Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 401

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар И.Буманбаяр,

 

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

 

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

 

шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.М-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дах хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Р.Э-ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625011997 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 хэсэг Төмөр зам гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 00 хэсэг, Баатархайрхан гудамжны задгайд түр оршин суух, гавъяа шагналгүй,

 

-Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1231.3 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн дугаар хх00000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж-ын М.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1958 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2а хэсэг, Баатархайрхан гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх0000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Р-ийн Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

2

 

Шүүгдэгч Р.Э, Ж.М нар нь бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хүрхрээгийн 00 тоот иргэн Ц.Х-ын гэрт буюу орон байранд нэвтэрч “Шарп” ЛСД загварын зурагтыг хулгайлж 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

давтан үйлдлээр бүлэглэж 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хүрхрээгийн 00 тоот иргэн Ц.Х-ын гэрт буюу орон байранд нэвтрэхийг завдсан,

 

2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1423 тоот байшингийн цонхны хаалтыг эвдэн орон байранд нэвтэрч зэс голтой утас, зэс уртасгагч, 250 метрийн зэс утас, цахилгаан тестер, пуужин гэрэл, цахилгааны багаж зэргийг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ж.М нь 2016 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо “Их соёмбо” ХХК-ийн хашаанд байрлах хохирогч Н.О-ийн монгол гэрийг буюу эд хөрөнгийг санаатай галдан шатааж Н.О-т 235.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Би өмнөх шүүх хуралдаанд тодорхой ярьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо нэмж ярих зүйл байхгүй”… гэв.

 

Шүүгдэгч Р.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй.”… гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад хохирогч Ц.Х-ын мэдүүлэг /хх-87/, хохирогч Н.О-ийн мэдүүлэг /хх-23-24/, хохирогч Ж.Б-ын мэдүүлэг /хх-55-56/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-18/, гэрч Г.Уртнасангийн мэдүүлэг /хх-31/, гэрч Ц.Оюунболдын мэдүүлэг /хх-33/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-61-63, 81-82/, гэрч Ц.Цэенрэгзэнгийн мэдүүлэг /хх-34/, гэрч Ц.Алтантуяагийн мэдүүлэг /хх-90/, гэрч Р.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-91/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-96-97/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-144, 147/, шинээр Р.Э-ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.М, Р.Э нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан төгссөн болон төгсөөгүй давтан үйлдэлтэй гэмт хэргийг зүйлчлэх тохиолдолд төгссөн болон

 

3

 

төгсөөгүй үйлдлийг тус тусад нь бус, төгсөөгүй үйлдэлтэй гэмт хэргийг төгссөн үйлдэлтэй гэмт хэрэгт хамааруулан зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх эрх зүйн ач холбогдолтой байх тул шүүгдэгч Ж.М, Р.Э нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар зүйлчлэхээр шийдвэрлэв.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын тухайд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж шүүгдэгч Ж.М, Р.Э нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн зүйлчлэлийг өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.М-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинэчлэн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 зүйлд “эд хөрөнгө устгах гэмтээх” заасан гэмт хэргийн шинжтэй боловч энэ гэмт хэрэг нь бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаардаж байна.

 

Гэтэл шүүгдэгч Ж.М-ын 2016 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо “Их соёмбо” ХХК-ийн хашаанд байрлах хохирогч Н.О-ийн монгол гэрийг буюу эд хөрөнгийг санаатай галдан шатааж Н.От 235.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зөрчлийн шинжтэй үйлдэлд хамаарч байх ба Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” байна.

 

Иймд шүүгдэгч Р.Э, Ж.М нар нь бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хүрхрээгийн 00 тоот иргэн Ц.Х-ын гэрт буюу орон байранд нэвтэрч “Шарп” ЛСД загварын зурагтыг хулгайлж 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

давтан үйлдлээр бүлэглэж 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хүрхрээгийн 00 тоот иргэн Ц.Х-ын гэрт буюу орон байранд нэвтрэхийг завдсан,

 

2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1423 тоот байшингийн цонхны хаалтыг эвдэн орон байранд нэвтэрч зэс голтой утас, зэс уртасгагч, 250 метрийн зэс утас, цахилгаан тестер, пуужин гэрэл, цахилгааны багаж зэргийг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Х-ын өгсөн:... “Манайх 2004 оноос Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд газар авч хашаа байшин барьж Хүрхрээгийн 00 тоот хаягаар амьдарч эхэлсэн юм.... 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр үдээс өмнө

 

4

 

“Бамбай” хамгаалалтын албанаас залгаад “танай гэрийн чинь дохиолол дуугараад очсон чинь урд талын цонх онгойчихсон байна, та ирж шалгаач” гэж хэлэхээр нь би гэртээ яваад очиход “Бамбай” хамгаалалтын албаны хүмүүс цагдаагийн хүмүүс ирчихсэн байсан ба гэрээ онгойлгож үзэхэд дунд өрөөний вакум цонхийг хөшиж онгойлгоод дунд өрөөнд байсан 32 инчийн “шарп” загварын лсд өнгөт дэлгэцтэй зурагт удирдлагын хамт алдагдсан байсан тул өргөдөл мэдүүлгээ өгөөд шалгуулж байх хооронд 2016 оны 2 сарын 18-ны өдөр бас өдрийн цагаар дохиолол дугараад хамгаалалтын албаныхан маш хурдан очиж 2 хулгайчийг барьж авсан байсан….” /хх-н 87/, гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.О-ийн өгсөн:…"Жүгдэргаравын Магнайбаяр гэх хүнийг 2-3 жилийн өмнөөс танина. Эмэгтэй дүү болох Одонгоотой нь би найз бөгөөд 2 жилийн өмнө манай нөхөр салсан. Түүнээс хойш Ж.М нь манайхаар орж гарч явдаг болсон. Өнгөрсөн өвлөөс хойш манай гэрээс явахаа больсон аргаа бараад би хавар гэрээсээ хөөсөн юм. Тэгээд гэрээ түгжээд хүүхдүүдээ ах дүү нарынхаараа орхиод Төв аймгийн Заамар сум руу мал руу явсан ба 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Маргааш нь буюу 5 дугаар сарын 9-ний өдөр Ж.М надтай уулзая гээд гэрийн гадаа ирээд утсаар яриад байхаар нь би айгаад дунд охин Г.Уртнасангаа дагуулж гараад уулзаад би "чи энэ орой хаагуур юу хийгээд яваад байгаа юм бэ" гэхэд би танайд хоночихъё гэхээр нь би “үгүй” гэтэл Ж.М “би хүн хутгалчихсан юм, цагдаагаас зугтааж явна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “яв яв” гээд хөөгөөд явуулсан. Маргааш нь над руу Ж.М байн байн залгаад байсан би утсаа аваад “дахиж битгий залгаад бай” гэж хэлээд утсаа аваагүй. Шөнийн 23 цаг хүртэл над руу залгасан би зурагт үзэж байгаад 02 цагийн үед унтсан. Унтаж байтал үүрээр 04 цаг 30 минутын үед гэрийн хойно нэг хүржигнээд дуугараад байсан. Тэгтэл манай дунд охин Г.Уртнасан “ээжээ нэг л бишээ утаа хиншүү үнэртээд байна” гээд босоод ирсэн. Тэгээд би гал дээрээс түмпэнтэй усаа аваад гэрээс гартал гэрийн ар тал шатаад хана нь ил гарч байхаар нь ус цацаад унтрахгүй болохоор нь нойтон шороо элс цацаад унтраасан. Тэгээд цагдаа дуудаад эргүүлийн 2 цагдаа ирээд манай гэрийн… /хх-н 23-24 / гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Б-ын өгсөн:... “Маргааш нь 27-ны өдөр оройн 17 цагийн үед хотоос юм зөөгөөд Улиастайн байшин дээрээ ирээд авчирсан юмнуудаа зөөсөн. Тэгээд байшингийн баруун хойд талын цонхны төмөр хаалтыг сөхөөд цонхыг нь хагалсан байдалтай байсан. Тэгтэл 20-30 минутын дараа байшингийн араас нэг жижигхэн нөхөр шуудайтай юм барьчихсан гарч ирсэн. Тэгэхээр нь би очоод барьж аваад үзтэл миний цахилгааны утаснууд байхаар нь би тэр залууг барьж аваад цахилгааныхаа утсаар хөл гарын хүлээд цагдаа дуудсан. ... 40 орчим насны 160 см орчим өндөртөй байхаа намхан, үс нь халимаг бага зэрэг ургасан бор нүдтэй баруун гар нь 4 хуруу нь мухар залуу байсан…"/хх-55-56/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Уртнасангийн өгсөн:... “2016 оны 5 дугаар сарын 11-ний шөнө 03-04 цагийн үед гэрийн гадаа пид пид гээд 3-4 удаа дуугарсан. Удалгүй хүний хөлийн чимээ гараад холдоод явсан. Би гэрэл асаах гэтэл ээж “байж бай” гээд дөхөж очоод сонсоод гал дээр байсан түмпэнтэй ус авч гараад гэрийн хойд хэсэг шатаж байхад нь ус цацаж унтраасан. Манай гэрээр орж гардаг ээжийн найз Ж.М манайхыг шатаах гэж оролдсон болов уу гэж бодож байна…. /хх-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Оюунболдын өгсөн:..”Тэр эгч 2 охинтойгоо байсан ба бага охин нь аймаар айчихсан уйлчихсан сууж байсан. Тэгээд тэр эгч рүү нөгөө нөхөр утсаар залгаад “би шатаасан юм арай дутуудуулчихсан байна, ахиж очиж гүйцээнээ” гэж ярьж байхыг спикер дээр нь тавьж сонссон. Тэгээд цагдаа ирчихсэн байна гэсэн чинь утсаа салгаад алга болчихсон…." /хх-33/ гэх мэдүүлэг,

 

-2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-61-63/

 

-Хэргийн газарт 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-18, 81-82/,

 

-2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-81-82/,

 

-Сидиг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-21/, -Эд зүйлийн үнэлгээ /1хх-29, 49, 85/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Ж.М, Р.Э нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.М-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасаны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдүүд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлууд нь тогтоогдсон бөгөөд эдгээрийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч нарт хувьд ноогдох хөрөнгөгүй, орлогогүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах шаардлагагүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалах, шүүгдэгч Ж.М-ын 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс цагдан хоригдсон 189 хоног, шүүгдэгч Р.Э-ын 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс цагдан хоригдсон 104 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Прокуророос шүүгдэгч Ж.М-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Ж.М, Р.Э нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ж.М, Р.Э нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ын цагдан хоригдсон 189 хоногийг, шүүгдэгч Р.Э-ын цагдан хоригдсон 104 хоногийг тус тус 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэг битүүмжилсэн хөрөнгөгүй, Ж.М, Р.Э нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Р.Э-ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.М, Р.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

 

ШҮҮГЧ                                    Э.ЧИНГИС

 

7