Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/94

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Ц.А, Б.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1725003730213 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Б

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ц.А

 

Шүүгдэгч Ц.А, Б.Б нар нь 2017 оны 11 сарын 5-наас 6-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 9-3 тоотод иргэн О.Х-гийн байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн хазаар 2 ширхэг, увс 3 ястай эмээл, хонины мах, суран бугуйл, яргай ташуур эд зүйлс хулгайлан 2.122.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримтын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Би Адъяатөмөрийг гэмт хэрэг хийж гэж байгааг сайн мэдээгүй. Хамт явж байгаад ийм зүйл боллоо. Хохиролд 350.000 төгрөг төлсөн. Цаашид хулгай хийхгүй байж чадна. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ойлгож гэмшиж байна. Би уг нь шөнө орой айлд орж хэрэггүй гэж хэлсэн. Бид 2 маргааш нь дэлгүүрт хонины махыг нь зарж надад 50.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Ц.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хулгайн хэргийн хувьд маргах зүйлгүй. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл хийхгүй. Алдаагаа ойлгож ухаарч байна. Хулгай хийх санааг би гаргасан. Тоёота-Чезер маркийн машиныг найзынхаа эгчээс худалдаж авсан. Гэрчилгээгээ шилжүүлж амжаагүй байсан. Би хохиролд 400.000 төгрөг төлсөн. Нийт 700.000 төгрөг төлсөн. Вакум цонхыг түлхэж онгойлгосон. Түгжээг нь унагасан. Ээмээлийн тоног баавар, 2 ширхэг хазаар, бугуйл, дөрөө, сур зэргийг буцааж өгсөн. Эмээлийн модыг нь шатаасан. Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч О.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай гэрээс мөнгөн тоногтой 2 хазаар, Увс 3 ястай модон эмээл, мөнгөн тоногтой гуулин дөрөөтэй байсан. Хонины мах 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг, жижигхэн хурдан морины яргай ташуур 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Би цагдаагийн газарт ирээд мэдүүлэг өгсөний дараа байшиндаа орж дахиад эд зүйлээ бүртгэж байхад бугын эврэн өлгүүр байшинд байсан, мөн иж бүрэн тавагийг эхнэр Энхдэлгэр хүнд өгчихсөн байсан. Энэ талаар би цагдаад хэлэхээ мартсан байна. Алдагдсан эмээл мөнгөн тоногтой эмээл мөн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Гаднаас нь харахад мөнгө юм шиг харагдаж байсан. Хэрэв мөнгө бол хэдэн лангийн мөнгөний орцтой талаар мэдэхгүй байна. Мөнгө биш байж ч магадгүй байх. Уг эмээлийн хамгийн үнэ хүрэх зүйл нь бол увс 3 ястай мод юм. Гуулин дөрөө нь хямдхан,... Би алдагдсан эд зүйл болох суран бугуйл, хос дөрөө, дөрөөн сур, хоёр ширхэг хазаар эмээлийн баавар, даруулга зэргийг хүлээн авсан, одоо хонины махны 60,000 төгрөг, жижиг ташуур 12,000 төгрөг, эмээлийн мод болон бусад тоноглол 607,000 төгрөг нийт 679,000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх 17-20 ху/,

 

-Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017оны 11 сарын 05-наас 06-нд шилжих шөнө манай байшинд хулгай орчихсон байсан. Байшингаа нөхөр бид 2-ын 2016 онд танихгүй хүнээс 1,500,000 төгрөгөөр худалдан авсан Увс 3 ястай мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой 2 ширхэг хазаар, суран бугуйл, яргай ташуур, хонины мах зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Харин би иж бүрэн тавагийг би нөхөртэй хэлэхгүйгээр өөр хүнд өгчихсөн байсан. Тэрийг манай нөхөр алдчихлаа гээд цагдаад хэлчихсэн гэж надад хэлсэн юм. Иж бүрэн таваг бол алдаагүй. Мөн бугын эврэн өлгүүр нь байшин дотор байсан гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,

 

-Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Адъяатөмөрийг таньдаг, миний төрсөн дүү Золжаргалын найз нь байгаа юм. Тэрнээс биш хамаатан садан холбоо байгүй. Би 2017 оны 10 дугаар сард хүргэн дүү Тэлмэнгээс худалдаж авсан 89-21 ОРХ улсын дугаартай Чезер маркийн тээврийн хэрэгслийг 2.500.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь бол бэлнээр нь авсан харин тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг шилжүүлж амжихгүй яваад байна гэсэн мэдүүлэг / хх 24 ху/,

 

-Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сарантуяаг таньдаг, миний эхнэр Ханджаргалын төрсөн ахын эхнэр байгаа юм. Би 2016 оны 04 сард Сарантуяад 2.000.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь бэлэн авсан, харин тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж амжаагүй. ...Сарантуяад зарсан гэх машин 89-21 ОРХ улсын дугаартай Чезер маркийн машин байсан гэсэн мэдүүлэг, /хх 25 ху/

 

-Шинжээч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 11 сарын 08-ны өдрийн шинжээч томилсон тогтоол дээр дурьдагдсан Увс гурван ястай мөнгөн тоногтой эмээлийн үнэлгээ гарахад уг эмээл нь биет байдлаараа байхгүй алдагдсан гэх тул хохирогчийн өөрийнх нь үнэлгээ, алдагдсан эд зүйлийн содон шинж тэмдгээр нь судалгаа хийж зах зээлийн ханшийг гаргахад 1,200,000 төгрөг болж байсан. 2017 оны 12 сарын 10-ны өдөр нэмэлт үнэлгээ гаргахаар томилсон шинжээчийн дүгнэлтэнд хавсралтаар ирсэн алдагдсан эмээлийн мөнгөн тоноглол, гуйлан дөрөө, дөрөөн сур зэргийн зах зээлийн үнэлгээг гаргахад мөнгөн тоноглол гэж ирүүлсэн зүйл нь мөнгөн эдлэл биш харин полисон эдлэл байсан. Уг полис эдлэлийн зах зээлийн үнэлгээ нь нийт 88,000 болсон. Харин гуйлан 2 дөрөө, дөрөөний сур зэрэг нь нийлээд зах зээлийн ханш нь 105,000 төгрөг болсон. Өмнөх 308 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан мөнгөн тоногтой увс 3 ястай хуучин цагийн эмээлийн үнэлгээнд өөрчлөлт орсон. Яагаад гэвэл уг эмээлийн мөнгөн тоноглол гэх эд зүйлс нь мөнгөн эдлэл бус полисон эдлэл байсан тул уг эмээлийг энгийн хуучин увс 3 яст эмээлийн зах зээлийн ханшаар судлахад 800,000 төгрөг болж байсан. Ингээд нэмэлтээр сүүлд ирсэн полис эдлэл, гуулин дөрөө, дөрөөний сур зэргийн зах зээлийн үнэлгээ нийт 193,000 төгрөг болж байсан, эмээлийн үндсэн 800,000 төгрөгнөөс 193,000 төгрөгийг хасаад 607,000 төгрөгт эмээлийн мод болон бусад тоноглол багтана. Полис гэдэг нь зэс, цайр гэх мэт металлыг нэгтгээд гаргаж байгаа цагаан өнгийн металлыг хэлдэг гэсэн мэдүүлэг /хх 30 ху/,

 

            -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4 ху/

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6, 8, 9, 15 ху/

            -Хүлээн авсан эд зүйлийг буцаан өгсөн тухай тэмдэглэл /хх 10, 11 ху/

            -Эд хөрөнгө битүүмжлэх тухай /хх 13 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /хх 32-34, 39-41, 47-54 ху/

-Шинжээчийн 6 тоот дүгнэлт /хх 59 ху/

-Ц.Аийг яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 70-72 ху/

-Б.Бийг яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 73-76 ху

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 78, 85 ху/

              -Хохирол төлсөн баримт /98 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ц.А, Б.Б нар нь 2017 оны 11 сарын 5-наас 6-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 9-3 тоотод иргэн О.Хгийн байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн хазаар 2 ширхэг, увс 3 ястай эмээл, хохины мах, суран бугуйл, яргай ташуур эд зүйлс хулгайлан 2.122.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч О.Хгийн “...Манай гэрээс мөнгөн тоногтой 2 хазаар, Увс 3 ястай модон эмээл, мөнгөн тоногтой гуулин дөрөөтэй байсан. Хонины мах 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг, жижигхэн хурдан морины яргай ташуур 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. “ гэсэн мэдүүлэг /хх 17-20 ху/, гэрч Д.Энхгэрэл /хх 23 ху/, Б.Сарантуяа /хх 24 ху/, Б.Тэлмэн /хх 25 ху/ нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.А, Б.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг бусдын орон байранд нэвтэрч машин механизм ашиглан эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                     Энэ хэргийн улмаас хохирогчид 2 ширхэг мөнгөн хазаар, Увс эмээл, суран бугуйл эмээлийн даруулга, эмээлийн баавар, дөрөө, дөрөөний сур, яргай ташуур, хонины мах зэрэг 2.122.000 төгрөгний хохирол учирснаас 2 ширхэг мөнгөн хазаар, Увс эмээл, суран бугуйл эмээлийн даруулга, эмээлийн баавар, дөрөө, дөрөөний сур зэргийг биет байдлаар буцаан өгсөн байна. Хохирогч нь үлдэх хохирол болох хонины махны үнэ 60.000 төгрөг, яргуй ташуурын үнэ 12.000 төгрөг, эмээлийн модны төлбөр 607.000 төгрөг, нийт 679.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 98 хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул хохирлоо бүрэн барагдуулсан байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ц.А, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-д заасан хорих ялыг оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн гэж үзэж хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

            2017 оны 12 сарын 13-ны өдрийн 5/05 тоот прокурорын тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Чезер маркийн 89-21 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б, Ц.А нарыг бусдын орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Ц.А, Б.Б нарыг тус бүрийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Б.Б нарт оногдуулсан тус бүрийн 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

  5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 5/05 тоот Прокурорын тогтоолоор битүүмжилсэн Чезер маркийн 89-21 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА