Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2017/02654

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, 12 хороолол, денверийн гудамж, 79 дүгээр байр, 108 тоотод оршин суух Их монгол овогт Т.М-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, АОС-3-249 тоотод оршин суух Харчин овогт П.Б-д  холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М, хариуцагч П.Б,нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие П.Бтэй танилцаж, улмаар 2002 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлийн ПА№25 тоот баталгаагаар батлуулж 2003 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Ж, 2008 оны 7 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Мыг төрүүлж 2015 оныг хүртэл хамтран амьдарсан. П.Б 2014 оноос эхлэн гэр орноос гадуур хонон өнжин явдаг болсон бөгөөд зан ааш нь эвдэрч над руу удаа дараа муухай ааашилж үе үе 2-3 хоног ирдэггүй болсон. Сүүлдээ 7-10 хоногоор гэртээ ирэхгүй болж байгаад 2016 оноос эхлэн гэртээ огт ирээгүй. Энэ нь өөр бүсгүйтэй холбогдож хамт амьдрахаас татгалзаж эхэлсэн. Ийм байдлыг харгалзан үзэж бидний гэрлэлтийг зохих журмын дагуу цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгө болон үр хүүхдийн асрамжийн талаарх маргаангүй болно. Мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч П.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Миний бие эхнэр Т.Мтай 2002 оны 5 дугаар сард танилцаж улмаар 2002 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтийн ПА№25 тоот баталгаагаар гэрлэлтээ батлуулсан. Бидний дунд эд хөрөнгө болон өөр ямар нэгэн төрлийн маргаангүй болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Тэтгэлэг төлнө” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч П.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэмэгдүүлсэн болно.

Зохигчид 2002 оны 5 дугаар сард танилцаж, 2002 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсон учир Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ПА№25 дугаарт бүртгүүлсэн, 2003 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Ж төрснийг 2003 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бүртгэж, Г-1659 дугаартай гэрчилгээ олгосон, 2008 оны 7 дугаар сарын 31-ний өдөр охин Б.М төрснийг 2008 оны 8 дугаар сарын 08-ны өдөр бүртгэж, Г-3431 дугаартай гэрчилгээ олгосон болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн лавлагаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Хүү Б.Ж, охин Б.М нар нь эрүүл бойжиж буй тухай өрхийн эмчийн дүгнэлт, ам бүлийн тодорхойлолтууд хэрэгт авагдсан байх бөгөөд зохигчид хамт амьдардаггүй болох нь зохигчдын тайлбар, хорооны засаг даргын тодорхойлолт, итгэмжлэл зэргээр нотлогдож байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2016 оноос тусдаа амьдарсан. Т.М, П.Б нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч хоорондын таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрах боломжгүй болсон, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд Б.Ж, охин Б.М нарыг эхийн асрамжид үлдээхийг хариуцагч зөвшөөрсөн, хүүхдүүдийн өссөн болон дассан орчин, бусад нөхцөл байдал зэргийг харгалзан эх Т.Мгийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.

Гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Ж, охин Б.М нарыг эцэг П.Бгээр нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт “гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно” гэж заасан тул хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдвал зохино.

Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бгээс гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Их монгол овогт Т.М /, Харчин овогт П.Б / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Ж, 2008 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.М нарыг эх Т.Мгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зааснаар 2008 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.М 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, мөн 2003 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Жг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр эцэг П.Бгээс тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг сануулсугай.

5. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бгээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.МӨНХБҮРЭН