Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 130

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч И.Ариунсанаа, иргэдийн төлөөлөгч Э.Алтанзул, хохирогч Г.Баттөмөр, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0539), шүүгдэгч Г.Ариунзаяа, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1953), нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Ганбаатарын Ариунзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 1241 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Ганбаатарын Ариунзаяа, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, Номин ХХК-ийн Их дэлгүүр дэх салбарт худалдагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 13-54 тоотод оршин суудаг, ХК84102801 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Г.Ариунзаяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо, Баганарангийн 13-54 тоот гэртээ нөхөр Г.Баттөмөртэй хамт архи ууж байгаад гэр бүлийн асуудлаас үүдэн маргалдаж, улмаар гэртээ байсан хар иштэй хутгаар хохирогч Г.Баттөмөрийн  баруун чээж рүү нь хутгалж, бие мах бодод нь хүнд гэмтэл санаатай учруулсан өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Хохирогч Г.Баттөмөр нь 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр архидан согтуурсан бөгөөд маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо, Баганарангийн 13-54 тоот гэртээ дахин архи уух (шараа тайлах) зорилгоор эхнэр Г.Ариунзаяаг ятган 1.5 литрийн хэмжээтэй шар айраг хувааж уусан байна. Улмаар тэд найз Г.Ган-Отгоныг дуудаж, 0.75 литрийн хэмжээтэй Сархад нэрийн архийг гурвуул хувааж уужээ. Хохирогч Г.Баттөмөр нь архи ууж байх үедээ шүүгдэгч Г.Ариунзаяатай гэр бүлийн асуудлаар маргалдаж, муудалцсан бөгөөд Г.Ган-Отгон тэдний хэрүүлийг зогсоожээ. Гэтэл тэд Г.Ган-Отгоныг бие засахаар гарсан хойгуур дахин маргалдаж, хохирогч Г.Баттөмөр, шүүгдэгч Г.Ариунзаяагийн толгойн ар хэсэг буюу дагз руу цохисны улмаас шүүгдэгч Г.Ариунзаяа нь согтуурсан үедээ гэртээ байсан ахуйн хэрэглээний хар иштэй хутгаар хохирогч Г.Баттөмөрийг 2 удаа хутгалж, түний бие махбодод чээжний баруун талд чээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, чээжний хөндийд цус хуралт, зүүн ташаанд шарх, чээжний зүүн талд зулгаралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Ариунзаяа: 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр надаас нэг пиво аваад өг гэж гуйсан. Тэгэхээр нь Г.Баттөмөр бид хоёр 1.5 литрийн пиво авч хувааж ууж байхдаа найз Г.Ган-Отгоныг дуудаж 0.75 литрийн нэг шил архи нэмж аваад хувааж уусан. Г.Баттөмөр бид хоёрын дунд жаахан маргаан үүссэн. Манай найз Г.Ган-Отгон битгий маргалд гэж хэлэхээр нь Г.Баттөмөр бид хоёр эвлэрээд хоол хийж идэх гээд будаа агшаачихаад мах хэрчих гээд зогсож байхад Г.Баттөмөр миний араас толгой руу маш хүчтэй цохихоор нь гартаа барьж байсан хутгаа тавихгүйгээр баруун мөр дагуу эргэж харах үед Г.Баттөмөр миний барьж байсан хутга руу орсон. Г.Баттөмөр бид хоёр зууралдаад би баруун талаараа газар унасан. Тэгээд би тухайн үедээ их цочирдсон байсан. Г.Баттөмөрөөс маш их цус гарч байхаар нь цагдаа, түргэн тусламж дуудаж түргэн тусламж ирэх хүртэл даавуугаар Г.Баттөмөрийн цусыг тогтоож байсан..., ...Би Г.Баттөмөрт толгой руугаа цохиулчихаад гадна бие засаж байсан Ган-Отгонг дуудаж орилсон. Тэрний дараа эргэж харахдаа хутгалсан гэв.   

Хохирогч Г.Баттөмөр: 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шараа тайлах гэж эхнэр Г.Ариунзаяагаар 2 литрийн пиво авахуулж хувааж уусан. Найз Г.Ган-Отгоныг би өөрөө дуудаж ирүүлсэн. Тэгээд бид гурав 0.75 литрийн нэг шил архи авч ирээд хувааж ууж байхдаа Г.Ариунзаяа бид хоёрын дунд хэрүүл маргаан гарсан. Маргаан гарсан шалтгаан нь би Г.Ариунзаяагийн эгчид нь машин зарсан байсан. Г.Ариунзаяагийн эгч нь мөнгөө өгөхгүй удсан учраас мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар маргаан үүссэн. Гэтэл Г.Ган-Отгон та хоёр хэрэлдэж маргалдах юм бол би явлаа гэхээр нь эхнэр бид хоёр эвлэрээд хөгжим тавиад бүжиглэсэн. Г.Ариунзаяа хоол хийх гээд гал тогооны өрөөнд мах хэрчиж байхад нь би араас нь очоод Г.Ариунзаяагийн толгой руу баруун гараараа цохисон чинь Г.Ариунзаяа баруун талаараа эргэж хараад намайг цохичих шиг болсон. Тэгээд Г.Ариунзаяагийн гарыг харсан чинь гарт нь хутга байсан. Тэгэхээр нь би Г.Ариунзаяаг зүүн тал  руу нь дэгээдэж унагасан чинь Г.Ариунзаяагийн барьж байсан хутган дээр дарж унасан байсан гэв.

Гэрч Г.Ган-Отгон: Тухайн өдөр Г.Баттөмөр эхэлж уурлаад харин Г.Ариунзаяа хамаатан  саднаа өмөөрч тэд хоорондоо маргалдахаар нь би тэр хоёрт хандан “та хоёр ингээд хэрэлдэж, маргалдаад байх юм бол би явлаа, хүн дуудчихаад хэрэлдээд юм” гэхэд тэр хоёр хэрэлдэхээ больж, хоорондоо эвлэрсэн. Тэгээд би бие засах гээд гарсан. Намайг бие засах газар ороод 2-3 минут болж байхад Г.Ариунзаяа “Г.Баттөмөр намайг зодоод байна ш дээ” гэж орилохоор нь би гэрт орсон.  Намайг ороход Г.Баттөмөр хойд талын орон дээр суусан, Г.Ариунзаяа хутга барьсан байхаар нь сандраад хутгыг нь авч нуусан. Хутгыг арчиж цэвэрлэсэн зүйл байхгүй гэв. 

Мөрдөн байцаалтад: (Эрүүгийн 2016 2601 1241 дугаартай хэргээс)

Хохирогч Г.Баттөмөр: …Би 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр архи уусан байсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шараа тайлах гээд 11 цагийн үед манай эхнэр Г.Ариунзаяатай хамт эхлээд 2 литрийн шар айраг авч хувааж ууцгаасан. Тэгээд нөгөө шар айргаа ууж дуусгаад эхнэрийн найз Г.Ган-Отгоныг дуудан 0.75 литрийн архи авч, гурвуулаа хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусах гэж байхдаа би эхнэр Г.Ариунзаяатай гэр орноо цэвэрлэсэнгүй гэх аар саархан зүйлээс болоод маргалдсан юм. Тэгээд манай эхнэр Г.Ариунзаяа хоол хийхээр мах хэрчээд зогсож байх үед бид хоёрын хэрүүл даамжраад манай эхнэр намайг санамсаргүй хутгалсан нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Баруун суганы доод талд, зүүн талын бөөрний хавьцаа боолт хийчихсэн өвдөж байсан. ...Манай эхнэрийн төрсөн эгчид би нэг машин зарж байсан бөгөөд үнэ хөлсийг нь авах гэж нэлээн сунжирсан юм болж байсан юм. Түүнээс болоод эхнэр бид хоёрын хооронд маргаан үүссэн..., …Би Г.Ариунзаяаг хоол хийж байх үед араас нь толгой руу нь нэг удаа цохиход миний баруун суганы далбаа хэсэгт эргэж харахдаа санамсаргүй хутгалж гэмтээсэн. Тэгээд гар руу нь хартал хутга барьсан байхаар нь хутгыг нь авахаар булаацалдаж газар унасан. Тэгэхдээ зүүн бөөрний хэсгээрээ түүний барьсан хутган дээр унасан байсан. Энэ үйл явдал маш богино хугацаанд болсон. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эхнэр бид хоёр 2 хүүхэдтэй бөгөөд өөрсдийн хүчээр амьдралаа авч яваа залуу гэр бүл тул манай эхнэрт оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсье… гэх мэдүүлэг (хх-ийн 23-25 дугаар хуудас),

Гэрч Г.Ган-Отгоны өгсөн: Би тэр өдөр гэртээ байж байтал манай найз болох Г.Баттөмөр, Г.Ариунзаяа нар над руу утсаар яриад дуудсан юм. Тэгээд би 15 цаг өнгөрч байх үед тэдний гэрт нь очсон. Намайг очиход Г.Баттөмөр, Г.Ариунзаяа нар архи уусан бололтой халамцуу байсан. Тэгээд бид дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй Сархад гэдэг архи аваад гурвуулаа хувааж уусан. Тэгээд архиа ууж байтал Г.Ариунзаяа, Г.Баттөмөр нар хоорондоо манайхан, танайхан гээд хэрэлдсэн юм. Тэгэхээр нь би “та хоёр хэрэлдэхээ боль, хэрэв болихгүй бол би явлаа” гэж хэлэхэд тэр хоёр хэрэлдэхээ больсон. Тэгээд тэр хоёр хамт бүжиглэхээр нь зүгээр боллоо гэж бодоод би бие засахаар гадагш гарсан юм. Тэгээд 00-д сууж байтал цонхоор Г.Ариунзаяа, Г.Баттөмөр намайг зодоод байна ш дээ гээд аймар орилохоор нь бушуухан гүйгээд ортол Ариунзаяа гартаа хоол хийдэг, хар бариултай, дунд зэргийн хэмжээтэй хутга барьчихсан том өрөөнийхөө хаалганы хажууд их айсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би Г.Ариунзаяа дээр гүйж очоод “яасан бэ, юу болсон” гэхэд энэ намайг зодоод байсан гэж хэлээд уйлсан. Би хутгыг нь булааж аваад хөргөгчний ард нуусан. Тэр хутганд цус харагдаагүй. Тухайн үед Г.Баттөмөр том өрөөнийхөө орон дээр элгээ эвхээд сууж байсан. Тэгсэн Г.Баттөмөрийн зүүн хажуу талаас орон дээр цус гоожихоор нь би “цус гоожоод байна ш дээ, чи ямар аймар юм бэ” гэтэл Г.Ариунзаяа эмнэлэг болон цагдаа руу утсаараа дуудлага өгсөн юм. Түргэний эмч дуудлага өгснөөс хойш гучаад минутын дараа, харин дараа нь цагдаа нар ирсэн. Тэгээд Г.Баттөмөрийг түргэний эмч, Г.Ариунзаяаг цагдаа нар аваад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 25-27 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №6361 дугаартай: “Баттөмөрийн биед чээжний баруун талд чээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, чээжний хөндийд цус хуралдалт, зүүн ташаанд шарх, чээжний зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх чээжний баруун талын шарх, зүүн ташааны шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, чээжний зүүн талын зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх чээжний баруун талд чээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь ШЭГЗТЖ-ын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хх-ийн 33 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №3181 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хар бариултай хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй.” гэх дүгнэлт (хх-ийн 33 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №4166 дугаартай: “Хар өнгийн иштэй хутга дээр цус илрээгүй. Хөх өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ, хүрэн өнгийн нунтаг дээр цус илэрсэн. Уг цус нь О /I/ бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт (хх-ийн 41 дүгээр хуудас),

Шинжээч эмч Г.Энхбаатарын өгсөн: Г.Баттөмөрийн биед чээжний баруун талд чээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, чээжний хөндийд цус хуралдалт, зүүн ташаанд шарх, чээжний зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Чээжний баруун талын шарх болон зүүн ташааны шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Харин чээжний зүүн талын зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан.

Г.Ариунзаяагийн сэжигтнээр өгсөн: Би 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэртээ нөхөр Баттөмөр, найз Ган-Отгон нарын хамт гурвуулаа 0.75 литрийн хэмжээтэй Сархад нэрийн нэг шил архи, мөн 0.5 литрийн хэмжээтэй нэг шил архи, нэг том пиво авч ууцгаасан. Архиа ууж дуусах үед нөхөр Г.Баттөмөр бид хоёр гэр бүлийн маргаанаас болж, хэрэлдэж, маргалдсан юм. Тэгээд би нэг мэдсэн уусан архиндаа тасарсан байсан. Харин ухаан орсон чинь манай найз Г.Ган-Отгон надад “түргэний эмч дуудсан ирж байгаа, чи нөхрөө хутгалчихлаа” гэж хэлсэн юм. Манай нөхрийн баруун суган доороос их хэмжээний цус гарч байсан учир би цусыг нь тогтоохоор даавуу тавьж дарсан юм. Тэгээд удалгүй түргэний эмч ирээд манай нөхрийг аваад явсан. Харин намайг цагдаа нар дагуулж яваад цагдаагийн газар авчирсан. Би тэр үед их согтолттой байсан учир болсон явдлыг хагас дутуу санаж байна. Би нөхрөө хоёр удаа хутгалж гэмтээсэн. Харин яг яаж хутгалснаа санахгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 52 дугаар хуудас),

Г.Ариунзаяагийн яллагдагчаар өгсөн: Би 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэртээ нөхөр Г.Баттөмөртэй хамт пиво ууж байгаад найз Г.Ган-Отгоныг дуудсан. Тэгээд Ган-Отгоныг ирэхээр нь 0.75 литрийн хэмжээтэй Сархад нэрийн архи авч гурвуулаа хувааж уусан юм. Тэгээд архи ууж байхдаа би нөхөртэйгөө ах дүүгийн машин тэрэг гэх хувийн шалтгааны улмаас маргалдсан. Уг нь маргалдаж байгаад гайгүй болж, хоорондоо эвлэрсэн. Харин би тэрнээс хойш болсон зүйлийг санахгүй байна. Тэгээд би нөхрөө хутгалчихлаа гээд түргэн дуудаад дараа нь цагдаа дуудчихаад нөхрийнхөө цусыг тогтоож өгөх гээд алчуураар шархан дээр нь дараад байж байсан. Манай найз Г.Ган-Отгон надтай цуг манай нөхрийн шархыг янзалж байсан. ...Би нөхөр Г.Баттөмөртэй манай эгчид зарсан машинаас болж маргалдсан. Баттөмөр намайг нэг ч удаа цохиж зодож байгаагүй. Бид хоёр хааяа нэг маргалддаг. Гэхдээ хэрэлдэж сүйд болоод байдаггүй. Би нөхөр Баттөмөрт хоорондын маргаанаас болоод хутгаар гэмтэл шарх учруулсан. Тухайн үед Г.Ган-Отгон бие засах гээд гарсан байсан. Нэг мэдсэн чинь “намайг түргэн дууд” гээд манай нөхрийн шархыг цэвэрлээд байж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 55 дугаар хуудас),

Г.Баттөмөрийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (хх-ийн 10 дугаар хуудас), Г.Баттөмөрөөс асууж авсан тайлбарын тэмдэглэл (хх-ийн 11 дүгээр хуудас), Г.Ариунзаяагаас асууж авсан тайлбарын тэмдэглэл (хх-ийн 12 дугаар хуудас), хохирогч Г.Баттөмөрийн хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлт (хх-ийн 70 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-8 дугаар хуудас), хохирогч Г.Баттөмөрийн захиргааны зөрчлийн талаарх цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа (хх-ийн 17-19 дүгээр хуудас), гэрч Ё.Хамтбаярын мэдүүлэг (хх-ийн 28-29 дүгээр хуудас), шүүгдэгч Г.Ариунзаяагийн ам бүлийн тодорхойлолт (хх-ийн 57 дугаар хуудас), түүний бага насны хүүхэд Б.Ган-Эрдэнэ, Б.Соёл-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 60 дугаар хуудас), Г.Ариунзаяа, Г.Баттөмөр нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 61 дүгээр хуудас), шүүгдэгч Г.Ариунзаяаг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон үйл баримт нь бүрэн бодитой нотлогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, прокурорын зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Ариунзаяа нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөл явуулахдаа: “...шүүгдэгч Г.Ариунзаяаг хоол хийхээр мах хэрчин зогсож байхад нь түүний нөхөр Г.Баттөмөр араас нь цохьсон тул тэрээр сандарсандаа гартаа хутга барьсан чигтээ эргэж харах үед нөхрийнхөө баруун суга руу болгоомжгүй хутгалжээ. Харин зүүн ташаан дээрх шарх нь тэднийг барьцалдан газар унах үед үүсчээ. Иймд шүүгдэгч Г.Анриунзаяаг бусдын бие махбодод хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж үзэж байна. Иймд түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1. дэх зааснаар хөнгөрүүлж өгнө үү...” хэмээв. Гэтэл,

  • Гэрч Г.Ган-Отгоны “...намайг 00-д сууж байтал цонхоор Г.Ариунзаяа, Г.Баттөмөр намайг зодоод байна ш дээ гээд аймар орилохоор нь бушуухан гүйгээд ортол Ариунзаяа гартаа хоол хийдэг, хар бариултай, дунд зэргийн хэмжээтэй хутга барьчихсан том өрөөнийхөө хаалганы хажууд их айсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би Г.Ариунзаяа дээр гүйж очоод “яасан бэ, юу болсон” гэхэд энэ намайг зодоод байсан гэж хэлээд уйлсан. Би хутгыг нь булааж аваад хөргөгчний ард нуусан...” гэх (хх-ийн 25-26 дугаар хуудас),
  • Хохирогч Г.Баттөмөрийн “...Манай эхнэрийн төрсөн эгчид би нэг машин зарж байсан бөгөөд үнэ хөлсийг нь авах гэж нэлээн сунжирсан юм болж байсан юм. Түүнээс болоод эхнэр бид хоёрын хооронд маргаан үүссэн..., …Би Г.Ариунзаяаг хоол хийж байх үед араас нь толгой руу нь нэг удаа цохиход тэр эргэж харахдаа миний баруун суга руу санамсаргүй хутгалж намайг гэмтээсэн...” гэх (хх-ийн 23-24 дүгээр хуудас), мөн “...Г.Ариунзаяа хоол хийх гээд гал тогооны өрөөнд мах хэрчиж байхад нь би араас нь очоод Г.Ариунзаяагийн толгой руу баруун гараараа цохисон чинь Г.Ариунзаяа баруун талаараа эргэж хараад намайг цохичих шиг болсон. Тэгээд Г.Ариунзаяагийн гарыг харсан чинь гарт нь хутга байсан...” гэх (шүүхийн хэлэлцүүлэгт),
  • Шүүгдэгч Г.Ариунзаяагийн “...Би нөхөр Г.Баттөмөртэй манай эгчид зарсан машинаас болж маргалдсан. Би маш их согтсон учир болсон явдлыг бүрэн санахгүй байна. Тухайн үед Г.Ган-Отгон бие засах гээд гарсан байсан. Харин ухаан орсон чинь манай найз Г.Ган-Отгон надад “түргэний эмч дуудсан ирж байгаа, чи нөхрөө хутгалчихлаа” гэж хэлсэн юм.” гэх (хх-ийн 52-55 дугаар хуудас),
  • Шинжээч эмч Г.Энхбаатарын “...Г.Баттөмөрийн биед чээжний баруун талд чээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, чээжний хөндийд цус хуралдалт, зүүн ташаанд шарх, чээжний зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Чээжний баруун талын шарх болон зүүн ташааны шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...” гэх мэдүүлгүүдэд дүгнэлт хийвэл;

Шүүгдэгч Г.Ариунзаяа, хохирогч Г.Баттөмөр нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа бүхий хэрүүл, маргаан өрнөжээ. Харин тус маргааны үед хохирогч Г.Баттөмөр өөрийн эхнэр буюу шүүгдэгч Г.Ариунзаяагийн эрх чөлөөнд халдаж, түүний ар дагз руу гараараа нэг удаа цохисны улмаас шүүгдэгч Г.Ариунзаяа, хохирогч Г.Баттөмөрийн баруун суга руу хутгалсан байх тул шүүгдэгч Г.Ариунзаяа нь шууд бус санаатай үйлдлээр бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан байна.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Ган-Отгон “Намайг бие засаж байх үед Баттөмөр намайг зодоод байна ш дээ гээд Г.Ариунзаяа орилсон” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Г.Ариунзаяа мөн адил “Баттөмөрт цохиулчихаад найз Г.Ган-Отгоноос тусламж хүсэж орилсон, дараа нь хутгалсан” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Ариунзаяаг цохиулсандаа сандарч, цочин хутга барьсан чигтээ эргэж харахдаа хохирогч Г.Баттөмөрийг хутгалсан гэж үзэх боломжгүй юм. Тодруулбал, шүүгдэгч Г.Ариунзаяа нь хохирогч Г.Баттөмөрт цохиулчихаад бусдаас тусламж хүссэн байх тул түүнийг тодорхой зорилготой хутга барьсан гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Ариунзаяаг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Ариунзаяад ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх, хохирлоо сайн дураар нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэнг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр өөрчиллөө.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн суран тэлээ, хөх өнгийн жинсэн өмд, хар өнгийн бариултай ахуйн хэрэглээний хутга, хэргийн газраас бэхжүүлсэн цус мэт хүрэн өнгийн нунтагийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоов.

Хохирогч Г.Баттөмөр нь шүүгдэгч Г.Ариунзаяагаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол, саналгүй гэх тул шүүгдэгч Г.Ариунзаяаг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ариунзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус тогтоолд дурдав. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Ариунзаяаг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Ариунзаяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1. дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар 3 (жил) жил, 5 (тав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10. дахь хэсгийг журамлан тус зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ариунзаяад оногдуулсан 3 (жил) жил, 5 (тав) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1. дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн суран тэлээ, хөх өнгийн жинсэн өмд, хар өнгийн бариултай хутга, хэргийн газраас бэхжүүлсэн цус мэт хүрэн өнгийн нунтагийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ариунзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Ариунзаяаг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ариунзаяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                               Б.БАТАА      

 ШҮҮГЧИД                                 Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                     Г.МӨНХЗУЛ