Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2017/00036

 

Т сангийн

нэхэмжлэлтэй, ДГ ХХК-д

холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч  М.Н, хариуцагчийн төлөөлөгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 24-ний өдрийн 138/ШШ2017/00846 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор Т сангийн нэхэмжлэлтэй, ДГ ХХК-д холбогдох Хадгалалтын гэрээний үүрэгт 1275,5 тонн улаан буудайг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хадгалалтын гэрээний үүрэг болон хохиролд 350 204 056 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 09 сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т сангаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус байгуулллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х яамны харьяа Т сан нь ДГ ХХК-тай 2013 оны 10 сарын 28-ны өдөр хүнсний улаан буудай хадгалуулах тухай АҮ/2013/12 тоот гэрээ байгуулж, 1275.5 тонн хүнсний улаан буудайг хадгалуулсан. Энэхүү гэрээгээр буудайг нэг тонныг хоногийн 10 төгрөгөөр бодож 2014 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл хадгалуулахаар, мөн талуудын эрх үүрэг, хадгалалтын нөхцөл, хариуцлага зэргийг харилцан тохиролцсон. Хадгалалтын гэрээний хугацаа дуусч тус сангийн зүгээс хадгалуулсан буудайгаа авах гэтэл тус компани буудайг өгөөгүй бөгөөд сангийн зөвшөөрөлгүйгээр ашигласан байсан. ДГ ХХК-ний зүгээс манай санд улаан буудайг 2013 оны ханш буюу нэг тонныг нь 320000 төгрөгөөр худалдан авъя гэсэн албан бичгийг удаа дараа явуулж байсан. Манай сан жил бүр дотоодын улаан буудайн нөөц бүрдүүлэх зорилгоор тариалан эрхлэгчдээс шинэ ургацын буудай худалдан авч хадгалуулдаг. 2013 онд хүнсний улаан буудайг нэг тонныг нь 320000 төгрөгөөр худалдан авч тус компанид 1275.5 тонныг нь хадгалуулсан. 320000 төгрөг бол тухайн үед улаан буудайг худалдан авсан үнэ болохоос буцаагаад худалдах үнэ биш юм. Тэгээд ч сангийн хувьд улаан буудайны үнийг тогтоодог газар биш, Яамны сайдын тушаалаар буудайны үнийг тогтоодог бөгөөд 2014 онд 460000 төгрөгөөр буудайны үнийг тогтоосон. Ингээд яамны сайдын тушаалын дагуу манай сан 2014 оны 10 сард буудайг нэг тонныг нь 460000 төгрөгөөр худалдаж авч болно гэдгийг ДГ ХХК-д мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу санал явуулаагүй алга болсон. Гэтэл энэ хугацаанд буюу гэрээний хугацаа дуусаагүй байхад хадгалуулсан буудайг ашигласан байсан. Тус компани болон манай сангийн хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, мөн буудайны тухайн үеийн үнэ ханшны талаар маргаагүй, харин хадгалалтын гэрээний дагуу хадгалуулсан 1275.5 тонн хүнсний улаан буудайгаа л буцааж авья гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа бөгөөд буудайны үнийг нэхэмжлээгүй. Иймд хариуцагч ДГ ХХК-иас гэрээний дагуу хадгалуулсан эд хөрөнгө болох 1275.5 тонн хүнсний улаан буудайг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ДГ ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбар болон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 сарын 28-ны өдөр Т сан болон ДГ ХХК-ийн хооронд улаан буудай хадгалалтын гэрээг байгуулсан явдал нь үнэн. Хадгалалтын гэрээнд зааснаар хадгалалтын хөлсийг нэг хоногийн 10 төгрөгөөр тооцож заасан байгаа. Манай байгууллага Т санд хадгалж байсан улаан буудайг анх Тариалан эрхлэгчдээс худалдаж авсан үнээр буюу 320000 төгрөгөөр худалдаж авах саналыг удаа дараа мэдэгдсэн боловч Т сан манай байгууллагын саналыг хүлээн авалгүйгээр худалдаж авсан улаан буудайныхаа үнийг нэмж зарах гээд байсныг нь бид хүлээн зөвшөөрөөгүй. Хадгалалтын гэрээнд зааснаар хадгалагч тал нь хадгалж байгаа улаан буудайг худалдан авах саналаа хадгалуулагч талд гаргана гэж гэрээнд заасан байгаа. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал байхгүй. Харин улаан буудайг, улаан буудай чигээр нь гаргаж өгөх ямар ч боломжгүй учраас маргаж байна. ДГ ХХК нь Т санд хандаж тухайн улаан буудайг анх хадгалуулж байхад 1 тонн улаан буудай нь үнэ болох 320.000 төгрөгөөр худалдан авах саналыг хүргүүлсэн боловч Т сан 2014 оны 10 сарын 24-ны өдөр улаан буудайны үнийг нэмсэн. Хадгалуулсан улаан буудайг ДГ ХХК нь хадгалалтын гэрээний хугацаанд ашигласан нь үнэн. Мөн 1275.5 тонн улаан буудайг биет байдлаар нь буцааж өгөх ямар ч боломжгүй. Буудайг буудайгаар нь төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан ч эцэст нь шийдвэр биелэгдэх боломжгүй болох учраас 1275.5 тонн улаан буудайг хадгалалтын гэрээ байгуулах үед 1 тонн улаан буудай ямар үнэтэй байсан тэр үнээр нь төлөх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч ДГ ХХК -иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.4.1, 422.4.2-т тус тус заасны дагуу хадгалуулагч Т сангаас хадгалалтын гэрээний хөлс болон хөрөнгө хадгалсны зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд өнөөдрийн хүртэл хугацаанд төлөлгүй манай компанийг хохироож байна. Гэрээгээр хадгалалтын хөлсийг нэг тонн улаан буудайг хоногт 10 төгрөгөөр хадгалахаар тохиролцсон бөгөөд хадгалалтын хөлс 4.311.190 төгрөг болсон боловч Т сангаас одоо болтол уг хөлсийг өгөөгүй байгаа. Мөн манай компани 1275.5 тонн улаан буудайг гэрээний хугацаанд технологийн дагуу хадгалж байсан бөгөөд хадгалалтын гэрээтэй холбогдох зайлшгүй зардалд 154.386.833 төгрөг зарцуулсан бөгөөд үүнийг хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-иар зохих журмын дагуу үнэлж үнэлгээ хийлгүүлсэн. Мөн Т сан нь хадгалалтын гэрээний маргаантай холбогдуулан манай компанид төрөөс олгож байгаа улаан буудайн 2014,2015 оны урамшуулал болох 500.642.606 төгрөгийг олголгүй хохироосон бөгөөд манай компани арилжааны банкнаас их хэмжээний зээл авч банкны хүүнд нийт 191.506.033 төгрөг төлж хохироод байна. Тус сан манай компанид улаан буудайн урамшууллыг цаг тухайд нь олгосон бол банкнаас их хэмжээний зээл авч банкны зээлийн хүү төлж хохирохгүй байх байсан учраас хохиролд тооцон нэхэмжилж байна. Иймд Т сангаас хадгалалтын хөлс 4.311.190 төгрөг, хадгалалтын зайлшгүй зардалд 154.386.833 төгрөг, банкны зээлүү хүү 191.506.033 төгрөг, нийт 350.204.056 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын үндсэн дээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Хадгалалтын гэрээг бэлэгдэлийн журмаар байгуулсан явдал байхгүй ээ. Манай байгууллага 2013 онд зүүн бүсийн 3 аймгийн 4 аж ахуйн нэгж байгууллагаас 1 тонн улаан буудайг 320000 төгрөгөөр худалдаж аваад 1275.5 тонныг нь Д аймгийн ДГ ХХК-тай хадгалалтын гэрээ байгуулж хадгалуулсан. Хадгалалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар нэг тонн улаан буудайг 10 төгрөгийн хөлстэйгөөр хадгална гэж заасан байгаа. ДГ ХХК нь хадгалалтын хөлсөө авъя гэж нэг ч удаа манай байгууллагатай тооцоогоо нийлж байгаагүй. ДГ ХХК нь хадгалалтын гэрээг байгуулаад бараг нэг сарын дараа манай байгууллагад хандаж Хэнтий аймагт хадгалуулж байгаа улаан буудайг манай байгууллагад ашиглуулана уу гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Энэ байдлаас харахад манай байгууллагын хадгалуулсан 1275.5 тонн улаан буудайг аль хэдийнээ ашигласан гэсэн үг. Хадгалалтын гэрээний хувьд хадгалтын хөлс болох 4.311.000 төгрөгийг нэхэмжлэх, гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн гэрээнд зайлшгүй тохиолдолд гарах зардал гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Манай байгууллага 1275.5 тонн улаан буудайг хадгалуулахдаа бүх зардлаа өөрсдөө гаргаад зөвхөн хадгалуулах л хүсэлт гаргасан учраас үнэлгээгээр гаргасан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ гэрээнд заасны дагуу улаан буудайнд доголдол гараад танай байгууллага яаралтай арга хэмжээ аваад зайлшгүй зардал гарсан бол тухайн зардлыг манай байгууллагад нэн даруй мэдэгдэх ёстой байсан. Огт тийм зүйл болоогүй. Мөн манай сан 10 газарт худалдаж авсан хичнээн мянган тонн улаан буудайгаа хадгалуулдаг. Үүнээс зөвхөн 1275.5 тонныг нь л ДГ ХХК-д хадгалуулсан. Нэг мянган тонн улаан буудайг нэг жилийн хугацаанд хадгалахад хариуцагчийн хэлээд байгаа шиг 150 сая төгрөгийн зардал хэзээ ч гардаггүй. Амьдралд нийцэхгүй тоо хэлээд байна. Түүнчлэн улаан буудайны үнийг үнэлгээчин гаргадаг зүйл биш юмаа. Улаан буудайн үнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын тушаалаар тогтоодог, харин ямар нэгэн хувийн байгууллага улаан буудайн үнийн үнэлгээг тогтоох эрхгүй. 3 жилийн урамшууллын асуудлыг шүүхээр ороод нэгэнт шийдвэрлэгдсэн асуудал байгаа учраас өнөөдөр энд ярих учиргүй. Урамшууллын мөнгөтэй хамааруулан арилжааны банкнаас авсан зээл нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй асуудал. Иймд шүүхээс хүсэхэд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 24-ний өдрийн 138/ШШ2017/00846 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1-т заасныг баримтлан хариуцагч ДГ ХХК-иас 1275.5 тонн хүнсний улаан буудайг гаргуулан нэхэмжлэгч Т санд олгож, Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.4.1, 422.4.2-т тус тус зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хадгалалтын гэрээний үүрэгт 4.311.190 /дөрвөн сая гурван зуун арван нэгэн мянга нэг зуун ер/ төгрөгийг нэхэмжлэгч ... сангаас гаргуулан хариуцагч ДГ ХХК-д олгож, үлдэх 345.892.866 /гурван зуун дөчин таван сая найман зуун ерэн хоёр мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ДГ ХХК-иас 2.198.750 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж, хариуцагч ДГ ХХК-ийн сөрөг шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.908.970,28 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч Т сангаас улсын тэмдэгтийн хураамжид 83929 төгрөгийг гаргуулан хариуцагч ДГ ХХК-д олгож, ...шийдвэрлэжээ.

Хариуцагч ДГ ХХК давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 24-ний өдрийн 138/ШШ2017/00846 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Т сан нь манай компаниас хадгалуулсан 1275.5 тонн улаан буудай гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд манай компани нь хадгалалтын хөлс, хадгалалтын зардал болон банкны зээлийн хүү нийт 350204056 төгрөг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж манай компанийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу хадгалалтын хөлс 4311190 төгрөгийг Т сангаас гаргуулж, хадгалалтын зардал болон банкны зээлийн хүү 345.892.866 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь үнэлж үзэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдлоо гаргаж байна.

Т сан болон ДГ ХХК нь хадгалалтын гэрээгээр улаан буудайг олон жил хадгалж, хадгалуулж байсан бөгөөд урьд жил хадгалуулсан улаан буудайг дараа жил нь урьд жилүүдийн зах зээлийн үнээр манай компанид шилжүүлж ирдэг уламжлалтай байсан юм. Өөрөөр хэлбэл Т сан нь Дорнод болон зүүн бүсийн газар тариалангийн компаниудаас авах авлагаа ДГ ХХК-д хүсэлт тавьж барагдуулдаг байлаа.

2013 онд ДГ ХХК нь улаан буудайг тариалдаг компаниудад хавар нь урьдчилгаа өгч, буудайг 300-320 мянган төгрөгөөр авахаар гэрээлэн өөрийн тээврээр татан авч элеватор, складандаа нөөцөлж хадгалсны дараа нь намар орой /2013.10.28/ Т сангийн хуульч ирж зарим тариалангийн компаниудаас авсан буудайн үнийг тэр компаниудад бүү өгөөч, манай авлагыг барагдуулж өгөөч гэж хүсэлт тавьсан юм.

Т сан нь манай буудайг авсан 320000 төг/тонн үнээр тооцож компаниудаас авах авлагаа барагдуулаад буцаагаад танай гэрээ балансын үнээр олгоё гэж тохирон гэрээ хийсэн юм. Дараа хавар нь Т сан нь өөрийн эзэмшлийн Сэлэнгэ, Хөтөлийн элеваторт авсан буудайныхаа үнийг хадгалалтын зардлаа шингээн 460000 төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан.

Хэрэв хэдхэн сарын дараа үнээ үндэслэлгүйгээр нэмэх байсан бол манай компани өөрийн складанд нөөцөлж авсан буудайгаа Т санд авлагыг нь барагдуулан тусалж олгохгүй байсан.

Харин ДГ ХХК-ийн агуулахад байгаа буудайг нь Т сан нь газар тариалангийн компаниудаас авах авлагаа барагдуулж, ДГ ХХК-иас тухайн ханш буюу гэрээний үнэ 320000 төг/тонноор уг буудайг авсан болон элеватор хадгалалтын зардал гаргаагүй зэрэг онцлог нөхцлийг үл харгалзан хоморгонд нь Т сангийн харъяа элеваторт байгаа буудайтайгаа адилтган үнэ нэмсэнийг буруу зүйл болсон гэж яамныхан тухайн үед мэдэгдэж байлаа.

Тэрчлэн 1275.5 тонн буудайн үнийг хэдийнээ 2013-2014 онд ДГ ХХК-ийн Т сангаас авах ёстой буудайн урамшууллын үнийг олгохгүй суутган авсан байсан юм. Тийм байтал буудайг нэхэмжлэх нь шударга ёсонд үл нийцнэ.

Иймд хадгалалтын гэрээнд заасан эд хөрөнгийн зах зээлийн үнэ болон хөндлөнгийн үнэлгээний компаниас гаргасан хадгалалтын гэрээний үнэ 320000 төгрөгөөр тооцож барагдуулах боломжтой юм.

Иймд манай компанийн бодит зардал болох элеваторын хадгалалтын зардал, банкны хүү зэргийг тооцож буудайгаар олгох боломжгүй гэж анхан шатны шүүх үзсэн нь алдаатай шийдвэр болсон.

Учир иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хадгалалтын гэрээнд заасны дагуу 1275 тонн улаан буудайгаас 320000 төг/тонны нь тооцож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т сан нь хариуцагч ДГ ХХК-иас 1275,5 тн хүнсний улаан буудай буюу 714`280`000 / 1 тн улаан буудайг 560`000 төгрөгөөр үнэлсэн / гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-2 дахь талууд/

Хариуцагч ДГ ХХК нь нэхэмжлэгч Т сангаас / цаашид Т сан гэх / хадгалалтын гэрээний хөлс, зайлшгүй зардал, өөрт учирсан хохирол буюу банкны зээлийн хүү нийт 350204056 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Т сан эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 64-122 дахь талууд/

Нэхэмжлэгч Т сан нь дотоодын гурилын үйлдвэрүүдийг хүнсний улаан буудайгаар хангах бодлогын хүрээнд хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх зорилгоор 2013 оны намрын шинэ ургацын улаан буудайнаас нөөц бүрдүүлж хадгалах, хадгалуулахтай холбогдуулж хариуцагч ДГ ХХК-тай 2013 оны 10 сарын 28-ны өдөр АҮ/2013/12 дугаар бүхий “Хүнсний улаан буудай хадгалах, хадгалуулах гэрээ“ байгуулж 1275,5 тн хүнсний улаан буудайг ДГ ХХК-д хадгалуулжээ. /хх-ийн 4-7 дахь талууд/

Гэрээний хоёрдугаар зүйлийн 1-д Хадгалуулагч тал нь Дорнод аймгийн үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдээс худалдан авсан хүнсний улаан буудайг 1 тонныг хоногт 10 төгрөгөөр хадгалалтын хөлсийг тооцож хадгалагч талд хадгалуулна. ..., мөн гэрээний 2.1-д ...  Эд хөрөнгийн зарласан үнэ: 1 тонн нь 320000 төгрөг / ҮХАА-н сайдын 2013 оны ... дугаар тушаалаар тогтоогдсон / гэж тус тус заасан байна. /хх-ийн 4 дэх тал/

Хариуцагч ДГ ХХК-иас “2013 оны 10 сард өөрийн гурилын үйлдвэрийн хэрэгцээндээ зориулж тариалан эрхлэгчдээс хүнсний улаан буудай худалдан авч агуулахдаа буулгаад төлбөрийг төлөөгүй байхад Т сангаас “Танайд улаан буудай тушаасан компаниуд тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй юмаа. Тиймээс танайд тушаасан будааг нь манайх 1 тонныг нь 320`000 төгрөгөөр тооцож өрөндөө шилжүүлэн авах хүсэлтэй байна. Өмнөх жилүүдэд тогтсон тохиролцооны дагуу хавар танайх үнээр нь авна биз дээ” гэсний дагуу харилцан тохирч, 1275,5 тонн хүнсний улаан буудайг блансаар Т санд шилжүүлж, уг улаан буудайг манайх худалдан авах хүртлээ агуулахдаа хадгалахаар тохиролцож хадгалалтын гэрээ байгуулсан” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй байна. /хх-ийн 19-21 дэх талууд/

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан хадгалалтын гэрээнд хадгалалтын зүйлийн үнийг 1 тонн хүнсний улаан буудайг 320`000 төгрөг гэж тусгасан, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 3-т  хадгалагч тал улаан буудайг давуу эрхээр худалдаж авах тухай тусгагдсан байна.

Нэхэмжлэгч нь хадгалуулсан зүйлээ буцаан авах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хадгалалтын зүйлийн үнийг хадгалалтын гэрээнд зааснаас өсгөж 1 тонныг 560`000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй юм. Учир нь хадгалуулсан эд зүйлийн үнэ нь талуудын харилцан тохиролцсон гэрээний нэг нөхцөл тул гэрээний нэг тал дангаараа өөрчлөх эрхгүй юм. Түүнчлэн Т  сан нь тариалан эрхлэгчдээс хүнсний улаан буудайн үнийг 320`000 төгрөгөөр тооцож авсан атлаа 560`000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаагийн эдийн засгийн үндэслэл /хадгалалтын зардал, нэмж шингээсэн өртөг гэх мэт/ тодорхойгүй байна. 

Нэхэмжлэгч Т  сан нь нэхэмжлэлийн шаардлагадаа “Хүнсний улаан буудай хадгалах, хадгалуулах тухай 2013 оны 10 сарын 28-ны өдрийн АҮ/2013/12 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэл болох 1278 / зохигчид гэрээндээ 1275,5 тонн гэсэн / тонн хүнсний улаан буудайг гаргуулах. Буудайн үнэ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны тушаалаар нэг тонн буудайг 560`000 төгрөгөөр тогтоосон“ гэж тодорхой дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч Т сан нь 1275,5 тонн хүнсний улаан буудай буюу 714`280`000 төгрөгийг хариуцагч ДГ ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Эдийн болон эдийн бус баялагтай холбоотой аливаа шаардлага нь тодорхой үнэлгээтэй байдаг. Энэхүү үнэлгээ нь шүүхээр шийдвэрлэгдэх маргааны зүйлийг тодорхойлохоос гадна шаардлагын хэмжээг тодорхойлсноор шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх юм.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн зүйл буюу хариуцагчаас хүнсний улаан буудай гаргуулахаар шийдвэрлэхдээ үнийг заагаагүй нь буруу байх тул зөвтгөн хариуцагч ДГ ХХК-иас 1275,5 тонн хүнсний улаан буудай буюу 408`160`000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 306`120`000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт нэмэлт оруулж, өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүхийн  зохигчдоос улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахдаа 1 тонн хүнсний улаан буудайн үнийг 320`000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн үндэслэл бүхий болсон байна. 

Мөн анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж  хариуцагч ДГ ХХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хадгалалтын хөлс 4`311`190 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Т сангаас гаргуулж ДГ ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон байна.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2`198`750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцааж олгох  нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч .... ХХК-ний давж заалдах гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 24-ний өдрийн 138/ШШ2017/00846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... 1275,5 тонн хүнсний улаан буудайг ” гэсний дараа “ буюу 408`160`000 төгрөгийг ...” гэж нэмж, “ ...олгож, ... “ гэсний дараа “ ... нэхэмжлэлийн шаардлагаас 306`120`000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ... “ гэж нэмэлт оруулж өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ДГ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2`198`750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

                       ШҮҮГЧИД                                                                Я.АЛТАННАВЧ                                                                                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ