Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2014/0025

 

2014 оны 01 сарын 08 өдөр                    Дугаар 25                           Улаанбаатар хот

 

”Э” ХХК, “Х” ХХК, “ЭС” ХХК-иудын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, Д.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор ”Э” ХХК, “Х” ХХК, “ЭС” ХХК-иудын нэхэмжпэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатар илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ”Э” ХХК, “Х” ХХК, “ЭС” ХХК-иуд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/301 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 /г/ заалт, иргэдийг хүлээн авах ажлыг зохион байгуулж тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрлэх зохицуулалтын хүрээнд ...Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, амгалан тайван байдлыг алдагдуулж байна, насанд хүрээгүй хүүхдүүдэд үйлчилж байна, архидалт, тамхидалтын газар буюу архи тамхины үнэр дээд айлуудад орж ирж байна, биеэ үнэлэгчдийн цугларах газар болж байна, дэн буудлуудын үйлчилгээний стандарт зэрэг нөхцөлүүдийг зөрчиж байна гэсэн өргөдлийг олон иргэдээс ирүүлснийг судлан үзэж, хангалтгүй үнэлгээтэй дүгнэгдэж улмаар хяналт шалгалтын ажлын хэсгийн үйл ажиллагааг зогсоох тухай санал, дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд Засаг дарга хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд гарсан шийдвэр.” гэжээ.

Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр: “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.6-д заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Үйл ажиллагааг зогсоох тухай” А/301 дүгээр захирамжийн 1 дэх хэсгийн в/”Х” ХХК-ийн “Б” дэн буудал/, г/”Э” ХХК-ийн “У” дэн буудал/, ж/”Эс” ХХК-ийн “Т” дэн буудал/-д заасан хэсгийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: Аймгийн Засаг дарга тухайн орон нутагтаа хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар тодорхой ажил, зохион байгуулах, арга хэмжээг авч ажиллах хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн “Аюулгүй орчинтой Монгол хүн”, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж шалтгаан нь архидан согтуурах явдал гэж үзэн архидалт буурахгүй байгаад дүгнэлт хийж тодорхой ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-н /г/ заалт иргэдийг хүлээн авах ажлыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрлэх зохицуулалтын хүрээнд: ...б/Орон сууцны байранд байрлаж буй дэн буудлууд нь иргэдийн хуулиар олгогдсон амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулж хууль зөрчиж байгаа тухай Засаг даргын Тамгын газрын 7035-3511 иргэн таныг сонсож байна утсанд байнга хандаж өргөдөл, гомдол гаргасны дагуу тодорхой ажил зохион байгуулж хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай өмнөх шүүх хуралд тодорхой тайлбар мэдээллийг хийсэн бөгөөд харамсалтай нь шүүх цугларсан нотлох баримтыг дутуу үнэлж, асуудалд бодит байдлаас хандаагүй. Тухайлбал: Дэн буудлуудад архидаж улмаар хоорондоо маргалдах, зодолдох, орилж чарлах, янз бүрийн дуу авиа их гарч амгалан тайван байдлыг алдагдуулж байна, насанд хүрээгүй хүүхдүүдэд үйлчилж байна, архидалт, тамхидалтын газар буюу архи тамхины үнэр дээд айлуудад орж ирж байна, биеэ үнэлэгчдийн цугларах газар болж байна, дэн буудлуудын үйлчилгээний стандарт зэрэг нөхцөлүүдийг зөрчиж байна гэсэн гомдол, өргөдлийг олон иргэдээс ирүүлснийг судлан үзэж, хууль тогтоомжийн дагуу Засаг дарга 2013 оны 180 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд орон сууцны байранд үйл ажиллагаа эрхэлж буй дэн буудлуудад аттестатчилал хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчийн ажил зохион байгуулах удирдамжийн дагуу холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулсан билээ. Хяналт шалгалтад нийт 17 дэн буудал хамрагдсан бөгөөд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн нийт үзүүлэлтийн 70 хувиас доош үзүүлэлттэй буюу хангалтгүй үнэлгээ авсан 9 дэн буудлын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын 2013 оны А/301 дүгээр захирамжаар бүрмөсөн зогсоож, орон сууцны байруудад шинээр дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх ажлын байрны дүгнэлт, зөвшөөрөл олгохыг хориглосон шийдвэрийг гаргасан болно. /Ажлын хэсгийн холбогдох санал, дүгнэлт, материалуудыг хавсаргав./

2. Аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/180 дугаар захирамжаар архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж, ахуйн нэгжүүд болон орон сууцны байранд дэн буудлын үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд аттестатчилал, хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан ба энэхүү хяналт шалгалт нь 2 өөр чиглэлээр зохион байгуулагдах учраас мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан ажлын дэд хэсгийг 180 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчийн удирдамжаар байгуулсан нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзэхгүй байгаа бөгөөд учир нь уг захирамжаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах үүргийг ажлын хэсгийн ахлагчид даалгасан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах; Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.3.1, МУ-н Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-н “а”, зэрэг аймгийн Засаг даргад хуулиар олгогдсон дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь түүний ажлын албаны холбогдох хэлтэс, албад мэргэжлийн туслалцаагаар хангаж ажиллах хуулийн зохицуулалт байна. Энэ зохицуулалтын хүрээнд Хууль зүйн хэлтсийн даргыг ажлын хэсгийн даргаар томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байгаа болно. З.Аттестатчилал, хяналт шалгалтын ажил зохион байгуулагдах талаар гарсан Засаг даргын шийдвэр, удирдамжийн тухай Буудлуудын холбооны тэргүүнд мэдэгдсэн ба тус холбооны тэргүүн, ажилтны хамт ирж а. Ажлын хэсэгт буудлуудын холбооноос оруулах, б. Шалгалтын талаар урьдчилан мэдэгдэх гэсэн саналыг тавьсан байдаг. Энэ саналын талаар ажлын хэсэг хэлэлцээд өөрсдөө буудлын эзэд учир /Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль/-ийн холбогдох заалт зөрчигдөнө гэж үзэж мэргэжлийн хүмүүсийг оруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Удирдамж гарсны дараа тус холбооны ажилтан О-т утсаар мэдэгдэж удирдамжийг ирж авахаар тохиролцсон боловч ирж аваагүй байдаг бөгөөд төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй гэж үзэж байгаа болно.

Засаг дарга нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудад орон нутаг, ард иргэдийн нийтлэг эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах нь түүний хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд аливаа шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангаж, тэдний санал санаачилгыг шийдвэртээ тусгаж хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухай тайлбар мэдээллийг, дээрх аж, ахуйн нэгжүүд нь холбогдох хууль тогтоомж, стандартыг зөрчин үйл ажиллагаа явуулж хангалтгүй үнэлгээтэй дүгнэгдсэн тухай хяналт шалгалтын ажлын хэсгийн үйл ажиллагааг зогсоох тухай санал, дүгнэлтийг үндэслэн аймгийн засаг дарга үндэслэл бүхий шийдвэр гаргасныг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журмыг зөрчөөгүй бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйл, холбогдох хуулийн хүрээнд эрхээ хэрэгжүүлснийг шүүх бүрэлдэхүүн тал бүрээс нь сайтар шинжлэн судлалгүйгээр нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх заалтын дагуу Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 32 тоот шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна“ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/301 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.6 а, л, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 болон орон сууцны байранд дэн буудлын үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд аттестатчилал, хяналт шалгалт хийсэн ажлын дэд хэсгийн санал, дүгнэлт, хуралдааны шийдвэр зэргийг үндэслэн Орон сууцны байранд үйл ажиллагаа эрхэлж буй дэн буудлуудад хийсэн шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан дэн буудлуудын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/180 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчилгээ үзүүлж байгаа болон орон сууцны байруудад буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад аттестатчилал, хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргыг томилсон. Улмаар ажлын хэсгийн ахлагч Засаг даргын захирамжийг биелүүлэх ажлын хүрээнд ажлын дэд хэсгийг байгуулж, Орон сууцны байранд дэн буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд аттестатчилал, хяналт шалгалт хийх ажлын удирдамжийг баталсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 а /хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах/, 29.1.6 л /нутаг дэвгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах” болон бүх шатны Засаг даргад “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчлөлийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах” бүрэн эрхийг олгосон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-дэх заалтуудтай нийцжээ. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хяналт шалгалт явуулахаар ажлын хэсэг, түүний ахлагчийг томилсон, томилогдсон ажлын хэсгийн ахлагч ажлын дэд хэсгийг байгуулж, хяналт шалгалтын удирдамжийг баталсан нь буруу биш байна.

Гэвч Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь хяналт шалгалт явуулахдаа шалгалт эхлэхээс өмнө шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулах, удирдамж хяналтын хуудасны нэг хувийг өгөх, хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэх, зарим тохиолдолд шалгалтыг бүрэн бус бүрэлдэхүүнтэй явуулах зэргээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг баримтлаагүй энэ нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт, шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” зарчмыг алдагдуулахад хүргэжээ.

Үүнээс гадна Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д сууцандаа бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр хуульд зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж болохыг зөвшөөрсөн, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээнд дэн буудлын үйлчилгээ хамаарахгүй байгаа, түүнчлэн Мэргэжлийн хяналтын болон бусад эрх бүхий байгууллагуудаас холбогдох зөвшөөрлийг авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг Засаг дарга тухайн үйлчилгээ эрхлэхтэй холбоотой зөвшөөрлийг олгодоггүй атлаа үйл ажиллааг шууд зогсоох шийдвэрийг/хяналт шалгалт хийх эрхийг олгосон хуулийн заалтуудыг үндэслэн/ гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Зүй нь аймгийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дэн буудлын үйл ажиллагаа эрхэлж байсан компаниудын үйл ажиллагаа зохих стандарт, журам, шаардлагад нийцээгүй байгаа нь шалгалтаар тогтоогдсон тохиолдолд үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтанд хандан хууль тогтоомжийн дагуу цуцлах хүртэл арга хэмжээ авахыг шаардах, үүрэг болгох байжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.