Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 00164

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            Ё.Бямбацогтын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Батбаярт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00878 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Ё.Бямбацогтын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:     Б.Батбаярт холбогдох,

Хадлан хийж олсон ашиг 35.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ё.Бямбацогтоос 10.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Б.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Бямбацогт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Б.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Ё.Бямбацогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б.Батбаяртай ярилцан тохиролцож, хамтран хадлангийн бригад гарган хадлан хийхээр болж, Дорнод аймгийн Хөлөн буйр суманд хадлан хийх болж манай талаас 3 трактор болон прэсслэгч машин, бусад тоног төхөөрөмж, ажилчдын гэр, гал тогооны хэрэгсэл, 2 ажилчин гаргах, Б.Батбаяр хадлан хийх шаардлагатай шатах, тослох материал болон ажилчдын цалин хөлсийг гаргахаар болсон. Ингээд ажилчдад нэг хүнд сард 1,500,000 төгрөг олгох, хадлан хийж, өвсөө прэсслээд, худалдан борлуулж, ашгаа тэнцүү хуваан авахаар тохирсон. Ийнхүү тохиролцсоны дагуу миний бие компанийхаа техник тоног төхөөрөмж, гэр, гал тогооны хэрэгслийн хамт 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ачааны машинаар Дорнод аймгийн Хөлөн буйр сумруу ачиж, хамт 2 ажилтнаа өгч явуулсан.Ингээд Б.Батбаяр нь миний 2 ажилчин болон машин тоног төхөөрөмжийг ашиглан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 сар хадлан хийж, 293 ш том прэсс, /дөрвөлжин 30 прэсстэй тэнцдэг/ 19300 ш дөрвөлжин прэсс нийт 28090 ш прэссэлсэн өвс хийсэн. /1 ш прэссэлсэн өвс 25 кг гэж бодоход 702;250 тонн/. Тухайн үед 1 прэсс өвс ширхэг нь 4000 тегрөгөөр худалдаалагдаж байснаар тооцоход 112,360,000 төгрөг болж байсан. Үүнээс цалин хөлс, шатах тослох материал, хоол хүнс гэх мэт зардлаа хасахад дор хаяж 60 сая төгрөгний цэвэр ашиг гарч байна. Одоо прэсстэй өвс 8000 төгрөг хүрч байгаа бөгөөд Б.Батбаяр одоо ч өвсөө зараад явж байна. Гэвч Б.Батбаяр нь анх ярилцаж тохиролцсны дагуу надад ашгаа хуваах нь байтугай хадлан хийхдээ надаас авч ашигласан техник тоног төхөөрөмж, гэр гал тогооны хэрэгслүүдийг хаяж газар дээрээ орхиод надад хүлээлгэн өгөлгүй явсан байхад нь миний бие өөрийн биеэр зардал чирэгдэл болж Дорнод аймгаас татан авчирсан. Иймд Б.Батбаяраас хадлан хийж олсон ашгаа 50 хувь болох 30,000,000 сая төгрөгийг машин техник тоног төхөөрөмжөө Дорнодоос татна авчрахад гаргасан зардал 5,000,000 сая төгрөгний хамт нийт 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед 60 сая төгрөгний ашиг битгий хэл 6 сая төгрөгний ч ашиг олоогүй, харин ч хохирол амссан ба түймэрт хамаг өвсөө шатаалгасныг Бямбацогт өөрөө сайн мэдэж байгаа ба өөрөө 50 том боодол буюу 1500ш пресс өвсийг ачаад явсан. Энэ хүнийг би хөлсөөр ажиллуулаагүй, ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй байтал энэ их мөнгө нэхэж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2015 оны 9-р сард Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт хадлан хийсэн бөгөөд иргэн Бямбацогттой хамтарч, гарах зардал олсон ашгаа хуваан авах бөгөөд алдагдал гарвал хувааж хариуцахаар ам тохиролцоотой хадлан хийсэн. Ингээд хадлан хадахад хэрэгцээтэй техник хэрэгсэл, зардлаа хувааж гаргахаар болсон. Гэтэл анхны өдрөөс буюу Орхон аймгаас трактор ачихаас эхлээд л Бямбацогт нь одоохондоо мөнгө алга байна, чи санхүүгээ болон зардлаа гаргаад явж бай, тэгээд хувааж болно биз дээ гэж хэлсээр бүх зардлыг надаар гаргуулсан. Нэгэнт эхэлсэн ажил тул зогсоочихгүйн тулд би бүх зардлыг гаргасан. Би ямар ч ашиг олоогүй харин ч алдагдал хүлээж байсныг сайн мэдэж байгаа. 2015 оны 9-р сард хадлан хийгээд газрынхаа ихэнх хувийг хадаад заримыг прэслэж, заримыг нь том боодлоор боож, заримыг нь боож амжаагүй байхад түймэр гарч хамаг хадсан өвс, пресслэсэн, том боодлоор пресслэсэн өвс болон хадах байсан тайлбайгаа түймэрт авахуулж шатаалгасан. Миний бие нь Баянсементал ХХК-н хадлангийн талбайгаас хадлан хийж байсан. Ингээд Баянсементал ХХК-ийн болон манай талбай, хадсан өвс бүгд шатсан. Түймэр тавьсан хүмүүсээс Баянсементал ХХК нь 12000 боодол өвс авахаар тохиролцоход би тэр өвснөөс нь 4000 боодлыг авсан. Бямбацогт 50 том боодол юу 1500 боодол өвс ачаад явсан. Надад хадлан хийхэд нийт 30.000.000 төгрөгний зардал гарсан, ашиг гэж мөнгө олоогүй, харин алдагдал гарсан. Нийт 20.000.000 төгрөгний алдагдалд орсон. Тиймээс гарсан зардлын 50 хувь болох 10.000.000 төгрөгийг Ё.Бямбацогтоос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ё.Бямбацогт сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Батбаяр нь миний 2 ажилчин болон миний машин тоног төхөөрөмжийг ашиглан 2015-10-27-ыг хүртэл 2 сар хадлан хийж, 293 ш том прэсс /дөрвөлжин 30 прэсстэй 4 тэнцдэг/ 19300 ш дөрвөлжин прэсс нийт 28090 ш прэссэлсэн өвс хийсэн. /1ширхэг прэссэлсэн 25 кг гэж бодоход 702,250 тонн/ Тухайн үед 1 прэсс өвс ширхэг нь 4000 төгрөгөөр худалдаалагдаж байснаар бодоход 112.360.000 төгрөг болж байсан. Үүнээс цалин хөлс, шатах тослох материал, хүнс гэх мэт зардлаа хасахад дор хаяж 60 сая төгрөгний цэвэр ашиг гарч байна. Одоо прэсстэй өвс 8000 төгрөг хүрч байгаа бөгөөд Б.Батбаяр өвсөө зараад зохих ашгаа олсон үзэж байна. Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 2015 оны 8 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 27 хүртэл хугацаанд буюу хоёр сарын хугацаанд хамтран хадлангийн бригад гарган хадлан хийчихээд Б.Батбаяр хамаг хадсан өвс, хадах байсан талбайгаа түймэрт авахуулж шатаалгасан гэх боловч хадлангийн талбай дахь өвсийг шатааж түүний хохирлыг бүрэн барагдуулсан" тухай иргэн Д.Батбаатар өөрийн гараар бичиж нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт бичсэн байдаг. Иймээс нэхэмжлэгч миний бие хариуцагч Б.Батбаяраас хадлан хийж олсон ашгийн хувь болох 30.000.000 төгрөг машин тоног төхөөрөмжөө Дорнодоос татаж авчрахад гаргасан зардал 5.000.000 төгрөгийн хамт нийт 35.000.000 тегрег гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа дэмжиж сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00878 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8-д заасныг баримтлан хариуцагч Б.Батбаяраас 35.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Бямбацогтод олгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1-д зааныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ё.Бямбацогтоос 10.000.000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Батбаярт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хурааамжинд төлсөн 333.000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174.950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ё.Бямбацогтоос 174.950 төгрөг гаргуулах хариуцагч Б.Батбаярт олгож, хариуцагч Б.Батбаяраас 333.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ё.Бямбацогтод олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Батбаяр давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн талд шийдсэн. Нэхэмжлэгчийн талын гэрч болоод баримт нь хүчинтэй, харин миний гаргаж өгсөн баримт, болоод гэрчийн мэдүүлэг нь хүчингүй гэж юуг үндэслэн тогтоож, хэргийг шийдэж байгаа юм бэ. Ийм ч учраас би энэ шүүгчээс татгалзаж байсан. Танил 4 талаа ашиглан хүнээс дураар мөнгө нэхэж, түүнээс гаргуулан авч байгаа нь шударга ёсонд нийцдэг юм уу. Миний бие хамаг өвс, хадах газраа шатаасан, түймэр тавьсан этгээдүүдээс 4.000 боодол өвс авсан, харин Ё.Бямбацогт нь өөрөө 1.500 боодол өвс ачаад явсан. Тэрийг нь ч Анд-очир шүүх хуралдаан дээр хэлдэг. Ё.Бямбацогт нь хорхог хүлээгээд гэрт сууж байгаа зургийг хүртэл Батбаяр нь өвсөө зараад сууж байгаа нь гэсэн тайлбартайгаар хэрэгт өгсөн байсан.Үнэхээр миний бие тэгж их өвс авсан бол Ё.Бямбацогт нь яагаад өвснөөс ачаад явах юм уу, зарахгүй яасан юм, тэр их өвс авсан бол тэгэх боломж түүнд хангалттай байсан. Иймээс хэтэрхий нэг талыг барьж, хэргийг үнэн бодит байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчүүдийн өгсөн мэдүүлэгт дутуу дүгнэлт хийж шийдсэн тул нэхэмжлэгч Ё.Бямбацогтын нэхэмжлэлийг бүрэн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдсан гомдолдоо:

Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн хангаж хариуцагчаас 35.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны болоод үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй хэрэгт авагдсан нотлох баримтад бүрэн гүйцэт дүгнэлт хийгээгүй, зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан болон нэхэмжлэгчийн талаас хүсэлт тавьж мэдүүлэг өгсөн гэрч Н.Баатарсүх, Л.Батгэрэл нарын мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан. Гэтэл дээрх нэр бүхий 2 гэрч нь нэхэмжлэгчийн ажилтан, хадам дүү нар бөгөөд энэ хэрэгт хувийн ашиг сонирхол бүхий этгээдүүд байсан. Өөрөөр хэлбэл дээрх гэрч нар нь хариуцагч Б.Батбаяраас мөнгө нэхэмжилж байсан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг буцаасан. Мөн гэрч Л.Батгэрэл нь 2015.10.05-нд Орхон аймаг руу буцсан бөгөөд хэдий хэр өвс хадсаныг мэдэхгүй харин хадсан өвсний хэмжээг Анд-очироос мэдсэн гэх бөгөөд шүүх хуралдаанд Анд-очироос гэрчийн мэдүүлэг авахад гэрч Анд-очир нь бид ийм их хэмжээний өвс хадаагүй бөгөөд түймэр тавьсан хүмүүсээс 4,000 боодол өвс авсан, харин “Баянсиментал” ХХК нь 7,000 боодол өвс авсан, сумын фондод “Баянсиментал” ХХК-ийн өмнөөс 1,000 боодол өвс өгсөн гэдгийг гэрчлэн мэдүүлдэг. Гэрч Анд-очир нь, “Баянсиментал” ХХК-ны ажилтан Оргилтой хамт түймэр тавьсан хүмүүстэй хохирол төлөх талаар тохиролцоог биечлэн хийсэн хүн юм. Мөн “Баянсиментал” ХХК-ийн гаргаж өгсөн тайлбар тодорхойлолтод иргэн Б.Батбаяр нь 4.000 өвс, манай ХХК 7.000 өвс, манай компаны нэрийн өмгөөс Хөлөнбуйр сумын фондод 1.000 боодол өвс өгсөн гэдгийг тодорхойлсон байдаг. Анхан шатны шүүх нь гэрч Анд-очирын болоод “Баянсиментал” ХХК-ийн гаргаж өгсөн тодорхойлолтод огт дүгнэлт хийсэнгүй. Мөн хариуцагч Б.Батбаяр нь 29.700 боодол өвс хадсан болон авсан гэсэн тодорхой нотлох баримт байхгүй, харин өөр хоорондоо эрс тэс зөрүүтэй гэрчийн мэдүүлэг байхад анхан шатны шүүх нь хариуцагчийг 29.700 боодол өвс авч ашиг олсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь хадсан хадсаны ашиг 30.000.000 төгрөг, машин тоног төхөөрөмж Дорнод аймгаас татан авсан зардал 5.000.000 төгрөг гэж нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх нь үндсэн нэхэмжлэлийг бүрэн хангах үндэстэй гэсэн атлаа 29.700 боодол өвсийг 2500 төгрөгөөр тооцож бодоход 74.250.000 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд нийцүүлэн 35.000.000 төгрөг хариуцагчаас гаргуулах үндэстэй гэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр өөр хоорондоо зөрчилтэй байна. Нэхэмжлэгч нь хадлан хадсаны ашигт 30.000.000 төгрөг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх 35.000.000 төгрөгийг хадлан хадсан ашиг гэж гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжилсэн нэхэмжлэлээс илүүгээр шийдвэрлэсан, харин нэхэмжлэгчийн машин тоног төхөөрөмжөө Дорнодоос татан ирсэн зардалд нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Иймд 2017-09-05-ны өдрийн Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн №142/ШШ2017/00878 тоот шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ё.Бямбацогтын гаргасан 35.000.000 төгрөг хариуцагч Б.Батбаяраас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ё.Бямбацогт нь хариуцагч Б.Батбаярт холбогдуулан хадлан хийж олсон ашиг 35.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Б.Батбаяр нь нэхэмжлэгч Ё.Бямбацогтод холбогдуулан хадлан хадахад зарцуулсан 10.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 473.1, 478 дугаар зүйлийн 478.8-д заасныг баримтлан хариуцагч Б.Батбаяраас 35.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Бямбацогтод олгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1,477 дугаар зүйлийн 477.1-д зааныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ё.Бямбацогтоос 10.000.000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Батбаярт олгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч ашиг 30.000.000 төгрөг, зардал 5.000.000 төгрөг гэх 2 шаардлага гаргасан байхад шүүх олсон ашиг 35.000.000 төгрөг гэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Хариуцагч Б.Батбаярын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ дүгнэлт хийгээгүй байна.

Тухайлбал 29700 ширхэг өвс хадсан гэх боловч энэ талаар мэдүүлэг өгсөн гэрч Н.Баатарсүх, Л.Батгэрэл, шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгсөн гэрч Б.Анд-Очир нарын мэдүүлгүүд болон Баянсиментал ХХК-ний тодорхойлолтууд зөрүүтэй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлжээ.

Хадлангийн газар болон хадсан өвс шатсан талаар зохигчид болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т заасан “...шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...”, 40.2.-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ...” 118.4.-т заасан үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн заалтуудыг шүүх зөрчжээ.

Мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т заасан “... хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх  тул хариуцагч Б.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Б.Батбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333.000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр 05-ны өдрийн 142/ШШ2017/00878 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Б.Батбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333.000 төгрөгийг буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                  Б.БАТТӨР