| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0567/Э |
| Дугаар | 2017/ ШЦТ/530 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2017/ ШЦТ/530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ууганзаяа, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ю.Т /¹ 1149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөх овогт Д.Х-д холбогдох 000000000 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 ах, эгч, дүү нарын хамт, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 /нэг зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Бөх овогтой Д.Х,
. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч Д.Х нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зургаан” буудлын орчим хохирогч О.Эын өмсөж явсан цувны зүүн халааснаас түүний эзэмшлийн “Самсунг прайм” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч О.Эад нийт 400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Эын мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 5 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн орчимд 7-н буудлаас 6-н буудал руу явах зам дагуу хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд явж байсан юм. ..6-н буудлын гүүрэн дээр явж байх үед миний хажуу талаас нэг машин сигналдсан. Тэгээд цочоод хажуу тийшээ харахад миний ард намхан нуруутай шар царайтай залуу их ойрхон зогсож байсан. ..хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд өмсөж байсан цувныхаа зүүн халаасыг үзэхэд миний “Самсунг прайм” маркийн гар утас байхгүй болсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13х/, гэрч М.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...миний машины хойно сууж байсан Д.Х машинаас буусан. Тэгтэл урд сууж байсан залуу миний машины сигналыг дарснаа урагшаа очоод зогсчих гэсэн. Энэ үед Х нэг хүүхэд тэвэрсэн эмэгтэйг дагаж яваад гудамж эргээд орсон. Удалгүй Х эргээд хүрч ирээд явъя гээд зам дээр буцаж эргээд чингэлтэй рүү өгсөн. Тэгээд нийт 6 км болсон таксиний мөнгө 5000 төгрөг авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/, Эд зүйлийн үнэлгээ "...Самсунг райм загварын гар утас 400.000 төгрөг" /хх-ийн 22х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч Д.Хыг шунахай сэдэлтээр амар, хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирогч О.Э нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох нийт 400.000 төгрөг хүлээн авсан, “гомдол, саналгүй” гэх хүсэлт хавтас хэрэгт баримтаар авагдсан /хх-ийн 49х/ байх тул шүүгдэгч Д.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. Шүүгдэгч Д.Хад ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хор уршгийн шинж чанар, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан, согтуугар гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлуудыг нь нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнсэнгийн хугацаанд нь хэд хэдэн үүрэг хүлээлгэх, эрх хязгааралх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч Бөх овогт Д.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналтандаа байлгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхийн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудад зааснаар Д.Хыг 2 жилийн тэнсэнгийн хугацаандаа зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай. 4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ