| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/03178/и |
| Дугаар | 184/ШШ2017/02701 |
| Огноо | 2017-11-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2017/02701
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,суух Боржигон овогт Т.У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоотод оршин суух Г.А-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.У, хариуцагч Г.А, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 онд Г.Атай танилцаж, улмаар 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтийн 1037 дугаартай баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтын амьдралын хугацаанд 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин А.Б, 2010 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А.Б нар төрсөн. Г.А архидан согтуурч, хэрүүл хийдэг болсоны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс 2 охин маань миний асрамжид амьдарч өсч байгаа. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, 2 охинд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Хариуцагч Г.А нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2005 онд Т.Утай танилцаж, гэр бүл болсон. Би амьдралын төлөө ажил хийж ээж, эхнэр охиныгоо хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байсан. Ээж маань 2 охиныг минь өөрийн гараар өсгөж, хүмүүжүүлсэн. Т.У нь үе үе 3,4 хоногоор гэрээсээ яваад, алга болдог байсан. Бид 2 нэг цайны газар цуг ажилладаг байхад буюу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байтал “би гараад гутал авчихаад ирье” гээд тэр өдөр алга болсон. Гэтэл Т.У нь аавтаагаа ирээд ээжийг минь дарамтлаад хамаг юмаа ачаад явсан байсан. Том охин маань би аавгүй гэж хүүхдүүдэд хэлүүлмээргүй байна гэхэд гурвуулаа сайхан амьдарна гэж хэлсэн байсан. Т.Уын аав нь тогтворгүй амьдралтай хүн, энэ тухай мэдэх хүн их байгаа. Т.Уыг аавынхаа ятгалганд орсон гэж үзэж байна. 2 охид маань аавдаа хайртай, аавдаа зориулж захиа, шүлэг бичиж өгдөг байсан. Миний бие 2 охиндоо муухай ааш гаргаж үзээгүй. Миний бие салахгүй гэж Т.Уын араас зөндөө гуйж үзсэн, нэгэнт салахаар шийдсэн бол шүүх үнэнээр нь шийдвэр гэж найдаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч Г.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Зохигчид 2004 онд танилцаж, 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон учир Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1037 дугаарт бүртгүүлсэн, 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин А.Б төрснийг 2006 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №2299 дугаарт бүртгэж, мөн охин А.Б 2010 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрснийг 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Г-625 дугаар гэрчилгээ олгосон болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн лавлагаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Охин А.Б, А.Б нар нь эрүүл бойжиж буй тухай өрхийн эмчийн дүгнэлт, ам бүлийн тодорхойлолтууд хэрэгт авагдсан байх бөгөөд зохигчид хамт амьдардаггүй болох нь зохигчдын тайлбар, хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2016 оноос тусдаа амьдарсан. Т.У, Г.А нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч хоорондын таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрах боломжгүй ба зохигчдын хэн хэн нь дахин амьдрал зохиосон тул цаашид эвлэрэх боломжгүй болсон, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин А.Б, А.Б нарыг эцэг Г.Агаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт “гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно” гэж заасан тул хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдвал зохино.
Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Агаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Боржигон овогт Т.У, Боржигон овогт Г.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин А.Б, 2010 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр төрсөн охин А.Б нарыг эх Т.Уын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг сануулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин А.Бийг 11 нас хүртэл 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, А.Б, А.Б нарыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Агаар сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Уын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Агаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН