| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2017/00903/и |
| Дугаар | 181/ШШ2017/03096 |
| Огноо | 2017-12-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2017/03096
2017 оны 12 сарын 04 өдөр Дугаар 181/ШШ2017/03096 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С овогт Д С -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л Г овогт Б Б-д холбогдох хэрэгт
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “ХХ” ХХК-ийг оролцуулан,
Худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсаны үр дагавар арилгуулж, шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Э.Түвшинбаяр, хариуцагч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт.
Би 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Б.Бээс ХХ захын 1 давхрын 11 тоот лангууг 9,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, мөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дансаар шилжүүлж өгсөн. Б.Б хэлэхдээ лангууг маш хурдан хугацаанд миний нэр дээр болгож өгнө гэсэн. Би 2-3 хоногийн дараагаас нарийн боовны материал, түүхий эд зарж эхэлсэн. Гэтэл ХХ захын удирдлага тортны крем энд зарахгүй, энэ лангуу цахилгаан бараа зардаг лангуу гэж хэлээд миний барааг хураасан.
Би энэ тухай Б.Бэд хэлэхэд тэрээр зохицуулж өгнө гээд өгөөгүй. Би 1 сар ажиллаад бараагаа хурааж больсон. Би энэ хугацаанд ХХ захын өмчлөлийн лангуу болохыг мэдсэн. Намайг загнаж, лангууг нэр дээр шилжүүлэх асуудал байхгүйг ХХ захын ажилчид тайлбарласан ба би 2016 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөрт 650,000 төгрөгийг төлсөн.
Би Б.Бэд энэ талаар хэлж мөнгөө буцааж авъя гэхэд Б.Б зохицуулж өгнө гэж хэлээд алга болсон. Намайг залилсан гэж үзэж байна. Иймд мөнгийг минь буцаан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Д.С надтай уулзаж, миний лангууг худалдан авахаар болсон. Би тэр үед цахилгаан бараа зардаг байсан. Би лангуу эзэмших эрхээ л худалдсан. Би тухайн лангуунд зах нээгдсэнээс хойш ажиллаж эхэлсэн. Жил жилд нь гэрээгээ сунгадаг. Түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын түрээсийн 650,000 төгрөгийг төлсөн байсан. Би 10,000,000 төгрөгөөр лангуу түрээслэх эрхийг худалдаж байгаа талаар бичиг хийж өгсөн. Би түрээсийн гэрээний нэрийг шилжүүлж өгнө гэж тохирсон боловч мэддэг хүн нь гадагшаа явсан байсан болоод хугацаа алдсан. Гэтэл нэхэмжлэгч өөрөө болъё гэсэн тул нэр шилжүүлээгүй. Би Д.Стой гэрээ хийх үедээ ХХ захын удирдлагад энэ тухай мэдэгдээгүй.
Би нэхэмжлэгчийг залилаагүй, анхнаасаа түрээсийн хөрөнгө гэдгийг мэдэж байсан атлаа миний лангууг авсан. Би өмчлөлийн лангуу гэж огт яриагүй, түрээсээр эзэмших эрхээ л зарсан. Харилцан тохиролцсон. Одоо мөнгө нь байхгүй. Миний лангууг түрээсийн өр ширгүй хэвийн болгож хүлээлгэн өгвөл би мөнгийг өгнө гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ХХ” ХХК нь энэ гэрээний талаар огт мэдээгүй. Манайх 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Б.Бтэй 60 дугаартай ажлын байр түрээслэх гэрээг хийж, түүнээс хойш жил бүр гэрээг сунгаж явсан. Уг гэрээний 3.25-д лангууг бусдад давхар түрээслэх, барьцаалахыг хориглосон байдаг. Энэ Иргэний хуульд заагдсан дамжуулан түрээслэхийг хориглосон заалттай бүрэн нийцнэ. Бидний зүгээс зохигчдын хооронд хийгдсэн гэрээг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Одоо энэ лангуу цоожтой байгаа. Түрээсийн олон сарын төлбөр төлөгдөөгүй учраас өнөөдөр цоожтой байгаа. Түрээсийн төлбөр сар бүр 650,000 төгрөг байсан.
Лангууг гэр ахуйн жижиг барааны чиглэлээр Б.Бэд түрээсэлсэн байгаа. Б.Бтэй байгуулсан гэрээ жил жүр сунгагддаг бөгөөд одоо манайх Б.Бэд түрээслүүлж байгаа л гэж ойлгож байна. Бид Б.Бтэй гэрээгээ цуцлах эсэх асуудлаа тусад нь гаргаж шийдвэрлүүлнэ гэв.
Шүүх талуудаас шаардлага болон татгалзал, тайлбараа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Б.Бтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх түрээсийн төлбөр 11,050,000 төгрөгийг түрээслүүлэгч “ХХ” ХХК-д төлж, лангуугаа хэвийн ашиглах боломжоор хангавал 9,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Гуравдагч этгээд нь түрээслэгч Б.Бэд дамжуулан түрээслэх эрх олгоогүй, өнөөдрийг хүртэл маргаантай үндэслэлээр лангуу цоожтой хэвээр байгаа гэж тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэж, гэрээний үнэд нэхэмжлэгч Д.Сос 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 9,000,000 төгрөгийг Б.Бийн Хаан банкин дахь 5029148257 тоот дансаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна
Гэрээний зүйлийг нэхэмжлэгч ХХ худалдааны төвийн 1 давхар 11 тоот лангуу гэж, хариуцагч ХХ худалдааны төвийн 1 давхар 11 тоот лангууг түрээслэх эрх байсан гэж өөр өөрөөр тайлбарлах бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын лангууны түрээсийн төлбөрт 650,000 төгрөгийг “ХХ” ХХК-д төлсөн үйл баримтаас үзвэл хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу гэр ахуйн барааны худалдаа эрхлэх зорилгоор олж авсан лангуу эзэмших боломжоо нэхэмжлэгчид үнэлж, худалдсан үйл баримт тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д заасан эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж үздэг.
Манай тохиолдолд лангууг өмчлөгч “ХХ” ХХК нь Б.Бтэй байгуулсан ажлын байр түрээслэх гэрээний 3.25 дахь заалтаар түрээсийн талбайг барьцаалах, түүгээр баталгаа, батлан даалт гаргах, дамжуулан түрээслүүлэх, эдгээртэй адилтгах бусад үйлдэл хийхийг хориглосон бөгөөд зохигчдын хооронд хийгдсэн гэрээний талаар мэдээгүй байх тул шүүх Б.Бийг Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д заасан эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдлын талаархи Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” гэж заасан эрхийн дагуу хариуцагчтай байгуулсан гэрээг цуцлахаар шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сард гэрээг дангаар цуцласан нь хуулийн энэ зохицуулалтад нийцжээ.
Гэрээ цуцлагдсан тул талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Иймд хариуцагч Б.Бээс 9,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Сд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан Б.Бээс 9,000,000 төгрөгийг гаргуулж Д.Сд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь 7 хоногийн дараа бичгээр гарсан шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА