Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 121/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0024 |
Огноо | 2014-01-03 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2014/0024
2014 оны 01 сарын 03 өдөр Дугаар 24 Улаанбаатар хот
Г.У-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Г.У, хариуцагчийн өмгөөлөгч П.А нарыг оролцуулан хийж, Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.У-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засаг даргын ажлаас үндэслэлгүй халсан захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч намайг бага насны хүүхэдтэй байхад ажлаас халсан, энэ нь буруу гэж бичсэн байсан. Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдсан гэж байгаа бол ийм зүйл бол байгаагүй. Өөрөөр хэлбэл, Г.У-ийн ажлаас чөлөөлөгдсөн нь Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хуулиар зохицуулагдана. Төрийн албаны тухай хуулийн нийтлэг зохицуулалт байдаг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл байна. Боловсролын тухай хууль бол нарийвчилсан зохицуулалттай хууль юм. Г.У-г ажлаас чөлөөлсөн гол үндэслэл нь тухайн хүний мэргэжил боловсрол, ажил хариуцах чадвар нь Төрийн албаны хуульд заасан шаардлагуудыг хангахгүй байна.
Г.У нь захирлаар ажилласан хугацаандаа ёс зүйн зөрчил удаа дараа гаргаж мэргэжил, ур чадварын хувьд эрхэлсэн албан тушаалдаа тэнцэхгүй байгаа талаар Тарагт сумын дунд сургуулийн багш, ажилчид, иргэдээс шинэчлэлийн Засгийн газрын 11-11, Аймгийн мэдээлэл-шуурхай удирдлагын төвийн 7032-1111 утсанд удаа дараа гомдол ирсэн. Эрх бүхий байгууллагад ирж буй гомдол үндэслэлтэй эсэхийг газар дээр нь шалгасан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол соёлын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, арга зүйн зөвлөн туслах ажлын хэсэг тус суманд 2013 оны 3 дугаар сарын 25-аас 26-ны өдрүүдэд ажилласан. Энэхүү хяналт- шинжилгээ, үнэлгээгээр тус сургуулийн үйл ажиллагаа нь тооны үзүүлэлт, чанарын үзүүлэлт, стандартын хэрэгжилт гэсэн 3 бүлэг, 12 багц, 44 шалгуураар үнэлж дүгнэхэд Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа 53.8 хувийн гүйцэтгэлтэй "хангалтгүй" түвшинд, захирлын үйл ажиллагаа 51.6 хувьтай, сургалтын менежерийн үйл ажиллагаа 56.1 хувьтай, үндсэн хичээлүүдийн стандартын хангалт 60-аас доош хувьтай, сургалтын нэгдсэн стандарт 52.3 хувьтай гарсан нь Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байдаг. Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн нэгдсэн дүнгээс үзвэл захирал Г.У нь хийвэл зохих ажлынхаа 46.2-47.3 хувийг хийж гүйцэтгээгүйгээс сургууль хэвийн ажиллах боломжгүй болж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан байна. Захирал Г.У сахилгын ноцтой зөрчил гаргаснаас шалтгаалж, Тарагт сумын Ерөнхий боловсролын сургууль, багш ажилтнуудын нэр хүнд унаж, олон арван хүүхдийн хувь заяанд хохирол учирч, сурч боловсрох эрх зөрчигдөж, цаашид амжилттай суралцах, стандартын шаардлага хангах боловсрол эзэмших боломжоо алдахад хүрсэн байна. Үүнийг иргэдээс авсан судалгааны дүн харуулж байна. Энэ бол Г.У-г ажлаас халах үндсэн шалтгаан болсон.
Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал асан Г.У нь хөдөлмөрийн сахилгын дээр дурдсан ноцтой зөрчил гаргасан төдийгүй түүнийгээ засах, мэргэжил, ур чадвар дутагдаж, захирлын албан тушаалыг стандартын шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгэх боломжгүй байгааг Аймгийн Боловсрол соёлын газар шалган тогтоож, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 6/94 тоот албан бичгээр Аймгийн засаг даргад түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх санал гаргасан байна. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасанчлан бүрэн эрхийнхээ дагуу Аймгийн засаг дарга Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.У-д 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Захирал Г.У нь мэдэгдэл хүлээж аваад ямар нэгэн тайлбар хийгээгүй тул хүлээн зөвшөөрч байна гэж үзэж, Аймгийн засаг дарга 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/16 тоот захирамж гаргаж, Г.У-г ажлаас чөлөөлсөн болно. Г.У-д 2011 онд сумын Засаг даргын 98 тоот захирамжаар ёс зүйн болон Хөдөлмөрийн хууль зөрчсөн гэж сануулах сахилгын арга хэмжээ авч байсан.
Мөн 2012 онд удаа дараа ажилдаа хариуцлагатай ажиллах талаар сумын удирдлагаас сануулж, хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллаж байсан боловч дутагдалдаа дүгнэлт хийгээгүйгээр үл барам, ажлын хариуцлага сахилга алдаж, сахилгын ноцтой зөрчил гаргасан нь холбогдох баримтуудаар батлагдаж байна. Г.У-г зөвхөн нэг удаагийн сахилгын зөрчил гаргасны төлөө ажлаас халаагүй.
Аймгийн Боловсрол, соёлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд нь 2011-2013 онд Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа, сургалтын стандартад нийт 4 удаа хяналт, шинжилгээ-үнэлгээг хийхэд захирал Г.У нь үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж, багш, ажилчдын хооронд зөв уур амьсгал бүрдүүлээгүй, ажилчдын ур чадварыг дээшлүүлэхийн оронд хална, солино гэж боловсон хүчний бодлогыг буруу барьснаас сахилгын ноцтой зөрчил гаргаж байсан нь тогтоогдож, өнгөрсөн жилүүдэд хүний нөөцийн менежментийн бодлого, сургалтын стандарт, шинийг санаачлах, бүтээлч хандлага зэрэг асуудалд ямар ч ахиц дэвшил гаргаагүй нь дүгнэлтээр нотлогдож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Боловсрол, соёлын газраас ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Г.У нь Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа нэр бүхий багш, ажилчдыг халж, сахилгын арга хэмжээг удаа дараа авч байсан нь хууль зөрчиж, тухайн багш, ажилчдын асуудлыг мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж, олон нийтэд ил тодоор шийдвэрлүүлэхийн оронд хувийн ашиг сонирхлоор сольж чөлөөлөх асуудалд илүү анхаарч байсан нь багш ажилчид, эцэг эх, сурагчдын хардлага дургүйцлийг илтэд төрүүлж, улмаар байгууллагын хамтын ажиллагаа алдагдаж, сургалтын орчин, стандартын хэрэгжилт үр дүнгүй үнэлэгдэж байсныг удирдлагын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж байгаа юм. Тарагт сумын сургуулийн хамт олон болон, жирийн иргэдийн санал бодлыг хүндэтгэж хүлээж авахгүй байх эрх, аль ч албан тушаалтанд байхгүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би энэ сургуульд 1974 оноос 2 сар багш, 9 жил хичээлийн эрхлэгч, 20 жил захирлаар нийт 29 жил 2 сар 15 хоног ажиллаж байгаад ажил амьдралын шаардлагаар Өвөрхангай аймгийн музейн захирлаар томилогдон 10 жил ажиллаж байгаад эргэж тус сургуульд Аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/16 тоот захирамжаар томилогдон очоод өнөөдрийг хүртэл 04 сар ажиллаж байна. Би энэ сургуульд өөрөө очиж ажиллах өргөдөл, чирэгдэл, санал хүсэлт гаргаагүй.
Аймгийн Засаг дарга Д.Т энэ сургуулийн ажил байдлын талаар надад тодорхой ярьж дараагийн сургуулийн захирлыг албан ёсоор сонгон шалгаруулалтаар шалгаруулж, томилох хүртэл захирлаар ажиллах санал тавьсныг нэлээд бодож зөвшөөрсөн юм. Тарагтын сургууль цагтаа ажил үйлсээрээ аймаг, улсад нэртэй сургууль шиг сургууль байсныг өргөн түмэн мэднэ. Энэ нь миний сайных биш эвсэг, бүтээлч, хөдөлмөрч хамт олны маань сэтгэл зүтгэл, хөдөлмөр түмний нялх үрийн буян заяа гэж одоог хүртэл сүслэн бодож залбирч явдаг юм.
Харин иргэн Г.У нэхэмжлэлдээ Б.Б нь миний шавь нар захиргааны хэргийн шүүхээр нэг байна гээд намайг сүрдүүлж, надад гайхуулсан алин болохыг би мэдэхгүй ч бас нөгөө талд шударга бус шийдвэр гарахад нөлөөлөх вий гэж бодож байна” гэж улаан цайм гүжирдсэн байна. Аймгийн захиргааны хэргийн шүүх битгий хэл аймгийн шүүх, цагдаа хуулийн байгууллагад миний шавь болох нэг ч хүн байхгүйг албан ёсоор баталгаатай мэдэгдэж байна. Г.У-ийн буянаар ажлаас халагдсан 11 хүний хэргээр сүүлийн 4 сарын турш шүүхийн хаалга татаж нэр мэдэхгүй зүс үзсэн олон шинэ танилуудтай болж байна. Иймд Г.У-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/16 дугаартай "Ажлаас чөлөөлж, томилох тухай" захирамжийг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар Г.У-г эргүүлэн томилохыг Өвөрхангай аймгийн Засаг даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.У-ийн 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 4 сар 24 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 3.238.028 /гурван сая хоёр зуун гучин найман мянга хорин найман/ төгрөгийг Өвөрхангай аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хариуцагч Д.Т би эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Аймгийн захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгч Г.У-ийн нэхэмжлэлийг хянан хэлэлцэхдээ зөвхөн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтгүйгээр, хэргийг хянан шалгах үүргээ биелүүлэлгүйгээр, хариуцагч талын гаргаж өгсөн баримтыг хуулийн үндэслэлгүйгээр үгүйсгэж, илэрхий нэг талд үйлчилсэн, хууль ёсны үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж хариуцагч тал үзэж байна.
1-рт, "Боловсролын тухай /бодвол хуулийн гэж байгаа байх/ 30 дугаар зүйлийн 30.1.15-т "Аймаг, Нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг Нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх" гэж заасан байна" гэж захиргааны хэргийн шүүх шийдвэртээ тэмдэглэсэн атлаа, ... Г.У-г Өвөрхангай аймгийн Боловсрол соёлын газраас ажлаас чөлөөлөх саналыг аймгийн Засаг даргад өргөн бариагүй байна" гэсэн нь, шүүх хууль бус тайлбар хийж байна. Аймгийн Засаг даргад, аймгийн Боловсрол соёлын газар 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 6/94 тоот албан бичгээр өргөн мэдүүлэхдээ, хяналт шинжилгээ үнэлгээгээр Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, стандартын хэрэгжилт 52.3 хувь, сургуулийн ерөнхий үйл ажиллагаа 53.8 хувийн гүйцэтгэлтэй “ХАНГАЛТГҮЙ" түвшинд дүгнэгдлээ. ... Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Ундармаа нь хяналт шинжилгээ үнэлгээгээр "ХАНГАЛТГҮЙ" дүнтэй үнэлэгдсэн тул Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байранд тэнцэхгүй байна гэж дүгнэж байна" гэжээ.
Шүүх энэ албан бичгийн агуулгыг ойлгохгүй ийм дүгнэлт хийсэн гэж хариуцагч үзэхгүй байна. Харин бодит байдлыг нэхэмжлэгч талд ашигтай шийдвэрлэхийн тулд Аймгийн Боловсрол, соёлын газрын 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 6/94 тоот албан бичгийн агуулгыг зориуд буруу тайлбарласан гэж үзэж байна. Засаг дарга захирамжаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг үндэслэх үүрэгтэй гэж шүүх тэмдэглэжээ. Шүүхийн шийдвэр ч гэсэн нэгэн адил хүчин төгөлдөр хууль тогтоомжид үндэслэх ёстой гэж хариуцагч тал үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.
2-рт Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2012 оны үр дүнгийн гэрээг сумын Засаг дарга дүгнэх хуулийн зохицуулалт үйлчилж байх ба хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2012 оны үр дүнгийн гэрээг Тарагт сумын Засаг дарга Х.Д "В" буюу "САЙН" гэж, 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дүгнэсэн болох нь нотлогдож байна" гэж шүүх дүгнэжээ. Шүүх ийм дүгнэлт хийхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримттай харьцуулж дүгнээгүй байна. Тарагт сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй байгааг 2013 оны 3 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүгнэлтээр сургуулийн үйл ажиллагаа 53.8 хувийн гүйцэтгэлтэй "ХАНГАЛТГҮЙ" үнэлэгдсэн баримт нотолж байна. Тэгээд ч Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар Г.У-г томилсон сумын Засаг даргын томилгоо 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр хүчингүй болсон. Боловсролын тухай хуулийн шинэ зохицуулалтын дагуу Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь аймгийн Засаг даргатай "үр дүнгийн гэрээ" байгуулах ёстой. Аймгийн Засаг дарга, Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал хоёрын хооронд "үр дүнгийн гэрээ" байгуулагдаагүй учир, Г.У нь Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгааг шүүх юу гэж үнэлж байгаа нь ойлгомжгүй төдийгүй хууль зөрчсөн шийдвэр гаргах үндэслэл болсон гэж үзэж хариуцагч давж заалдах гомдол гаргасан болно.
3-рт, нэхэмжлэгч Г.У нь бага насны хүүхэдтэй ч, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалт нь түүнийг ажлаас чөлөөлсөн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох хуулийн үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.У нь хөдөлмөрийн сахилгын "ноцтой зөрчил" гарсан учир ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч Г.У хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь үүрэгт ажлынхаа 43.9- 48.4 хувийг хийгээгүй нь холбогдох байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна. Мөн Г.У нь 2012 онд 71 тушаал гаргасны 48 нь, 2013 онд 61 тушаал гаргасны 36 нь багшлах боловсон хүчнийг ажлаас халах, сахилгын арга хэмжээ авах тухай тушаал байсан төдийгүй, 12 багшийг ажлаас үндэслэлгүй халсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учир ажилдаа эргэж орсон нь Тарагт сумын сургуулийн бүхий л үйл ажиллагаа доголдсоноос, сургалтын стандартын биелэлт 60.0 доош хувьтай болтлоо буурсан нь Г.У-ийн гэм буруугаас шалтгаалсан болохыг 2013 оны 3 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн шалгалтын дүн болон аймгийн шуурхай удирдлагын төвийн 70321111 тоот утсанд ирсэн, Тарагт сумын иргэдийн удаа дараагийн гомдол нотолж байна. Нэхэмжлэгч Г.У-ийн сахилгын ноцтой зөрчлөөс шалтгаалж Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн бүхий л үйл ажиллагаа доголдсоноос сургууль, багш нарын нэр хүнд унаж, хүүхдийн чанартай боловсрол эзэмших эрх зөрчигдөж, багш ажилчдын ажлын чанар, сурагчдын сургалт, хүмүүжлийн ажилд сөрөг үр дагавар бий болсон тул Г.У-г аймгийн Боловсрол соёлын газрын 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 6/94 албан бичгээр, аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн саналын дагуу, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг баримтлан, Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн тул хууль зөрчсөн үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.У нь Өвөрхангай аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг "... Би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, Засаг дарга Д.Т надтай үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний аль нэгийг байгуулаагүй, ажилд томилсон захирамж гаргаагүй, гэтэл намайг ажлаас халчхаад огт мэдэгдээгүй, би ажлаас халагдах үед 5 сартай, нялх хүүхэдтэй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчиж ажлаас халсан, миний оронд томилогдсон Б.Б гэгчийг сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилсон” гэж тодорхойлон маргасан байна. Өвөрхангай аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, Тарагт сумын иргэдийн ирүүлсэн санал асуулгын дүнг үндэслэн Г.У-г Тарагт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, тус сургуулийн захирлаар Б.Б-ыг томилж шийдвэрлэжээ.
Хариуцагч нь шүүхэд “Г.У нь хийвэл зохих ажлынхаа 46.2-47.3 хувийг хийж гүйцэтгээгүйгээс сургууль хэвийн ажиллах боломжгүй болж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан. Үүнийг иргэдээс авсан судалгааны дүн харуулах ба энэ нь Г.У-г ажлаас халах үндсэн шалтгаан болсон” гэсэн тайлбар гаргадаг боловч Г.У-ийн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ.
Хэрэгт авагдсан, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон бичгийн бусад нотлох баримтуудаар, нэхэмжлэгч Г.Унь аймгийн Тарагт сумын Засаг даргын 2011 оны 86 дугаар захирамжаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон, тус сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн тухай илтгэх хуудас”-т “Г.У-ийн үр дүнгийн гэрээг “В” буюу “сайн” биелүүлсэн” гэж дүгнэсэн зэрэг нь тогтоогджээ.
Гэтэл аймгийн Засаг дарга нь Г.У-тай хөдөлмөрлөх эрхийн гэрээ байгуулаагүй, мэргэжлийн удирдлагаар хангаж, түүний ажил үүргийг дүгнэж, хяналт тавих чиг үүрэг байхгүй атлаа түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь ойлгомжгүйн гадна, Боловсрол, соёлын газрын 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Хяналт шинжилгээ үнэлгээний дүнгийн тухай” 6/94 тоот албан бичиг, “Сургалтын чанар, стандартыг нэмэгдүүлэхэд эцэг эхийн оролцоо” хэлэлцүүлэг явуулсан санал хүсэлтийн дүн зэрэг баримтуудыг үндэслэн Г.У-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд дээрх баримтууд нь нэхэмжлэгчийг “ноцтой зөрчил гаргасан” гэдгийг нотлох баримт болохгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар Г.У-г ажлаас чөлөөлөгдөх үед түүний хүү У.Х нь 5 сар 10 хоногтой байсан нь нотлогдож байх тул аймгийн Засаг дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчиж, Г.У /гурав хүртэлх насны хүүхэдтэй эх/-г ажлаас чөлөөлсөн нь тогтоогджээ.
Дээрх үндэслэлүүдээр Өвөрхангай аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/16 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамж хуульд нийцэхгүй байх тул тус захирамжийг хүчингүй болгож, Г.У-г Өвөрхангай аймгийн Тарагт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохыг даалгаж, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 3238028 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэстэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй