Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 120

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч Н.Лувсандорж, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Лувсандоржид холбогдох 201605000141 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Бууцагаан сумын 3-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЙ90091117 регистрийн дугаартай, Тариачин овогт Нацагсүрэнгийн Лувсандорж

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Лувсандорж нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 03 сарын 06-ны өдрөөс 2016 оны 03 сарын 22-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6-р багийн төвд оршин суух иргэн Б.Батсүхийн эзэнгүй байсан байшинд хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бэлэн 20.000 төгрөгийг тус тус хулгайлж бусдад 570.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн шүүгдэгч Н.Лувсандорж нь 2016 оны 04 сарын 28-ны өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвөөс 4-5 км орчим газарт иргэн Н.Хэнмэдэхүйтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн харилцан маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                                                          /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Н.Лувсандорж нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 03 сарын 06-ны өдрөөс 2016 оны 03 сарын 22-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6-р багийн төвд оршин суух иргэн Б.Батсүхийн эзэнгүй байсан байшинд хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бэлэн 20.000 төгрөгийг хулгайлсан,          мөн 2016 оны 04 сарын 28-ны өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвөөс 4-5 км орчим газарт иргэн Н.Хэнмэдэхүйтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн харилцан маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

хохирогч Н.Хэнмэдэхүйн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 04 сарын 28-ны өдөр Н.Лувсандорж, түүний хүргэн ах Нацагдорж бид 3 сумын төвөөс гарч 5-6 км яваад зогссон. Тэгээд Нацагдорж 1 шил 0,75 литрийн цагаан архи гаргаж хувааж уусан. Тэгээд архи дуусаад буцаж сумын төв орох болоод Нацагдорж мотоциклио унаад явсан. Жоохон явж байгаад Нацагдорж мотоцикль унаж чадахгүй унагасан. Тэгэхэд нь би унаад явъя гээд явж байгаад элсэн дээр шарваад ойччоод мотоцикль босгоод байж байтал Лувсандорж ирээд мотоцикль унагалаа гээд уурлаж бид 2 маргалдсан. Тэгэхэд Лувсандорж намайг мөргөөд би доош тонгойгоод босоход миний нүүрэнд чулуутай гараар цохиж авах шиг болсон. Би нүүрээ дараад тонгойсон чинь нүүр рүү өшиглөөд би гэдэргээ хараад унасан. Тэгэхэд ирээд цээж толгой руу өшиглөөд байсан. Нацагдорж салгах гэхэд Лувсандорж дийлдэхгүй байсан. Намайг алчихая гээд дайраад босоод ирэхэд над руу чулуу шидээд байсан. Би бултаж байгаад хүргэн ах нь салгасан. Сум дээр ирээд Лувсандорж хажуу талынхаа айлд оруулаад гараад явахаар нь би гарч буурал ээжийндээ ирсэн. Эхнэр эмнэлэг дуудаж эмнэлэг миний хөмсөг дээр 3 оёо тавьсан. Маргааш нь цагдаад мэдэгдсэн. 2016 оны 05 сарын 03-наас 05 сарын 11-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Намайг эмч Улаанбаатар хот явж тархины бичлэг хийлгэх, нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй гэхээр нь Гранд мед эмнэлэгт тархины зураг авхуулж, нүдээ үзүүлсэн чинь миний нулимсны суваг тасарсан байна залгуулах шаардлагатай гэсэн.

...шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын гаргасан дүгнэлттэй танилцсан. Дахин дүгнэлт гаргах шаардлага байхгүй. Миний хувьд эмчилгээний төлбөрт нийт 1.814.000 төгрөг зарцуулсан. Энэ зардалаа Лувсандоржоос нэхэмжилнэ. Хохирол мөнгөө төлөх юм бол надад гомдол санал гэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 56-61/

хохирогч Б.Батсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...манайх Бууцагаан сумын төвд байдаг. Манай гэрийнхэн 2016 оны 03 сарын 06-наас 22-ны өдрүүдийн хооронд Улаанбаатар хотруу явсан. Энэ үеэр манай эзэнгүй байсан байшингын цонхоор гэрт хулгай орж авдар дээр байсан 3 ширхэг мөнгөн аяга, авдарын цоожийг эвдэн дотроос нь 20.000 төгрөг бэлнээр байсныг хулгайлсан байсан. Шинэ мөнгөн аягаа 200.000 төгрөгөөр, шинэвтэр 2 мөнгөн аягаа тус бүрийг 175.000 төгрөгөөр үнэлж байна. Надад нийт 550.000 төгрөгний хохирол учраад байна.

Миний хувьд алдсан 3 ширхэг мөнгөн аяга болон 20.000 төгрөгөө хүлээн авсан. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 63-66/,

иргэний нэхэмжлэгч Б.Цулбуурын мөрдөн байцаалтанд өгсөн:

...2016 оны 05 сарын 02-ны өдөр, 3 ширхэг мөнгөн аяга нэг залуу зарна гээд ирсэн. Хэдэн төгрөгөөр зарах юм гэхэд 100.000 төгрөг, мөнгө хэрэг болоод байна гэхэд нь янз бүрийн асуудал байхгүй юм байгаа биз дээ, хэрэв тийм юмгүй бол зургаа авхуулчих гэхэд тэг тэг гээд зургаа авхуулаад 100.000 төгрөг аваад явсан. Дараа нь цагдаатай ирээд надад зарсан 3 аягыг аваад явсан. Би энэ залуугаас мөнгөн аяга худалдаж авсан 100.000 төгрөгөө нэхэмжилж авна. Миний нэхэмжилж байсан 100.000 төгрөгийг Н.Лувсандорж нь өөрөө надад авчирч өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 73-76/,

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 07 сарын 06-ны өдрийн: дунд гарын шинэ мөнгөн аяга 165.000 төгрөг, дунд гарын шинэвтэр мөнгөн аяга 1 ширхэг нь 150.000 төгрөг, нийт 465.000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 105-106/

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 05-ны өдрийн 219 тоот шинжээчийн дүгнэлт: 1.Н.Хэнмэдэхүйн биед зүүн нүдний нулимасны сувгийн тасралт, духанд шарх, дух, хамар, уруул, шанаанд зулгаралт гэмтлүүд үүссэн байна. 2. Үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3.Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Н.Хэнмэдэхүйн биед үүссэн дээрхи гэмтэл нь цаашид биеийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-112-113/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 3, 5/

- мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 141-145/

- хураан авах тогтоол, тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 152-154/

-хураан авах тогтоол, гар утсанд үзлэг хийж гэрэл зураг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 155-158/

-хураан авах тогтоол, тэмдэглэл, хураан авсан баримт бичиг /хх-ийн 159-163/

-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 164/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 169-173/

-Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт /хх-ийн 176/

-Н.Лувсандоржийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 178/

-Бууцагаан сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 179/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 180/

-хохирогч Н.Хэнмэдэхүй, шүүгдэгч Н.Лувсандорж нарын байгуулсан эвлэрлийн гэрээ

шүүгдэгч Н.Лувсандоржийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... 2016 оны 04 сарын 28-ны өдөр Н.Хэнмэдэхүй, манай хүргэн ах Нацагдорж бид 3 сумаас холгүйхэн гарч пиво уусан. Нацагдорж ах нэг шил архи гаргасан. Архийг тэр 2 уусан. Би архинаас уугаагүй пиво уусан. Сум руу буцаж явсан. Нацагдорж ах явж байгаад мотоцикльтойгоо унасан чинь Хэнмэдэхүй би мотоциклийг нь унаад явъя унагаах юм бол өөрийнхөө мотоциклийг өгнө гээд унаж явсан. Хэнмэдэхүй жаахан явж байгаад унасан. Очиж мотоциклийг нь босгож өгөхөд Нацагдорж Хэнмэдэхүй 2 маргалдаад байхаар нь салгасан. Хэнмэдэхүй надруу чи архи уугаагүй, намайг гадны сумынх гээд дээрэлхээд байна уу, гадны сумын хүн ямар байдаг талаар чамд үзүүлнэ гээд байхаар нь чамайг гадных гэдгийг чинь мэдэхгүй юм байна гэхэд миний нүүрэнд цохиод авсан. Тэгэхэд нь би зөрүүлж барьж аваад толгойгоороо мөргөсөн чинь өнхөрөөд ойчсон. Босч ирээд надруу дайраад хувцас урчих гээд байхаар нь дахин гараараа нүүрэнд нь цохиж авсан. Надруу дайраад шилбэнд өшиглөөд цохих гэхэд нь би бултсан чинь намайг барьж аваад боох гэхэд нь би мөргөсөн чинь өнхөрч ойчоод нилээн удаан газар хэвтсэн. Нацагдоржийг босгоод өөрөөр нь мотоциклийг нь унуулаад Хэнмэдэхүйг араараа сундалаад явж байхад мотоцикль дээрээс үсрээд буусан. Мотоциклио зогсоогоод хүн алах гэж байгаа юм уу гээд сууж байхаар нь цааж нь жийгээд унагачихаад эргээд явсан чинь араас хөөе гэхээр нь эргээд харсан чинь чулуу шидэж миний цээжин дээр оносон. Тэр чулууг нь аваад эргүүлээд шидсэн чинь духанд нь онож духнаас нь цус гарсан. Тэгээд надруу дайраад үг гуйгаад байхаар нь дуугай байж байгаад өөрийнхөө араар суулгаад сум орж Нацагдорж ахынд ирсэн. Хэнмэдэхүйн нүүрийг угааж өгөх гэхэд угаалгахгүй байсан. Нүүрэн дээрх цус нь хатсан байсан. Тэгээд үүдэнд суугаад байхаар нь ингээд унтчих гээд дээл нөмрүүлж өгөөд явсан.

Миний хувьд өдрийг нь мэдэхгүй байна. 2016 оны 03 сарын дундуур байх манай гудманд байдаг гагнуур хийдэг Б.Батсүх гэх айлд мотоцикльдоо гагнуур хийлгэх санаатай очиход байхгүй эзэнгүй байсан. Тэгээд би гэрт хүн байгаа юм болов уу гэж бодоод байшингийн баруун талын хажуугийн цонхон дээр ирэхэд гэрт хүн байхгүй, цонхны порчик дээр гараараа дарахад онгорхой байхаар нь орж авдар дээр байсан 3 ширхэн мөнгөн аягыг авч авдарных нь цоожийг эвдэж дотор нь байсан 20.000 төгрөгийг авч буцаад цонхоор нь гарсан. Хулгайлж авсан мөнгөн аягаа аймгийн төвд ирээд алт мөнгөний дарханд 100.000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /хх-ийн 128-140, 148-151/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Н.Лувсандорж нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 03 сарын 06-ны өдрөөс 2016 оны 03 сарын 22-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6-р багийн төвд оршин суух иргэн Б.Батсүхийн эзэнгүй байсан байшинд хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бэлэн 20.000 төгрөгийг хулгайлсан,          мөн 2016 оны 04 сарын 28-ны өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвөөс 4-5 км орчим газарт иргэн Н.Хэнмэдэхүйтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн харилцан маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Лувсандоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Н.Лувсандоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн шинж, чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэргийн улмаас шүүгдэгч Н.Лувсандорж нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч Н.Хэнмэдэхүй, Б.Батсүх, иргэний нэхэмжлэгч Б.Цулбуур нар нь “хохиролоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Лувсандорж нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгүүлж байгаагүй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт шүүгдэгч Н.Лувсандоржийн дундын эзэмшлийн 5 ханатай гэр, мустанг 200 маркийн мотоцикль, 15 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Тариачин овогт Нацагсүрэнгийн Лувсандоржийг бусдын бие мах бодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Н.Лувсандоржийг тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр хоёр жил таван сарын хугацаагаар хорих хүнд ялд багтаан шүүгдэгч Н.Лувсандоржийн биечлэн эдлэх ялыг хоёр жил таван сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лувсандоржийн эдлэх хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лувсандоржид оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, дөрвөн жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дах хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Н.Лувсандоржид хяналт тавихыг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан Н.Лувсандоржид сануулсугай.

7. Шүүгдэгч Н.Лувсандорж нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Н.Хэнмэдэхүйн нүдний эмчийн үзлэгийн баримтыг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, тархины томографийн 3 ширхэг зураг, рентген зураг 1 ширхэг, сиди 1 ширхгийг хууль ёсны эзэмшигч Н.Хэнмэдэхүйд буцаан өгсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Н.Лувсандоржийн дундын эзэмшлийн 5 ханатай гэр, мустанг 200 маркийн мотоцикль, 15 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Лувсандоржид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Лувсандоржид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ