| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2018/00027 |
| Дугаар | 154/ШТ2018/00029 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 21.10.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 154/ШТ2018/00029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Нарийн бичгийн дарга Б.Батзул
Хохирогч Г.Одгэрэл
Хууль ёсны төлөөлөгч О.Доржпалам, Б.Батзаяа, Ж.Цэцэгсүрэн
Иргэний нэхэмжлэгч Б.Уранцэцэг, Ш.Отгонбаяр
Иргэний хариуцагч Л.Нямжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Зулынхан овогт Баастын Цогтоод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000130024 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Үенч суманд 1964 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багт оршин суух, Зулынхан овогт Баастын Цогтоо, / РД: ПБ64112618 /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Цогтоо нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” дүрмийн 9.1-т “жолооч замын хөдөлгөөний нөхцөл байдал хөдөлгөөний эрчим, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан энэ дүрэмд зааснаас хэтрүүлэхгүйгээр тээврийн хэрэгсэлийн хурдыг тохируулж явна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчиж Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт орших Ямаан ус гэх газарт 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 36-88 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж Г.Одгэрэл, Д.Булганжаргал нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Цогтоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр сургуулийн захирал Л.Нямжаргал манай сургуулийн пургон бариад олимпиадны хүүхдүүд аваад яв замд манай сургуулийн жолооч Ш.Уламбаяртай автомашинаа солиод буцаад ир гэж хэлсэн тэгээд би 13 цагийн үед 41-27 ХОҮ улсын дугаартай, саарал өнгийн пургон маркийн автомашин бариад 11 хүүхэд 2 багшийн хамт суулгаад Ховд аймгийн төв орсон замд автомашин ирж байгаа таарах ёстой гэсэн таараагүй. Ховд аймаг ороход Номингийн үүдэн дээр 36-88 ХОҮ улсын дугаартай эстима маркийн автомашинд хүмүүсээ суулгачихсан бэлэн байсан. Би жолооч Уламбаяртай автомашинаа сольж унаад 7-10 дугаар ангийн 8 хүүхэд 3 багшийн хамт 12-лаа гарч байхад араас автомашинтай Энхцогт багш 3 хүүхдийн хамт ирсэн тэгээд 11 хүүхэд 4 багш бид 16-лаа 21 цаг 30 минутын үед Алтай сумын Ямаан усны ам гэх газар өнгөрөөд явж байхад автомашин зүүн тал руугаа руль булаагаад баруун гар тийш дарахад машин тэнцвэр алдаад замын зүүн тал руу унасан. Машинаас гараад ирэхэд 1 багш 3 хүүхэд гэмтсэн бусад нь гайгүй хөнгөн гэмтэлтэй байсан” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Булганжаргалын хууль ёсны төлөөлөгч О.Доржпалам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хүү Булганжаргалд 1500000 мянган төгрөгний хохирол учирсан Б.Цогтоо 300000 мянган төгрөг төлсөн, сургуулиас багш сурагчидийн хандив болох 500000 мянган төгрөг төлсөн нийт 800000 мянган төгрөгний хохирол төлөгдсөн байгаа. Дахиж эмчлүүлэх шаардлагатай. Гэмтэл учирснаас хойш сургуульдаа яваагүй. Үлдэгдэл мөнгийг нь төлөх юм бол цаашид нэхэмжлэх төлбөр байхгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогч Ануужингийн хууль ёсны төлөөлөгч Б.Батзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед миний охин Ануужин Ховд аймаг яваад шинжилгээ өгөөд эм тариа авч хэргэлсэн, Ануужинд хөнгөн зэргийн гэмтэл учирсан, чимээ шуугиантай орчинд удаан хугацаагаар байж чадахгүй, 30 минут хүртэл хугацаагаар зогсоогоороо байж чадахгүй гэсэн зовиуртай байгаа. Тухайн үед Цогтоо ах боломжоороо 150000 мянган төгрөг хийсэн. Цаашид нэхэмжлэлийн үлдэгдэл болох мөнгөө гаргуулах саналтай байна. Мөн цаашид гарах хохирлыг нэхэмжлэх боломжоор хангаж өгнө үү. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогч Хулангийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цэцэгсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай охинд тархи доргилттой, мөр гар нь гэмтсэн байгаа. Ховдод эмчилгээ хийлгэж байгаад ирсэн боловч сайн болохгүй байгаа. ЭЕШ-ийн шалгалт өгсний дараа гарч ирээд ухаан алдаж унасан. Ослын улмаас ЭЕШ-ийнхээ шалгалтыг тааруу өгсөн. Нэхэмжлэлдээ 300000 мянган төгрөг нэхэмжилсэн байгаа үүнээс 150000 төгрөгийг Цогтоо ах төлсөн. Цаашид нэхэмжлэлийн үлдэгдэл болох мөнгөө гаргуулах саналтай байна. Тэгээд цаашид гарах хохиролыг нэхэмжлэх боломжоор хангаж өгнө үү гэв.
Хохирогч Г.Одгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний биед толгой доргилттой, нүүрний хэсэгт 2 оёдол тавиулсан, хамар муруйлттай, зулгаралт, цус хуралт, бусад шарх, нурууний хугаралын улмаас нуруу хэсгээр их өвддөг өвчин намдаах эм байнга ууж байгаа. Цаашид эмчилгээ хотод хийлгэх шаардлагатай гэсэн. Цогтоо ах 300,000 мянган төгрөг надад төлсөн. Сургуулиас 2 сарын хугацааны цалин 435000 төгрөг төлсөн. Нийт 735000 төгрөгний хохирол төлөгдсөн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардалыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээнэ үү гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Уранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ослын улмаас тархи доргилт зүрхний ховддол шархадсан байгаа бид нарт түргэн шуурхай тусламж үзүүлсний улмаас 2 багш сурагчидтайгаа эмнэлэгийн тусламж шуурхай авсан тэгээд хохирлоо барагдуулсан. Би машин дотор сууж явсан хөнгөн гэмтэл гэж гарсан эмчилгээний зардал 500,000 төгрөг гарсан. Одоо надад гомдол санал байхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч Ш.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ХоҮ 3588 стимо маркийн машин сумын иргэдийн хурлын ажлын албаны машин аваад явсан сургуулийн захирал утсаар яриад танаах машинаа өгөөч гээд гуйгаад авсан манайх 3 хүүхэд 5 багш явах гэсэн пургон бинзен их зарцуулдаг учраас болохгүй байна танаах албаны машинаа өгөөч гэж хэлсэн найдвартай жолооч явуулаарай гэж хэлээд өгсөн. Ийм юм болно гэж мэдээгүй энэ машин сумын иргэдийн хурлын албаны машин учраас төлүүлэх саналтай байна машин төлөөд өгчихвөл өөр гомдол санал байхгүй” гэв.
Иргэний хариуцагч Л.Нямжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 03 сарын 23 наас 04 сарын 09 дотор манай багш нар аймаг руу олимдиадад явах болсон өмнөх захирлууд 2 машин явуулаад тэнд нь байрлуулаад 6 хонуулаад авдаг байсан багш нарын зүгээс очоод байрлах айл байхгүй хоол ундны асуудал байгаа учраас очоод олимпиадаа өгөөд буцаад гарахаар унаа гаргаж өгөөч гэж багш нар санал тавьсан сургуулийн зүгээс 5 унаа гаргаж өгсөн. Өмнө нь пургон машин хүмүүс аваад явчихсан байсан маргааш нь олимпиадтай 9 хүн унаа хайгаад олдохгүй байсан учраас би иргэдийн хурлын даргад хандаад машиныг нь гуйгаад манай сургууль 2 жолоочтой нэг нь байрны багшийг хавсарч хийдэг үндсэн жолооч аймагт байсан учраас би нөгөө жолоочоо явуулсан өглөө энэ жолооч надаас 09 цагт бинзений бичиг аваад явсан манайхаас багш нар энэ машинд явсан багш нартаа хохирол гаргаж эхний ээлжинд өгсөн байгаа сургуулийнхаа дотоод журмын дагуу заримд нь цалинтай чөлөө өгсөн байгаа энэ хүмүүст сургуулийнхаа дотоод нөөц боломжноос энэ хүмүүсийн хохирлыг барагдуулна гэв.
Хохирогч Г.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгаас Үенч сум руу 21 цаг 40 минутын үед олимпиаданд оролцсон сурагчдыг 36- 88 ХОА улсын дугаартай эстима маркийн тээврийн хэрэгсэлтэй Цогтоо жолоочтой багш сурагчид нийлсэн 16 хүн явсан. Жолооч 120 км цагийн хурдтай явахад хурдаа багасгах талаар ярьсан боловч хурдтай яваад байсан. Алтай сум өнгөрөөд 10 км явж байхад машин замаасаа гарч шороо нь хэсэгт гарчихаар Цогтоо ахаа болохоо байлаа гэхэд баруун тал руугаа дарсанаа огцом зүүн тийш дарахад замын хажуу тал руу уначихсан.Толгойндоо 4 оёдол, чихний хэсэгт 2 оёдол. нуруундаа гэмтэл авч нүүр хэсэгт шалбарсан.Надад 700.000 төгрөгний хохирол учирсан. Би одоо хүртэл алхаж гишгэж чадахгүй байгаа би гомдолтой байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Булганжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 29-ний орой олимпиаданд оролцчихоод Үенч сум руу явж байгаад унтчихсан байсан, сэртэл миний баруун хөл хөдлөхгүй ямар ч мэдээгүй болчихсон байсан.Машинаас яаж бууснаа ч мэдээгүй нэг мэдэхэд гадаа хэвтэж байсан.Удалгүй цагдаа нар ирээд эмнэлэгт хүргэсэн. Миний баруун хөл дунд чөмөгөөрөө хугарсан, толгой өвдөж байгаад эмчилгээний үр дүнд гайгүй болсон. Эмчилгээнд 1.500.000 төгрөгний хохирол учирсан.Цаашид эмнэлгээр явахад мөнгө төгрөг шаардлагатай болох байх” гэх мэдүүлэг
Насанд хүрээгүй гэрч Б.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрөөс 29-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдсан олимпиаданд оролцоод 2018 оны 03 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед Ховд аймгаас эстима маркийн тээврийн хэрэгсэлтэй Үенч сумын чиглэлд Энхболд, Одгэрэл, Уранчимэг, Энхцогт багш нар болон сурагч Булганжаргал, Хулан, Энхзаяа, А.Ануужин, О.Ануужин, Батжаргал, Санчир, Отгонхишиг, Одгэрэл багшийн хүүхэд жолооч Цогтоо ах нарын хамт явсан. Замд унтаад явж байтал нэг мэдэхэд миний сууж явсан тээврийн хэрэгсэл явж байсан чиглэлийнхээ дагуу засмал замын зүүн тал руу уначихсан би тухайн үед тээврийн хэрэгсэлээс яаж гарсанаа мэдэхгүй байна. Миний толгой хагарсаны улмаас нэг оёдол тавиулсан.Надад гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг
Насанд хүрээгүй гэрч Э.Ануужингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2018 оны 03 дугаар сарын 23- ны өдөр Ховд аймгаас эстима тээврийн хэрэгсэлтэй Үенч сумын чиглэлд Энхболд, Одгэрэл, Уранчимэг, Энхцогт багш нар болон сурагч Булганжаргал, Хулан, Энхзаяа, А.Ануужин, О.Ануужин, Батжаргал, Санчир, Отгонхишиг, Одгэрэл багшийн хүүхэд жолооч Цогтоо ах нарын хамт явсан. Замд унтаад явж байтал тас хийх чимээ гарахаар сэрээд хартал миний сууж явсан тээврийн хэрэгсэл хажуу талаараа унчихсан байхаар арын хагарсан цонхоор гарсан тэгтэл 04 цаг болж байсан. Миний толгой өвдөж байна.Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг
Насанд хүрээгүй гэрч Н.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар боловсрол соёлын газраас зохион байгуулсан олимпиаданд оролцоод буцаж явахдаа аваарт орсон юм. Бид нар жолооч ороод нийт 16 хүн явсан. Миний толгой хагарсаны улмаас 3 газарт оёдол тавиулсан. Мөн миний хоёр гар зулгарсан байсан...” гэх мэдүүлэг
Гэрч Г.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 29-ний едөр Ховд аймагт зохион байгуулагдсан олимпиаданд оролцчихоод багш сурагчдын хамтаар Эстима маркийн тээврийн хэрэгсэлээр Цогтоо жолоочтой багш, хүүхдүүд нийлсэн 16 хүн Үенч сум руу гарсан.Ховд аймгаас 9 цагийн үед гарсан замдаа явж байгаад би унтчихсан байсан нойрон дунд машин дайвалзах шиг болсон нэг мэдэхэд машин шороон зам дээр суучихсан байсан, машин замын хажуу талаараа унасан байдалтай байсан. Миний толгой, мөр, гар шалбарсан...” гэх мэдүүлэг
Э.Гэрч О.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай Үенч сумын багш сурагчид Ховд аймагт олимпиаданд оролцохоор 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймагт ирээд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр олимпиаданд оролцчихоод 36-88 ХОҮ улсын дугаартай Цогтоо гэдэг жолоочийн хамт том хүн хүүхэд нийлсэн нийт 16 хүн Үенч сум руу хөдөлсөн тухайн үед би унтаад явж байтал машин аймаар донслоод нэг мэдсэн миний сууж явсан машин газар унасан хүмүүс орлилдоод тэгээд бид нар машинаасаа цуварч гарсан. Бид нарын араас жижиг машин ирэхээр нь манай багш нар гар өргөж зогсоогоод эмнэлэг дуудахаар явсан.Хэсэг хугацааны дараа сумаас эмч цагдаа, сургуулийн захирал нар ирээд гэмтсэн хүмүүсийг авч яваад сумын эмнэлэг ороод тэндээсээ аймгийн эмнэлэгт ирсэн....” гэх мэдүүлэг
Насанд хүрээгүй гэрч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 28-наас 29-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдсан олимпиаданд оролцоод 2018 оны 03 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед Ховд аймгаас Стимо маркийн тээврийн хэрэгсэлтэй Үенч сум руу Энхболд, Одгэрэл, Уранчимэг, Энхцогт багш нар болон сурагч Булганжаргал, Хулан, Энхзаяа, А.Ануужин, О.Ануужин, Батжаргал, Санчир, Отгонхишиг, Одгэрэл багшийн хүүхэд жолооч Цогтоо ах нарын хамт явсан. Замд унтаад явж байтал гэнэт тас хийх чимээ гараад тээврийн хэрэгсэл унаж байх шиг болохоор нь сэртэл миний сууж явсан тээврийн хэрэгсэл хажуу талаараа унчихсан байхаар арын хагарсан цонхоор гарсан, хоёр чих шалбарсан, баруун далаа хөдөлгөж чадахгүй байна. Надад гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй “ гэх мэдүүлэг
Насанд хүрээгүй гэрч С.Буянзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Замд унтаад явж байтал гэнэт тас хийх чимээ гараад намайг цочоод сэртэл Энхболд багш гараараа гэж орлихоор нь тээврийн хэрэгсэлийн арын хагарсан цонхоор гараад хартал миний сууж явсан тээврийн хэрэгсэл явж байсан чиглэлийнхээ засмал замын зүүн гар тал руу хажуу талаараа уначихсан байсан. Миний зүүн шанаа шалбарсан, толгой бөөр хүзүү баруун хөл хүндүүрлэж өвдөж байна.Надад гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг
Гэрч Б.Энхцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би 2018 оны 03 дугаар сарын 28-наас 29-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдсан олимпиаданд оролцоод 2018 оны СЗ дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед Ховд аймгаас эстима маркийн тээврийн хэрэгсэлтэй Үенч сум руу Энхболд, Одгэрэл, Уранчимэг багш нар болон сурагч Булганжаргал, Хулан, Энхзаяа, А.Ануужин, О.Ануужин, Батжаргал, Санчир Отгонхишиг, Одгэрэл багшийн хүүхэд жолооч Цогтоо ах нарын хамт явсан. Замд унтаад явж байтал Энхболд багш хаалга онгойлго гэх дуунаар сэртэл миний сууж явсан тээврийн хэрэгсэл хажуу талаараа уначихсан амьсгалахад хэцүү бүгчим тээврийн хэрэгсэл дотроос хүүхдүүд арын хагарсан цонхоор гарч байсан.Тэгтэл тээврийн хэрэгсэлийн урд талын цонхыг Энхболд багш хагалаад гарахаар би араас нь гарсан. Миний зүүн талын дал болон толгой хүндүүрлэж байна. Машин засмал замын зүүн гар тал руу хажуу талаараа уначихсан байсан. Надад гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг
Насанд хүрээгүй гэрч Б.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би толгой хэсэгтээ нэг оёдол тавиулсан өөр бэртэл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 150 тоот: “... Г.Одгэрэлийн биед сээрний thvii нугаламын их биеийн хугарал, зулайн баруун урд хэсэгт 1.5x07 см, 0.4x0.3 см, зулайн хэсэгт 0.3х0.2 см зулгаралтууд, духны баруун дээд хэсэгт 3.4x2.1см зулгаралт, баруун чихний дэлбэнгийн дээд хэсэгт 1.7x0.2 см шарх, баруун чихний дэлбэнгийн дунд хэсэгт 1.3х0.2 см шарх, баруун мөрний хэсэгт 3x2 см цус хуралт, доод эрүүний доод хэсэгт 3.2x0.1 см шархны сорви гэмтэл тогтоогдлоо. ... “Шүүх гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 152 тоот: “...Д.Булганжаргалын биед баруун дунд чөмөгний хүзүү хэсгийн далд хугарал духны дунд хэсэгт 3.7x0.6 см, 4x0.3 см, 1x0.6 см, 2x0.8 см зулгаралтуудын сорви, зүүн гарын сарвууны ар хэсэгт олон тооны жижиг зуглгаралтуудын сорви гэмтэл тогтоогдлоо. ...“Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 04-ний өдрийн 140 тоот: “...Б.Ганчимэгийн биед тархи доргилт толгойн дагзны зүүн хэсэгт 2.3х0.4см шарх, баруун гарын бугалганы гадна дээд хэсэгт 1.5x0.6 см, баруун гарын бугалганы доод хэсэгт 3x2 см, баруун гарын шууны дотор дээд хэсэгт 4х1 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Хууль зүйн сайд, Эрүүл сэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д . гэмтэл, түүнээс үүссэн эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 154 тоот: “...Г.Хулангийн биед тархи доргилт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугуйн гадна хэсэгт 7.5x4 см зулгаралт, зүүн гарынбугуйн хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар үений гадна хэсэгт 1x1 см зулгаралт, зулайн ар хэсэгт 0.4x0.3см зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 155 тоот: “...Н.Энхзаяагийн биед тархи доргилт, зулай хэсэгт 1.3x0.2 см, зулайн зүүн хэсэгт 1x0.2 см, духны дунд дээд хэсэгт 1.2x0.1 см шархны сорви, духны хэсгээр олон тооны жижиг зулгаралтуудын сорви, баруун гарын сарвууны 3 дугаар хурууны 3 дугаар үений гадна хэсэгт 1.8x0.2 см шархны сорви, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар үений гадна хэсэгт сар хэлбэрийн 1.7x0.2 см шарх, зүүн гарын сарвууны ар хэсэгт 1.5x0.2 см шархны сорви, 2 гарын сарвууны ар хэсэгт олон тооны жижиг зулгаралтуудын сорви гэмтлүүд тогтоогдлоо. ...Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 169 тоот: “А.Ануужингийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...“Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2,4,1 ...д заасанаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 170 тоот: “Б.Санчирын биед зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2,4,2 ...д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 151 тоот: “...Б.Уранцэцэгийн биед тархи доргилт, духны дунд хэсэгт хэсэгт 7х4 см хамар хэсэгт 2x1 см, 1x0.7 см, баруун хацар хэсэгт 2x1.7 см зулгаралтуудын сорви гэмтэл тогтоогдлоо. ...“Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч цагдаагийн дэслэгч Б.Бямбадоржийн 2018 оны 04 сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: “1. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын акт, схем зураг, хэргийн газрын зураг зэргээс үзэхэд 36-88 хоү улсын дугаартай Т.Эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Цогтоо нь МУ-ын ЗХД-ийн зүйл заалт зөрчсөн байна.
2.МУ-ын ЗХД-ийн 2.7-ийн /а/-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу/ ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт / жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох 1 өдрийн норм / цаг хэтэрсэн гэх/
3.МУ-ын ЗХД-ийн 9.1-д заасан жолооч замын хөдөлгөөний нөхцөл байдал, хөдөлгөөний эрчим, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан энэ дүрэмд зааснаас хэтрүүлэхгүйгээр тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явна.
4. Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 3-р хэсэг дугуй 3.1-д заасан дугуй хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикль мопедонд 0.8 мм –ээс бага болсон гэсэн заалтууд зөрчсөн гэж акт үйлдэв.
5.Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох нэг өдрийн норм хэтрүүлсэн /ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон/ замд гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй уг зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон байна” гэх дүгнэлт,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
-Ховд аймгийн авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт,
- Авто машины эвдрэл үнэлсэн тухай тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Цогтоо нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт орших Ямаан ус гэх газарт 36-88 ХОА улсын дугаартай “Toyota istima” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн /а/-д заасан “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу/ ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.1-д заасан “жолооч замын хөдөлгөөний нөхцөл байдал, хөдөлгөөний эрчим, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан энэ дүрэмд зааснаас хэтрүүлэхгүйгээр тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар Г.Одгэрэл, Д.Булганжаргал нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Цогтоогийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Г.Одгэрэл, Д.Булганжаргал, гэрч Б.Энхцогт, Б.Уранцэцэг, насанд хүрээгүй гэрч Б.Ганчимэг, Э.Ануужин, Б.Батжаргал, Н.Энхзаяа нарын мэдүүлэг, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 150, 152 тоот дүгнэлт, Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч цагдаагийн дэслэгч Б.Бямбадоржийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн үйлдэлд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Цогтоог Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Цогтоод ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгч Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр нь “Toyota istima” маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээний төлбөрт 2215000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг иргэний хариуцагч хүлээн зөвшөөрч иргэний нэхэмжлэгчийн 2215000 төгрөгийн зардлыг төлж барагдуулахаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байгааг дурдаж, иргэний хариуцагч болох Ховд аймгийн Үенч сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2215000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Үенч сумын “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Б.Цогтоогийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ганчимэг, Г.Хулан, Н.Энхзаяа, А.Ануужин, Б.Санчир, Б.Уранцэцэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батзаяа, Ж.Цэцэгсүрэн нараас хохирогчийн эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч энэ нь баримтаар нотлогдохгүй, Е баримтууд нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Одгэрэлд энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй, хохирогч Г.Одгэрэл, насанд хүрээгүй хохирогч Д.Булганжаргал түүний хууль ёсны төлөөлөгч О.Доржпалам нар нь эрүүл мэндэд учирсан хохирол болон гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелэгдэж дуустал түүний эзэмшлийн хөрөнгө гэх 2200000 төгрөгөөр үнэлэгдсэн 4 тооны үхэрний битүүмжлэлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зулынхан овогт Баастын Цогтоог авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Зулынхан овогт Баастын Цогтоог 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтоод оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтоо нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ховд аймгийн Үенч сумын Ерөнхий боловсролын сургуулиас “Toyota istima” маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээний төлбөрт 2215000 /хоёр сая хоёр зуун арван таван мянган/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батзаяа, Ж.Цэцэгсүрэн нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Одгэрэлд энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй, хохирогч Г.Одгэрэл, насанд хүрээгүй хохирогч Д.Булганжаргал түүний хууль ёсны төлөөлөгч О.Доржпалам нар нь эрүүл мэндэд учирсан хохирол болон гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелэгдэж дуустал түүний эзэмшлийн хөрөнгө гэх 2200000 төгрөгөөр үнэлэгдсэн 4 тооны үхэрний битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ