Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/470

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Г.Буяннэмэх, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.Ууганзаяа, улсын яллагч Э.Бадрал, иргэдийн төлөөлөгч Ч.Ц, шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ц.Ц /¹1290/, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Г.Ө /¹0273/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харуулчин овогт Д.Х, Хорхон овогт Р.Б нарт холбогдох 000000000 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 02-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, УБТЗ-ын МСҮ-ийн 1 курсын оюутан, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харуулчин овогт Д.Х

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 6 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү, нарын хамт , урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хорхон овогт Р.Б

 Холбогдсон хэргийн талаар: Д.Х, Р.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Д.Х, Р.Б нар нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өглөө 02 цаг 53 минутаас 56 минутын орчим Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ‘’........’’ ХХК-ийн орлогыг авах зорилгоор хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Б.Аийн амь биед нь аюултайгаар, биеийг нь скочоор хүлж хүч хэрэглэн бэлэн 400.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: 2017 оны 4 дүгээр сарын 02-ны орой би Бын гэрт очиж мөнгөний хэрэгцээ гарсан талаараа хэлэхэд Б мөнгө олж болно гэсэн. Ингээд бид 2 хамт Бын гэрээс гарсан. Шадивлан руу явах замдаа таарсан колонкоос мөнгө авъя гэсэн. Эхлээд би машинтайгаа колонк руу орж зогсоод дохио дуугаргахад эмэгтэй түгээгч гарч ирсэн. Б хойноос нь амыг нь дарсан ба би машинаас буугаад скочоор амыг нь ороосон гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ: 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Х манай гэрт ирээд мөнгөний өрөнд орсон гэж хэлсэн. Ингээд бид 2 мөнгө олъё гэж ярилцсан ба шөнө 24 цаг болж байсан тул гэрээс гарч замдаа Хангай хотхоноос 1 машины дугаар тайлж аваад цааш явах замд таарсан “.....” ШТС руу орсон. Х машиныхаа сигналь дарахад түгээгч гарч ирсэн. Би амыг нь дараад таныг гэмтээхгүй, мөнгөө хаана байгааг хэлчих гэхэд Х халааснаас нь мөнгийг нь авсан. Буцаж яваад машиныхаа дугаарыг буцааж тавиад манай гэрийн гадна ирж зогсоод мөнгөө тоолоход 191.400 төгрөг байсан. 100.000 төгрөгийг Хд өгч үлдсэн мөнгийг нь би ээжийнхээ эмчилгээнд зарцуулах зорилгоор авсан гэв. Хохирогч Б.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “… би “........” ХХК-д түгээгчээр ажилладаг... шөнө 02 цагийн орчим колонкийн түгээгчийн байрандаа унтаж байсан. Тэгсэн чинь гадаа авто машин сигнал өгөх шиг болсон. Би сэрээд цонхоор харсан чинь нэг саарал өнгийн суудлын автомашин байсан. Би түгээгчийн байрнаас гараад, тэр автомашин руу алхаж байсан чинь, гэнэт миний араас нэг хүн нүд амыг минь дараад, дугарах юм бол ална шүү гэж хэлээд газарт бөгсөөр минь суулгасан. Тэр хүн миний үснээс зулгаагаад толгойг минь доошоо хараад дугарах юм бол ална шүү гэж хэлээд хоолой хэсэгт минь хүйтэн төмөр тулгасан. Би тухайн үед юу байсныг нь хараагүй. Учир нь би айгаад харж чадаагүй. Тэр хүнээс эгчийгээ битгий алаач гэж л гуйгаад байсан. Харин гэнэт клонк дээр ирж зогссон авто машины хаалга дугарах шиг болсон. Тэгээд миний ам, биеийг скочоор ороогоод мөнгө чинь хаана гэж асуусан. Би тэгэхээр нь халаасанд байгаа гэж хэлсэн чинь тэр хүн миний халаасыг ухах шиг болсон. Миний халаасанд байсан 400.000 төгрөгийг аваад авто машиндаа суугаад зугтаасан…надад гомдол санал байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38х, 176х/ Хохирогч Э.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…........ ХХК-ийн орлого 400.000 төгрөгийг авсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 177-179х/ Хохирогч Д.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…би 2016 онд Сонато-5 маркийн 00-00 УНР улсын дугаартай авто машиныг 1.000.000 төгрөгөөр худалдан авсан. Уг машины эзэмшигч нь нас барсан. Худалдан авахдаа гэрээ байгуулаагүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 198-200х / Гэрч Г.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “…би хувьдаа 00-00 УНЗ улсын дугаартай “Toyoto Vitz” маркийн машинтай 2017 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Хангайн хорооллын гадаа авто машинаа тавьсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42х/ Шүүгдэгч Д.Хийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 23-ны орой Б найзад нь бэлэн мөнгө олох амар, хялбар арга байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь ямар арга юм бэ гэж асуусан чинь хоёулаа дээрэм хийе гэж хэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 24-ний орой бид хоёр Сонгинохайрхан дүүргийн таван шарын автобусны буудлаас хойш 22-н товчоо хүртэл дэлгүүрүүдийг орж шалгасан. 2017 оны 3 дугаар сарын 25-ны орой бид хоёр Чингэлтэй дүүргийн 7 буудлаас хойш дэлгүүр колонкуудыг орж шалгасан. Тухайн өдрүүдэд миний 00-00 УНР улсын дугаарын авто машинтай явсан чинь Р.Б “........”-ыг дээрэмдье гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дээрэмдхээр болсон. Бид уулзалдахгүй байж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр уулзаж очиж хараад орой уулзаж дээрэмдэхээр болсон. Бид хоёр тэр хавиар камергүй гудамжийг шалгаж зугтаах замаа тооцоолсон, удаан явж хэдэн хүмүүс байдгийг харсан. Бид хоёр хоорондоо Хангай хотхон очиж ямар ч хамаагүй авто машины дугаарыг тайлж авья гэж ярилцсан.Тэрээ Хангай хотхон камергүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Хангай хотхоны зүүн талын байрлуу харж зогссон авто машинуудаас Vitz маркийн авто машины дугаарыг тайлаад авсан. Тэгээд машины дугаараар аваад салхитын гэрэлтүүлэггүй гудамжинд орж байгаад дугаараа сольсон. Тэгээд “........” колонк руу очсон. Колонкийн харалдаа ирээд Б авто машинаас буугаад замдаа үлдсэн. Харин би авто машиндаа газ хийлгэх гэж байгаам шиг колонк дээр ирж зогсоод автомашиныхаа сигналыг дуугаргасан. Колонкийн нэг эмэгтэй хүн гарч ирэхээр Б нь тэр эмэгтэй түгээгчийн араас дагаж явж байгаад тэр эмэгтэй хүний амыг дараад хутга тулгаж газар унагаасан. Би тэгэхээр нь авто машинаас буухдаа цэнхэр өнгийн иштэй хутга болон скочийг аваад тэр эмэгтэй хүн дээр очиж хөлийг нь боосон. Би тэгээд тэр эмэгтэй куртикны баруун талын энгэрийн халааснаас бэлэн мөнгө аваад зугтаасан. Тэгээд Бын гэрийн гадаа ирээд дээрэмдсэн мөнгөө хувааж авсан… дээрэм хийхдээ миний авто машиныг ашигласан…” гэх мэдүүлэг /хх-ийн 77-80х, 85-87х, 202х/ Шүүгдэгч Р.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Х дээрэм хийе гэж хэлсэн …таксинд явж байхдаа “........” нэртэй шатахуун түгээх станцыг дээрэмдэхээр болсон…2017 оны 4 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчим дээрэм хийхээр явсан…Хангай хотхоноос Vitz маркийн авто машины дугаарыг тайлаад ХашЭрдэнийн авто машинд хийгээд хөдөлсөн. Шөнө 02-03 цагийн орчим ........ нэртэй шатахуун түгээх станц руу очсон. Тэр шатахуун түгээх станцын харалдаа би буугаад үлдсэн. Харин Х авто машинтайгаа газ авах гэж байгаа юм шиг очсон… сигнал өгсөн чинь түгээгчийн байрнаас нэг эмэгтэй хүн гарч ирээд авто машин руу очсон. Би тэгэхээр нь тэр эмэгтэйн араас очоод амыг дараад газар унагаагаад хоолойн дээр нь хутга тулгасан. Х авто машинаас бууж ирээд тэр эмэгтэй хүний амыг гарыг биетэй нь хамт скочоор боосон. Дараа нь энгэрийн халааснаас мөнгийг авсан. Тэгээд бид хоёр автомашиндаа суугаад Дарь Эх гудамж руу ороод дугаараа хийгээд гудамжнаас хөдлөөд Хангай хотхонд очоод нөгөө дугаараа буцаан хийсэн. Дээрэм хийхдээ хутга ашигласан. 2017 оны 4 дүгээр сарын 02-ны орой хашаанд байсан авто машины арын тэвшнээс хутгыг авсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 81-84х, 88-91х, 201х/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4, 5-8х/, Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12, 13-14, 15-16х/, Авто машины үнэлгэний тайлан /хх-ийн 203-208х/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17х/, Хохирогч Б.Аийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-20х/, Шүүгдэгч Д.Х нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүлэлт /хх-ийн 21-22, 23-24х/, Шүүгдэгч Р.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 25- 26, 27-28х/, Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 00-00 УНЗ улсын дугаарын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, холбогдох лавлагаа /хх-ийн 29, 30, 31-32, 210-211х/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 34х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд Д.Х, Р.Б нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, урьдаар төлөвлөн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах тээврийн хэрэгсэл, зэвсэг, скоч зэргийг бэлтгэж, хохирогчийн амь биед аюултайгаар хутгыг хэрэглэж, биеийг нь скочоор хүлэн хүч хэрэглэн бэлэн мөнгө дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шүүгдэгч Д.Х, Р.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа 18 насанд хүрсэн хэдийч одоо 21 насанд хүрээгүй байгаа байдал /хоёулаа 19 настай/, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, биеэ авч яваа байдал зэрэг хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэргээ хүлээж, гэмшиж буй байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмын дагуу шийдвэрлэв. Хохирогч нар нь шүүгдэгч Д.Х, Р.Б нарт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан талаар баримт хавтас хэрэгт авагдсан зэргийг үндэслэн тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.Х, Р.Б нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00 УНЗ улсын дугаарыг Авто тээврийн газрын лицензийн төвд, Цэнхэр өнгийн хуванцар иштэй 25 см урттай хутга 1 ширхэг, цагаан өнгийн иштэй 11.4 урттай хутга 1 ширхэг, 385 см урттай ашигласан скоч, шар өнгийн зузаан том скоч, цагаан өнгийн резинэн бээлий 1 ширхэгзэргийг устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус шилжүүлж, хяналтын камерийн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь хавсаргах нь зүйтэй байна. Мөн Д.Х, Р.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдсон 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000 төгрөгийг /хх-ийн 207х/ хувь тэнцүүлэн буюу тус бүрээс нь 1.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, уг тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Харуулчин овогт Д.Х, Хорхон овогт Р.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Д.Хд 5 /тав/ жил хорих ял, Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Р.Бод 5 /тав/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус журамлан Д.Х, Р.Б нарт шүүхээс тус бүр оногдуулсан 5 /тав/ жил хорих ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, эдлэх ялыг 2 дахин багасгасугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдийг журамлан Д.Х, Р.Б нарын цагдан хоригдсон тус бүр нийт 59 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 5. Д.Х, Р.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 00-00 УНЗ улсын дугаарыг Цагдаагийн ерөнхий газрын харъяа бүртгэл хяналтын төвд, Цэнхэр өнгийн хуванцар иштэй 25 см урттай хутга 1 ширхэг, цагаан өнгийн иштэй 11.4 урттай хутга 1 ширхэг, 385 см урттай ашигласан скоч, шар өнгийн зузаан том скоч, цагаан өнгийн резинэн бээлий 1 ширхэг зэргийг устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хяналтын камерийн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь хавсаргасугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгт заасныг журамлан Д.Х, Р.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу тус бүрээс нь 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, уг тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 8. Д.Х, Р.Б нарын урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.БАТГЭРЭЛ

ШҮҮГЧИД Г.БУЯННЭМЭХ

Б.ХАЛИУН