Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 194

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.О-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Эсэн,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1736 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эсэнгийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.О-т холбогдох эрүүгийн 18100090900621 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Г.О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй,”.................” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........... дүүргийн .... дугаар хороо, ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

 

Г.О- нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Бүгд найрамдах Хятад ард улсын Манжуур хотын “Интернэшнл” зочид буудлын 8 дугаар давхарт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.О-ийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.О-т холбогдох хэрэгт Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн дараах нөхцөл байдал илэрсэн тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харьяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон прокурорын яллах дүгнэлтээс үзэхэд, тухайн хэрэг Бүгд Найрамдах Хятад ард улс, Манжуур хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Интернэшнл” нэртэй зочид буудалд болсон үйл баримт байна.

Гэтэл Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2018 оны тогтоол /хх-105х/, мөн 2018 оны 493 дугаартай яллах дүгнэлт /хх-174-177х/ зэрэгт яллагдагч нь гэмт  хэрэг үйлдсэн газрын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх заалтыг журамлаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ.

2. Мөн прокурорын 2018 оны 152 дугаартай яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоол /хх-169х/-ын 1 дэх заалтад “1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэнгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол”-ын тогтоох хэсгийн  1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэсэнд нэмэлтээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэж нэмэлт оруулсугай” гэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагчид өмнө нь сонсгосон байсан ял дээр нэмж ял сонсгосон, эсхүл өмнө сонсгосон байсан ялыг өөрчилсөн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байдлаар бичсэн бөгөөд уг шийдвэрийг зөвтгөж залруулсан шийдвэргүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу гэж шүүх дүгнэв.

Иймд дээрх алдаа, зөрчлийг нэг мөр арилгаж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай гэж үзэж, Г.О-т холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Г.Эсэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харьяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд Г.О- нь Бүгд Найрамдах Хятад ард улсын нутаг дэвсгэрт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, уг хэрэгтээ тухайн улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээгээгүй болох нь эрүүгийн 1810009090621 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.О- гэмт хэрэг үйлдсэний маргааш буюу 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б.О-ийн хамт Монгол улс руу буцаж ирсэн болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр бүлэг буюу “Нийтлэг үндэслэл”-ийн 1.6 дугаар зүйлд “Эрүүгийн хууль Монгол улсын нутаг дэвсгэрийн гадна үйлчлэх”-ийг зохицуулахаар тусгасан бөгөөд уг зүйл, хэсгийг яллагдагчид ял сонсгохдоо заавал журамлахаар зохицуулагдаагүй, энэ нь хууль үйлчлэх цар хүрээг хуульчилсан ойлголт ба яллагдагчид ял оногдуулахад ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэхгүй юм. Хэрэв Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийг заавал журамлах ёстой гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл биш ба уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой юм.

2. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Г.О-ыг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар Г.О-ын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй тул прокурорын 2018 оны 152 дугаартай тогтоолоор түүнд урьд сонсгосон ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, оруулсан өөрчлөлтийн талаар хохирогч, яллагдагч нарт танилцуулж мэдүүлэг аван, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1736 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд, хилийн гадна үйлдэгдсэн байж болох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, хэсгийг журамлаагүй, мөн яллагдагчид өмнө нь сонсгосон ял дээр нэмж ял сонсгосон, эсхүл ялыг өөрчилсөн эсэх нь тодорхойгүй гэж үзээд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй болжээ. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заажээ.

 

            Г.О-т холбогдох хэргийн материалаас үзэхэд, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хх 106/-оор Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоол үйлдэж, уг тогтоолын тогтоох хэсэгт “Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэнгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол”-ын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай гэсэнд нэмэлтээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэж нэмэлт оруулсугай” гэжээ /хх 169/.    

 

Энэ тогтоол нь хууль зүйн болон утга агуулгын хувьд ойлгомжгүй болсон төдийгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгагдаж байгаа тухай заана. ...” гэж, мөн хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана.” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх дээрх алдаа зөрчлийг зааж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүгчийн захирамжид дурьдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаагаар Г.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн зохих хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бий эсэхийг шалгаж, дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.

 

Учир нь, хохирогч анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдол болон удаа дараагийн мэдүүлэгтээ “намайг хүчиндэхийг завдсан, улмаар зодсон” тухайгаа дурьдсан байхад чухам ямар нотлох баримтаар няцааж, хүчиндэхийг завдсан үйлдэл нь тогтоогдохгүй гэж прокурор үзсэн нь тодорхойгүй байна.

Яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн үйл баримтаас үзэхэд Г.О- нь хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хэрхэн, ямар байдлаар хүч хэрэглэн хөнгөн хохирол учруулсан нь тодорхойгүй байна.

 

Иймд Г.О-т холбогдох хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэ магадлалд заасан ажиллагааг хийлгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1736 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Эсэнгийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР 

 

ШҮҮГЧ                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ