Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 008/2015/0003/З |
Дугаар | 221/МА2015/0273 |
Огноо | 2015-06-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2015/0273
Г.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Г.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Г.А-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/42 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэгж талбарын 2106014721 дугаар бүхий 784 м.кв газар, нэгж талбарын 2106014720 дугаар бүхий 596 м.кв газар, нэгж талбарын ***** дугаар бүхий 836 м.кв газрыг Г.А-ын эзэмшилд буцаан шилжүүлж, гэрчилгээ олгохыг Хэрлэн сумын Засаг даргад даалгаж, мөн дээрх газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиэ байсан учраас хамтран эзэмшигт нарыг тогтоолгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1296 дугаар албан бичгээр 2 дугаар багийн нутаг дэвсгэр дэх хуучин захын зүүн талын 596 м.кв, 784 м.кв, талбай бүхий газрын эзэмшилд хөдөлгөөн хийхгүй байх талаар мэдэгдсэн тул дээрх газарт шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, мөн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2-1383 дугаар албан бичгээр С.М-ын эзэмшлийн хуучин захын зүүн талд байрлах 596 м.кв талбай бүхий газрыг ЭМБЭТ ХХК-ийн захирал Б.Э-ын эзэмшилд шилжүүлэхээр хүсэлт ирсэн, одоогоор уг газрын асуудлыг шийдвэрлээгүй. С.М-ын эзэмшлийн 596 м.кв, 784 м.кв талбай бүхий газрууд нь Г.А-ын өмчлөлийн 70 м.кв, 36 м.кв өмчлөлийн барилгатай давхацсан нь үзлэг хийх явцад тогтоогдсон. Хэрлэн сумын шүүхийн 291 дүгээр шийдвэр нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний асуудлыг шийдвэрлэсэн С.М-ын хувьд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших газартаа эхнэр Г.А ыг оруулах хүсэлт гаргаагүй тул хамтран эзэмшигчээр тогтоох боломжгүй тул нэмэгдүүлсэн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Гуравдагч этгээд С.М шүүхэд гаргасан тайлбартаа: Г.А-ын нэхэмжилж буй газрууд нь анхнаасаа миний нэр дээр байсан, 2005-2007 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд зохих журмын дагуу авсан эзэмших газрын гэрчилгээтэй, хамтран эзэмшигчгүй газрууд байсан. Бид гэр бүл цуцалсан боловч, өмчлөлийн асуудал шийдэгдээгүй, 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 139А дугаар шийдвэрээр 70 м.кв, 35 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, 700 м.кв талбай бүхий газар буюу нийт 41.550.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.А ад шилжүүлсэн. Миний бие Улсын Дээд шүүхэд давж заалдсанаар 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 664 дугаар тогтоол гарсан ч Г.А нь иргэний үүргээ биелүүлээгүй учир би дахин газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн эх хувийг авахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхэд 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 291 дүгээр шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1299 дугаар захирамж гарсан. Энэ хугацааны хооронд Г.А нь 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А/254 дүгээр Хэрлэн сумын Засаг даргын захирамжийг гаргуулсан. Уг захирамж хууль бус байсан тул Засаг дарга 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүйд тооцож, эрх шилжүүлэн эзэмшүүлэх тухай А/42 дугаар захирамж гаргасан. Би өөрийн эрхийн дагуу Хэрлэн сумын Засаг даргын А/42 дугаар захирамжаар 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авсан гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримтлан Хэрлэн сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/42 дугаар захирамжийг хүчингүй болгож, мөн дээрх газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж, ашиглаж байсан учраас хамтран эзэмшигч нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дэх Хуучин захын зуун талын 836 м.кв, 596 м.кв, 784 м.кв талбай бүхий газруудыг Г.А-ын эзэмшилд буцаан шилжүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Хэрлэн сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд С.М давж заалдах гомдолдоо: ...Уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт буй Хэрлэн сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/42 дугаар захирамж дээр Газрын тухай хуулийн заалтыг баримтлаагүй байгаа нь Хэрлэн сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/254 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй, захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гараагүй байхад хууль зөрчиж шийдвэр гаргасан гэжээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3.1, 40 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг удирдлага болгон шийдвэр гаргасан.
Мөн Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.2, 89 дүгээр зүйлийн 89.1, 89.2, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх заалтуудыг орхигдуулсан гэж үзэж байна.
Дорнод аймгийн давж заалдах шатны шүүхийн 08 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр магадлалыг өөрийн хамтран өмчилж байсан, **** дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч Г.А ад гэрчилгээний хамт өгсөн гэдгийг уг шийдвэрт тусгаагүй нь миний иргэний эрхийг зөрчиж, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Иймд, Захиргааны хэргийн 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Г давж заалдах гомдолдоо: ... Хэрлэн сумын Засаг дарга анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 291 дүгээр шийдвэрийг үндэслэн шийдвэр гаргахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг зөрчөөгүй байна. Учир нь, шийдвэр, магадлалын үндэслэл болсон бөгөөд эцсийн шийдвэрт заасан ...үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээнүүдийг гаргуулж С.М-т олгох тухай заалт нь зөвхөн буруу бичигдсэн алдаа юм. Гэхдээ шийдвэрийн агуулга огт алдагдаагүй, уг газрууд нь зөвхөн эзэмших эзэмшилтэй гэдэг нь ойлгомжтой, энэ шийдвэр нь хүчин төгөлдөр шийдвэр, давах шатны магадлалаар батлагдсан. Мөн А/42 дугаар захирамж гарах болсон үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2/1383 дугаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/296 дугаар хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/148 дугаар шийдвэрүүд юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хэрлэн сумын Засаг даргад албан шийдвэр өгүүлсэн нь захирамж гарах үндэслэл болно. Г.А нь өөрийн өмчлөлийн барилгын газар, түүнд хамаарах орчны газрын талаар маргах эрхтэй бөгөөд энэ маргаан нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх асуудал юм. Хэрлэн сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 30-ны А/254 дүгээр захирамж нь Улсын Дээд шүүхийн 664 дүгээр тогтоолыг үндэслэж гарсан нь хууль бус байсан. Учир нь, дээрх тогтоолоор зөвхөн С.М , Г.А нарын үл хөдлөх хөрөнгийг хуваасан шийдвэр юм. С.М 2013 онд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...газар эзэмших гэрчилгээнүүдийг гаргуулах тухай шаардлагаа тодорхой гаргасан. Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчээс Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/42 дугаар захирамжийг хүчингүй болгож, 784 м.кв, 596 м.кв, 836 м.кв газрыг Г.А-ын эзэмшилд буцаан шилжүүлж, гэрчилгээ олгохыг Хэрлэн сумын Засаг даргад даалгаж, мөн дээрх газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж ашиглаж байсан учраас хамтран эзэмшигч нарыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 139А дугаар шийдвэр, Дорнод аймгийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр магадлалаар С.Мө , Н.А нарын гэрлэлтийг цуцалж, гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хувааж, улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн 70 м2 болон ****дугаарт бүртгэгдсэн 35 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Н.А-ын өмчлөлд шилжүүлснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 664 дүгээр тогтоолоор хэвээр үлдээжээ.
Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор 784 м.кв, 596 м.кв, 836 м.кв газрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид тооцож хуваагаагүйгээс гадна газар эзэмших эрхийг шилжүүлэн авах шаардлага гаргах, газар эзэмшихтэй холбоотой үүссэн маргааныг зохих байгууллагаар шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрхэд саад болохгүй талаар дурджээ.
Үүний дараа Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/254 дүгээр захирамжаар Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваасан шүүхийн шийдвэрээр Н.А-ын өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа болон орчны газар хэмээн үзэж тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Хуучин захын зүүн талын 836 м.кв, 596 м.кв, 784 м.кв талбай бүхий газруудын газар эзэмших эрхийг С.М-ын эзэмшлээс Г.А ад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлж, гэрээ байгуулж гэрчилгээ олгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иргэн С.М аас 836 м.кв, 596 м.кв, 784 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг Г.А аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 291 дүгээр шийдвэрээр хангаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг Г.А аас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тухайн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардсанаар хариуцагч албан тушаалтан шүүхийн шийдвэрээр зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахаар шийдвэрлэснийг анхааралгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргаж газар эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэж, Г.А-ын эрхийг хүчингүй болгож, С.М-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд нийцэхгүй.
Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүйгээс гадна Г.А , С.М нарыг хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг эрх бүхий этгээд шийдвэрлээгүй байхад дээрх шийдвэрийг гаргасан нь хуульд нийцэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангажээ.
Харин анхан шатны шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/42 дугаар захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг үүсгэсэн мөн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/254 дүгээр захирамжийн үйлчлэл сэргэхийг анхааралгүй нэхэмжлэгчийн газруудыг дахин буцаан шилжүүлсэн шийдвэр гаргаж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах тухай шаардлагыг хангасан нь буруу байна.
Үүнээс гадна газрын хамтран эзэмшигч нарыг тогтоолгох тухай шаардлага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны хэргийн шүүх харьяалан хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхад түүнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Зүй нь уг шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байжээ.
Иймд дээрх алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын мөн дээрх газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж, ашиглаж байсан учраас хамтран эзэмшигч нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг нэхэмжлэлийн шаардлагаас Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дэх Хуучин захын зуун талын 836 м.кв, 596 м.кв, 784 м.кв талбай бүхий газруудыг Г.А-ын эзэмшилд буцаан шилжүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Хэрлэн сумын Засаг даргад даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтыг баримтлан Газрын хамтран эзэмшигч нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР