Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буурайн Баттөр |
Хэргийн индекс | 142/2017/00494/И |
Дугаар | 00159 |
Огноо | 2017-10-12 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 00159
Б.Батцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч
С.Сарангэрэлд холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00870 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Б.Батцэцэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Сарангэрэлд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч С.Сарангэрэлийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч С.Сарангэрэл, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Б.Батцэцэг нь С.Сарангэрэлд 2013 оны намар 800,000 төгрөгийг амаар харилцан тохиролцож зээлдүүлсэн болно. С.Сарангэрэл нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй ба утсаар мөнгөө өгөөч гэхээр зээлтэй байна, удахгүй төлнө хүлээж бай гэсээр хүлээлгэсэн юм. Би нэг жил гаран утсаар ярилцдаг байсан боловч хувийн шаардлагаар Улаанбаатар хот руу шилжсэн болно. Энэ хугацаанд би С.Сарангэрэлийг гуйсан ба одоо хийж чадахгүй зээл дуусангуут төлмөөр байна гэдэг байсан юм. Одоо зээл нь дууссан байх гэж найдаж байна. С.Сарангэрэл нь одоо ДЦС-д архивч хийж байгаа ба би ажилгүй, биедээ эмчилгээ хийлгэмээр байна. Энэ хүнийг одоо төлөх боломжтой болсон гэж бодож байна. С.Сарангэрэл нь 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр надаас зээлдэж авсан 800.000 төгрөгийг 2 хувааж төлөх тухай өөрийнхөө гараар баталгаа болгож баримт бичиж өгсөн болно. Иймд С.Сарангэрэлээс 800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Сарангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа.
С.Сарангэрэл миний бие иргэн Б.Сарангэрэлээс 2011 оны 05 дугаар сард 800.000 төгрөгийг зээлж авсан. 2012 оны 1-р сард мөнгөө өгч дууссан. Гэтэл 2013 оны намар, хаврыг нь мартсан байна. Би Сараагийн эгч нь байна, чамд өгсөн мөнгө миний мөнгө байсан 800.000 төгрөг авна гэж ажил дээр ирсэн. Би чамаас аваагүй, би өөрийг чинь танихгүй, тэгээд ч би Сараагаас зээлсэн, авсан мөнгөө төлөөд дууссан шүү дээ гэж хэлсэн. Хэд хэдэн удаа ирж, надаас мөнгө нэхэх болсон. Би Б.Сарангэрэлээс 1 сая биш 800.000 төгрөгийг 10 биш 9 хувийн хүүтэй авсан. Бөөн өгч чадаагүй, цувуулж нийт 972,000 төгрөг өгсөн. Б.Батцэцэгээс аваагүй. Энд эгч дүү 2 үгээ нийлүүлж гүтгэж байна. Үнэхээр төлж дуусаагүй бол би ингэж хүн чирэгдүүлж нэр хүндээ алдан явах ухамсар дорой хүн биш, 900.000 төгрөгийг 1 сая гэж, эгч рүүгээ шилжүүлсэн, Батцэцэг 2013 онд гэж бүгдийг зохиож бичсэн байна. Анх авахдаа бичиг баримт үйлдээгүй, өгөхдөө ч гарын үсэг баримт аваагүй. Яагаад гэвэл Б.Сарангэрэл миний дүүгийн дотны найз учраас би итгэсэн. Батцэцэгийг дарамтлаад байхаар нь 800.000 төгрөгийг төлнө гэсэн. Тэрнээс хойш би урд 30.000 төгрөг өгсөн, авсан мөнгөө дутуу бичсэн байсан. Нийт 1.310.00 төгрөг өгсөн. 900.000 төгрөгөнд нийт 410.000 төгрөгийн хүү өгөхөөр болохгүй дутуу хуулинд харш байгаа үгүйг би мэдэхгүй байна. Ямар ч байсан авсныгаа нэмж өгсөн. Хэрэв ийм бол миний дүү Сарангэрэлд өгсөн мөнгөнийхөө хүүг авах ёстой юм байна. 2011 оноос хойш 6 жил болж байна. Би хүн хохироогоогүй гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00870 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч С.Сарангэрэлээс 670.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.750 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч С.Сарангэрэлээс 20.230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч С.Сарангэрэл давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Эд төрсөн эгч дүү Б.Сарангэрэл, Б.Батцэцэг нар анхнаасаа хуйвалдаж зээлж авсан 500.000 төгрөгийг 2011-2012-онд төлж дууслаа гэж дүү Б.Сарангэрэл бид 2 тохироод энэ асуудал шийдэгдсэн байтал эгч нь 2013 онд миний мөнгийг /надад зээлдүүлсэн/ гэж хэлсэн. Дүү нь эгчээсээ аваад надад өгсөн, миний өгсөн мөнгийг эгчдээ өгөөгүй гэж ойлгуулаад надаас гарын үсэг авсан. Хуульд миний гарын үсэг зурсныг зүй ёсоор авах ёстой. Яагаад Б.Сарангэрэлийг оруулахаар эгчийнхээ төлөө үйлчлэнэ ш дээ. Татгалзвал зүйтэй юм биш үү гээд шахамдуулаад байхаар нь хуралд гэрчээр оролцуулаагүй. Би өөрөө татгалзсан. Энэ удаа Б.Сарангэрэлийг заавал гэрчээр оруулах байх. Би шүүхийн хуулийн хэрэгжилтэнд иргэн хүний хувьд эргэлзэж байна. 800.000 төгрөгийг 2.000.000 төгрөг дөхүүлж өглөө. Тооцоо нь хавтаст хэрэгт байгаа. Ингэж төлүүлэх хууль байдаг уу? Би мэдмээр байна. Үнэн зөв шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Батцэцэг нь хариуцагч С.Сарангэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч С.Сарангэрэлээс 670.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Батцэцэг нь хариуцагч С.Сарангэрэлд 2013 оны намар 800.000 төгрөг амаар харилцан тохиролцож зээлүүлсэн гэдэг ба хариуцагч төлөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Б.Батцэцэгт хариуцагч С.Сарангэрэл нь 2013 оны 2 дугаар сарын 28 наас өмнө 800.000 төгрөгийг 400.000-аар 2 хувааж төлнө гэсэн баримт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулжээ. /х/х-ийн 3 дугаар хуудас /
Энэ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т заасан хуулийн шаардлагад нийцжээ.
Хариуцагч С.Сарангэрэл нь нэхэмжлэгч Б.Батцэцэгт 130.000 төгрөг өгсөн нэхэмжлэгч Б.Батцэцэг нь 130.000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрчээ.
Хариуцагч С.Сарангэрэл нь 670.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх боловч хариуцагч энэ байдлаа нотлож чадаагүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т заасан “... татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.7-д заасан нотлох баримтыг шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө, 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй болно.
Хариуцагч С.Сарангэрэлийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч С.Сарангэрэлээс 670.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин шийдвэрийн Тогтоох хэсэгт зөвхөн зээлийн маргаан хянан шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлаж хууль буруу хэрэглэжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч С.Сарангэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.230 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр 04-ний өдрийн 142/ШШ2017/00870 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч С.Сарангэрэлээс 670,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч С.Сарангэрэлээс 670.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч С.Сарангэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.230 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
Б.БАТТӨР