Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/327

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Ж

Хохирогч Э.Б

Шүүгдэгч Д.М, Б.А, Ц.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М, Б.Алтангэрэл, Ц.А нарт холбогдох эрүүгийн 1725002720107 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дүгээр сарын 09-ны өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Жавхлант хүнс" ХХК-д борлуулагч, ам бүл 5 эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг, Эрдэнэ багийн 8-19 тоотод оршин суудаг, урьд нь ял эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Мянган овгийн Буяннэмэхийн Алтангэрэл, /регистрийн дугаар ФА93080915/,

 

Монгол Улсын иргэн, Ц.А

 

Монгол Улсын иргэн, Д.М

 

Шүүгдэгч Д.М, Б.А, Ц.А нар нь бүлэглэн 2017 оны 09 сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Баян худалдааны төвийн хажууд хохирогч Э.Балдангомбыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогчийг зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Хохиролд гурвуулаа нийлж 150.000 төгрөг төлсөн. Хүн зодсондоо гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Ц.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос хэрэг болсны маргааш уучлалт гуйсан. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Энэ хэргээс болж ажил дээрээ ч нэр хүндгүй болж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэргийн хувьд маргах зүйлгүй. Хохиролд гурвуулаа нийлж 150.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгээ гэмшиж байна. Энэ хэрэг надад том сургамж боллоо гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2017 оны 09 сарын 07-нд таксинд явж байсан. Мөнх-Эрдэнэ согтуу байсан бөгөөд үгээр өдөж маргаан үүсгээд 2 найз нь ирж гурвуулаа зодсон. Зодуулснаас болж тархи толгой их өвдсөн. Энэ гурав ямар нэгэн байдлаар тусламж үзүүлээгүй. Харин Медипасд тархины зураг авахуулах 150.000 төгрөгийг өгсөн. Одоо нүүрэнд том сорви үлдсэн. Миний хувьд 3 хоног ажилдаа явж чадаагүй. Хохирлоо бүрэн барагдуулаагүй байгаа. Ажилгүй байсан хугацааны 3 хоногийн 90.000 төгрөг, сорви арилгуулах тосны үнэ зэргийг нэхэмжилж байна. Миний хувьд гомдолтой байна гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Д.Дмөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хувийн машинаараа Баян худалдааны төвийн хажуу талаас таксинд явдаг юм. Би сар өдрийг нь одоо хэлж мэдэхгүй байна. Нэг шөнө таксинд яваад Баян дэлгүүрийн хаууд байж байсан чинь Аптангэрэл гэж залуугийн найз шар царайтай өндөр залуу ирээд Балдангомбоос нэг ширхэг тамхи өгөөч гэж хэлээд тэр хоёр маргалдаад эхэлсэн. Маргалдаж байхад нь би цаашаа явсан. Балдангомботой маргалдаж байсан залуу цаашаа явах гэж байхад нь Алтангэрэл цаанаас нь нэг залуугийн хамт цаанааас нь тэр хоёр дээр ирсэн. Алтангэрэл, Балдангомбо хоёр барилцаж аваад хоорондоо зодолдсон. Би тэгэхээр нь очиж салгасан. Тэгтэл Балдангомботой маргалдаж эхэлсэн залуу нь Балдангомбыг цохиод авсан яг хаана нь цохисоныг хараагүй. Аптангэрэлийг тавьчихаад эргээд ирэхэд Алтангэрэл хоёр найзтайгаа нийлээд Балдангомбыг газар унагачихсан зодож байсан. Тэгэхээр нь би очоод Алтангэрэлийг салгасан. Тэгтэл нөгөө хоёр залуу нь Балдангомбыг зодоод байсан. Тэгээд тэр гурав зугтаагаад явсан гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 778 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Б биед хамрын таславчын муруйлт, зүүн чихний дэлбээнд шарх, нүүрэнд цус хуралт, зулгаралт үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр, ямар ч чиглэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сариулна. Уг гэмтлүүд нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 29 ху/,

-Д.Мөнх-Эрдэнийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 63-64 ху/

-Б.Алтангэрэлийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 66-68 ху/

-Ц.Аыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 70-71 ху/

-Хохирлын баримт /хх 72 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41, 47, 55 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.М, Б.А, Ц.А нар нь бүлэглэн 2017 оны 09  сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Баян худалдааны төвийн хажууд хохирогч Э.Балдангомбыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шатанд өгсөн хохирогч Э.Балдангомбын “Мөнх-Эрдэнэ согтуу байсан бөгөөд үгээр өдөж маргаан үүсгээд 2 найз нь ирж гурвуулаа зодсон. Зодуулснаас болж тархи толгой их өвдсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Доржзодовын /хх 20-21 ху/ мэдүүлэг, хохирогчийн биед хамрын таславчын муруйлт, зүүн чихний дэлбээнд шарх, нүүрэнд цус хуралт, зулгаралт үүссэнийг тогтоосон 778 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Д.М, Б.А, Ц.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдэнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан хугацааны 3 хоногийн 90.000 төгрөг, сорви арилгуулах тосны үнэ зэргийг нэхэмжилж байх боловч нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А, Ц.А, Д.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.М, Б.А, Ц.А нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Д.М, Б.А, Ц.А нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Д.М, Б.А, Ц.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, Б.А, Ц.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА