Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2017/03836

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 29 өдөр           Дугаар 101/ШШ2017/03836         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Шархад 0 дугаар гудамж,0 тоотод оршин суух, 35 настай, эмэгтэй, А овогт Эын Э-ийн /**********/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 Улаанхуран, 0 тоотод оршин суух, 36 настай, эрэгтэй, Д овогт Дийн Нд /***********/ холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Эшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Э.Эрдэнэчимэг миний бие нь 2013 онд Д.Нтой танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 08 дугаар сарын 18-нд хүү Н.Э төрсөн. Тодорхой шалтгааны улмаас бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас хэрүүл маргаан маш их гардаг байсан. Миний өнгөрсөн амьдралыг сөхөж хагацал зовлон, бие махбодоор доромжилж улмаар гар хүрч миний биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл нэг бус удаа учруулаад зогсохгүй зайл гэж хөөдөг болсон.

Би сэтгэл санааны хүнд дарамтанд орж нөхөртөө гомдож цөхрөхдөө хүүгээ аваад 2016 оны 09 дүгээр сарын 05-нд ээжийндээ очсон. Энэ хүнд биднийг гэсэн жаахан ч гэсэн сэтгэл байдаг бол намайг яаж зовоож байснаа ухаарч чин сэтгэлээсээ уучлалт гуйгаад ирэх болов уу гэж хүлээдэг байсан.

Гэтэл уучлалт гуйхгүй байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 26-нд Турк улс руу явсан. Тэнд байх хугацаандаа надтай нэг ч удаа утсаар яриагүй. Би хадам эгчээс дугаарыг нь аваад зөндөө залгаж мессеж бичсэн боловч утсаа салгаад авдаггүй байсан.

2017 оны 08 дугаар сарын 18-нд нөхөр чинь ирсэн гэдэг сураг танилаасаа сонссон. Ирэхдээ нэг хүүхэнтэй хамт ирсэн, тэр нь жирэмсэн, хамтран амьдардаг болохыг мэдсэн. Ингээд би очиж нөхөртэйгөө уулзахад чи яах гэж ирсэн юм бэ, би өөр хүнтэй болсон гэж хэлсэн.

2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш хүү Н.Э маань миний асрамжинд өсч торниж байна. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Н.Эид хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.        

 

Хариуцагч Д.Н нь нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 08 ны өдөр гардан авч хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Эрдэнэчимэг нь хариуцагч Д.Нид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Н нь хүүхдийн тэтгэлэг төлөх шаардлагад хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарт үндэслэн дараах байдлаар Э.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Э.ЭД.Н нар нь 2013 онд танилцан, тэр үеэс эхлэн хамтран амьдарсан ба хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүү Н.Э төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн 1110005537 тоот төрсний гэрчилгээний хуулбараар тус тус /х.х-ийн 7 дахь талд/ нотлогдож байна.

Зохигчид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч хүүхдийг эцэг Дархан овогт Дашдоржийн Ноор овоглосон бөгөөд захиргааны журмаар эцэг тогтоосон байна. /х.х-ийн 7 дахь талд/

Зохигчид 2016 оны 09 дүгээр сараас эхлэн тусдаа амьдрах болсон бөгөөд одоо хүү Н.Э нь эх Э.Эрдэнэчимэгийн асрамжинд амьдарч байна. Хүү Н.Э нь 3 настай, эрүүл өсч, хүмүүжиж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, “Энх-Энэрэл”  Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /х.х-ийн 6 дахь талд/ зэргээр тус тус нотлогдож байна.

Хүүхдийг эх Э.Эрдэнэчимэг нь өөрийн асрамжинд хэвээр үлдээх хүсэлтэй байх бөгөөд энэ талаарх шаардлагыг тусгайлан гаргаагүй байна.

Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт, “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж зохицуулсны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэв.  

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д, “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Д.Ноор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хүүхдийн эцэг, эх албан ёсоор бүртгүүлээгүй ч хүүхдийн хувьд эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаар тайлбар, хүсэлт нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.8-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Нийн Эид 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Ноор тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

3. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Мас 31 248 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.АМАРЖАРГАЛАН