэмэгдэл хөлсийг олгож болохоор заасан байдаг. Бид үүний дагуу нөхөрлөлийн гишүүдийн хурлаар 2019 оны төсөв, цалингийн сангаа харж байгаад олон жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүмүүсдээ удаан жил ажилласны нэмэгдэл олгох нь зүйтэй байна. Үүнийгээ байгууллагын дотоод журамдаа нарийвчлан оруулах нь зөв юм байна гэж хэлэлцээд шийдвэрлэсэн. Манайх 1, 2, 6 дугаар багийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Зарим үед хүн хүч хүрэлцэхгүй хавсарч хийх, илүү цагаар ажиллах тохиолдлууд их гардаг. Хурлын тэмдэглэлийн хувьд дугаарыг солиод тавьцан байж магадгүй. Үндсэндээ манайд бичиг хэргийн ажилтан гэж хүн байхгүй. Эмч, сувилагч нар өөрсдөө үндсэн ажлынхаа хажуугаар бичиг цаасны ажлаа амжуулдаг. Даргын тушаал 2019 оны 1 дүгээр сарын 15-даас хойш л гарсан байх ёстой. Хурлаараа хэлэлцэж шийдвэрлэчээд тушаал гаргасан. Тухайн үед би он, сар, өдрийг анзаараагүй гарын үсэг зурсан байх. Энэ буруугаа бол хүлээнэ. Харин төрийн албан хаагч нарт үйлчлэх ёстой тогтоолыг барьж акт тавьсан нь буруу учир актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Булган аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Д.А аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц  өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 1 дүгээр сарын 04-ны өдрийн 01 тоот Орон тоо, бүтэц, цалин баталсан тушаал нь хууль, эрх зүйн үндэслэлгүй, дараа нь нөхөн гаргасан байж болзошгүй тогтоол байгаа. Мөн аймгийн Эрүүл мэндийн газарт аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс ирүүлсэн 2019 оны төсвийн төслийн баримтын цалингийн зардалд удаан жилийн нэмэгдэл гэж тусгаж өгөөгүй. Ц  өрхийн эрүүл мэндийн төв нь байгууллагын дотоод журамд өөрчлөлт оруулж, удаан жилийн нэмэгдэлийг олгосон гэх боловч дотоод журмыг нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, өөрчлөлт хийсэн гэдэг нь нотлогдоогүй, аудит хийх явцад холбогдох баримт, материалаа авчирч өгөөгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Сүүлд ирүүлсэн хурлын тэмдэглэл он, сар, өдөр зөрүүтэй, хуурамч байх магадлалтай байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 тоот тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм-ийн 6 дугаар зүйлийн 6.2.6, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн гэж үзэж акт тавьсан. Аудитын газар нь төсвийн хөрөнгийг төлөвлөх, хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих нь төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх гэж үзэж байна. Иймд дээрх хууль, журмыг зөрчсөн зөрчил, өөрсдийн гаргаж байгаа тайлбар, нотлох баримтууд зэргээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй. Ц  өрхийн эрүүл мэндийн төв нь нөхөрлөлийн хуулиар үйл ажиллагаа явуулдаг ч үйл ажиллагааны санхүүжилт нь 100 хувь төсвийн хөрөнгөөр хийгддэг тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төсвийн тухай хуулиудад захирагдаж, батлагдсан төсөв зарцуулах ёстой. Иймд удаан жилийн нэмэгдэл олгох эрх зүйн үндэслэл байхгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ц  өрхийн эрүүл мэндийн төв нь 2020 онд 2019 оны төсвийн зарцуулалтын санхүүгийн баталгаажуулах аудитаар орсон. Батлагдсан төсвөөс хэтрүүлэн нэмэгдэл авсан байгаа. Анх төсвийн хуваарь гаргах үед удаан жилийн нэмэгдэл авах тухай огт заагаагүй байсан хирнээ нэмэгдэл авсан нь буруу гэж төлбөр тавигдсан. Төсөвтөө энэ талаар заагаад оруулсан бол авч болно. Шалгалт хийх явцад байгууллагын дотоод журмаа авчирч үзүүлээгүй. Дараа нь ирсэн хурлын тэмдэглэлээс харахад нөхөрлөлийн гишүүд 100 хувь оролцсон гэсэн нь нотлогддоггүй. Нэмэгдэл олгох асуудал нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар дэмжигдээгүй. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 6.2.8-д тухайн өрхийн эмчийн сонгон бүртгүүлсэн хүн амын тоо, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнгээс хамааруулан ажилтнуудын цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдэл олгох гэснийг зөрчиж нэмэгдэл авсан гэж үзсэн. Тухайн Өрхийн эрүүл мэндийн төв нь гурван талт гэрээг хангалтгүй үнэлгээтэй дүгнүүлсэн байгаа. Төсвийн тухай хуулийн 3-1-д төсвийн хөрөнгийг зарцуулах талаар тусгасныг зөрчсөн. Өрхийн эрүүл мэндийн төв нь улсын тусгай шилжүүлэгт байгууллага. Санхүүжилт нь төрөөс ордог. Үйл ажиллагааны санхүүжилт нь төрөөс 100 хувь ордог учир зарцуулалт нь холбогдох хуулийн дагуу явагдах ёстой. Нэмэгдэл олгох даргын тушаал, тэмдэглэл зэрэг нь маш их зөрүүтэй байдаг. Нэхэмжлэлийн хангах үндэслэлгүй. Төсөвт тусгагдаагүй байхад нэмэлт хөлс авсан нь буруу гэв.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ц  өрхийн эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Б.Т  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 1 дүгээр сарын дундуур нөхөрлөлийн гишүүдийн хурал болж, миний бие 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны батлагдсан төсвийн талаар танилцуулга хийж хуралд оролцсон. Тухайн үед хуралдаанд Т.Д  эмч, сувилагч Х.У  нар байсан. Нөхөрлөлийн гишүүн бус хүмүүс хуралд суугаагүй байх. Ямар ч байсан хурал болох нь болсон. Хурлын шийдвэр, даргын тушаал гарсан гээд би нэмэгдэл цалинг бодож олгосон байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

А.Б , Х.У , Т.Д  нараас Булган аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан Төрийн аудитын газрын 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Өрхийн эрүүл мэндийн төв нь нөхөрлөл хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллага тул нэмэгдэл цалин, хөлс авах асуудлыг нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцэж, байгууллагын дотоод журамд тусгаснаар авч болно гэж тодорхойлсон ба Хариуцагчаас Хувийн хэвшлийн нөхөрлөл хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг ч үйл ажиллагааны санхүүжилт нь төрөөс ордог тул Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд захирагдаж, төсвийг батлагдсан хуваарийн дагуу зарцуулаагүй нь буруу гэж маргажээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1д заасны дагуу Ц  өрхийн эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад хамаарах ба мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 /Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна/ -д заасанчлан нөхөрлөл хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллага байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 /Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална/ -д заасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм-ээр зохицуулах ба дүрмийн 1.1-д Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх чиг үүрэг бүхий, сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага мөн гэж тодорхойлжээ.

Дээрх Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм-ийн 3.1-т Төвийн санхүүжилт нь улсын болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийн санхүүжилт, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ гэж заасан ба төсвөөс санхүүжиж, гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг тул төрийн аудитын байгууллагаас Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд санхүүгийн баримтад аудит хийжээ. Ингэхдээ Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын бусад байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Ийнхүү гүйцэтгэсэн аудитын тайлангийн чанарыг төрийн аудитын байгууллага баталгаажуулна... гэж заасны дагуу гэрээт аудитороор аудит хийлгэсэн байна.

Булган аймаг дахь Төрийн аудитын газар нь Монгол улсын Ерөнхий аудиторын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/60 тоот тушаалаар батлагдсан Санхүүгийн тайлангийн аудит хийх хэлбэр, төлөвлөгөө-ний дагуу Ц өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны санхүүгийн баримтад аудит хийж, гарсан алдаа зөрчлийн талаар бүртгэл хөтлөн Эрүүл мэндийн газар, Ц  өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, нягтлан бодогч нарт танилцуулжээ. Уг бүртгэлээр өрхийн эрүүл мэндийн төвд гарсан зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөн, Төлбөр барагдуулах тухай 103 дугаартай акт-ыг танилцуулж дээрх эрх бүхий албан тушаалтнууд зөвшөөрч гарын үсэг зуржээ. Дээрх баримтуудаас харахад хууль болон дүрэм зөрчиж илүү цалин авсан гэх хүмүүс буюу нэхэмжлэгч нарт маргаан бүхий актын талаар мэдэгдээгүй, танилцуулаагүй нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нараас Төрийн аудитын газраас гаргасан Төлбөр барагдуулах тухай актыг маргаан бүхий акт гэж үзэж, хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасанчлан Төрийн аудитын газраас гаргасан дээрх акт нь захиргааны актын шинжийг агуулсан маргаан бүхий акт байна.

Маргаан бүхий Төрийн аудитын газрын 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаартай Төлбөр барагдуулах тухай актад Т.Д д 480915 /дөрвөн зуун наян мянга есөн зуун арван таван/ төгрөг, Х.У д 681794 /зургаан зуун наян нэгэн мянга долоон зуун ерэн дөрвөн/ төгрөг, А.Б т 649651 /зургаан зуун дөчин есөн мянга зургаан зуун тавин нэгэн/ төгрөгийг тус тус олгосон нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан удаан жилийн нэмэгдэл олгох журам, Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийг тус тус зөрчсөн тул нийт 1812360 /нэг сая найман зуун арван хоёр мянга гурван зуун жаран/ төгрөгийг төлүүлж, орон нутгийн төрийн сангийн дансанд төвлөрүүлэх гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн Гуравдугаар бүлэгт Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хуульчилсан бөгөөд хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэсэн нь захиргааны байгууллагаас гаргаж буй шийдвэр буюу захиргааны актын агуулга тодорхой, ойлгомжтой байхыг хуулиар шаарджээ.

Маргаан бүхий Төрийн аудитын газрын Төлбөр барагдуулах тухай 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн акт нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Үүнд:

Нэгдүгээрт. Монгол улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ыг баталсан байх ба энэхүү журам нь төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан тушаалтанд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох асуудлыг зохицуулсан журам байтал нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг, төрөөс хэрэгжүүлэх нийт хүн амын эрүүл мэндтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хувийн хэвшилд ажиллаж байгаа албан хаагч нарт хамааруулж, уг журмыг зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй,

Хоёрдугаарт. Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн боловч тухайн дүрмийн ямар заалтыг, хэрхэн яаж зөрчсөн нь тодорхойгүй,

Гуравдугаарт. Хариуцагчаас нэхэмжлэгч нарыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төсвийн тухай хуулиудыг зөрчсөн гэж буруутгаж байгаа боловч энэ талаар маргаан бүхий актад дурьдаагүй, дээрх хуулиудыг ямар байдлаар хэрхэн зөрчсөн талаар огт тусгаагүй нь Төлбөр барагдуулах тухай акт нь агуулгын хувьд ойлгомжгүй, ямар зөрчил гаргасны улмаас төлбөр тавигдаж байгааг шууд ойлгох боломжгүй захиргааны шийдвэр гэж үзэхээр байна.

Монгол улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/124 дугаар тушаалаар Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам ыг батласан ба уг журамд төрийн аудитын байгууллагаас аудит хийхэд баримтлах журмыг нарийвчлан тусгасан байна. Үүнд: 29.2-т Аудитын баг санхүүгийн тайлангийн аудитын үе шатны ажлын гүйцэтгэл, үр дүнг аудитын ажлын баримт, хуулийн хүчин төгөлдөр нотлох зүйлсээр баримтжуулна. Энэхүү шаардлагыг биелүүлэхэд дараах нөхцөлийг харгалзан үзнэ гээд 29.2.1.Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйл болон захиргааны шийдвэр гаргах, нотлох баримт цуглуулахтай холбоотой бусад зүйл заалтыг баримтлах; гэжээ. Дээрх журамд заасан ажиллагааг Булган аймаг дахь Төрийн аудитын байгууллагаас гүйцэд хийгээгүй, өөрөөр хэлбэл Ц  өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны санхүүгийн баримт, бусад материалд аудит хийх явцдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох болон 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах ажиллагааг хийсэн нь нотлогдохгүй байна.

Хариуцагчаас Ц  өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 1 дүгээр сарын 15, 16-ны өдөр хуралдсан хуралдааны тэмдэглэлийн дугаар, он, сар, өдөр зөрүүтэй, хуралдаанд оролцсон гэх гишүүд оролцоогүй, нэмэгдэл олгох эсэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцээгүй, төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 01 дугаартай тушаал хуурамчаар нөхөгдөж хийгдсэн, байгууллагын дотоод журамд тусгагдаагүй гэж маргаж байгаа боловч төвийн хуралдааны тэмдэглэлд нөхөрлөлийн зарим гишүүд онлайнаар оролцсон гэж тусгасан, уг хуралдаанд гэрч нягтлан бодогч Б.Т  оролцож, 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийг танилцуулсан гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлсэн зэргээс харахад 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл-ийг хуурамчаар үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Ц  өрхийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.9-д Ажилтныг удаан жил, тогтвор сууршилтай ажиллуулах зорилгоор Удаан жил ажилласны цалингийн нэмэгдэл-ийг ажилтны сарын үндсэн цалингаас дор дурьдсан хувиар тооцож олгоно. гэж тусгагдсан байх ба энэхүү дотоод журам нь 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хамт олны хурлаар хэлэлцэж, батлагдсан байна. Харин төвийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай Орон тоо, цалин батлах тухай тушаал-ын үндэслэл хэсэгт Монгол улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоол гэсэн нь ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхээр байгаа боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Д  тухайн тушаалын он, сар, өдрийг буруу тавьж гарын үсэг зурсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.

Дээрх нөхцөл байдлуудаас харахад хариуцагч нь Ц  өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл үнэн зөв эсэхэд эргэлзээ төрсөн бол хуралд онлайнаар оролцсон гэх Ц.А, Л.Ц  нараас тодруулах, нэхэмжлэгч Т.Д , Х.У  нараас тайлбар авах зэрэг ажиллагааг хийх боломжтой байжээ. Хариуцагчаас Ц.А гэх хүнтэй холбогдсон, хуралд оролцоогүй гэсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй байна.

Төрийн аудитын гэрээт аудитор нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д Тухайн шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг аудит хийх явцдаа зөрчсөн, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шаардлагатай нотлох баримтыг цуглуулалгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Маргаан бүхий Төлбөр барагдуулах тухай актыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Ц  өрхийн эрүүл мэндийн төвийн дарга болон нягтлан бодогч нарт танилцуулж, тэдгээр хүмүүс цааш нь мэдэгдэх үүрэгтэй гэж хариуцагчаас тайлбарлаж байгаа боловч аудит хийж байх явцад илэрсэн зөрчил гарах болсон үндсэн шалтгаан нөхцлийг тодруулахад нэмэгдэл цалин олгох тухай тушаал, шийдвэрийг гаргасан гэх хүмүүсийг гэрчээр оролцуулан, бодит нөхцөл байдлыг тогтоох, тэднээс тайлбар тодруулга авах боломжтой байхад энэ ажиллагааг хийгээгүй байна.

Ц  өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Д  нь 2019 оны 1 дүгээр сард удаан жил ажилласан хугацааны нэмэгдэл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх хуралдаанд оролцоогүй, уг нэмэгдлийг бодож олгох үндэслэл болсон даргын тушаал гарах үед нөхөрлөлийн гишүүн бус байжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэсэн байх ба Булган аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаартай Төлбөр барагдуулах тухай акт нь хууль, журмын дагуу шаардлагатай ажиллагааг хийгээгүй, актын үндэслэл тодорхойгүй, үнийн дүнгийн бичиглэл зөрүүтэй /18123360 гэж бичсэн/ зэрэг зөрчилтэй байх тул хууль бус акт гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 24 дүгээр зүйлийн 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б , Х.У , Т.Д  нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгосугай.

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.Б ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Б т олгосугай.

3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч нар болон хариуцагч 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ