Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1999

 

2020.12.04

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.С,

улсын яллагч С.М,

орчуулагч Б.Б,

шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 00793 0275 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн М.С,  0000 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Оросын холбооны улсын Буриад улсын Улаан-Үдэ хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уран барималчин мэргэжилтэй, ам бүл 1, Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр байрны 00 тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, гадаад паспортын дугаар:

Шүүгдэгч М.С нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 6 кг 480 грамм “өвс”, нийт 3 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ART MONGOLIA” урлангийн нийтийн байрандаа хадгалсан, улмаар бэлтгэсэн 0.0762 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.Билгүүнд өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг  шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Монгол улсад сургуульд суралцаж байх үед эцэг маань өвдсөн учраас намайг дуудсан. Би эцэгтээ туслахаар Оросын Холбооны Улс руу буцсан. Миний эцэг 2 удаа цус харвасан. Эцэг минь намайг дипломын ажлаа хийх учраас Монгол улс руу буц гэсэн. Дипломын ажлаа хийж дуусгаад буцаад ир гэж хэлсэн. Энэ хэрэгт дурдагдаад байгаа Билгүүн намайг онгоцны буудлаас тосож аваад манай гэр рүү биш миний ажлын байр руу явсан. Учир нь би хөл нь хугархай золбин нохойг өрөвдөөд ажлын байрныхаа гадаа байлгадаг байсан. Нэлээд олон хоног Оросын Холбооны Улсад байж байгаад ирсэн учраас нохойгоо өлсөж байгаа болов уу гээд эргэхээр Билгүүнтэй хамт очсон. Тэгээд ажлын байр руугаа ороход цэвэрлээд явсан өрөө маань бүх зүйл нь эмх замбараагүй бохир болсон байсан. Дээрээс нь архины шил болон маш олон бохир зүйлс байсан. Тэнд байсан зүйлийг Билгүүн авсан гэж бодож байна. Яагаад гэхээр миний шээснээс надад байхгүй 5, 6 төрлийн хар тамхи түүнээс илэрсэн гэсэн, энэ одоо ингэж гоё болгодог, надад Орос найз зааж өгсөн гээд байгаа нь сонин санагдаж байна. Билгүүн нь дуучин, урлагийн реппер гэсэн. Би тухайн хууль бус зүйлсийг өөрийнхөө ажлын газар байсныг харсан. Энэ нь хууль бус гэдгийг гадарлаж байсан. Би тухайн хууль бус зүйлийг байгаа гэдгийг цагдаа болон холбогдох байгууллагад мэдэгдээгүй дээ буруутайгаа ойлгож байна. Би юунд харамсаж байна вэ гэхээр хүмүүсийг сайн мэдэхгүй байж дотносож, найзалж нөхөрлөсөндөө харамсаж байна. Би өөрийгөө буруугүй гэж 1 жил гаруй хугацаанд мэтгэлцэж байна. Монгол Улсын хууль шүүхийн өмнө буруугүй гэж мэтгэлцсэн боловч хэргийг дахин шалгах шаардлагагүй гэж дээд шатны шүүхүүд шийдвэрлэсэн тул би дахин шалгуулах хүсэлт гаргаад нэмэр байхгүй. Тийм учраас би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрээд байна. Үүнийг та бүхан ойлгож хүлээн авна уу. Би тухайн хууль бус зүйлийг хэн миний ажлын газар авч ирсэн, хаанаас олсныг нь мэдэхийг хүсэж байсан. Яг одоогийн байдлаар зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би та бүгдээс уучлалт хүсэж байна. Би өнөөдөр Оросын Холбооны Улсад суугаа эцэг рүүгээ утсаар ярихад миний аавын нэг эгч нас барсан, өөр нэг эгч минь “Ковид-19” вирусээр өвчилсөн байна. Миний эцэг намайг ганцаараа хүлээж байгаа. Би шүүхээс үнэхээр хүсэж байгаа зүйл бол намайг Оросын Холбооны Улс руу буцах боломж олгож өгнө үү. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө тэр мансууруулах бодисыг олж авсан зүйлгүй харин миний урлангийн байранд байсан нь хорих байгууллагад ял эдлэх хэмжээний хүнд гэмт хэрэг гэж бодохгүй байна. Монгол Улсын хууль хяналтын бүх байгууллагаас уучлалт хүсэж байна. Мөн өөрийн өмгөөлөгч, эрхэм проукрор, шүүгч нараас дахин уучлалт гуйж байгааг миний хүлээн авна уу” гэв.

Гэрч А.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Билгүүн шавар гэх зүйл гаргаж ирээд манай орос найз хэрэглэж үзээрэй гэж хэлээд өгсөн юм. Аз жаргалтай болгодог, өөрийн эрхгүй инээлгэдэг гэж хэлээд өөрөө хэрэглэхээр нь би сонирхоод бас ганц хоёр сорчихсон юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-79/,

Гэрч Д.Адъяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цагдаа нар ирээд Сергейг баривчилж авч явсан. Тэр үед нь мансууруулах бодис хадгалж байсныг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 78-79/,

Яллагдагч М.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би прокурор С.Мөнхгэрэлийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол болон “яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолуудтай сонсож танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө надад сонсгосон ялаас түүсэн, бэлтгэсэн гэх үйлдлийг хассан гэдгийг ойлголоо. Тиймээс би уг яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хэдий уг өвс миний биш боловч тухайн үед хууль сахиулах байгууллагад хандаагүй явдал нь харамсалтай зүйл болсон байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 28-29/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №5521 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Сергей 2019.09.30” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “Сергей 2019.09.30” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илэрч байна.
  3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. гэх дүгнэлт /1хх-ийн 83/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №5517 шинжээчийн дүгнэлт:

  1. Шинжилгээнд “Буянжаргалын Билгүүн” гэж хаягласан 50 мл орчим шээсийг хуванцар саванд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд “Буянжаргалын Билгүүн” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол, метамфетамин илэрсэн.
  3. Тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.
  4. Метамфетамин нь 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. гэх дүгнэлт /1хх-ийн 109/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №5512 шинжээчийн дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн NJ 4007217 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 2 гэж дугаарласан шавар мэт зүйд нь 0.0762 грамм, зиплок түгжээтэй жижиг гялгар уут нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон, тарианы усны шилний толгой мэт зүйл нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан ба шилжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан шавар мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн.
  3. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.
  4. Шинжилгээнд ирүүлсэн NJ 4007217 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, зиплок түгжээтэй жижиг гялгар уут, тарианы усны шилний толгой мэт зүйлд метамфетамин илэрсэн.
  5. Метамфетамины нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. гэх дүгнэлт /1хх-ийн 112/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. М.С нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. М.С нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  3. М.С нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. М.С сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. М.С нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
  6. М.С нь мансууруулах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
  • Монгол Улсад эмчлэгдэх боломжтой.
  • СЭМҮТ-д эмчлэгдэх боломжтой.
  1. М.С нь сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. гэх дүгнэлт /2хх-ийн 98/,

ШШҮХ-ийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5522 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 87-90/,

            “...үзлэг хийж буй газар нь БЗД-ийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан хаан ХХК-ийн “Art Mongolia” урлан байх ба...3 ширхэг гялгар торонд тусгайлан савласан ногоон өнгийн ургамал мэт зүйл байлаа...” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 7-29/,

            “...тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн...” гэх хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 46-47, 54-55/,

            “...уутанд багласан шавар мэт зүйлийг стандарт бус жин дээр жинлэн үзэхэд 0.0783 граммыг заасныг тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 56-61/,

Хэргийн газарт үзлэг хийж хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 30-38/, Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 25а/11286 дугаартай албан бичиг /1хх-ийн 143/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 64-75, 74, 75, 205/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-ийн 82-83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 122/, лавлагааны хариу /1хх-ийн 145/, хувийн мэдээллийн талаарх мэдээлэл /1хх-ийн 150-151, 159/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч М.С нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 6 кг 480 грамм “өвс”, нийт 3 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ART MONGOLIA” урлангийн нийтийн байрандаа хадгалсан, улмаар бэлтгэсэн 0.0762 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.Билгүүнд өгсөн болох нь

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5521, 5522 дугаартай дүгнэлтүүд болон 2019 оны  10 дугаар сарын 04-ний өдрийн 5517, 5512 дугаартай дүгнэлтүүд, Хүний биед үзлэг хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл болон шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Сийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бэлтгэсэн, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Сит эрүүгийн хариуцлага оногдуулахад хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, түүний үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, мансуурах дон, мансууруулах бодисын хамааралгүй талаарх шинжээчийн дүгнэлт, хувийн байдал буюу түүний хийсэн уран бүтээл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтанд дурьдсан Б.Билгүүний биед хийсэн үзлэгээр хураан авч 1 гэж дугаарласан АТ4233713 серийн дугаартай хуйлсан тавьтын мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, Б.Билгүүний унаж явсан автомашинд хийсэн үзлэгээр хураан авч 2 гэж дугаарласан 0.0762 грамм жинтэй шавар мэт зүйл, 3 гэж дугаарласан N34007217 серийн дугаартай хуйлсан зуутын дэвсгэрт, зиплок түгжээтэй жижиг уут тарианы усны шилний толгой зэргийг тусгаарласан хэрэгт шийдвэрлэсэн тул эд мөрийн баримтаас хасуулах санал гаргасаныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Сийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бэлтгэсэн, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Ст хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жилийн дотор зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1-1 гэж дугаарласан 0.220 грамм жинтэй шар өнгийн гялгар тортой ногоон өнгийн ургамал мэт зүйл,

  • 1-2 гэж дугаарласан 3.535 грамм жинтэй, хар өнгийн гялгар тортой ногоон өнгийн ургамал мэт зүйл,
  • 1-3 гэж дугаарласан Номин гэсэн бичиглэл бүхий гялгар тортой 0.180 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл,
  • 1-3-1 гэж дугаарласан 0.275 грамм жинтэй ургамал мэт зүйл,
  • 0.5 литрийн цэвэр усны хоосон лав,
  • 1-3-2а гэж дугаарласан 0.065 грамм цэнхэр өнгийн гялгар ууттай, ногоон өнгийн ургамал мэт зүйл,
  • 2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай, 0.530 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл,
  • 2-1 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар тортой, 0.075 грамм ургамал мэт зүйл,
  • 3 гэж дугаарласан 0.675 грамм жинтэй, шар өнгийн гялгар тортой ургамал мэт зүйл,
  • 4 гэж дугаарласан 0.205 грамм жинтэй, цаасан тортой ургамал мэт зүйл,
  • 5 гэж дугаарласан 0.085 грамм жинтэй, цэнхэр өнгийн гялгар тортой ургамал мэт зүйл,
  • 6 гэж дугаарласан Магвого гэсэн бичиглэл бүхий цаасан хайрцагтай 0.020 грамм жинтэй, ургамал мэт зүйл,
  • 7 гэж дугаарласан 0.8 грамм жинтэй, шавар мэт зүйл,
  • 8 гэж дугаарласан 1 грамм жинтэй, шавар мэт зүйл
  • 9 гэж дугаарласан парламент гэсэн тамхины хайрцагтай 1.3 грамм жинтэй, баримлын шавар мэт зүйл, бор өнгийн цаасны хамт 2.3 грамм жинтэй, Каннабис ургамлын тоос гэх зүйл,
  • Зеро Кола гэсэн бичиглэлтэй ундааны савны хамт 0.240 грамм жинтэй, хар  ногоон өнгийн ургамал мэт зүйл, мөн газан плитканы ирмэгт наалдсан Каннабис ургамлын үртэс мэт зүйлтэй, цэнхэр өнгийн гялгар торонд хийсэн ногоон өнгийн ургамлын шүүсний толбо мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуу, хэрэглээгүй ахуйн хэрэглээний 2 ширхэг газ, 5 литрийн цэвэр усны саванд хийсэн спирт,

“Замын урд хэсгээс тасдаж авсан” гэж хаягласан 9 грамм жинтэй ургамал мэт зүйл, замын хойд хэсгээс хураан авсан гэж хаягласан 140 грамм ургамлын иш мэт зүйл зэрэг зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.С нь урьд 60 /жар/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. М.С-д урьд авсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн тус шүүхийн 343ө дугаартай Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР