| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/00926/И |
| Дугаар | 1201 |
| Огноо | 2017-11-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 1201
| 2017 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 151/ШШ2017/01201 | Төв аймаг |
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, Заамар сум, Б ХХК, захирал Г.М-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Төв аймаг, Заамар сум, Хайлааст 3-р баг, Бугант 2 гудамж, 6 тоотод оршин суух Шар торгууд овогт Х.Б-т холбогдох
“Зээл 2,169,000 төгрөг, хүү 216,000 төгрөг нийт 2,385,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б нь 2014 оны 03 дугаар сарын 12-ний өдөр надаас 2,169,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн гэтэл тэр мөнгөө одоо болтол өгөхгүй байна. ... Уг зээлийг авахдаа оронд нь амжиргаа цагаан портер тавьсан. Энэ машиныг мөнгөндөө надыг ав гээд байгаа би үүнийг авахгүй, зараад надад мөнгийг нь өгнө биз. Би энэ машиныг зарж борлуулж чадахгүй. Энэ мөнгө хэрэв надад байсан бол, би хугацаатай хадгаламжид хийгээд хүүгээрээ арвижин банкинд байх байсан. Иймд Б-ээс 2,385,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Уг нэхэмжлэл нь хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр, хэлбэрийн шаардлагыг хангаагүй, огт хийгдээгүй гэрээг хийсэн мэтээр тайлбарлаж үндэслэлгүй мөнгө нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт Б нь 2014 оны 03 дугаар сарын 12-ний өдөр надаас 2,169,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн” гэжээ. Үүнээс харахад иргэд хооронд зээлийн гэрээ байгуулсан мэт харагдаж байна. Нэгэнт зээлийн гэрээг амаар, бичгээр байгуулаагүй байж ямар 10 хувийн хүү нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Зээлийн барьцаанд амьжиргаа цагаан потер тавьсан гэх боловч амьжиргаа цагаан портер гэж ямар маркын, аль улсад үйлдвэрлэсэн, машин мөн эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт иргэн Батхишиг, иргэн Мөнхжаргалаас мөнгө зээлсэн мэт, нэхэмжлэлийн толгой хэсэгт Б ХХК гэх, нэхэмжлэлийн төгсгөлд захирал Г.М гэх зэргээр бичсэн нь ямар ч ойлгомжгүй байна. Урд нь энэ хэргийг шийдвэрлээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б-т зээлүүлсэн 2 169 000 төгрөг, хүү 216 000 төгрөг нийт 2 385 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа. 2014 оны 3-р сарын 12-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 2 169 000 төгрөгийг авсан байдаг. Энэ мөнгөө одоог хүртэл өгөөгүй байгаа. Хэрэгт компани өөрөө зээлийн үйлчилгээний баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан байгаа. Энэ баримт дээр Б мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зурсан байгаа. Үүн дээр хариуцагч өөрөө маргаагүй. Тээврийн гэрчилгээнээс харахаар эзэмшигч нь Батхишиг мөн болох нь харагдахгүй байгаа. Мөнгө авснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгосон учир зээлдэгчээс шаардах эрхтэй. Зээлдэгч нь Иргэний хуулийн 286.3-д зааснаар борлуулж мөнгөө гаргаж авна гэж заасан байгаа. 285-д заасан шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж 2 385 000 төгрөгийг гаргаж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь эргэлзээтэй. Иргэний хуулийн 75 дугаар зүйл дээр хөөн хэлэлцэх хугацаа гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага маш тодорхой байгаа Б-ийн 2014 оны 3-р сарын 12-ны өдөр гэж” нэхэмжлэлийг 2017 оны 8-р сарын 27-ны өдөр гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 3 жил өнгөрсний дараа гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Мөн яг үүнтэй холбоотой маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн шүүгчийн захирамж байдаг. Энэ хоёр үндэслэлээр шүүх энэ нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байсан юм болов уу гэж харж байна. Нэхэмжлэл дээр нэхэмжлэгч маш тодорхой бичсэн байдаг. Б 2014 оны 3-р сарын 12-ны өдөр “Надаас” гэж бичсэн байдаг. Надаас гэдгийг юу гэж ойлгож байгаа вэ. Ганцхан түлхүүр үг байгаа. Ломбарданд эд зүйлээ тавиад алдсан. Надаас сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Гэтэл зээлсэн мөнгөө одоо болтол төлөөгүй гэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаалан зээлдэх гээд нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй зүйл яриад байна. Хоёр иргэн хоорондоо зээлийн гэрээ байгуулсан зүйл харагдаж байна. Гэтэл 10 хувийн хүүтэй гэж байна. Хэрвээ хүү авах бол заавал бичгээр байгуулна гээд хуулийн шаардлага байж байгаа. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл дээр зээлийн гэрээ байгаа. Бидний маргаад байгаа зүйлийг Иргэний хуулийн 286 дугаар зүйл дээр зохицуулсан байгаа. Үүнээс өөр харилцаа байхад яагаад, юу нэхэж шаардаад байгаа вэ. Уг зээлийг авахдаа амжиргаа цагаан портер машин барьцаанд тавьсан гэж байгаа. Амжиргаа цагаан гэж албан ёсны тээврийн хэрэгслийн нэршил мөн үү. Энэ машиныг мөнгөндөө намайг ав гээд байгаа гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн. 286 дугаар зүйл дээр барьцаалан зээлдэх журам зээлдүүлэгчийн үүрэг гэж байгаа. 286.3-д зээлдэгч нь зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй бол барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангаж зээлдэгчид энэ талаар бичгээр мэдэгдэнэ гэсэн байгаа. Б-т бичгээр мэдэгдсэн зүйл хэргийн материалд байхгүй байгаа. Барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулж борлуулаад үлдсэн мөнгийг буцаан олгоно гэсэн байгаа. Энэ ажиллагааг хийгээгүй. Мөн энэ төрлийн харилцаа 157 дугаар зүйлээр зохицуулагддаг. Барьцааны зүйлийг худалдах эрхтэй. 157.2.1-д өөрийн эзэмшилд авсан барьцааны зүйлийг устгах эрхтэй. Тээврийн хэрэгсэл ямар ч хөдөлгөөнгүй 1 сар гражинд байхад маш их элэгдэл хорогдол үүсдэг, гэтэл энэ 3 жил болсон энэ тээврийн хэрэгсэл. Зун болсон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч энэ машин ямар ч хэрэггүй төмрийн хог болсон авбал ав гэж хэлсэн. Битүүмжилсэн байгаа зүйлийг очоод элэгдэл хорогдлыг нь хэлэх ямар ч боломж байхгүй. Одоо зах зээлийн үнэ нь 300 000 төгрөг байгаа гэж Мөнхжаргал өөрөө хэлдэг. Өнөөдөр 300 000 төгрөгийн үнэтэй машиныг барьцаалаад 2 385 000 төгрөг гаргуулна гэж хаана ч байхгүй, ийм зүйл болсон. Иргэн нэхэмжлэл гаргаад байна уу, аж ахуй нэгж нэхэмжлэл гаргаад байна уу гэдэг нь тодорхойгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК /захирал Г.М/ барьцаалан зээлдэх гэрээний гүйцэтгэлд 2,169,000 төгрөг, түүний хүүд 216,000 төгрөг нийт 2,385,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Х.Б хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
Б ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байх бөгөөд /хх-4/ компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу компанийн захирал, гүйцэтгэх захирал хэн болох нь тодорхой бус байх боловч Компанийн дүрэмд /хх-7-9/ зааснаар үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Г.М, Б.Ч болох нь тогтоогдож байх тул Г.М-ыг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх үндэстэй болно.
Б ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй.” гэж зааснаар зээлдэгч Б.Б-ээс зээлийн барьцаанд иргэдийн дунд “амжиргаа цагаан” гэж нэрлэгддэг DAIHATSU HIJET маркийн тээврийн хэрэгслийг /хх-5/ барьцаалж зээлийн гэрээ байгуулжээ.
Барьцаат зээлийн үйлчилгээ /хх-5/ гэх баримтад зээлдүүлэгч Б ХХК-ийг төлөөлж Г.М, зээлдэгчийг төлөөлж Х.Б гэж гарын үсэг зурсан байх бөгөөд улмаар зохигчдийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар зээлдүүлэгч /нэхэмжлэгч/, зээлдэгч /хариуцагч/ нар 2,169,000 төгрөгий зээл авсан, зээлийн барьцаанд тээврийн хэрэгсэл тавьсан тухайд маргахгүй байна.
Мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ.
Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл зээлдэгч Б.Батхишиг зээлсэн 2,169,000 төгрөг, хүү 216,000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр буцаан төлөөгүй бол барьцаалагдсан хөрөнгө болох DAIHATSU HIJET маркийн тээврийн хэрэгслийг Б ХХК нь худалдан борлуулах тухай Х.Б-т мэдэгдэж, мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор Х.Б зээл, хүүг эргүүлж төлөөгүй бол тээврийн хэрэгслийг худалдан борлуулах, зөрүү мөнгийг буцаан өгөх үүрэгтэй байжээ.
Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбараар дээрх хуульд заасан үйл ажиллагааг нэхэмжлэгч хэрэгжүүлэгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон зээлийн гэрээ /барьцаат зээлийн үйлчилгээ/-нд дурдсанаар 2,169,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай зээлдүүлжээ.
Хуульд зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд гэрээнд заасан зээл, хүүг төлөх хугацаа 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дууссан байх тул дараагийн өдөр болох 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүснэ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заажээ. Нэхэмжлэгч “Баянгол хайрхан” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Х.Б холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааг тоолоход 3 жил 4 сар 9 хоног болж байгаа нь хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”-ээс хэтэрч байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 4 сард гаргасан байх магадлалтай.
Хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй” гэх тайлбар гаргасан /хх-31-35/ боловч хэрэгт авагдсан Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.Б-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 151/ШЗ2017/02093 тоот шүүгчийн захирамж /хх-10/ 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа “гурван жил” өнгөрснөөс 2 сар 13 хоногийн дараа гарсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг “4 сард гаргасан байх магадлалтай, хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй” гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Дээр дурдсаныг үндэслэн Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.Б-т холбогдох зээл 2,169,000 төгрөг, хүү 216,000 төгрөг нийт 2,285,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа хавтаст хэргийн 4-9, 23-24 дүгээр тал дах нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.Б-т холбогдох зээл 2,169,000 төгрөг, хүү 216,000 төгрөг нийт 2,285,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 53,110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР