Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00044

 

Э.И-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.У-г оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 893 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.И-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.О-т холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Э.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.И нь Т.О-тай 2009 онд танилцаж үерхэж байгаад 2010 оны 3 дугаар сарын 27-нд хүү Ц-ийг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин 2014 он хүртэл амьдарч байсан. Үүнээс хойш зан ааш, сэтгэл санаа нийлэхгүй, үзэл бодол зөрчилдөн таарч тохирохгүй болсны улмаас хоёр тийш болсон. Иймд Т.О-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүү Ц-ийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Т.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие одоо малчин хувиараа хөдөлмөр хийдэг. Би 2007 онд Э овогтой И-тай гэр бүл болон амьдарсан ба хамтран амьдрах явцад таарч тохирохгүй болж 2015 оны 11 сараас эхлэн тусдаа амьдрах болсон. Одоо эхнэр Э.И-нь өөр хүнтэй суусан. Ийм учир өөрийнхөө хүү Ц-ийг өөртөө авах хүсэлтэй байна. И нь анхны нөхөр болох Г-өөс гэр бүлийнхээ баталгааг салгаагүй байгаа. Үүнийг хянан үзэж гэр бүлийн тухай хуульд заасны дагуу миний хүү Ц-ийг миний асрамжид өгөхийг хүсэж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 893 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ц-ийг эх Э.И-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ц-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.О-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.И-аас 99.734 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Т.О-аас 99.734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Отгонбаяр давж заалдах гомдолдоо: ... Би Э.И-тай 2007 онд танилцаад 2014 он хүртэл хамт амьдарч байсан. Хамт амьдрах хугацаанд хүү Ц төрсөн юм. Би анхан шатны шүүх хуралдаанд хүүгээ өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй гаргасан бөгөөд эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Э.И-тай гэр бүл болсон нөхөр А нь урьд нь гэмт хэрэг үйлдэж, хорих ангид ял эдэлж байсан, үг яриа нь хэрцгий, намайг ална гэж заналхийлж байсан удаа ч бий. Миний хүү Ц эхийгээ 2015 оны 3 сард 3 сарын хугацаатай Солонгос улс явах хугацаанд надтай хамт байсан. Эх нь шүүхэд хүүг минь асуулгахдаа эхийгээ дагна гэж хэлээрэй гэж дарамталж байж мэдүүлэг өгүүлсэн. Хүү минь надтай байх дуртай. Хамгийн гол нь хойд эцэг болох А нь зан төлөвийн хувьд эвдэрсэн, муу дадал зуршилтай тул тийм хүний дэргэд хүүхдээ өгөх нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Иймд хүүгээ өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байгааг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э.И- нь хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Т.О  хүүхдээ өөрийн асрамжид авна гэж маргаж  мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл зохигчид албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй ч 2010 оны 3 дугаар сарын 17-нд төрсөн  хүү Т.Ц-г эцэг Т.О-ын нэрээр овоглож бүртгүүлжээ.  

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хүүхдийн нас, өөрийнх гаргасан санал, цаашид хүмүүжих ахуйн нөхцөл бололцоо, тус аймгийн Хүүхэд, Гэр бүл хөгжлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг байдлуудыг  харгалзан үзэж хүү О.Ц-г эх Э.И-ийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу эцэг Т.О-аас  тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6,  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцсэн байна.

 Хариуцагч Т.О-ын гаргасан “...нэхэмжлэгч И өөр хүнтэй суусан, тэр хүний асрамжинд хүүхдээ өгч хүмүүжүүлмээргүй байна, хүүгээ өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байгааг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлэн авах боломжгүй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч Т.О-ын гаргасан  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 893 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,834 /ерэн есөн мянга найман зуун гучин дөрвөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                   ШҮҮГЧИД                                Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                           Т.ГАНБАТ