| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/03113/и |
| Дугаар | 184/ШШ2017/02527 |
| Огноо | 2017-11-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2017/02527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Л.О т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 6 дугаар сард Л.Отай танилцаж, улмаар 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтийн 1116000169 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамт амьдрах хугацаанд 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр охин О.Э төрсөн. Л.О нь архи уудаг байсан ба охин О.Э төрсний дараа архинд хэт автаж, гэр бүлээ авч явах хариуцлагагүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин О.Э өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Л.О миний бие эхнэр Б.Отэй 2013 оны 7 дугаар сард хамтран амьдарч 2014 оны 02 дугаар сарын 19-нд гэрлэлтээ батлуулсан. 2013 оны 9 дүгээр сард охин О.Э төрсөн. Бид хамтран амьдрах хугацаанд таарч тохирохгүй гэр бүлийн маргаан их үүссэний улмаас 2015 оны 8 дугаар сараас хоорондоо тохиролцож тус тусдаа амьдарч эхэлсэн. Бидний дунд эд хөрөнгө болон хүүхдийн асрамжийн талаар ямар нэгэн маргаангүй. Иймд Б.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Л.От холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Зохигчид 2011 онд танилцаж, 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсон учир Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1116000169 дугаарт бүртгүүлсэн, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр охин О.Э төрснийг 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсний бүртгэлд бүртгэж, 5599 дугаартай гэрчилгээ олгосон болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Охин О.Э нь эрүүл бойжиж буй тухай өрхийн эмчийн дүгнэлт, ам бүлийн тодорхойлолтууд хэрэгт авагдсан байх бөгөөд зохигчид хамт амьдардаггүй болох нь зохигчдын тайлбар, хорооны засаг даргын тодорхойлолт, итгэмжлэл зэргээр нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2015 оноос тусдаа амьдарсан. Б.О, Л.О нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч хоорондын таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрах боломжгүй ба хариуцагч Л.О нь архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй гэж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж тул цаашид эвлэрэх боломжгүй болсон, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд охин О.Эийг эхийн асрамжид үлдээхийг нэхэмжлэгч хүсч, хариуцагч зөвшөөрсөн, хүүхдийн өссөн болон дассан орчин, бусад нөхцөл байдал зэргийг харгалзан эх Б.Оийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.
Гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин О.Эийг эцэг Л.Оаар нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт “гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно” гэж заасан тул хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдвал зохино.
Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Оаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Б.О, Л.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 9 дүгээр сарын нэгний өдөр төрсөн охин Э эх Б.Оийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 9 дүгээр сарын нэгний өдөр төрсөн охин О.Эийг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, түүнийг 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Л.Оаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг сануулсугай.
5. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Оаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН