Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/0136

 

2015 оны 3 сарын 19 өдөр

Дугаар 136

Улаанбаатар хот

 

Х.У-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, 
нэхэмжлэгч Х.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 602 дугаар шийдвэртэй, Х.У-н нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, 
шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х овогтой У миний бие 1982 оноос хойш Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын аманд нөхөр Т.Э, хүү Э.А, Э.А нарын хамт 1865 м.кв гурван айлын газар эзэмшдэг. Газар эзэмших эрхийн 0134835 дугаартай 613 м.кв газар Х.У миний нэр дээр, 0134837 дугаартай 638 м.кв газар хүү Э.А-н нэр дээр, 0134836 дугаартай 613 м.кв газар Э.А-н нэр дээр 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан ба одоог хүртэл тэндээ амьдарч, газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байгаа. Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь иргэн М овогтой Н-д 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 700 м.кв газар олгохдоо Х.У миний 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн газартай давхцуулан олгосон байна. Газар давхцуулан олгосноос болж М.Н нь манай хашааг нурааж, бидний эзэмшил газарт халдаж, зодоон цохион үүсгэж, өмч хөрөнгөд минь халдах боллоо. Шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг бүгдийг хийсэн болно. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/6747 тоот Нийслэлийн Өмчийн харилцааны газрын шийдвэрийг 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр анх мэдэж, гардан авсан болно. Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь өөрт нь хамааралтай, шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдвэрлэлгүй, иргэний хэргийн шүүхийн маргааныг захиргааны маргаантай адилтгаж миний асуудлыг шийдвэрлэж өгөхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар захирамжийн иргэн М.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад Сүхбаатар дүүргийн Газрын албаны архив дахь миний хувийн хэргээс 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших хүсэлтийн хамт бүрдүүлэн өгсөн баримтууд гарч ирсэн. Эдгээрийн дунд миний өөрийн эзэмшиж буй газрын кадастрын зураглал буюу Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар нэгж талбарыг харуулсан тойм зургаа гарган өгсөн байдаг. Энэ зураглалыг үндэслэн газар эзэмших гэрээ хийгдэн, гэрчилгээ олгогдсон байгаа болно. Тус хариуцагч нар нь удаа дараагийн тайлбартаа газрын зураг баталгаажуулаагүй гэх тайлбарыг хийдэг ба иргэн миний хувьд түүнийг баталгаажуулах эрх хуулиар олгогдоогүй. Харин ч өргөдлийг хүлээн авмагцаа баталгаажуулаагүй байх тул энэхүү алдаагаа залруулан баталгаажуулахыг шаардаж байна. Иймээс 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандан гаргаж өгч байсан 10 эргэлтийн цэг бүхий кадастрын зураглалыг баталгаажуулахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааЗахиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандаж 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 403 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн Шарга морьтын зусланд иргэн М.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах иргэн Х.У-н нэхэмжлэлд дараах тайлбарыг өгч байна. Иргэн Х.У-д дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар 01-ний өдрийн 221 тоот захирамжаар 613 м.кв газар эзэмшүүлэхээр олгосон байна. Иргэн Х.У болон түүний хүүхдүүд болох Э.А, Э.А нарын нэр дээр зургийн бүртгэл байхгүй, тухайн газар нь манай мэдээллийн сангийн бүртгэлд Т.Э гэсэн нэрээр 18644328130714 нэгж талбарын бүртгэлтэй байна. Иргэн Х.У нар нь тухайн үед захирамжийн дагуу мэдээллийн санд бүртгүүлээгүйгээс иргэн М.Н-д 2011 онд газар олголт хийгдсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нийслэлийн газрын албанд 2008 оны сүүлээр 2009 оны эхэн хүртэл дүүргийн Засаг даргын захирамжийг нийслэл Газрын алба бүртгээд, иргэд кадастрын зургаа нийслэлийн Газрын албанд очиж бүртгүүлдэг байсан. Уг ажиллагаа алдагдсанаас болж зөрчил гарч М.Н-д олгосон байна.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам мөрдөгдөж байсан. Энэ журмын дагуу нэхэмжлэгч газраа мэдээллийн санд бүртгүүлэх байсан, бүртгүүлээгүй нь буруу юм. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд М.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж буй этгээд нь Захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэр өөрийнх нь хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндөгдөж буйг тодорхойлох, нотлох ёстой. Гэвч Х.У-н хувьд энэ талаар ямар нэгэн тодорхой баримт байхгүй эрх ашиг нь хэрхэн хөндөгдөж буй мөн Засаг даргын захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж буйгаа тодорхойлж чадаагүй байна. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д нэхэмжлэл гаргах хугацааг 30 хоног гэж заасан Х.У болон түүний нөхөр Т.Э нарт холбогдуулан гуравдагч этгээдийн зүгээс 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан байдаг. Уг маргааныг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэл гаргасан Х.У нь Сүхбаатар дүүргийн газрын алба болон Нийслэлийн Засаг даргад маргаад буй газрын асуудлаар хандсан бөгөөд уг өргөдөлдөө зохих хариугаа албан ёсоор авсан байдгаас харахад нэхэмжлэл гаргах хугацаа нь дууссан.

Мөн энэхүү газартай холбоотой асуудлаар Барилга, хот байгуулалтын яамны Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын кадастрын хэлтсээс маргаан бүхий газар дээр ажиллаж холбогдох дүгнэлтээ гарган Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд хүргүүлсэн болно. Уг дүгнэлтээр нэхэмжлэгч Х.У-н нэр дээр газартай холбоотой ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй Х.У-н эзэмшлийн гэх газрын кадастрын зураг нь албан ёсоор баталгаажаагүй, Монгол Улсын кадастрын нэгдсэн санд бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон болно. Гуравдагч этгээд М.Н-ийн хувьд дээрх газрыг 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 403 дугаар захирамжаар шилжүүлж авсан бөгөөд үүнээс өмнө түүний хүү Л.Тэмүүлэлийн нэр дээр эзэмших эрх нь бүртгэлтэй байсан болно.

Иймд, Х.У-н гаргасан нэхэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй, мөн газар нь өөрийн эзэмшлийн гэх хангалттай нотлох баримт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд бие даасан шаардлага, үндэслэлдээ: Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Х.У-н нэхэмжлэлтэй хэргийг үүсгэх үндэслэл нь надад зуслангийн газар олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар захирамж, Х.Ут зуслангийн газар олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 211 дүгээр захирамж болсон билээ. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар захирамжаар надад олгож, газрын мэдээллийн санд албан ёсоор бүртгэн баталгаажуулсан 700 м.кв зуслангийн газрын 260 м.кв орчим хэсгийг Х.У-н гэр бүл Т.Э хашаалж, өөрийн өмч хэмээн 2005 оноос маргалдах болсон боловч үүнийгээ нотолсон ямар нэг баримт бичиг үзүүлэхгүй байсаар шүүхэд захиргааны хэрэг үүссэнээр Х.Ут Шарга морьтын аманд зуслангийн газар олгосон 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 211 дүгээр захирамжтай танилцсан. Уг захирамж нь миний эрх ашгийг хөндөж байсан тул уг захирамжтай танилцаад хүчингүй болгуулах хүсэлтийг хуулийн дагуу төрийн захиргааны байгууллагуудад шат дараалан гаргаж хянуулсаар 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 211 дүгээр захирамжийн Х.Ут газар олгосон хэсэг нь хуульд нийцээгүй болохыг мэдэгдсэн хариуг хүлээн авлаа. Х.У-н нэхэмжлэлийн нэг үндэслэл нь маргаантай газрыг Т.Э 1998 оноос эзэмшиж байхад М.Н 2007 онд олгосон явдал хэмээн үзэж буй юм. Миний нөхөр С.Л 2003 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Ч-д түүний өмч Шарга морьтын аман дахь орон сууцны байшин, зуслангийн газрыг барьцааны гэрээ байгуулахын тулд 2003 онд зуслангийн газар, байшинг газар дээр нь очиж үзсэн бөгөөд Б.Ч-ийн эзэмшиж байсан газар одоо маргалдаж буй хэсгийг багтаасан модон хайсан хашаатай, тэгш өнцөгт хэлбэртэй газар байсан юм. Гэрч иргэн Алтантүрүүгийн гэрчилснээр Б.Ч тэднийхтэй нэг жил буюу 1997 онд бидний очиж үзсэн хашааг барьж, зуслангийн байшин барьж эхэлсэн, харин Т.Э 2004 онд Б.Ч-ийн залгаа айлын хашаанаас нь буулгаж богино хугацаанд байшин барьсан байдаг. Ингэж авсан газраас Т.Э одоо хүртэл хуулийн дагуу эзэмшихээр хүсэлт гаргаагүй, эрх үүсээгүй, эхнэр Х.У-д эзэмшүүлэхээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гаргуулсан гэж байгаа боловч тухайн газар болохыг баталгаажуулсан бүртгэл хийгдээгүй тул Х.У-д мөн эзэмших эрх үүсээгүй болохыг хангалттай нотолсон баримт хэрэгт авагдсан байна. Б.Ч зээлсэн мөнгөө хугацаандаа буцааж төлөөгүй, гэр бүлээрээ гадаадад гарч, олдохгүй болсон ба Б.Ч-ийн барьцаалсан хөрөнгийг барьцаалагч С.Лхагва шилжүүлэн өгөх шүүхийн шийдвэр 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гарсан энэ хооронд буюу 2004-2005 онд Т.Э Б.Ч-ийн хашаан дотор хүлэмжийн хүрээ рам босгож, одоо маргаж буй хэсэг газрыг үүсгэн төмөр турбагаар хашсан, улмаар уг хашаагаа баруун гар тийш нь үргэлжлүүлэн сунгасан байдаг. Барьцааны хөрөнгө болох байшин, эзэмшлийн газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нь болсон тул 2006 оны зун Б.Ч-ийн барьсан хашааг сэргээн барьж эхлэхэд Т.Э саад хийсээр 10 дугаар сар гарч, барьж байсан ажилчид хэрүүл зодоон хийгээд ажил хийлгэхгүй байна, хүйтэн болчихлоо, одоо зогсооё, дараа дуусгая гэх болсон. Иймд Т.Э-ийн нэмж сунгасан хашааг буулгаж, дахин сунгахаас нь хамгаалж давхар хашаа бариад орхисон юм. Энэ бүхэн нь хэрэгт авагдсан гэрэл зураг, кадастрын зураг, бусад баримтаар бүрэн нотлогдож байгаа юм. Үүнээс үзвэл маргаантай газрыг Т.Э Б.Ч-с өмнө эзэмшиж байгаагүй, Б.Ч-ийн эзэмшиж байсан газрыг миний бие хуулийн дагуу шилжүүлэн авч эзэмших болсон нь тодорхой. Мөн 2005 оноос эхлэн Б.Ч-д анх олгосон газар дээр Т.Э-тэй холбоотой маргаан үүсэж байгаа талаар Сүхбаатар дүүргийн захиргаа, цагдаагийн хэлтэс, газрын албанд удаа дараа хандаж, лавлагаа баримт авч байсан, эрх бүхий байгууллагууд тодорхой иргэнд олгосон газар дээр Т.Э дур мэдэн халдсаныг мэдэж байсан.

Иймд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 211 дүгээр захирамжийн иргэн Х.У-д газар эзэмших эрх олгосныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 211 дүгээр захирамжаар Х.Ут 15 жил газар эзэмших эрх нь баталгаажсан. Гуравдагч этгээд М.Н-ийн нөхөр С.Л нь 2006 оны шүүхийн шийдвэрээр Ю.Г, Б.Ч нараас газар шилжүүлэн авсан гэх нотлох баримт архивд байхгүй. Иймээс ямар газар яаж шилжүүлэн авсан гэдэг нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь тухайн үед кадастрын зургаа баталгаажуулаагүй зөрчлүүд гарсан байна. Тиймээс дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 211 дүгээр захирамж нь бусдын эзэмшлийн газрыг давхардуулан олгосон хэрэг бус өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр учир гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 602 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар захирамжийн М.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.У-н газар эзэмших хүсэлтдээ хавсарган 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өгсөн кадастрын зургийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгаж, гуравдагч этгээдийн гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 211 дүгээр захирамжийн Х.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд М.Н давж заалдах гомдолдоо: М.Н захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд иргэн Х.У-н нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ.

Х.У нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2011 дүгээр захирамжийн Х.У-д холбогдох хэсгийг хүчингүй олгуулах шаардлагыг тус тус гаргасан.

Уг маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болсон бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах шатны журмаар гомдол гаргаж байна. Тус шийдвэрийн Үндэслэх хэсэгт Иргэн Х.У нь Сүхбаатар дүүрэгт Шарга морьтын эцсийн буудлаас 700 метрийн зайд байршилтай 610.57 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрхээ баталгаажуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргаж, дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар Шарга морьтод 611 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг баталгаажуулсан болох нь Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 443 тоотоор шүүхэд ирүүлсэн тул дүүргийн Засаг даргын 2007 оны 221 дүгээр захирамж, түүний хавсралт, мөн иргэн Х.У-н газрын хувийн хэрэгт авагдсан газар эзэмших хүсэлтийг хүлээн авсан бүртгэл хяналтын карт, газар эзэмшихийг хүссэн өргөдөл, кадастрын зураг ... зэрэг баримтуудаас тогтоогдож байна.

Хариуцагч болон гуравдагч этгээд Х.У-н нэр дээр газрын кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдээгүй, нэхэмжлэгч нь бүртгүүлээгүй буруутай гэж тайлбарладаг ч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т газар эзэмшигчийн үүргийг тусгайлан заасан бөгөөд газар эзэмшигч нь кадастрын зургийг газрын мэдээллийн санд бүртгүүлэх үүрэг хүлээгээгүй, харин хариуцагч Сүхбаатар дүүргийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4-т зааснаар ... чиг үүрэгтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар дүүргийн газрын алба нь гэрчилгээ олгон гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгэх бөгөөд 34.5-д зааснаар улсын бүртгэлд нэгж талбарын дугаарыг тусгах, өөрөөр хэлбэл кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэж нэгж талбарын дугаар олгогдсон байх ёстой байжээ гэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэхэмжлэгч Х.У нэхэмжлэлдээ Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гаргах ёстой байсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хуулийн мэргэжилтэн Х.У нь гаргасан гомдлынхоо хариуг хугацаанд нь авсан бөгөөд 2014 оны 02 дугаар сард ирж хуулбар үнэн гэсэн тэмдэг даруулж авсан тухай хэлсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгч Х.У нь шүүхэд хандах хугацаа нь хэтэрсэн тул дахин хуулбар үнэн тэмдэг даруулан 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буюу 3 сарын дараа нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Учир нь хуулбар үнэн тэмдгийг хаана ч, хэзээ ч даруулж болдог, энэ нь гомдлын хариугаа албан ёсоор хүлээн авсныг нотлохгүй байтал анхан шатны шүүх түүнийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасныг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар захирамжаар М.Н-д мөн байршилд газар эзэмшүүлэхдээ Х.У-д эзэмшүүлсэн газрын тодорхой хэсэгт давхцуулан олгосон болох нь уг захирамжийн дагуу олгогдсон гэрчилгээ, нэгж талбарын 18644328121683 дугаартай кадастрын зураг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн шаардлагыг хангаагүй байхад, 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг дүүргийн Газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч бүртгэхээс хасах байтал давхцуулан олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар захирамжийн М.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын хариу тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргээс үзвэл Х.У болон түүний хүүхдүүдийн нэр дээр зургийн бүртгэл байхгүй, ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, тухайн газар нь Т.Э-ийн нэр дээр бүртгэлтэй болох нь тогтоогджээ. Нэгэнт Т.Э-ийн нэр дээр бүртгэлтэй газар давхцаагүй байгаа нь өмнө нь эзэмшигч байсан Б.Ч-ийн эзэмшлийн тэгш хэмтэй газар руу хэтэрч орсон бөгөөд үүнийгээ эхнэр Х.У-д эзэмшүүлэхээр хүсэлт гаргасан боловч албан ёсоор баталгаажуулаагүй гэж үзэхээр байна. Хариуцагчдын хариу тайлбараас харахад иргэн тухайн үед кадастрын зургаа өөрсдөө нийслэлийн газрын албанд очиж бүртгүүлдэг байсан байна. Энэ ажиллагаа алдагдсанаас болж зөрчил гарсан нь нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хоорондын ажил үүргийн уялдаа холбооноос үүссэн тул гуравдагч этгээд М.Н-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар захирамжийн М.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэж байна.

... дүүргийн газрын алба нь ... чиг үүрэгтэй атлаа ийнхүү бүртгээгүй нь Газрын албаны хууль бус эс үйлдэхүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандан гаргаж өгч байсан Х.У-н 700 м.кв газрын 10 эргэлтийн цэг бүхий кадастрын зураглалыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны албанд даалгаж шийдвэрлэнэ гэжээ.

Нэхэмжлэгч Х.У-н хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасныг зөрчсөн тул тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар дүүргийн Газрын алба бүртгэхээс татгалзах нь зүйтэй байна. Учир нь, Х.У нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг зөрчсөн бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна. Гэтэл шүүхээс Х.У-н шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгч талд хуулийг ашигтайгаар тайлбарласан гэж үзэж байна.

Гуравдагч этгээд нь 2003 онд зээлийн гэрээ байгуулсны дараа очиж үзэхэд тэгш хэмтэй модон хашаа байсан гэх боловч үүнийг гэрч Г.А-н мэдүүлгээс өөрөөр тогтоогдохгүй, ... газрын кадастрын зурагт маргаан бүхий догол хэсэг Т.Э-ийн газар хамаарч байгаагаас үзэхэд дүүргийн Засаг даргын 2007 оны 211 дүгээр захирамжаар уг газрыг Х.У-д эзэмшүүлэхдээ бусдын газарт давхардуулан эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх гэрч Г.А-ийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байсан зэрэг нөхцөл байдлуудыг огт харгалзан үзэлгүйгээр, үүнд огт тайлбар хийлгүйгээр хэргийг хэт нэг талд ашигтайгаар нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад гуравдагч этгээдийн зүгээс 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийг огт шийдвэрлээгүй. Шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэх явцад хавтаст хэрэгт огт авагдаагүй баримт буюу google earth программыг ашиглан /шүүх хуралдааны нарийн бичгийн даргын протокол хөтөлж буй компьютероос/ маргаан бүхий газрын байршлын зургийг тус программын 2004 оны архивыг нээж хэлэлцүүлсэн зэрэг процесс алдаануудыг гаргасан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахдаа зөрчилтэй дүгнэлт хийсэн, зарим дүгнэлт ямар баримтад тулгуурлан хийгдсэн нь тодорхойгүй байгааг дахин шалгаж баталгаажуулах шаардлагатай байна. Тухайлбал:

Шүүхийн шийдвэрийн 14 дүгээр хуудсанд ... Т.Э-ийн нэр дээр 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1865 м.кв кадастрын зураг үйлдэж, мэдээллийн санд нэгж талбарын 18644328128715 дугаараар бүртгэгдсэн, уг газрын хэмжээг багасган 1567 м.кв газрын кадастрын зургийг мөн л зохих шийдвэргүйгээр 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэгж талбарын 18644328130714 дугаараар бүртгэсэн ... хэмээгээд шийдвэр гаргах үндэслэл болгосон байна. Гэтэл шүүгч Д.Х-ийн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд .. Т.Э-ийн хашааны зураг ... 1864 15 нэгж талбарын дугаараас 1864 14 нэгж талбарын дугаартай болж өөрчлөгдсөн, 2004 оны 06 дугаар сарын 20-нд хэмжилт хийгдэж 1567 м.кв болж хэмжээ нь багасаж бүртгэгдсэн ... Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1283 тоот албан бичигт ...Иргэн Т.Э-ийн  нэрээр манай мэдээллийн санд 18644328130714 нэгж талбарын дугаар бүхий 1567 м.кв газрын бүртгэлтэй боловч Засаг даргын захирамж шийдвэр гаргаагүй байна. гэснийг болон бусад баримтаас үзэхэд Т.Э-ийн  нэр дээр бүртгэгдсэн газрын хэмжээнд 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1865 м.кв кадастрын зураг үйлдэж гэдэг нь нэхэмжлэгчийн 2014 оны 7 дугаар сард шүүхэд гаргаж өгсөн кадастрын зургийг хэвлэсэн огноотой тохирч буй бөгөөд уг кадастрын зургийн гарын үсэгт криминалистикийн шинжилгээ хийлгэж магадлуулахаар гуравдагч этгээдээс 2014 оны 07 дугаар сарын 22-нд гаргасан хүсэлтийг шүүх авч үзэлгүйгээр нотлох баримтын хэмжээнд үнэлснийг хянан үзэх нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэрийн мөн хуудсанд ... Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй байхад дүүргийн Газрын албанаас 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Ч.Б-н нэр дээр 1289 м.кв газрын кадастрын зураг үйлдэж мэдээллийн санд нэгж талбарын 18644328127681 дугаараар бүртгэсэн ... гэсэн нь хавтаст хэргийн 2 дугаар дэвтрийн 9 дүгээр хуудсанд нотлох баримтаар авсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 277 тоот захирамжийг үндэслэн Ч.Б-д олгосон 400 м.кв газар эзэмших гэрчилгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаан дээр өгсөн тайлбар ...2004 онд сансрын зураг ороод бүх хашаанд хэмжилт хийгээд том хашаатай айл тэр хэмжээгээрээ мэдээллийн санд орж байсан. Түүнийг хуваасан зүйл байхгүй... 700 м.кв-аас илүү газар байвал хүүхдийнхээ нэр дээр болго гэдэг зөвлөгөө өгдөг байсан.-тай хэрхэн уялдаж буйг шинжлэн дүгнээгүй, үнэн зөв дүгнэлт хийхийн тулд нэмэлт нотолгоо шаардлагатай нь илэрхий байна. Энэ нь шүүхийн шийдвэрийн 11, 12 дугаар хуудсанд заасан Л.Т-ийн нэр дээр бүртгэгдсэн газрын тухай дүгнэлтэд хамааралтай юм.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, шүүх хуралдаан дээр өгсөн хариулт, тайлбарууд шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй, нарийвчлан баталгаажуулах шаардлагатай. Тухайлбал:

Хавтаст хэргийн 1 дүгээр дэвтрийн 9 дүгээр хуудсанд авагдсан Х.У-н газрын улсын бүртгэлийн хуудсыг нотариатын тэмдгээр баталгаажуулсан байх ба шүүгч Д.Х-н Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны газар, газрын архивч 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд ...2007 оны 08 дугаар сарын 01-ний 221 дүгээр захирамжийн хувийн хэрэг болох архивын 422 дугаар хавтас архивд байхгүй байсныг дурдсан, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны газрын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 895 тоот, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 895 тоот албан бичгүүдэд Х.У-тай холбогдох баримт байхгүй байна хэмээн мэдэгдэж байсан байна. Гэтэл үүнээс хойш гэнэт Х.У-тай холбоотой материал хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Хавтаст хэргийн 1 дүгээр дэвтрийн 226 дугаар хуудаст буй кадастрын зургийг 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нотариатаар баталгаажуулсан бөгөөд уг зургийг баталгаажуулсан албан хаагчдын гарын үсэг, хэвлэгдсэн хугацаа нь эргэлзээтэй. Энэ бүхэн нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний 221 дүгээр захирамжаар Х.У-д олгохоор шийдвэрлэсэн 661 м.кв зуслангийн газрыг мэдээллийн санд бүртгээгүйн шалтгаан, үндэслэлийг тогтооход шаардлагатай баримт, нотолгоо бүрэн авагдаагүй, дахин хянаж, нэмэлт баримтаар магадлан баталгаажуулах шаардлагатайг харуулж байна. Гэрч, хариуцагчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, шийдвэр, дүгнэлт гаргахдаа маргаан үүсэх үеийн нөхцөл байдлыг харгалзан үзээгүйг авч үзэх шаардлагатай. Тухайлбал:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр 2005 онд кадастрын мэдээллийн сан байгуулж эхэлсэн. Энэ программ алдаатай ажиллаад заримыг нь бүртгээд, заримыг нь бүртгэхгүй байсан. Бүртгэхгүй байсныг Нийслэлийн газрын албанд ханд гэж зөвлөөд явуулдаг байсан хэмээн мэдүүлсэн байна. Энэ нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжаар Х.У-д олгохоор шийдвэрлэсэн 611 м.кв зуслангийн газрыг газрын мэдээллийн санд бүртгэхэд тухайн үеийн техникийн нөхцөл байдлын улмаас зарим бэрхшээл үүссэн байгааг Х.У-д анхааруулж мэдэгдсэн байх бүрэн магадлалтай, үүнийг үндэслэн нэхэмжлэгч тухайн үед өөрт олгохоор шийдвэрлэсэн газрыг мэдээллийн санд бүртгүүлэх талаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан, үүнийгээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл үүсэж байгааг магадлан шалгах шаардлагатай.

Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 602 дугаар шийдвэрийг ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасны дагуу хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

1. “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар захирамжийн М.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Х.У “...иргэн М.Н-д газар олгохдоо Х.У миний газартай давхцуулан олгосноос М.Н миний хашааг нурааж, өмч хөрөнгөд халдах боллоо...” гэж шүүхэд ханджээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжаар[1] нэхэмжлэгч Х.У-д зуслангийн зориулалтаар тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шарга морьтын зусланд 611 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0134835 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дүүргийн Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулсан байна.

Харин гуравдагч этгээд М.Н-д мөн дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар захирамжаар[2] Шаргаморьт зусланд 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0377382 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.  

Хариуцагчаас “...тухайн үед дүүргийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч Х.У-д газар эзэмшүүлсэн боловч газрын кадастрын зургаа мэдээллийн санд бүртгүүлээгүйгээс 2011 онд иргэн М.Н-д газар олгогдсон байна. Засаг даргын шийдвэр хуульд нийцсэн...” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь дүүргийн Газрын алба Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.У-д газар эзэмшүүлэх шийдвэрийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон атлаа мөн зүйлийн 23.4.3, 23.4.4 дэх хэсэгт зааснаар эзэмшүүлсэн газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, газрын улсын бүртгэлд бүртгээгүйгээс дүүргийн Засаг дарга иргэн М.Н-д газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч Х.У-д олгогдсон газрын зарим хэсэгтэй давхцуулан олгосон болох нь тэдгээрийн кадастрын зураг, шинжээчийн дүгнэлт, оролцогчдын тайлбараар тогтоогдсон байна.

Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул нэхэмжлэгч Х.У-н газар эзэмших эрх зөрчигдсөн гэж дүгнэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Харин нэхэмжлэгч Х.У-н нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ түүний эзэмшиж буй газартай давхацсан хэсгээр эрх нь зөрчигдөж байгаа тул захирамжийн М.Н-д холбогдох хэсгийг бүхэлд нь бус зөвхөн давхацсан хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

2. “2007 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд өгч байсан 10 эргэлтийн цэг бүхий кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Х.У нь 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд /хуучин нэрээр/ газар эзэмшихийг хүссэн өргөдөл, эзэмшихийг хүссэн газрын байршлын кадастрын зураг, иргэний үнэмлэхийн хуулбар, газрын бүртгэлийн 6-18 дугаар хуудасны хамт өгсөн болох нь, мөн дүүргийн Газрын алба хүлээн авсан болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар[3] тогтоогдож байна.

Хариуцагч байгууллага Газрын тухай хууль болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд заасан үүргийн дагуу нэхэмжлэгч Х.У-н өргөдөл бичиг баримтыг хүлээн авсан боловч тухайн газрыг бүртгэлд хамруулан, мэдээллийн санд бүртгээгүй буруутай болох нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Х.У-н гэрчилгээгээр эзэмшиж буй газрыг мэдээллийн санд бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

3. “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 211 дүгээр захирамжийн Х.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гуравдагч этгээд М.Н-ийн бие даасан шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд М.Н “...Миний нөхөр С.Лхагва 2003 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Ч-д түүний өмч Шаргаморьтын аман дахь орон сууцны байшин, зуслангийн газрыг барьцаалан 14 мянган доллар зээлсэн. Зээлсэн мөнгөө өгөөгүй тул барьцаалсан хөрөнгийг С.Л-д шилжүүлэх шүүхийн шийдвэр гарсан. Ингээд байшин, газрын хууль ёсны өмчлөгч болсон. Х.У-д газар эзэмших эрх үүссэн гэж байгаа боловч баталгаажуулсан бүртгэл хийгдээгүй...” гэжээ.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 512 дугаар шийдвэрээр иргэн Б.Ч, Ю.Г нарын өмчлөлийн Шаргаморьтын зуслангийн эцэст байрлах 2 давхар хувийн сууцыг иргэн С.Л-ийн /М.Н-ийн нөхөр/ өмч болгон шилжүүлсэн байх бөгөөд эзэмшил газрын асуудлыг шийдвэрлээгүй байна.

Гуравдагч этгээд М.Н маргаж буй газрын эзэмших эрхийг иргэн Б.Ч-с шилжүүлэн авсан гэж тайлбарладаг боловч иргэн Б.Ч-с гуравдагч М.Н-д уг газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн шийдвэр байхгүй, иргэн Б.Ч хаана, хэдий хэмжээний газрыг эзэмшиж байсан эсэх талаарх баримт хэрэгт байхгүй тул маргаж буй газрыг Б.Ч-ийн эзэмшлийн газар байсан гэж үзэх боломжгүй.

Хэрэгт авагдсан баримтууд болон оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч Х.У-д газар эзэмшүүлсний дараа буюу 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дүүргийн Засаг даргын 403 дугаар захирамжаар гуравдагч этгээд М.Н-д газар эзэмшүүлэх шийдвэрийг түүний шинээр газар эзэмшихийг хүссэн өргөдөл, холбогдох баримтуудыг үндэслэн гаргахдаа Х.У-н эзэмшил газартай тодорхой хэмжээгээр давхцуулсан болох нь тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлага хангагдах үндэсгүй байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой. Гэтэл хариуцагч дүүргийн Газрын алба /хуучнаар/ нэхэмжлэгч Х.У-д эзэмшүүлсэн газрыг мэдээллийн санд бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс дүүргийн Засаг дарга гуравдагч этгээд М.Н-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа бусдын газартай давхцуулан олгосон нь маргаан гарах нөхцөл бүрдүүлсэн байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газрын алба /хуучнаар/ иргэн М.Н-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хүсэлт гаргасан газар бусдын газартай давхцалтай эсэхийг шалгалгүйгээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй, хууль бус байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар захирамжийн М.Н-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч Х.У-н эзэмшил газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, зохих өөрчлөлтийг оруулав.

            Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх гомдлын тухайд:  Нэхэмжлэгч Х.У Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар захирамжийн М.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж, урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандсан байх ба тус газраас 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/6747 дугаар албан бичгээр “энэ газрын маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлэх хүртэл Таны хүсэлтэд хариу өгөх боломжгүй” гэсэн байна. Нэхэмжлэгч уг албан бичгийг 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан гэж тайлбарлаж байгаа ч урьдчилан шийдвэрлэх журмаар асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, хүлээлт үүсгэсэн байсан тул 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг дээрх албан бичгийн хугацаанаас тоолж хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

             

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 602 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...М.Н-д холбогдох хэсгийн Х.У-н эзэмшил газартай давхацсан хэсгийг...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

            ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

 

[1]1 хэргийн 72, 79 дэх хуудас

[2]1 хэргийн 28, 29 дэх хуудас

[3]1 хэргийн 90-94 дэх хуудас