| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 220/2019/0162/Э |
| Дугаар | 211 |
| Огноо | 2019-03-12 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 211
Г.Г-, С.Э- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Мөнгөнсүх,
яллагдагч Г.Г-,
яллагдагч С.Э-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1707 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2 дугаартай эсэргүүцлээр Г.Г-, С.Э- нарт холбогдох эрүүгийн 1802001620179 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Г.Г-, 1985 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, эгч, ах нарын хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
2. Тайж овгийн С.Э-, 1987 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Г.Г- нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 34-48 УБК улсын дугаартай, “Nissan Tiida” загварын автомашинд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй уутны хамт 1,2 гр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
С.Э- нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 34-48 УБК улсын дугаартай, “Nissan Tiida” загварын автомашинд болон биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,8 гр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
- 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 72а байрны 12 тоотод түр оршин сууж байхдаа Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким гэгчийн орхиж явсан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 19 гр, MDMA-ын агууламж бүхий “экстази” гэх нэршилтэй 0,7 гр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг завших аргаар хууль бусаар олж авч, 2015 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 72а байрны 12 тоотод, 2015 оны 11 дүгээр сарын 1-нээс 4-ний өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 430 дугаар байрны 93 тоотод болон өөрийн биедээ борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
- 2016 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын эрх сонины газрын авто зогсоол дээр Э.Баасанжаргалаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 60-08 УНК улсын дугаартай, “Toyota Corolla Axio” загварын автомашинд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.Г-, С.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Г-, С.Э- нар нь мансууруулах бодисыг нэг цаг хугацаанд, нэг газраас хамт явж байгаад олж авсан, улмаар С.Э- биедээ, Г.Г- өөрийн унаж явсан автомашинд хадгалж байгаа үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр байгаа эсэх талаар шалгаж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Энэ талаар заасан тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1219 дугаартай шүүгчийн захирамжийн 1 дэх заалт биелэгдээгүй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Мөнгөнсүх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1219 дугаартай шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын дагуу яллагдагч С.Э-, Г.Г- нарыг нэг, нэг удаа байцаасан. Гэмт хэрэг гарах үед яллагдагч С.Э-, Г.Г- нараас өөр этгээд байгаагүй бөгөөд тэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх үедээ хамтран, бүлэглэн оролцсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Харин хадгалах үйлдэлдээ хамтран, бүлэглэн оролцсон болох нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл тухайн бодисыг Г.Г- нь автомашины шалавчин доороо, С.Э- нь хөхөвчиндөө хадгалж байгаад баригдсан. Ийнхүү хадгалахдаа тэд хэн хэндээ дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогддоггүй. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дугаар зүйлийг журамлаагүй болно. Хэрэв анхан шатны шүүх яллагдагч С.Э-, Г.Г- нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах үйлдэлдээ хамтран, бүлэглэн оролцсон гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дугаар зүйлийг журамлан хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Ингэснээр яллагдагч нарын эрх зүйн байдал дордохгүй, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй юм. Энэ хэрэг 2015 оноос хойш 3 жилийн нүүр үзэж байгаа ба яллагдагч С.Э- нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх асуудлыг хянан хэлэлцсэн атлаа шүүгчийн захирамждаа хэрхэн шийдвэрлэсэн талаар дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгосон нь “...хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх гэж байгаа эсэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн эсэх...” зэргийн аль үндэслэлээр буцааж байгаа нь ойлгомжгүй эргэлзээ төрүүлэхээр байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
Яллагдагч Г.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй.” гэв.
Яллагдагч С.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй.” гэв.
Яллагдагч С.Э-гийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн шалгах ажиллагаа 3-4 жилийн хугацаанд явагдсан. Энэ хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Яллагдагч С.Э- болон өмгөөлөгч миний зүгээс гэм буруугийн асуудлаар маргаддаггүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан. Гэвч уг хүсэлтийг хүлээн авдаггүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Г.Г-г 1 удаагийн үйлдлээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар тээврийн хэрэгсэлдээ хадгалсан гэж, С.Э-г 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ болон тээврийн хэрэгсэлдээ хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон явуулж, мөн өдрийн 1707 дугаартай шүүгчийн захирамжаар “...дээрх гэмт хэрэгт Г.Г-, С.Э- нарын хамтран оролцсон хэлбэр байгаа эсэхийг шалгуулахаар буцаасан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1219 дугаартай шүүгчийн захирамжийн заалт биелэгдээгүй...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Хэргийн материалыг судлахад, анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1707 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулан холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгасны гадна, Г.Г-, С.Э- нар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдэж хамтран оролцсон эсэх талаар тодорхой ажиллагааг явуулсан байх тул уг асуудлыг дахин шалгах шаардлагагүй гэж үзлээ.
Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 120 дугаартай, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 264 дугаартай тогтоолуудад “...С.Э-гийн гэрээс хураан авсан мансууруулах бодисын гарал, хэрэглээний тун, үнэ өртөг болон уг бодисыг олж авсан арга, бусдад хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр шилжүүлсэн, түгээсэн асуудлыг сайтар шалгаж тогтоосны эцэст хэргийг зөв зүйлчлэх...” гэж заасан заалтуудыг биелүүлээгүй, төдийлөн ач холбогдол өгөлгүй, дурьдсан зөрчлийг давтан гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүхийн шийдвэрийн заалт бүрэн биелэгдээгүй, шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох тодорхой ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул энэ үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1707 дугаартай шүүгчийн захирамжийг энэ магадлалд заасан үндэслэлээр хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1707 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН