Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Л.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Лаын Рд холбогдох эрүүгийн 1838224570412 дугаар хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Л.Рын 2018 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Зтой маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Р нь 2018 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ хохирогч Э.Зтой маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Л.Рын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын эхээр... би Мөрөн сумын 9 дүгээр багт байрлах Е дэлгүүрийн тэндээс такси бариад Гэрэлтэй цонх нэртэй дэлгүүр лүү явсан. Гэрэлтэй цонх дээр очоод дэлгүүрийн урд талын ганц бургасны тэнд 3-аас 4 эмэгтэй, 1 залуугийн хамтаар зогсож байхаар нь би явж очоод хүргээд өгөх үү гэж асуухад яахын яахын гэж байсан. Тэгээд би машин дээр оччихоод түр байж байгаарай гэж хэлчихээд дахиад нөгөө эмэгтэйчүүд дээрээ очсон. Би тэр эмэгтэйчүүд дээр дахиж явж очоод хүргээд өгье л дөө гэсэн чинь яахын бэ хэрэггүй гэж хэлж байсан. Тэгээд тэр эмэгтэйчүүдтэй маргалдсан. Маргалдаж байхад нэг эмэгтэй нь над руу чулуу аваад шидсэн. Гэхдээ шидсэн чулуу нь намайг оноогүй, миний барьж явсан таксины дугуйг оносон. Тэр үед би яагаад чулуу шидээд байгаа юм бэ гээд уурлаад нэг эмэгтэйг барьж аваад хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд тэр эмэгтэйтэй хамт явсан эмэгтэйчүүд намайг бариад авсан. Би тэр эмэгтэйг нэг л удаа өшиглөсөн. Би хохирогч Б.Згоос уучлалт гуйж түүний эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулан эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Миний хувьд хийсэн хэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Хохирогч Э.Згийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...чулуу аваад шидсэн чинь машиных нь дугуй руу цохиж таарсан. Тэгтэл өө яасан овоо муу жингэр вэ гээд бууж ирээд намайг үсдэж дараад гэдэс рүү өшиглөчихсөн. Тэгсэн чинь би дуугарч чадахгүй эвхрээд доошоо халуу оргиод явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-22 дугаар хуудас/,

Гэрч Г.Рийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нөгөө залуу тэнд очоод хүмүүстэй маргалдаад байх шиг байсан. Машин руу ирж явсан чинь нэг эмэгтэй араас нь чулуу шидсэн чинь миний машиныг оносон. Тэгэхээр нь би машинаас буугаад хартал нөгөө залуу буцаж очоод хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би очиж салгадаг юм уу гээд дахиад машинаас буутал нөгөө залуу зугтаагаад Дэлгэрмөрөн сургуулийн тийшээ гүйгээд явчихсан. Тэгсэн 3 эмэгтэй 1 залуу ирээд чи таньдаг биз дээ найзыгаа олж ир, машины чинь шилийг хагална гээд чулуу бариад дайраад байсан.” /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд гэрэлтэй цонхын дэлгүүрийн гадна ирээд нөгөө залуу буугаад 2 лааз пиво аваад машин руу оруулж тавьчихаад замын эсрэг талын модны тийшээ явснаа эргэж ирснээ “тэнд гурван охин байна та хоёр байж байгаарай” гээд буцаад явсан. Нөгөө залуу тэнд очоод хүмүүстэй маргалдаад байх шиг байсан. Машин руу ирж явсан чинь нэг эмэгтэй араас нь чулуу шидсэн чинь миний ахын машиныг оносон. Тэгсэн нөгөө залуу буцаж очоод хэрэлдээд байснаа гэнэт зугтаагаад Дэлгэрмөрөн сургуулийн тийшээ гүйгээд явчихсан. гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр З гэх эмэгтэй хэвлийгээр өвдсөн, ЭХО-д харуулаарай гэсэн оноштойгоор надтай ирж уулзсан. ЭХО-д харахад баруун талын үрийн хоолойд жирэмсэн, тэр нь хагараад хэвлийн хөндийдөө их хэмжээгээр цус алдсан байдалтай байсан. Тийм учраас яаралтай хагалгаа зарлаж хагалгаанд орж, баруун талын үрийн хоолойг тайрч, цус алдалтыг зогсоосон. Намайг үзэхэд үтрээнээс цус гараагүй, зөвхөн хэвлийн хөндийдөө их хэмжээний шингэнтэй савны гадуурх жирэмслэлттэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 275 дугаартай: 1. Э.Згийн биед хэвлийн өмнөд хананд зөөлөн эдийн гэмтэл, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хугацаандаа үүсгэгджээ.

  1. Э.Згийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 340 дугаартай: 1. Э.Згийн биед учирсан гэмтлийг тогтоох боломжгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/, Шинжээч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...хохирогч З нь жирэмсэн байсан гэдэг боловч жирэмсэн байсан гэдгийг нотлох эмнэлгийн бичиг баримт үгүй. Хэвлий рүүгээ цохиулсан гэх өдрөөс хойш ЭХО-ны шинжилгээний хариутай байсан ба уг хариунууд дээр умайн хөндийд багахан хэмжээний шингэнтэй гэснээс онц зүйлгүй. Хохирогч өөрөө жирэмсэн байж байгаад хэвлий хэсэг рүүгээ цохиулаад зулбасан гэж байгаа боловч дээрх шалтгааны улмаас жирэмсэн байсан гэдгийг тогтоох боломжгүй, мөн зулбасан эсэхийг нь тогтоох боломжгүй байсан учраас нэмэлт шинжилгээн дээр гэмтлийг тогтоох боломжгүй байсан. ...Умайн гаднах жирэмслэлт нь гэмтлийн шалтгаантайгаар үүсгэгдэх боломжгүй. Згийн хэвлий хэсэг рүү цохиулсан, цохиулаагүй эсэх нь энэ умайн гадуурах жирэмслэлттэй огт хамаагүй гэж ойлгох хэрэгтэй. Умайн гаднах жирэмслэлтийн үед амь насны заалтаар яаралтай мэс засал, мэс ажилбар хийгдэх шаардлагатай...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Л.Рын иргэний үнэмлэхийн лавлагаа,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

Эвлэрлийн гэрээ /хх-ийн 61 дүгээр хуудас/, зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Л.Р нь 2018 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт хохирогч Э.Зтой маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Э.З, гэрч Г.Р, Б.Т, Д.Т нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Л.Рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Рын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Л.Рд Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Хохирогч Э.З, шүүгдэгч Л.Р нарын хооронд гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй, хохирлын төлбөрт 600.000 төгрөг төлсөн талаарх эвлэрлийн гэрээ байгуулагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1838224570412 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Б овогт Лын Рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Л.Рд /зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  1.  Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  2.  Эрүүгийн 1838224570412 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР