Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1172

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/01172

Төв аймаг

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.А

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, малчин 2 гудамж, 147б тоотод оршин суух Тайж овогт Даваажавын Наранмандах /РД:ЧЕ82080162/

 

Хариуцагч:  Н.Х

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Жавзандолгор

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,500,000 төгрөг, түүний хүүд 8,640,000 төгрөг нийт 20,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Азжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Доржпалам, хариуцагч Д.Наранмандах, хариуцагч Н.Хаянхярваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Азжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Хаянхярваа эхнэр Д.Наранмандахын хамт 2014 онд надтай уулзахдаа Япон улсаас миний дөнгөж оруулж ирээд байсан Прадо 120 маркийн жип машиныг 45,000,000 төгрөгөөр зээлээр өгчих, мөнгийг нь хагас жилийн хугацаанд төлж барагдуулна гээд гуйгаад байхаар нь мөн оны 10 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөг бэлнээр авч эхнэр Наранмандахынх нь нэр дээр шилжүүлэн өгсөн юм. Энэ гэр бүлийн эхнэр, нөхөр 2 өмнө нь надтай нэг бус машины наймаа хийж, сайн танилууд болж, надаас зээлээр машин аваад мөнгөө өгчихдөг болохоор нь нэр дээр нь шилжүүлж өгсөн. Гэтэл тэд үлдэгдэл мөнгөө өгөхгүй элдэв шалтаг хэлсээр 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүргэж, мөн өдөр төлөөгүй үлдсэн 15,000,000 төгрөгөнд сарын 3 хувийн хүү тооцохоор тохирч Д.Наранмандах өөрийн гараар бичиж өгсөн. Үүнээс хойш тэдний Гурвалжингийн барилгын зах дээр борлуулдаг цементнээс нь авч суутгасаар үлдсэн 11,500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусах амлалт өгч энэ тухай Н.Хаянхярваа 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн гараар бичиж өгсөн. Хэрэв энэ амалсан хугацаанд эс төлсөн нөхцөлд хүүг хэвээр үргэлжлүүлэн тооцохоор тохиролцсон. Иймд миний итгэлийг хөсөрдүүлэн бүлэглэн луйвардах оролдлого хийж буй нэг гэр бүлийн Н.Хаянхярваа, Д.Наранмандах нараас 15,000,000 төгрөгөөс сар бүрийн 3 хувиар тооцоход 10 сарын хугацааны 4,500,000 төгрөг, 11,500,000 төгрөгөөс сар бүр мөн хувиар тооцоход 12 сарын хугацааны 4,140,000 төгрөг нийт 11,500,000+4,500,000+4,140,000=20,140,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье.” гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нэхэмжлэлдээ: “Хаянхярваа, Наранмандах нараас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2015.05.29-өөс 2016 оны 4 сарын 29 хүртэлх 11 сарын хүүг 8 сая төгрөгөөс 3 хувиар бодож 4 сая 950,000 төгрөг дээр машины үнээс дутуу төлсөн 8,000,000 төгрөгийг нэмж, бүгд 12,950,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгах хүсэлтэй байна.” гэв.

Хариуцагч Д.Наранмандах, хариуцагч Н.Хаянхярваа нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Би Д.Азжаргалаас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Прадо-120 маркийн автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Бэлнээр 25,000,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг бэлнээр, дансаар, Азжаргалын аав, төрсөн дүүгээр дамжуулан мөнгө, цементээр төлж байсан. Тухайн үед гааль дээрээс шууд авсан учир машины эвдрэл мэдээгүй номер авч унах гэтэл эвдрэлтэй байхаар нь засуулж  ч чадахгүй буцаагаад 23,000,000 төгрөгөөр зарсан. Энэ машины тооцоо дууссан байсан, гэтэл 2017 оны хавар цагдаагийн газраас дуудаж гэнэт 5,000,000 төгрөг нэхэж эхэлсэн. Өнөөдөр 20,140,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Азжаргалын аав гэх хүн надаар өр төлбөрийн талаар баримт бичүүлж авч байсан боловч автомашины төлбөр төлнө гэсэн болохоос бус хэзээ ч мөнгө зээлж байгаагүй. Нөхрөөр минь бас 2016 оны 04 дүгээр сард баримт бичүүлсэн нь ямарч үндэслэлгүй мөнгө зээлсэн гэж бичүүлсэн байсан, иймд эдгээр баримтыг нотлох баримт гэж хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хүнд өгөх өр төлбөр байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Доржпалам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Наранмандах, Хаянхярваа нар 2014 оны 10-р сарын 1-ний өдөр Азжаргалаас 45 000 000 төгрөгөөр Прадо 120 маркийн автомашиныг зээлээр авсан. Эхлээд 10 000 000 төгрөг өгсөн. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад Азжаргал надад нийтдээ 25 000 000 төгрөг нь төлөгдсөн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь 25 000 000 төгрөгийг бөөнд нь өгсөн байна гэж ойлгосон. 10 000 000 төгрөг бэлнээр өгсөн нь яаж нотлогдож байна вэ гэхээр өгсөн авсан тооцоогоо 2015 оны 5-р сарын 29-ний өдөр хийгээд 15 000 000 төгрөг үлдлээ гэсэн. Мөнгөө өгөхгүй болохоор нь би хамт явж байсан. Худалдан авах үүрэг байсныг нь би өөрчилж зээлийн гэрээний үүрэг болгосон. Мөн мөнгөө өгөхгүй байх гэж хаширлаад алданги тооцно гэж үүргийн гүйцэтгэл хэрэглэх арга хэрэглэсэн. Хаянхярваа гэж хүнтэй эвлэрэх гэж хэлж үзэж байсан. Та надаас 100 тонн цемент авсан гэж хэлдэг. Тэгэхээр нь 100 тонн цемент өгсөн гэж гүтгэсэн баримт зохиож гаргаж магадгүй гэж бодоод цемент авч байсан тооцоогоо гаргаж өгсөн. 2015 оны 5-р сарын 29-нд Хаянхярваа өөрийн гарын үсгээр бичиж өгсөн, мөнгөө өгөхгүй бол 3 хувийн хүү тооцно гэхэд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ингээд Ганбаатар өмгөөлөгч 25 000 000 төгрөг дээр тоглож 25 000 000 төгрөгийг бэлнээр авсан байна гэж хэлсэн. Үнэхээр 25 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн байсан бол 15 000 000 төгрөгийг өгөх ёстой гэж  нийт 50 000 000 төгрөгийн баримт хийж 5 000 000 төгрөг илүү өгч байгаа гэсэн үг. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо маш сайн бичиж өгсөн байгаа. 25 000 000 төгрөг өгөөгүй гэдэг нь өөрсдийнх нь гарын үсэгтээ баримтаар нотлогддог. 2015 оны 5-р сарын 29-ний өдөр Наранмандах бичиж өгсөн. Үүн дээр өгсөн, авсан машины гэмтэл, үхэр гээд бүгд хасагдаад 15 000 000 төгрөг үлдлээ гэж бичиж өгсөн. 2016 оны 4-р сарын 29-ний өдөр 11 500 000 төгрөг үлдлээ гэж Хаянхярваа гарын үсэгтэй баримт бичиж өгсөн. Үүн дээр дахиад 3 хувийн хүү үргэлжилнэ гэж бичүүлээгүй. Ингээд 2016 оны 4-р сарын 29-ний өдрөөс хойш ахиад цемент авсан. Дараа нь 8 000 000 төгрөг үлдлээ гэсэн баримтыг би бичиж Наранмандах гарын үсэг зурсан, 2016 оны 8-р сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөгийн үлдэгдэл байна. Энэ бол Азжаргалд төлөөгүй байгаа машины бодит хохирол. Өмнөх шүүх хуралдаан дээр шүүгчийг би та Наранмандахын 2 гарын үсгийг харьцуулаад хараад үзээрэй гэхэд би шинжээч биш гээд хараагүй. Одоо та нэг хараад үзээрэй. Шүүх нотлох баримтыг өөрөө үнэлэх ёстой. Шинжээч томилох шаардлагатай гэж үзвэл шинжээч томилох эрхтэй. Өнөөдрийг хүртэл Наранмандахыг шинжээч томилуулах хүсэлт гаргахыг нь хүлээсэн боловч гаргаагүй. 25 000 000 төгрөгийг бэлнээр өгөөгүй гэдэг нь бол 15 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй боллоо гэдгээр нотлогдож байна. Үлдсэн 8 000 000 төгрөгийн 50 хувиас нь хэтрэхгүйгээр гаргуулах ёстой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Анх би их хэмжээний мөнгө нэхэмжилбэл үндсэн мөнгөө өгөх байх гэж бодож нэхэмжлэлээ гаргасан. Үлгэр зохиогоод 8 000 000 төгрөг нэхэмжлээд явж байхгүй. Анх эвдэрхий машин авсан гэж ярьдаг. Хэрвээ эвдэрхий машин авсан бол буцаагаад өгөх боломжтой байсан. Анх машин нь жаахан сэвтэй байсан, үүний мөнгийг хасч бодсон. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Д.Наранмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хүний ярьж байгаа зүйлүүд нь бүгд эргэлзээтэй. Анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш хэдэн удаа хувирч байгааг нь харж үзэх хэрэгтэй. Анхнаасаа Азжаргал 25 000 000 төгрөг өгсөн гэж нэхэмжлэл дээрээ бичсэн байгаа. Өөрийгөө хамгаалахын тулд би энэ хүний дансны хуулгыг гаргуулсан. Дансанд нь 10 000 000 төгрөгийг хийсэн гэдгийг хэлэлгүйгээр надаас 25 000 000 төгрөг анх нэхэмжилсэн. Энэ хүмүүсийг би ийм гэж бодож байгаагүй. Би анх Азжаргалтай наймаагаа хийгээд болоод байдаг байсан. Дундуур нь Доржпалам гэдэг шуналтай хүн орж ирснээс хойш болохгүй байгаа. Хүнээс яаж зүгээр мөнгө авъя гэж бодож чадаж байна, анхнаасаа би гарын үсэг зуруулж авч байгаагүй. 25 000 000 төгрөг өгсөн гэдгийг та өөрөө хүлээн зөвшөөрөөд өргөдлөө гаргасан. 25 000 000 төгрөг авсан үлдсэн мөнгөө өгсөнгүй гэж байна. Бид нар амьдрах гээд ядаж байгаа хүмүүс. Азжаргалын данс руу би 10 000 000 төгрөгийг цувуулаад өгсөн. Мөн найз нь байшингаа засаж байна гэхэд нь материал өгсөн. Үүнийгээ би бичээгүй байгаа. Яагаад гэвэл надад нотлох баримт байхгүй. 8 000 000 төгрөг гэж та өөрөө бичээд Наранмандахын гарын үсэг мөн гэж байгаа. Баллаж цохолсон баримт баримт болохгүй. Надад хэцүү байна. Би энэ хүмүүс шиг хүнээс мөнгө нэхээд суудаг хүн биш. Би 4 сард хүүгээ алдчихаад байж байхад. Энэ хүн намайг доромжилж шүүх, цагдаад өгсөн. Би энэ мөнгийг өгөхгүй. Би идшээ хийх гээд ирж байхад нь хүртэлх 3 000 000 төгрөг итгэлцлээрээ өгсөн. Үүнийг нэг ч удаа дурдаагүй. Адилхан амьдрах гэж байж ингэж болохгүй. Өмгөөлөгч байхгүй болохоор нарийн асуудлыг сайн мэдэхгүй байна. 25 000 000 төгрөг бэлнээр өгсөн гэдгээ цагдаагийн газар хамгийн анх мэдүүлэг өгөхдөө хэлсэн байгаа. Та өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. 10 000 000 төгрөг дансаар шилжүүлээд, 2 үхрээ 3 000 000 төгрөг гэж бодоод, 2 000 000 төгрөгийг Ариунаагаар өгч явуулсан. Цемент энэ тэртэйгээ нийлээд төлөх төлбөргүй гэж үзсэн. Тэрнээс би 5 000 000 төгрөг нэмээд 50 000 000 төгрөг өгнө гэж хэлээгүй. Би 8 000 000 төгрөгийн баримт дээр байгаа зүйлийг бичээгүй.” гэв.

Хариуцагч Н.Хаянхярваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ гэрээ Наранмандах, Азжаргал хоёрын хооронд хийгдсэн гэрээ юм. 15 сая төгрөг, 11 сая төгрөг, 8 сая төгрөг төлнө гэсэн баримт хууль зүйн шаардлага хангаагүй хэлцэл юм. Нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлэх, хуульд заасан хэлбэр агуулгыг алдагдуулсан баримт. Утсаар ярьж байгаад хүний өмнөөс хэлцэл хийх эрх Хаянхярваад байхгүй. Төлж дуусгана гэж бичиж өгөх эрх Хаянхярваад байхгүй. Наранмандахаас итгэмжлэл авч байж машины өр төлбөрийн талаар хариу тайлбар өгнө. Хуульд нийцэхгүй баримт гаргаж өгсөн. 15 000 000 төгрөг зээлж авсан мэтээр бичсэн. Мөнгө зээлж аваагүй. Агуулгын хувьд гэрээний стандарт нөхцөлийг зөрчиж байна. Энэ баримтыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахад хэрэг үүсгэх боломжгүй гэсэн. Гэтэл иргэний журмаар оруулж ирж тайлбарлаад байна. Шүүгч үзэмжээрээ шийдэх байх. Гэтэл энэ хүмүүс худлаа яриагүй. 3 удаа шүүх хуралдаанд суухад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 3 удаа өөрчлөгдөж байна. Анхан шатны шүүх хуралдааны шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжтой. Засвар орсон баримтыг үнэлэх эсэхийг хуульд заасан байгаа учир шүүхийн байгууллагын цаг завыг үрээд яахав гэж бодсоны үндсэн дээр 8 000 000 төгрөгийн баримтан дээр шинжээч томилуулаагүй. Хаянхярваа хөндлөнгөөс гэрчээр асуугдах боломжтой байтал заавал хариуцагч болгож оруулж ирэх шаардлага байхгүй. Хариуцагч Хаянхярваа хариу тайлбартаа би хариуцагч бишээ гэдгээ хэлсэн. Наранмандахтай наймаа хийгдээд явж байсан. би тэр машиныг худалдах, худалдан авах хэлцэлд оролцоогүй. Ямар нэгэн баримт бичгэн дээр би Наранмандахыг төлөөлж гарын үсэг зурах эрх надад байхгүй. Наранмандах, Азжаргал нарын хоорондох асуудал гэдгийг тайлбарласан байдаг.” гэв.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Азжаргал нь хариуцагч Д.Наранмандах, хариуцагч Н.Хаянхярваа нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,500,000 төгрөг, түүний хүүд 8,640,000 төгрөг нийт 20,140,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000,000 төгрөг, түүний хүүд 4,950,000 төгрөг нийт 12,950,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул шүүх нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хэмжээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч /худалдагч/ Д.Азжаргал, хариуцагч /худалдан авагч/  Д.Наранмандах нар 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” /хх-5/ байгуулж Тоёота Прадо-120 маркийн тээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, төлбөрийг гэрээ байгуулсан өдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцжээ. Гэвч маргалдагч талууд  шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа Тоёота Прадо-120 маркийн тээврийн хэрэгсэлийг 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаар хэлэлцэн тохиролцсон байх бөгөөд энэ талаар маргахгүй байна. Гэрээ болон талуудын тайлбараар зохигчдийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.  

 

            Нэхэмжлэгч тал тээврийн хэрэгслийн төлбөрийн үлдэгдэлд 8,000,000 төгрөг, түүний хүүд 4,950,000 төгрөг нийт 12,950,000 төгрөг гаргуулах шаардлагаа нотолж хариуцагч Д.Наранмандахын гарын үсэг бүхий “үлдэгдэл 8,000,000 төгрөг үлдсэнийг 8 сарын 27-ноос эхлэн 7 хоног бүр 500 000 төгрөг өгч барагдуулна” /хх-163/ гэх агуулга бүхий баримт ирүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Д.Наранмандах тухайн баримтын талаар маргахгүй, харин баримтад зурсан гарын үсэг минийх бус гэж маргадаг.

 

Хариуцагч гарын үсгийг өөрийнх бус гэдгээ нотлох үүрэгтэй, өөрөөр хэлбэл хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүй байна. Тус баримтад зурсан хариуцагч Д.Наранмандахын гарын үсгийг хавтаст хэргийн 5-6, 11-12, 16, 18-21, 29, 36, 38, 119, 125, 222-223, 225-226 дугаар тал дахь хариуцагчийн гарын үсэгтэй харьцуулж эдгээр гарын үсгийг нэг хүний гарын үсэг гэж дүгнэлээ. Шүүх дээрх дүгнэлтийг гаргахдаа хэрэгт авагдсан хариуцагч Д.Наранмандахын гарын үсэг зурагдсан баримтуудыг хооронд нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, өөрийн дотоод итгэлээр үнэлсэн болно.

 

Нэхэмжлэгч /худалдагч/ Д.Азжаргал, хариуцагч /худалдан авагч/ Д.Наранмандах нар анх тээврийн хэрэгсэл худалдах- худалдан авах гэрээ байгуулсан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээг зээлийн гэрээ болгон “15000,000 төгрөг 2015-5-29-ний өдрөөс эхлэн сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн болно. ...” /хх-6/  гэж өөрчилжээ. Худалдах-худалдан авах гэрээг өөр нөхцөлөөр буюу зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрсөн хариуг гэрээ байгуулах шинэ санал гэж үзэх бөгөөд тухайн гэрээнд хариуцагч гарын үсэг зурж, саналыг хүлээн зөвшөөрчээ. Зээлийн гэрээ нь бусад бүх гэрээний нэгэн адил санал гаргах болон түүнийг хүлээн авснаар байгуулагдах бөгөөд “15,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн” гэсэн нь талууд хүсэл зоригоо илэрхийлж зээлийн  гэрээ байгуулан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. ...” гэж зааснаар хүү тогтоож, бичгээр үйлджээ. Хариуцагч Д.Наранмандах худалдан авсан тээврийн хэрэгслийн төлбөрийг бүрэн барагдуулсан гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгчийн худалдах-худалдан авах гэрээг зээлийн гэрээгээр солих саналыг хүлээн зөвшөөрч төлбөрийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, 11,500,000 төгрөг, 8,000,000 төгрөг үлдсэн тухай баримт дээр гарын үсэг зурснаар түүний тайлбар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр худалдах-худалдан авах гэрээний нөхцөлийг зээлийн гэрээгээр өөрчилж хүү тооцсон тухай тайлбарыг гаргаж байгааг хариуцагч няцааж чадахгүй байх тул нэхэмжлэгчийн үндсэн зээл 8,000,000 төгрөг, түүний хүүд 4,950,000 төгрөг  нийт 12,950,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Н.Хаянхярваа нь хариуцагчаас хасуулах хүсэлт гаргадаг боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагчийг хасах тухай зохицуулалт байхгүй харин нэхэмжлэгч зөвшөөрсөн эсхүл хүсэлт гаргасан тохиолдолд хариуцагчийг өөр этгээдээр сольж болохоор зохицуулжээ. Хариуцагч Н.Хаянхярваагийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн “Би ... өөрийн танил болох Азжаргал гэх хүнээс Тоёота Прадо-120 маркийн тээврийн хэрэгслийг ... 45 сая төгрөгөөр авахаар ... тохироод манай эхнэр Нармандах нэр дээрээ шилжүүлж авсан. ... би урд өмнө Азжаргалаас ... дандаа ... машин авч байсан. ...” /хх-9/ гэх тайлбар, Хаанбанкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-137/ Н.Хаянхярваа 1,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж байсан нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчийг тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулах үйл ажиллагаанд анхнаас нь оролцож байсан гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчаас хасах боломжгүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан баримт /хх-4-12,22-23,45-118,128-159,161,163-164/-ыг тус тус нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо. Хэрэгт авагдсан дараах баримт /хх-2,41/ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тохиолдолд багасгасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Азжаргалын 20,140,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан 12,950,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 222,150 төгрөгийг хариуцагч Д.Наранмандах, хариуцагч Н.Хаянхярваа нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 282 дугаар зүйлийн 282.1-д  зааснаар хариуцагч Д.Наранмандах, хариуцагч Н.Хаянхярваа нараас үндсэн зээл 8,000,000 төгрөг хүү 4,950,000 төгрөг нийт 12,950,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Азжаргалд олгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Азжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранмандах, хариуцагч Н.Хаянхярваа нараас 222,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Азжаргалд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ЭНХТӨР