Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00043

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний  өдрийн 903 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.С-т холбогдох 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 11,662,000 / арван нэгэн сая зургаан зуун жаран хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Д.С-т 10 сая төгрөгийг өгсөн. Д.С нь уг 10 сая төгрөгт бодож Цагаан-Үүр суманд манай компанийн барьж байгаа сургуулийн барилгын дээврийн мод бэлдэж өгнө гэсэн боловч өгөөгүй. Иймд Д.С-аас 10,000,000 төгрөг  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Б-ийн нөхөр Б.О-оос Норд бенз маркийн УНИ 12-12 улсын дугаартай автомашиныг 55 сая төгрөгт бодож авсан. Уг машины үнэнд палк, банз өгөхөөр тохирсон. Би машинд 11,369,000 төгрөгийн сэлбэг авч тавьсан. Мөн 13,600,000 төгрөгийн банз, палкыг О-н дүү О-д Улаанбаатар хотод оруулж хүлээлгэж өгсөн. Автомашиныг хот руу ачаа аваад орсон байхад нь банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавигдсан автомашин байгаа юм гээд манай хүүхдүүдээс тэр банк бус санхүүгийн байгууллагын хүмүүс ирээд аваад явсан. Би тухайн үед машиныг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсныг мэдээгүй. Би  Б.О-д банз, палк өгөөд дээр нь машинд нь 11,000,000 гаруй төгрөгийн мотор, холбогдох сэлбэгүүдийг авч тавьсан байгаа юм. Ингээд л би үндсэндээ 20,000,000 гаруй төгрөгөөр хохирчихоод байж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өгөхгүй, харин ч сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

Хариуцагч Д.С-сөрөг нэхэмжлэлдээ: Би Б.Б, Б.О нараас Норд бенз маркийн автомашиныг 55,000,000 төгрөгт бодож худалдаж авсан. Аваад уг машинд 11,739,000 төгрөгийн засвар, сэлбэг авч тавьсан, мод аваачиж өгсөн мөнгө 6,755,000, 3 см-ийн банз 185 ширхэг 488,000 төгрөг, 8 метрийн дүнз 6 ширхэг 180,000 төгрөг, хотоос цемент, хөөс ачиж ирсний зардал 2,500,000 төгрөг болсон.

... Би Б.Б-аас 10,000,000 төгрөг авсан нь үнэн уг баригдаж буй барилгын дээврийн банз, палкыг ачиж өгөхөөр тохиролцсон байсан. Гэтэл гэнэт мөнгө нэхээд шүүхэд хандаж байгаад гомдож иргэн намайг хохироочихоод ингэж мушгисан хариу тайлбар ирүүлээд байгаа тул би 21,662,000 төгрөг нэхэмжлэхээс Б.Б-д өгөх 10,000,000 төгрөгийг хасаад нийт 11,662,000 төгрөг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Дээр дурдсан 6,7 сая төгрөгийн палкыг манай ачааны машиныг ашигласны түрээсийн төлбөр гэж амаар харилцан тохиролцож Улаанбаатар хотод бидэнд оруулж ирж өгсөн. Мөн өөрөө анх 11 сая төгрөгийн банз, палк аваачиж өгсөн гэж тайлбартаа ирүүлсэн байтлаа баримт нь гэрчээр нотлогдмогц 6,7 сая төгрөгийн банз, палк өгсөн гэж сөрөг нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрч барин тавин худлаа ярьж мөнгөн дүн нь байнга өөрчлөгдөж байна. ... Сайнбаярын шүүхэд хандан гаргасан сөрөг нэхэмжлэл гэж байгаа зүйл нь ямар ч үндэслэлгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 903 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4-т зааснаар хариуцагч Д.С-аас 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч Д.С-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,125 төгрөг, хариуцагч Д.С-ын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 201,542 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 84,825 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Д.С-аас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц давж заалдах гомдолдоо: ...анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь: Д.С- нь шүүх хуралдаанд “миний бие Б.Б-аас 10,000,000 төгрөг, мөн Б.Б болон түүний нөхөр Б.О-оос Норд бенз маркийн авто машиныг 55,000,000 төгрөгт бодож авсан нь үнэн. Ингээд машинд 11,739,000 төгрөгийн завсар үйлчилгээ хийсэн. Гэтэл дээрх Норд бенз маркийн авто машин нь банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байсан байхад надад зарсан нь тогтоогдож банк бус санхүүгийн байгууллага уг машиныг надаас хураан авсан. Би Б.Б болон түүний нөхөрт 6,755,000 төгрөгийг бэлнээр, 3 сантиметрийн 185 ширхэг банз, 8 метрийн урттай 6 ширхэг дүнзийг тус тус өгсөн байсан. Мөн Улаанбаатар хотоос цемент, хөөс зэргийг өөрийн зардлаар ачиж Б.Б-д авч ирж өгсөн. Түүний зардал нийт 2,500,000 төгрөг болсон байдаг. Энэ бүх байдлаас болж би нийтдээ 21,662,000 төгрөгөөр хохирч үлдсэн. Б.Б, Б.О нараас авах ёстой 21,662,000 төгрөгөөс Б.Б-д өгөх 10,000,000 төгрөгийг хасч үлдэх мөнгө болох 11,662,000 төгрөгийг Б.Б-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргасан. Иймд миний бие Б.Б-д өгөх ёстой 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж үзэж байна” гэх тайлбарыг гаргасан. Харин нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч нь Д.С-аас бэлэн мөнгө 6,755,000 төгрөг авсан. Мөн Улаанбаатар хотоос цемент, хөөс ачиж ирсний зардалд 2,500,000 төгрөг гарсан талаар маргаагүй бөгөөд 6,755,000 төгрөгийг Норд бенз маркийн авто машиныг ашигласны түрээсийн төлбөрт суутгаж авна, хотоос цемент, хөөс ачиж ирсний зардалд 2,500,000 төгрөгт бодож түлш өгч тооцоо дууссан гэж тайлбарласан хэдий ч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, татгалзлаа баримтаар нотолж чадаагүй. Дээрх зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбарууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Үүнээс дүгнэхэд Д.С нь нэхэмжлэгчид хотоос цемент, хөөс ачиж авч ирж өгсөн зардалд 2,500,000 төгрөг, бэлэн мөнгө 6,755,000 төгрөг, нийт 9,255,000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргийг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

... Иймд хэргийг хянан хэлэлцэж үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б нь зээл 10,000,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Д.С нь худалдан авсан автомашинд засвар хийсэн, банз, дүнз нийлүүлсний үнэ 11,662,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл  гаргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.С нар нь зээлийн гэрээг амаар байгуулж, нэхэмжлэгч 10,000,000 төгрөг шилжүүлсэн нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн  нь үндэслэлтэй.

Хариуцагч  сөрөг нэхэмжлэлдээ хариуцагчаар Б.Б-г дурдсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  Б.О хариуцагчаар оролцоогүй, Норд бенз маркийн автомашин  худалдах худалдан авах гэрээг  Б.О байгуулсан нь хариуцагчийн тайлбар /хх-ийн 15-р хуудас/, нэхэмжлэгчийн тайлбар /хх-ийн 19-20-р хуудас/-аар тогтоогдож байх ба хариуцагч Д.С Б.О байгуулсан гэрээнээс үүссэн үр дагаврыг нэхэмжлэгч Б.Б-д хариуцуулах боломжгүй учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Автомашин худалдах худалдан авах гэрээнээс үүссэн маргаантай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх хариуцагч Д.С-т нээлттэйг дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний  өдрийн 903 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950  /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНБАТ

                        ШҮҮГЧИД                                   Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                             Б.СОСОРБАРАМ