Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 22

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ГН ХХК,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч,

Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Б.Бат-Эрдэнийн гаргасан 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 0086712 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч  Д.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ГН ХХК шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: ... Миний бие  Д.А нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт өөрийн ГН ХХК-ийн эзэмшлийн газар дээр үйлчилгээ явуулах зорилгоор хүмүүстэй хамтарч барилга барихаар шийдэж 2020 оны 5 дугаар сарын эхээр барьж эхэлсэн.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч   нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 0086712 дугаартай шийтгэлийн хуудсаар манай компанийг 5.000.000 төгрөгөөр торгосон байна.

Тухайн өдөр улсын байцаагч   нь намайг дуудаж ирүүлээд уулзсан ба танай барилга галын тухай хууль зөрчсөн байна гэсэн. Миний зүгээс тухайн шаардлагыг анх удаа тавьж байгаа учраас цаашид биелүүлье гэсэн үндэслэлээр цаасан дээр хууль зөрчсөн талаараа бичиж өг гэсний дагуу ийм дүрэм журамтай юм байх гэж бодоод бичиж өгтөл шийтгэлийн хуудас гарган 5.000.000 төгрөгөөр торгохоор болсон.

Манай компанийг ямар учраас торгож байгаа талаар тодорхой ойлголт өгөөгүй ба шийтгэлийн хуудсыг харахад Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэснээс өөр ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн талаар үндэслэл бүхий зүйл байгаагүй тул гарын үсэг зураагүй. Тухайн шийтгэлийн хуудсаар манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2.2 дах хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж үзэж 5000 нэгжээр торгосон.

Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно 2.2.барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, засварласан бол ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн нь дээрх шийтгэлийн хуудастай хуулийн үндэслэл болон бодит байдалтай таарахгүй байна.

1.Тухайн барилга албан ёсоор баригдаж дуусаагүй ба дөнгөж эхэлж байсан ба тухайн барилга баригдаж буй газар нь ГН ХХК-ийн нэр дээр байгаа болохоос биш барилга нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. Өөрөөр хэлбэл ямар хүний нэр дээр бүртгэлтэй эсэх, үйлчилгээ явуулах гэж байгаа этгээд нь хувь хүн эсхүл өөр хуулийн этгээд байх эсэхийг харгалзахгүйгээр шууд дээрх барилгыг ГН ХХК-ийн өмч гэж үзэж хуулийн этгээдээр торгож байгаа нь үндэслэлгүй юм.

2.Одоогоор манай барилга зогссон байгаа ба тухайн барилгыг ямар үйлчилгээний зориулалтаар ашиглах, төрийн байгууллагаас үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг өгөх эсэх нь эргэлзээтэй байсан тул холбогдох зөвшөөрөл авсны үндсэн дээр барилгаа цаашид үргэлжлүүлж галын аюулгүй байдалтай холбоотой цахилгаан болон, галын аюулгүй байдлын зураг төслийн талаарх ажлыг гүйцэтгэнэ гэж бодож байсан ба одоогоор тус барилга нь галын болон ямар нэгэн цахилгааны зүйлтэй огт холбогдоогүй байхад торгож байгаа нь үндэслэлгүй байна.

З.Онцгой байдлын газрын зүгээс өмнө нь нэг ч удаа ирж шаардлага тавьж хууль дүрмээ тайлбарлаж байгаагүй ба шууд ирээд огт бүрэн баригдаагүй, зөвшөөрлөө аваагүй, үйл ажиллагаа явуулаагүй, мөн барилгатай огт хамааралгүй хуулийн этгээдийг торгосон нь хууль бус үйлдэл гэж үзэн гомдол, нэхэмжлэл гаргаж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Б.Бат-Эрдэнийн гаргасан 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 0086712 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Гомдол гаргагч ГН ХХК-ийн захирал  Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолтой байгаа зүйл бол надад ямар нэг анхааруулга өгөхгүйгээр шууд торгосон. Мөн би дөнгөж бичиг баримтаа бүрдүүлж шинээр газрын гэрчилгээ авах гэж байсан юм. Дүүгээсээ тусламж хүсээд мөнгө өгсөн дээр нь гээд яараад байшингийнхаа суурийг тавьсан нь миний буруу. Гэхдээ би эхлээд зөвшөөрөл авдаг болохыг нь мэдээгүй юм. Мөн энэ барилга ГН ХХК аавын маань нэр дээр байхад л суурь нь боссон байсан барилга юм. Тиймээс би гэм буруугаа ойлгож байгаа тул хувь хүнээрээ торгуулах хүсэлтэй байгааг харгалзаж үзнэ үү. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг зөрчсөн гэдгийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрч байна. Харин үүн дээр 5,000,000 төгрөгөөр торгож байгаа нь хуульд нийцсэн асуудал мөн үү? Яагаад энэ зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, яагаад хуулийн этгээд үү? хувь хүн үү? гэдгийг судлалгүйгээр шийтгэлийн хуудас гаргаж байна вэ? Галын аюулгүй байдлын тухай хуульд иргэн, аж ахуй нэгж байгууллагын эрх, үүрийг зааж өгсөн байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд ГН ХХК эсхүл иргэн  Д.Ат ямар нэг шаардлага гаргаагүй, мэдэгдэх хуудас, албан бичиг өгөлгүйгээр шууд торгох ажиллагаа явагдсан байгаа. Процессын хувьд ямар нэг шаардлага, мэдэгдэх хуудас, албан бичиг өгч байж биелүүлэхгүй бол шийтгэлийн хуудас оногдуулдаг. Сая онцгой байдлын байцаагч би өөрөө ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зөрчил илрүүлсэн гэж ярьлаа. Гэтэл тийм биш шүү дээ. Энэ хүн өөрийн ажлыг хөөцөлдөж яваад л очиж уулзахад нь торгочихсон асуудал байна. Гал түймрийн улсын хяналтын дүрэмд хяналтын байцаагчийн үүрэг байгаа. Уг дүрмийн 2 дахь чиглэлийн дагуу хяналтын байцаагч нь ...илэрсэн зөрчлийг арилгах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй..., ...хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн илэрсэн зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд шийтгэл ногдуулна гэж байгаа. Энэ дүрмийн дагуу бол зөрчил арилгуулахаар шаардлага тавьж биелүүлээгүй бол арга хэмжээ авах ёстой байна. Тэгэхээр газрын эскиз зургийг компанийн нэрээр авсан ч хавтаст хэрэгт авагдсан баримтаар бол ГН ХХК барилгын ажил эхлүүлэх зураг төсөл ирүүлээгүй. Мөн барилга хот байгуулалтын газраас бичиг баримтын бүрдэл дутуу учир түр хойшлуулсан гэх албан бичиг ирсэн. Тэгэхээр эндээс ГН ХХК-н огт барилга барих зөвшөөрөл олгоогүй байхад иргэн  Д.А барилга барьчихсан хувь хүний үйлдэл байгаа юм. Харин барилга барих зөвшөөрөл олгосон байхад эскиз зургаа үзүүлэлгүй, онцгой байдлын байгууллагад хандаагүй байсан бол ГН ХХК-аар торгох үндэслэлтэй юм. Тэр байтугай газрын гэрчилгээний он, сар, өдөр нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гарсан байгаа. Өөрөөр хэлбэл шийтгэлийн хуудас гарснаас хойш ГН ХХК-ийн нэр дээр газар эзэмших гэрчилгээ гарсан байгаа. Албан ёсоор зөвшөөрөл гараагүй байхад барьсан асуудал бол хувь хүний л асуудал юм. Эрүүгийн журмаар Нэг компани алт ухах зөвшөөрөл хүсэхэд нь алт ухах зөвшөөрөл олгоогүй байхад нь алт ухчихвал хувь хүнээр хариуцлага тооцдог яг үүнтэй адил юм. Тэгэхээр хамгийн гол шалгах зүйл бол хуулийн этгээд үү? иргэн үү? гэдгийг л шалгах ёстой. Одоо энэ барилга орон сууц болох эсэх нь тогтоогдоогүй байгаа шүү дээ. Мөн захиргааны акт гарч байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох, мэдэгдэх ажиллагаа заавал явагдах ёстой. Захиргааны актын агуулгын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлд зааснаар маш тодорхой байх ёстой гэтэл шууд л торгосон байгаа болон иргэн зөрчлийн хэргийн хувьд хүртэл маргаантай байхад хялбаршуулсан байдлаар шийдвэрлэх нь буруу юм. Тиймээс өмгөөлөгчийн хувьд хувь хүнээр торгох бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна. гэв.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч   шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч   би 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ГН ХХК-ийн захирал  Д.Аын хүсэлтийн дагуу газар олгох тохирлын хуудсыг баталгаажуулж шалгах явцад тус аж ахуйн нэгж байгууллага нь Сүхбаатар сум 4 дүгээр баг 2 дугаар хэсэгт Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэгт заасан ...Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөх, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлах гэсэн заалтыг зөрчиж үйлчилгээний төвийн барилгын ажпыг эхлүүлсэн байсан.

Иймд ГН ХХК /РД:2000202/-ийн захирал  Д.Аыг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дуудаж тайлбар гаргуулж авсан тайлбарыг бичүүлэхээс өмнө www.legalinfo.mn сайтаар орж Галын аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг уншиж танилцуулсан. Мөн өөрт нь харуулж, уншуулж Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, засварлах гэснийг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтын дагуу ГН ХХК-ийн гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан 0086712 дугаартай шийтгэлийн хуудсыг бичиж захирал  Д.Ат өгсөн.

Захирал  Д.А нь эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурахгүй, яагаад гарын үсэг зурахгүй гэсэн тайлбарыг бичихгүй гэж амаар хэлсэн.

2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 40 минутад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг аймгийн хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяад хянуулж бүртгүүлсэн.2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ГН ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээсэн авсан.

Нэхэмжлэлд ...тухайн барилга албан ёсоор баригдаж дуусаагуй ба дөнгөж эхэлж байсан тухайн барилга баригдаж буй газар нь ГН ХХК-ийн нэр дээр байгаа болохоос биш барилга нь улсын бүртгэлд бүртгэгдээгуй байгаа. Өөрөөр хэлбэл ямар хүний нэр дээр бүртгэлтэй эсэх, үйлчилгээ явуулах гэж байгаа этгээд нь хувь хүн эсхүл өөр хуулийн этгээд байх эсэхийг харгалзахгуйгээр шууд дээрх барилгыг ГН ХХК-ийн өмч гэж үзэж хуулийн этгээдээр торгож байгаа нь үндэслэлгүй. Мөн барилгад огт хамааралгүй хуулийн этгээдийг торгосон нь хууль бус үйлдэл. Иймд 0086712 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү... гэсэн байна.

ГН ХХК-ийн захиалгаар үйлчилгээний төвийн барилга гэсэн загвар зураг, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, аймгийн Ерөнхий архитектураар батлагдсан байсныг Онцгой байдлын газарт 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр захирал  Д.А авчирч үзүүлсэн. Иймд хууль бус үйлдэл гэж үзэхгүй байна. Мөн 0086712 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг сонслоо. Тэгвэл өмгөөлөгчийн ярьж байгаагаар хуулийн этгээдээр торгуулах нэг ч хүн байхгүй болно. Мөн би бол улсын хяналтыг хэрэгжүүлж байгаа албан тушаалтан. Барилга, байгууламжийн галын аюулгүй байдал бол хүний амь настай холбоотой асуудал байдаг юм. Галын аюулгүй байдлын норм бол шуудхан хэлэхэд цусаар бичигдсэн зүйл учир хатуу чанд мөрдөх ёстой байгаа. Тиймээс хуульд зааснаар ажиллагаа явуулж шийтгэлийн хуудас бичигдсэн. Ямар нэг байдлаар нотлох баримт цуглуулах шаардлагагүй байх тул хуулийн этгээдээр торгож, хялбаршуулсан байдлаар шийдвэрлэсэн. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудаас гаргасан тайлбар, нотлох баримтуудыг үнэлээд эрх бүхий этгээдээс хууль, журамд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламжийн галын аюулгүйн байдлыг шалган, илэрсэн зөрчлийг арилгуулах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүргээ биелүүлээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар санал авч, сонсох ажиллагаа явуулаагүй шууд шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль бус гэсэн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч   нь Галын аюулгүй байдлын тухай хуульд заасныг зөрчиж, ажлын зураггүй, магадлал хийлгээгүй барилга байгууламжийг барьсан гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 0086712 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу ГН ХХК-ийг 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагчаас надад ямар нэг анхааруулга, мэдэгдэх хуудас, албан бичиг өгөлгүйгээр шууд торгох ажиллагаа явагдсан байгаа. Процессийн хувьд ямар нэг шаардлага, мэдэгдэх хуудас, албан бичиг өгснийг биелүүлэхгүй бол шийтгэлийн хуудас оногдуулдаг. Мөн шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа зөрчил гаргасан этгээд нь хувь хүн эсхүл хуулийн этгээд эсэхийг нягтлалгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулсанд гомдолтой байна гэж маргасан байна.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т барилга байгууламжийг шинээр барих...-даа эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлах, 18 дугаар зүйлийн 18.1-т ...барилга байгууламжийг шинээр барих...-д холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийг мөрдөнө. гэж тус тус заасныг гомдол гаргагч ГН ХХК зөрчсөн болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01/597 дугаар албан бичиг, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01/331 тоот албан бичиг, түүнд хавсаргасан баримт, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 31/212 тоот албан бичгүүдээр тус тус нотлогдож байна. Мөн шийтгэлийн хуудасд заасан зөрчил гаргасныг гомдол гаргагч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй.

Харин хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч   нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т үр нөлөөтэй байх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж тус тус заасан үйл ажиллагаандаа баримтлах тусгай зарчмыг зөрчиж, ГН ХХК-нд шийтгэлийн хуудас оногдуулжээ.

Тодруулбал, хариуцагч нь гомдол гаргагч ГН ХХК-ийн захирал  Д.Аын хүсэлтийн дагуу газар олгох тохирлын хуудсыг шалгах явцдаа зөрчил гаргасныг илрүүлж, шийтгэлийн хуудас оногдуулсан нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т барилга байгууламжийг барих, ашиглах явцад галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргахЗасгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 48 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Гал түймрийн улсын хяналтын дүрэм-ийн 3.2.1-д .... гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлж ажиллах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламжийн галын аюулгүйн байдлыг шалган, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх гэж тус тус заасан гал түймрийн хяналтын улсын байцаагчийн бүрэн эрх, үүрэгтэй нийцэхгүй байна.

Түүнчлэн хариуцагч шийтгэлийн хуудас оногдуулахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж тус тус заасан нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох ажиллагааг хариуцагч хийгээгүй, 28 дугаар зүйлийн 28.2-т заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа хариуцагч нотлох үүргээ биелүүлээгүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч ГН ХХК-ийн захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр ГН ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Б.Бат-Эрдэнийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 0086712 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, 4.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.2, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт\ заасныг тус тус баримтлан ГН ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Б.Бат-Эрдэнийн гаргасан 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 0086712 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч ГН ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг чөлөөлж, гомдол гаргагч ГН ХХК-нд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА