| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00031/Э |
| Дугаар | 154/2020/00036 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 154/2020/00036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Э.Батцоож нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй
хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч*******
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүх, архивч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5 эцэг, эх, 2 дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 1** тоотод оршин суух, РД:*******,******* овогт*******ы*******,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч*******ы******* нь Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг “Сэнжит хад’’ гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 цагийн үед 33- 80 УБЭ улсын дугаартай Honda insight маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 /г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан /-д яаралттай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, мөн дүрмийн 12.2-д “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчиж Н.Мөнхцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Батцоож шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгаас Булган сумруу явах гээд охин Н.Халиунаа, А.Төгөлдөр гэх хүүхдийн хамт 33-80 УБЭ улсын дугаартай, цэнхэр өнгийн суудлын машинд сууж явсан. Тухайн таксины урд суудалд Ш.Гансүх гэх хүн сууж бид нар арын суудалд сууж 17 цагийн үед Ховд аймгаас гараад 22 цагийн үед Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг Бодончийн хавцалд “Сэнжит хад" гэх газарт ирэхэд машин замын эргэдэг хэсэгт эргэж чадахгүй замаас гараад онхолдчихсон юм. Би тухайн үед ухаан алдсан байсан ба нэг айл дээр очсон байсан. Тэгээд Алтай сумын эмнэлэгт очиж үзүүлээд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Мандал-Оч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Миний 1 нуруу хугарсан, сэртэнгийн 3 нурууны яс цуурсан байсан юм. Жолооч архи уугаагүй байсан. Осол 21-22 цагийн орчимд болсон. Зам халтиргаатай, цастай, уруу, эргэлттэй байсан юм. Жолоочийн хажуу талын суудалд явсан Ш.Гансүх гэх хүн архи уучихсан согтуу жолоочийг чичээд явж байсан юм. Жолооч Э.Батцоож та цагдаад битгий мэдэгдээрэй би таныг эмчлүүлнэ гэж хэлээд хотруу дагуулж яваад 3 хоноод алга болчихсон юм. Би гомдолтой байна. Хохиролоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Батцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өөрийнхээ 33- 80 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Ховд аймгаас 16 цагийн орчимд дөрвөн хүнтэй гараад Булган сум руу явж байхад Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн “Сэнжит хад” гэх газрын доод хэсгийн огцом мушгианд жолоогоо эргүүлж чадалгүй гулгаад замын хажуу талд гарч өнхөрчихсэн юм. Тэгээд Алтай сумын хүн эмнэлэгт дуудлага өгч үзүүлсэн. Мөнхцэцэг гэх эмэгтэйгийн духнаас цус гарсан, нуруу өвдөж байна гэж хэлж байсан. ...Зам үзэгдэх орчин хязгаарлагдмал, гулгаатай огцом эргэлттэй байсан” гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Н.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ээж Н.Мөнхцэцэгтэй хамт Ховд аймгаас таксинд суугаад Булган сум руу явсан. Тэгээд замдаа Алтай сумын Бодончийн хавцалд нэг эргэцээр эргэх гэж байгаад машин унаад өнхөрчихсөн юм. Машинд тавуулаа явсан. Миний толгой хэсэгт хавдсан, тархи хөдөлсөн байсан. Зам цастай, халтиргаатай байсан” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч А.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 сарын 14-ний өдөр Ховд аймгийн төвөөс Ховд аймгийн Булган сум руу хөлсний унаанд суугаад 16:40 минутын үед гараад явсан. Тухайн тээврийн хэрэгслийн марк нь цэнхэр өнгийн инсайт маркийн 33-80 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад явсан. Тухайн тээврийн хэрэгсэлд жолоочтойгоо нийлээд 5 хүн сууж явсан. 2 эрэгтэй 3 эмэгтэй би тээврийн хэрэгслийн ар талын суудалд жолоочийн ар талд сууж явсан миний хажуу талд эмэгтэй хүүхэд тэр хүүхдийн хажууд ээж нь гэх эмэгтэй эгч, жолоочийн хажуу талын суудалд настай өвөө сууж явсан. Тэр өвөө замд явж байхдаа цүнхнээсээ архи гаргаж ирээд уугаад жолооч тээврийн хэрэгсэл жолоодож явж байхад гарнаас нь татсаар байгаад замын эргэдэг хэсэг дээр замын хажуу тал руу гараад тээврийн хэрэгсэл 2 удаа өнхөрсөн. Тэгээд би жолоочтой хамт Алтай сумын чиглэл рүү алхаж байгаад утасны сүлжээ орохоор дуудлага өгч мэдэгдсэн. Миний баруун талын хавирга, нуруу өвдөж байна. Өөр өвдөж байгаа зүйл алга байна. Ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,
Ш.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 14-ний үеэр Улаанбаатар хотоос хөлөө эмчлүүлчихээд Ховд аймагт онгоцоор буусан юм. Намайг онгоцны буудлаас нэг эмэгтэй таксины жолооч тосч аваад цэргийн ангид хүргэж өгөөд хүүхэдтэйгээ уулзаад Булган сумруу явсан юм. Хэдэн цагт Ховд аймгаас гарсныг мэдэхгүй байна. Тэр таксинд нэг эмэгтэй, охинтойгоо, нэг залуугийн хамт суусан юм. Тэгээд явж байгаад Бодончийн хавцал уруудаж яваад Сэнжит хад өнгөрөөд замын эргэлтэнд тооромз дарж эргэж чадахгүй замаас гарч машин унаад өнхөрөөд 4 хөл дээрээ зогссон юм. Тэр машин нь цэнхэр өнгийн суудлын тэрэг байсан. Улсын дугаарын мэдэхгүй байна. Жолоочийн нэрийг нь асуугаагүй. Залуухан эмэгтэй хүн байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Хойд суудалд сууж явсан нэг эмэгтэй нуруу өвдөөд тасрах гээд байна гэж хэлсэн юм. Тэр эмэгтэйг жолооч Ховд аймаг руу аваад явсан. Машины миллийг хараагүй. Зөөлөн явж байсан, 40 км цагийн хурдтай явж байсан байхаа. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Бат-Эрдэний 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:
3.5 /г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх, хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах,
12 Тээврийн хэрэгслийн хурд, 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх дүрмүүдийг зөрчсөн байна.
- Эд зүйлийн үнэлгээ
- Хохирлын тооцоо, хохирол төлсөн баримт
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
- Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Э.Батцоож нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг “Сэнжит хад” гэх газарт засмал зам дээр өөрийн эзэмшлийн 33-80УБЭ улсын дугаартай Honda insight маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралттай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах/, мөн дүрмийн 12.2-д /харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна/, дүрмийн 12.3-д /жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/-д заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган уг ослын улмаас зорчигч Н.Мөнхцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Мөнхцэцэгийн “...Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг Бодончийн хавцалд “Сэнжит хад" гэх газарт ирэхэд машин замын эргэдэг хэсэгт эргэж чадахгүй замаас гараад онхолдчихсон юм. Би тухайн үед ухаан алдсан байсан ба нэг айл дээр очсон байсан юм. Миний 1 нуруу хугарсан, сэртэнгийн 3 нурууны яс цуурсан байсан. Осол 21-22 цагийн орчимд болсон” гэх мэдүүлэг, гэрч Ш.Гансүхийн “...Бодончийн хавцал уруудаж яваад Сэнжит хад өнгөрөөд замын эргэлтэнд тооромз дарж эргэж чадахгүй замаас гарч машин унаад өнхөрөөд 4 хөл дээрээ зогссон юм” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 319 дугаартай дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Бат-Эрдэний 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Э.Батцоож нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Э.Батцоожийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Батцоожийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Мөнхцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогч нь эмчилгээний зардал 1548777 төгрөг нэхэмжилснээс 1178850 төгрөгийг төлсөн, бусад зардлын талаар нотлох баримтгүй байх тул энэ хэргийн улмаас учирсан гэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Батцоож нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Налгар овогт*******ы*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батцоожийг 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 /дөрвөн зуун жаран мянга /-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батцоожид оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Батцоож нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Батцоож нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Н.Мөнхцэцэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан гэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Батцоожид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ