Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/153

 

 

 

 

 

 

                                     2022/ШЦТ/153

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

Шүүгдэгч: Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Говогт Дын Эт холбогдох 2212000000124 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Т сумын У багийн Х гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Говогт Дын Э /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19:00 цагийн орчимд А аймгийн Т сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах “..” гэх газарт иргэн Т.Лг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант болон тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000124 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Лгийн мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрсөн эгч Эгэх хүний гэрт байдаг өөрийн ээж Дтай уулзах зорилгоор Төвшрүүлэх сумын Хүрэн хоолой гэх газарт байдаг Эын гэрт нь Г гэдэг найзтайгаа хамт оройны 17-18 цагийн орчимд очсон. Намайг Гтай хамт очиход тэдний гэрт Э, Э, манай ээж Д, Эын хүү зэрэг хүмүүс байсан. Би тэдний гэрт ороод ээжтэйгээ мэнд ус мэдээд өөрийн төрсөн эгч Эгаас 20.000 төгрөг байвал надад өгөөч гэтэл надад мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Гэтэл гэрийн гаднаас удалгүй Э орж ирээд манайд байгаа хониноосоо ав, би чамд хонийг чинь аваад өгье гэж хэлээд гарахаар нь би араас нь гэрээс гарсан. Намайг гэрээс гарах үед Э хонины хашаанд хэрэглэдэг шонгийн мод шиг урт модоор цохиж хөлийг минь хугалсан. Би тухайн үед тэр шон шиг модоор Эыг цохисон. Гэхдээ яг хаана нь цохисон гэдгээ мэдэхгүй байна. Ямар ч байсан Э миний хөлийн хугархай гэмтлийг учруулсан. Би тэдний гэрт бүрэн бүтэн, зүгээр очсон. Өөр байдлаар зодолдсон асуудал болоогүй. Ийм зүйл болоод би Архангай аймгийн Эрүүл мэндийн төвд очиж мэс засал хийлгэсэн. Тухайн мэс заслын төлбөр болох 700.000 төгрөг, ор хэвтрийн мөнгө 850.000 төгрөг зэргийг Э өгсөн. Мөн надад нэг ээлжийн солих хувцас авч өгсөн. Би одоо барагшун гэдэг эмийн ургамал хэрэглэж байна. Өөр бусад эм, тарианы мөнгийг гаргуулах, мөн 2 суга таяг авахуулах хүсэлттэй байна. Би гомдолтой байна. Мөн эм, тарианы мөнгө гаргуулах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-35 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Лгийн дахин мэдүүлсэн: ...Эм, тарианы мөнгө 110.000 төгрөг, 2 суга таягны мөнгө 100.000 төгрөг, нийт 210.000 төгрөг болсон. Миний хохирол, төлбөрийг бүрэн гүйцэд төлж барагдуулсан. Одоо хохирол, төлбөр дээр ямар нэгэн асуудал байхгүй. Бүгдийг төлж барагдуулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь хохирол төлбөрийг бүрэн гүйцэд төлж барагдуулсан болохоор...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Гын мэдүүлсэн: ...Тухайн өдөр манай гэрт буюу Архангай аймгийн Хотонт сумын Баваг гэх газарт байдаг хөдөө гэрт минь манай найз Т.Л ирсэн байсан юм. Бид хоёр тухайн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Л Төвшрүүлэх суманд байдаг мал дээрээ очих гэсэн юм, бас ээжтэйгээ уулзах гэсэн юм гээд байхаар нь бид хоёр хамт Төвшрүүлэх сумын Хүрэн хоолой гэх газарт байдаг Д.Эын гэрт ирсэн юм. Тэдний гэрт бид хоёр ороод мэнд мэдээд ойр зуурын зүйлс ярилцаад сууж байсан. Л, Э гэх хүний эхнэрээс би танайд байгаа малаасаа нэг тооны хонь аваад худалдаж борлуулмаар байна гээд ярьж байсан. Тухайн үед тэдний нөхөр Э гэрээсээ гараад явсан бөгөөд араас нь Л, бид хоёр гараад очиход Э алд хэртэй урттай нарийхан шон шиг модоор Лг цохиод унагаачихсан. Лг унасан хойно нь дахиад Э хөл, гараараа цохиж нүдээд байсан. Нилээн хэсэг хугацаанд зодсон. Дараа нь Л нь хэвтээд босч чадахгүй болохоор нь би Эт энэ хүн чинь босч чадахгүй байна шүү дээ, эмнэлэг бараадуулаад үзүүлж харуулсан нь дээргүй юу гэхэд наад хүн чинь босоод ирэх байлгүй дээ, та хоёр яв гэсэн. Л, бид хоёр мотоцикльтой явж байсан учраас Л сууж чадахгүй болохоор нь та хэд машинаараа хүргэж өг, энэ хүнийг яагаад ингэж зодож байгаа юм бэ, одоо мотоциклийн ард сууж чадахаа ч больсон байна гэж хэлсэн. Намайг тэгж хэлэхэд тэр хүмүүс хүргэж өгөхгүй байсан. Би тэр хүмүүсийг сайн танихгүй учраас та нар яасан муухай хүмүүс вэ, хүнийг ийм болтол зодчихоод ядаж сумын төв, эмнэлэг, энэ тэрд хүргэж өгөөч гэж нилээн гуйсны эцэст Эын эрэгтэй хүүхэд нь цагаан өнгийн амьжиргаа цагаан машинаа унаад тэвшин дээрээ Лг хэвтүүлээд сумын төвд байдаг Сын гэрт хүргэж өгөөд буцаад явсан. Тухайн үед тийм зүйл болоогүй, хэрэлдэж, маргалдаагүй, зүгээр байсан. Э гэх тэр хүн ямар шалтгаанаар Лг цохиж, зодсон талаар би сайн мэдэхгүй байна. Тийм зүйл болоогүй. Л, бид хоёр бага зэрэг пиво уусан байсан. Гэхдээ тийм согтуу биш байсан. Харин Эын гэрт очоод архи, дарс уугаагүй, Э эрүүл байсан. Э алд хэр урттай, нарийн шонгийн модоор Лг цохиж унагаагаад, газар унасан хойно нь дээрээс нь цохиод, өшиглөөд байсан. Нилээд хэд, хэдэн удаа Лг цохисон. Тухайн хэрэг 03 дугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагийн орчимд болсон. Тухайн мод нь алд хэр урттай, нарийн шонгийн мод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Сын мэдүүлсэн: ...Тухайн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд манай гэрт манай эхнэрийн дүү Т.Л, Г гэх залуугийн хамт орж ирээд цай, унд уугаад гарсан. Гэтэл тухайн өдрийн орой 21:00 цагийн үед манай баз Д.Эын Д гэж дууддаг хүү нь амьжиргаа цагаан машин унаж манайд ирсэн. Би гараад хартал тэвшин дээр нь манай эхнэрийн дүү Л ёолчихсон хэвтэж байсан. Би юу болсон бэ, өдөр зүгээр явсан хүн яагаад ийм болчихов гэж асуутал Д гэдэг хүү мотоциклиос уначихсан юм шиг байна гэж хэлээд явсан. Би Лг авч гэртээ үлдээд байж байтал хөл нь өвдөөд байна, гишгэж болохгүй байна гээд байхаар нь сумын төвийн эмнэлэгт үзүүлэхэд яаралтай Архангай аймгийн төв рүү явах шаардлагатай юм байна гэсэн. Ингээд Архангай аймгийн төв рүү оруулж үзүүлэхэд Лгийн хөл нь хоёр хугарсан байсан. Ийм зүйл болсны дараа манай дүү Лтай хамт явсан Г гэх залуу бид нарт хэлэхдээ Лгийн хөлийг Э гэдэг хүн шонгийн модоор цохиж, зодож гэмтээсэн, Л мотоциклиос унасан зүйл байхгүй, Э гэдэг айлд зүгээр очсон, тэр хүнтэй маргалдаагүй, элдэв зүйл болоогүй, уг нь Эын гэрт байдаг Лгийн хонь, малаас нэгийг авах гэж очсон юм, тэгтэл Э гэх хүн уурлаад гэрийнхээ гадаа Лг зодоод шонгийн модоор зодоод байсан, ингээд Л босч чадахгүй, хөл дээрээ гишгэж чадахгүй болсон гэж хэлсэн. Би өөр нарийн зүйлсийг сайн мэдэхгүй. Эрүүл саруул, зүгээр орж ирээд цай унд уугаад гарсан. Э гэх хүн ямар шалтгаанаар Лг цохиж, зодсон талаар мэдэхгүй байна. Одоо хөл нь хугарсан гэмтэлтэй, босч явж чадахгүй, гишгэж чадахгүй зовиуртай байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Эгийн мэдүүлсэн: ...Миний төрсөн дүү болох Л нь удаа дараа манай гэрт очиж агсан тавьж амгалан тайван байдал алдагдуулдаг байсан. Миний төрсөн дүү учраас би цагдаагийн байгууллагад хандахгүй, тухайн үед нь арга эвийг нь олоод явуулдаг байсан. Би өөрийн нөхөр Этай 2000 оноос хойш нэг гэр бүл болоод одоог хүртэл амьдарч байна. 2005 оноос эхлээд манай гэрт манай аав Т амьд байхдаа надтай хамт амьдарч байхад хүртэл хүрч ирээд агсан тавьдаг байсан. Л төрсөн аавыгаа миний дэргэд байхад нь зодож цагдаад шалгуулж байсан. Ер нь энэ мэтчилэн үүнээс хойш манайд согтуу ирээд миний нөхөрт, гэрт агсан тавиад манайд байдаг ээжтэйгээ уулзах гэж ирлээ гэх шалтгаанаар ирээд хэрүүл, маргаан үүсгээд явдаг байсан. Энэ үйлдлүүд нь удаа дараа давтагддаг байсан. Олон удаагийн хэрэг болсон. Үүнийг манай гэрийнхэн болон ах дүү нар, хажуу айлын хүмүүс хүртэл мэднэ. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Л мөн адил манайд согтуу орж ирээд агсан тавиад надаас архины мөнгө байна уу, 20.000 төгрөг байвал өгөөч гээд гуйж байсан. Манай ээжийн тэтгэврийн мөнгө 500.000 төгрөг ордог юм. Гэтэл Л та нар ээжийн тэтгэврийн мөнгийг авч иддэг биз дээ, тийм байж надад 20.000 төгрөг өгчих гээд нэхээд хэрүүл эхлүүлсэн. Надад мөнгө байхгүй байсан учраас мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Гэтэл Л танайд байдаг хонь, малаасаа авмаар байна, танайд миний хонь байгаа гэхээр нь би хонь, малаа ав гээд гэрээс гаргасан юм. Ингээд Л гэрээс гараад гадаа байсан миний нөхөр Этай уулзаад хэрүүл хийж эхэлсэн бөгөөд Эыг чи миний эцгийг энд байхад нь асраагүй гэх мэтээр хэрүүл, маргаан үүсгээд байхаар нь Э Лг чи хэрүүл, маргаан хийгээд байлгүй яв гэтэл Л явахгүй хэрүүл хийж байгаад газар байсан модон шонг аваад Эын хөл рүү цохисон. Л Эыг шонгийн модоор цохисон чинь манай нөхөр Э буцаагаад тэр шонгийн модыг нь барьж аваад Лг нэг удаа хөл рүү нь цохисон. Гэтэл Л газар унаад өгөхөөр нь би Эыг чи болио, хэрүүл маргааны нэмэр, битгий цохиод бай гээд дахиж цохиулаагүй салгасан. Ийм зүйл болсны дараа Лгийн хөл нь өвдөөд байна гээд босч ирэхгүй байхаар нь Сын гэрт бид нар хүргэж өгсөн. Үүнээс хойш Лгийн хөл, гар нь хугарчихсан, эмнэлэгт үзүүлж байна гэхээр нь би Архангай аймгийн төвд эмнэлэг дээр Лтай уулзсан. Эмчилгээний зардал нь эхний ээлжинд 850.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь тэрийг би гаргаад өгсөн. Дараа нь хөлд нь хадаас суулгана, түүний төлбөр нь 750.000 төгрөг гэхээр нь би мөн адил өгсөн. Бас Л эмнэлэгт хэвтэхэд нь хувцас хунар байхгүй гэхээр нь 300.000 төгрөгөнд хувцас авч өгсөн. Ингээд Лгийн эмчилгээнд нийт манайхаас 1.900.000 төгрөг гаргаж өгсөн. Манайх мэс заслын төлбөр, мөнгийг нь өгөөд мэс заслыг нь хийлгээд эмнэлэгт хэвтэх 20 хоногийн төлбөр, мөнгийг нь өгөхөд Л эмнэлэг дотроо архи уугаад 03 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгээсээ хөөгдсөн байсан. Манай нөхөр гэм буруугаа ойлгоод эмчилгээний мөнгө төгрөгийг нь өгч байхад Л мэс засал хийлгэснийхээ дараа хөлөө зүгээр болохоор Эыг ална, хядна гэж заналхийлээд Эын мал ахуйгаар тоглоно гэх мэтчилэн манай дүү Гиймаад хэлсэн байсан. Л манай гэрт ирж удаа дараа агсан тавьж манай нөхрийг доромжилдог байсан. Манай гэрийн бурхны ширээг хүртэл авч чулуудаж агсан тавьдаг байсан. Тухайн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Л бас гэрт агсан тавиад манай нөхөр Эын хөл рүү өөрөө эхэлж газар байсан модон шонг авч цохихоор нь манай нөхөр уурлаад буцаагаад Лг тэр модон шонгоор нь нэг удаа цохисон. Нарийхан гөлгөр, дэлэм хэр урттай хонины хашааны шонд хэрэглэдэг модон шонгоор нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Э.Дийн мэдүүлсэн: ...Манай ээжийн дүү Л гэдэг ах манайд ер нь согтуу ирээд манай аавд, бас гэрт агсан тавиад байдаг. Л ах манайд байдаг ээжтэйгээ уулзана гэх шалтгаанаар ирээд хэрүүл, маргаан үүсгээд явдаг байсан. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Л ах мөн адил манайд согтуу орж ирээд гэрт байсан манай эмээ Дтай уулзаад та ийм өндөр наслаад яах гэж байгаа юм бэ, ингэж амьдрахаар үхэж далд ор гээд манай өндөр настай хэвтэрт байдаг эмээг тэгж хэлээд байсан. Дараа нь Л манай ээж Эгаас архины мөнгө байна уу, 20.000 төгрөг байвал өг гэсэн. Дараа нь Л та нар манай ээжийн тэтгэврийн мөнгийг авч иддэг биз дээ, тийм байж надад 20.000 төгрөг өгчих гээд нэхээд ээжтэй хэрүүл хийгээд байсан. Ээж хариуд нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Гэтэл Л ах би тэгвэл танайд байдаг хонь, малаасаа авмаар байна, танайд миний хонь байгаа гээд гэрээс гараад явсан. Би Лгийн араас гэрээсээ гараад ишигтэй ямаагаа хаших гэж байтал Л ах гэрээс гараад гадаа байсан манай аав Этай уулзаад хэрүүл хийж эхэлсэн бөгөөд манай аавыг чи миний эцгийг энд байхад нь асраагүй гэх мэтээр хэрүүл, маргаан үүсгэж байгаад газар байсан модон шонг аваад манай аав Эын хөл рүү цохисон. Л ах манай аавыг шонгийн модоор цохисон чинь манай аав Э буцаагаад тэр шонгийн модыг нь барьж аваад Лг ахыг нэг удаа хөл рүү нь цохисон. Гэтэл Л ах газар унаад өгсөн. Ийм зүйл болсны дараа Л ахын хөл нь өвдөөд байна гээд босч ирэхгүй байхаар нь Сын гэрт бид нар сумын төвд хүргэж өгсөн. Сумын төв рүү хүргэж өгөх гээд явж байхад Лтай хамт явж байсан Г гэх хүн надад ах нь цагдаа, шүүх гэж явахгүй, Лг мотоциклиос унаад хөлөө ийм болгосон гэж хэлнэ гээд надад яриад байсан. Би тэр яриаг нь тоогоогүй. Гэтэл дараа нь цагдаад өргөдөл өгсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Эын мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 135 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Т.Лгийн биед зүүн хөлийн шаант болон тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 05-06 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19:00 цагийн орчимд А аймгийн Т сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” гэх газарт иргэн Т.Л нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант болон тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19:00 цагийн орчимд А аймгийн Т сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” гэх газарт иргэн Т.Лг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант болон тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Т.Лгийн мэдүүлсэн “Гэтэл гэрийн гаднаас удалгүй Э орж ирээд манайд байгаа хониноосоо ав, би чамд хонийг чинь аваад өгье гэж хэлээд гарахаар нь би араас нь гэрээс гарсан. Намайг гэрээс гарах үед Э хонины хашаанд хэрэглэдэг шонгийн мод шиг урт модоор цохиж хөлийг минь хугалсан. Ямар ч байсан Э миний хөлийн хугархай гэмтлийг учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-35, 47-48/,

 

гэрч А.Гын мэдүүлсэн “Тухайн үед тэдний нөхөр Э гэрээсээ гараад явсан бөгөөд араас нь Л, бид хоёр гараад очиход Э алд хэртэй урттай нарийхан шон шиг модоор Лг цохиод унагаачихсан. Лг унасан хойно нь дахиад Э хөл, гараараа цохиж нүдээд байсан. Нилээн хэсэг хугацаанд зодсон. Дараа нь Л нь хэвтээд босч чадахгүй болохоор нь би Эт энэ хүн чинь босч чадахгүй байна шүү дээ, эмнэлэг бараадуулаад үзүүлж харуулсан нь дээргүй юу гэхэд наад хүн чинь босоод ирэх байлгүй дээ, та хоёр яв гэсэн. Л, бид хоёр мотоцикльтой явж байсан учраас Л сууж чадахгүй болохоор нь та хэд машинаараа хүргэж өг, энэ хүнийг яагаад ингэж зодож байгаа юм бэ, одоо мотоциклийн ард сууж чадахаа ч больсон байна гэж хэлсэн. Намайг тэгж хэлэхэд тэр хүмүүс хүргэж өгөхгүй байсан. Би тэр хүмүүсийг сайн танихгүй учраас та нар яасан муухай хүмүүс вэ, хүнийг ийм болтол зодчихоод ядаж сумын төв рүү эмнэлэг энэ тэрд хүргэж өгөөч гэж нилээн гуйсны эцэст Эын эрэгтэй хүүхэд нь цагаан өнгийн амьжиргаа цагаан машинаа унаад тэвшин дээрээ Лг хэвтүүлээд сумын төвд байдаг Сын гэрт хүргэж өгөөд буцаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,  

 

гэрч Р.Сын мэдүүлсэн “Гэтэл тухайн өдрийн орой 21:00 цагийн үед манай баз Д.Эын Д гэж дууддаг хүү нь амьжиргаа цагаан машин унаж манайд ирсэн. Би гараад хартал тэвшин дээр нь манай эхнэрийн дүү Л ёолчихсон хэвтэж байсан. Би юу болсон бэ, өдөр зүгээр явсан хүн яагаад ийм болчихов гээд асуутал Д гэдэг хүү мотоциклиос уначихсан юм шиг байна гэж хэлээд явсан. Би Лг авч гэртээ үлдээд байж байтал хөл нь өвдөөд байна, гишгэж болохгүй байна гээд байхаар нь сумын төвийн эмнэлэгт үзүүлэхэд яаралтай Архангай аймгийн төв рүү явах шаардлагатай юм байна гэсэн. Ингээд Архангай аймгийн төв рүү оруулж үзүүлэхэд Лгийн хөл нь хоёр хугарсан байсан. Ийм зүйл болсны дараа манай дүү Лтай хамт явсан Г гэх залуу бид нарт хэлэхдээ Лгийн хөлийг Э гэдэг хүн шонгийн модоор цохиж, зодож гэмтээсэн. Э гэх хүн уурлаад гэрийнхээ гадаа Лг шонгийн модоор зодоод байсан. Ингээд Л босч чадахгүй, хөл дээрээ гишгэж чадахгүй болсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,  

 

гэрч Т.Эгийн мэдүүлсэн “Л гэрээс гараад гадаа байсан миний нөхөр Этай уулзаад хэрүүл хийж эхэлсэн бөгөөд Эыг чи миний эцгийг энд байхад нь асраагүй гэх мэтээр хэрүүл, маргаан үүсгээд байхаар нь Э Лг чи хэрүүл, маргаан хийгээд байлгүй яв гэтэл Л явахгүй хэрүүл хийж байгаад газар байсан модон шонг аваад Эын хөл рүү цохисон. Л Эыг шонгийн модоор цохисон чинь манай нөхөр Э буцаагаад тэр шонгийн модыг нь барьж аваад Лг нэг удаа хөл рүү нь цохисон. Гэтэл Л газар унаад өгөхөөр нь би Эыг чи болио, хэрүүл маргааны нэмэр, битгий цохиод бай гээд дахиж цохиулаагүй салгасан. Ийм зүйл болсны дараа Лгийн хөл нь өвдөөд байна гээд босч ирэхгүй байхаар нь Сын гэрт бид нар хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,

 

насанд хүрээгүй гэрч Э.Дийн мэдүүлсэн “Л ах манай аавыг шонгийн модоор цохисон чинь манай аав Э буцаагаад тэр шонгийн модыг нь барьж аваад Лг ахыг нэг удаа хөл рүү нь цохисон. Гэтэл Л ах газар унаад өгсөн. Ийм зүйл болсны дараа Л ахын хөл нь өвдөөд байна гээд босч ирэхгүй байхаар нь Сын гэрт бид нар сумын төвд хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

өөрийн гэм бурууг хүлээж Д.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/,

 

хохирогч Т.Лгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 135 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 05-06/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Д.Э нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Д.Э нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19:00 цагийн орчимд А аймгийн Т сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” гэх газарт иргэн Т.Лг зодож эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант болон тахилзуур ясыг нь хугалсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Д.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож шийдвэрлэв.

 

         Шүүгдэгч Д.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.   

 

Шүүгдэгч Д.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Т.Лд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед төлж барагдуулсан, хохирогч Т.Л нь мөрдөн байцаалтын шатанд “хохирол, төлбөрөө авсан, гомдолгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Эыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

           Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    

     

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Говогт Дын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.  

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ