| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/03341/и |
| Дугаар | 184/ШШ2017/02610 |
| Огноо | 2017-11-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2017/02610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо9-51 тоотод оршин суух Батхаан овогт Б.Г -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 9-51 тоотод оршин суух Цуутайж овогт Д.О-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Доржбат, хариуцагч Д.О, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Д.Отай танилцаж, 1995 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтийн ПА№424 тоот баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 1995 оны 6 дугаар сарын 17-нд охин Г.Д, 1998 оны 7 дугаар сарын 13-нд охин Г.Х, 2001 оны 6 дугаар сарын 08-нд хүү Г.Х нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2009 оноос тус тусдаа амьдарч байгаа болно. Түүнээс хойш 3 хүүхэд маань ээжийнхээ асрамжинд өсч торнисон. Одоо бид тус тусдаа амьдралтай ба цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд өмч хөрөнгө болон үр хүүхдийн маргаангүй болно гэжээ.
Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Б.Гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан ба гэр бүл цуцлах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Оюунзулд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигчид 1995 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болсон учир 1995 оны 6 дугаар сарын 18-ны өдөр №424 тоот батламжаар иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 497 дугаарт бүртгүүлсэн, 1995 оны 6 дугаар сарын 17-ны өдөр охин Г.Д, 1998 оны 7 дугаар сарын 13-нд охин Г.Х, 1998 оны 7 дугаар сарын 13-нд хүү Г.Х нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хүү Г.Х нь эрүүл бойжиж буй тухай өрхийн эмчийн дүгнэлт, суралцаж буй сургуулийн тодорхойлолт болон ам бүлийн тодорхойлолтууд хэрэгт авагдсан байх бөгөөд зохигчид хамт амьдардаггүй болох нь зохигчдын тайлбар, хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2003 оноос тусдаа амьдарсан. Б.Г, Б.Оюунзул нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч хоорондын таарамжгүй харьцааны улмаас дахин амьдрах боломжгүй болсон тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан учир амжилтгүй болж, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон, талуудын хүсэл зориг зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд, хүү Г.Хыг эх Д.Оын асрамжид үлдээхийг нэхэмжлэгч Б.Г зөвшөөрсөн, хүүхдийн өссөн болон дассан орчин, бусад нөхцөл байдал, хүүгийн аавтайгаа хамт амьдрах санал зэргийг харгалзан хариуцагч Б.Оюунзулын асрамжид үлдээв.
Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаагүй гэсэн болно.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг сануулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Батхаан овогт Б.Г, Цуутайж овогт Д.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Хыг эх Д.Оын асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.О 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН