Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 25

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.О,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн ажлаас гадуур ажил хавсран хийж олсон орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлснийг Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай зөрчсөн гэж үзэн шимтгэл төлсөн хугацаагаар үндсэн тэтгэвэр нэмэгдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг нэмэгдэл тэтгэврийг тэтгэвэр тогтоолгосон үеэс эхлэн нэмж тооцуулахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 35 тоотод амьдардаг Г.О би ажиллах хугацаандаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ахмад санхүүчдийн холбоонд мэргэжлийн дагуу Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр санхүүгийн дадлагын орон тооны бус багшийн ажлыг давхар гүйцэтгэхдээ Ахмад санхүүчдийн холбооны дүрмийн 3.2-т зааснаар дотоод журмын /2011 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан/ дагуу Ахмад санхүүчдийн холбоонд хүсэлтээ гаргаж,2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Ахмад санхүүчдийн холбоотой 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс нийгмийн даатгалын байцаагч Ш.Нарангэрэлээс зөвлөгөө авч, нийгмийн даатгалын байгууллагаас үндсэн ажлаас гадуур ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийн дэвтэр /№0003580 тоот/ авч тухай бүр баталгаажуулан ажиллаж байсан билээ. Гэтэл тэр орлогыг Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай зөрчсөн гэж үзэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тогтоосон тэтгэврийн дундаж хэмжээг нэмэгдүүлээгүй хассан ба тэтгэвэр тогтоосноос хойш 1 сарын дараа Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай зөрчсөн гэсэн албан тоотыг ирүүлсэн. Миний бие энэ асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй өргөдөл өгөхөд дахин хууль зөрчсөн, мөн санхүүгийн баримт байхгүй цалин авсан эсэх нь тодорхойгүй байгаа тухай албан тоот ирүүлсэн.

Иймээс миний бие Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хэргийн харьяалал зөрчсөн гэсэн шалтгаанаар 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1366 дугаар шүүгчийн захирамж ирүүлсэн тул харьяаллын дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон. Энэ захирамжийн дагуу материалыг бүрэн бүрдүүлсэн.

1.Үндсэн ажлаас гадуур ажил хавсран хийж олсон орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлснийг Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай зөрчсөн гэж үзэн тэтгэвэр нэмэгдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

2.Миний нэмэлт орлого олж нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлж төлсөн жилүүдийг тооцон тогтоогдсон тэтгэврийг нэмж тооцуулах,

3.Уг нэмэгдлийг материал бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон өдөр болох 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс тооцон нөхөн олгуулах талаар шийдвэр гаргуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Г.О /МЬ63091203/ нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлийг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэсний дагуу өндөр насны тэтгэврээ хуулийн хугацаанд тогтоолгосон болно.

Нэхэмжлэгч Г.О нь Сэлэнгэ аймгийн татварын улсын байцаагчаар томилогдсноор төрийн захиргааны албан хаагч болж, Төрийн албаны тухай хуулийг мөрдөх үүрэг хүлээсэн. Тухайн иргэний төрийн албыг хашиж байх хугацаандаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Сэлэнгэ аймгийн Ахмад санхүүчдийн холбоонд санхүүгийн зөвлөхөөр томилогдон ажилласан нь:

1.Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6-д багшлах, эрдэм шинжилгээний ажилтнаас бусад ажил эрхлэх эрхийг зааж өгөөгүй. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

2.Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан журмын дагуу Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого /цаашид хөдөлмөрийн хөлс гэх/-ын 45 хувиар тогтооно өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Гэвч хуулийн дээрх заалтыг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоо хуульд нийцээгүй аргаар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгод ашиглах нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй юм.

3.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах гэдэг заалтыг Ахмад санхүүчдын холбоо гэх байгууллага нь зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны цалин хөлсийг хийснээр буюу цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тааруулж олгоно гэж заасан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг 6 жилийн дундаж цалингийн үндэслэлийг үнэн зөв байна уу гэдэг баримтыг тухайн ажилтанд цалин олгосон анхан шатны баримтанд үндэслэх шаардлагатай байдаг. Тухайн тэтгэвэр авагчийн үндсэн ажлаас гадна давхар ажил эрхэлж цалин хөлс авсан үндэслэлийг шалгахаар Сэлэнгэ аймгийн Ахмад санхүүчдийн холбооны санхүүгийн баримтыг татан авч шалгахад улсын бүртгэлийн гэрчилгээ, дотоод дүрэм, ажилчдын гэрээ зэрэг баримтууд ирсэн бөгөөд санхүүгийн тайлан, татварын тайлангаа ирүүлээгүй бөгөөд 2017 оноос хойших цалин хөлсийг нотлох санхүүгийн баримт болон татварын тайланг ирүүлэх тухай 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 269 тоот албан бичгийг явуулсан боловч одоогийн байдлаар ирээгүй байна.

Хэдийгээр даатгуулагчийн цалин хөлсийг нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд тусгасан хэдий ч хувь хүний орлогын албан татварын тайланд тусгаагүй тухайн цалинг ямар хэлбэрээр яаж авч байсан гэдэг анхан шатны баримттай танилцах ажиллагаа явуулах ёстой байтал тэр ажиллагааг явуулах нөхцөл боломжийг бүрдүүлээгүй болно. Тухайлбал даатгуулагчийн цагийн бүртгэл, кассын зарлагын гүйлгээ байхгүй, хаана ямар байгууллагад санхүүгийн зөвлөн туслах үйл ажиллагаа үзүүлсний төлбөр буюу орлого яаж орж ирсэн нь тодорхой бус мөртлөө дээрх онуудад тогтмол 500.000 тегрөгний цалин хөлсийг зөвхөн нийгмийн даатгалын тайланд тусган шимтгэлийн төлбөрийг тухайн байгууллагад ажиллаж байсан даатгуулагч тус бүрийн харилцах данснаас төлсөн байгаа нь үндэслэлгүйгээр цалин хөлсийг өсгөж нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах зорилготой байсныг нотолж байна.

Нийгмийн даатгалын байгууллага нь хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд дээрх иргэний тэтгэврийг бодож олгохдоо үндэслэлтэй цалин хөлс буюу сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 6 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод тулгуурлан бодож олгосон байх тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудаас шүүхэд бичгээр, шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбар, нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.О нь Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Сэлэнгэ аймгийн Ахмад санхүүчдын холбооны даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаар тушаалаар[1] тус холбооны орон тооны бус зөвлөх багшаар томилогдон ажиллаад, тус холбооны даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаар тушаалаар[2] орон тооны бус зөвлөх багшийн үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Улмаар 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлийг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн боловч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 30 тоот албан бичгээр тэтгэвэр тогтоолгох дундаж цалин хөлсөнд нийгмийн даатгалын 0003580 дугаар дэвтэр дэх Сэлэнгэ аймгийн Ахмад санхүүчдийн холбоонд санхүүгийн зөвлөх гүйцэтгэсэн үндсэн ажлаас гадуур ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг оруулан тооцох боломжгүй., мөн хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 111 тоот албан бичгээр ...тухайн байгууллагын нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргаж байсныг нотлох баримт ирээгүй, тухайн байгууллагад ажиллаж байгаа даатгуулагчдын хөдөлмөрийн хөлс ба түүнтэй адилтгах орлогын үндэслэлийг тодорхойлох боломжгүй байна... гэж тус тус хариу өгсний дагуу нэхэмжлэгчээс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргахад тус газрын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 5/57 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Ахмад санхүүчдийн холбоонд 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд санхүүгийн зөвлөх багшийн ажлыг үндсэн ажлаас гадуур давхар гүйцэтгэсэн нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй... хэмээн хариу өгсөн байна.

Иймд Г.О нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулж Үндсэн ажлаас гадуур ажил хавсран хийж олсон орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлснийг Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай зөрчсөн гэж үзэн шимтгэл төлсөн хугацаагаар үндсэн тэтгэвэр нэмэгдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг нэмэгдэл тэтгэврийг тэтгэвэр тогтоолгосон үеэс эхлэн нэмж тооцуулахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус захиргааны хэргийн шүүхэд гарган, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулиар зөвшөөрсөн давхар ажлыг эрхэлсэн бөгөөд холбогдох шимтгэлийг давхар төлсөн боловч өндөр насны тэтгэвэр тогтооход нэмж тогтоогоогүй нь хууль бус гэж тодорхойлон маргадаг.

Харин хариуцагчаас ...Ахмад санхүүчдийн холбоонд санхүүгийн зөвлөхөөр томилогдон ажилласан нь хуульд заасан давхар ажил эрхлэхийг хориглосон заалтад хамаарч байна, мөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоо хуульд нийцээгүй аргаар тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгод ашигласан нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй гэж тайлбарладаг.

Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн нийтлэг эрхийг зохицуулсан бөгөөд төрийн албан хаагч нь 38.1.6-д зааснаар багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх эрхтэй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д давхар эрхэлж болох ажлыг зохицуулсан бөгөөд 18.5.2-д зааснаар багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажлыг давхар эрхэлж болохоор зохицуулжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Ахмад санхүүчдийн холбоонд зөвлөх багшаар томилогдсон ч түүнийг тухайн чиглэлээр буюу Ахмад санхүүчдийн холбооны даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээнд[3] заасан аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч, иргэдэд санхүүгийн тайлангийн аргачлалын талаар тайлагнал онолын хичээлийг дадлага, сургалтаар хичээллүүлэн зөвлөх санхүүгийн бүртгэлд дадлагажуулан ажилласныг нотлох баримт байхгүй, энэ талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...бид үүнтэй холбоотой баримт бүрдүүлээгүй, байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд нэхэмжлэгч Г.Оийг хуулиар зөвшөөрсөн багшийн ажлыг бодитоор хэрэгжүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Г.Оийг ажилд томилсон Ахмад санхүүчдийн холбооны тушаалд[4] зөвлөх багшийн цалинг өөрийн олсон орлогоор нь цалинжуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг гэрээнд заасны дагуу өөрөөр нь бүрэн төлүүлж ажиллуулах болоод зөвлөх багштай холбоотой нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог орлого олсон сард нь тооцож тайлагнахыг нягтлан бодогчид үүрэг болгожээ. Гэтэл нэхэмжлэгч ямар орлогын эх үүсвэрээр тогтмол 500.000 төгрөгөөр цалинжсан нь тодорхойгүй.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ахмад санхүүчдийн холбооны дүрмийн 15.11-т Холбоо нь санхүүгийн үйл ажиллагааны жилийн тайлан тэнцлээ дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяалах Татварын алба болон бусад холбогдох байгууллагад гаргаж өгнө гэж заасан боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 501 тоот албан бичгээр[5] ирүүлсэн ТТ-11 буюу цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайланд татвар төлөгчийн тоо-0, дүн-0 буюу хасах тайлан гаргасан ба хариуцагчаас тэтгэвэр тогтоохтой холбогдуулан Ахмад санхүүчдийн холбоонд зөвлөх багшаар давхар ажил эрхлэхдээ олсон орлогоо нотлох үүднээс шаардсан санхүүгийн анхан шатны баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...Татварын тайлангаа жил жилээр нь гаргаж өгч байсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 17.1.3-т нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам-ын 3.1.7-д Аж ахуйн нэгж, байгууллага /хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч/ нь нийгмийн даатгалын дэвтэрт даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс, орлого, төлсөн шимтгэлийн хэмжээг сар бүр үнэн зөв бичсэн байна.... гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлсэн нь бодитоор нотлогдохгүй, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2018 оны 10, 11 сараас бусад сар, 2019 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл шимтгэл төлсөн 500.000 төгрөгийн цалин, орлогыг хаанаас олсон санхүүгийн баримт байхгүй байх тул шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлгүй, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэн уг шимтгэлийг өндөр насны тэтгэвэрт нэмж тооцоогүй хариуцагчийн үйлдэл үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2018 оны 10, 11 сараас бусад сар, 2019 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгийг холбогдох этгээдээс гаргуулан авах харилцааг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Г.Оийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох Үндсэн ажлаас гадуур ажил хавсран хийж олсон орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлснийг Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай зөрчсөн гэж үзэн шимтгэл төлсөн хугацаагаар үндсэн тэтгэвэр нэмэгдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг нэмэгдэл тэтгэврийг тэтгэвэр тогтоолгосон үеэс эхлэн нэмж тооцуулахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Оээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХЗАЯА