Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/0279

 

Б  ХХК -ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э  нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Б  ХХК -ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б  ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт Цагаан-Өндөр нэртэй газар орших *****дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосныг хууль бус болохыг тогтоож, тус компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтад хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт хугацаа 9 жил байхаар хуульчилсан. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу дээрх тусгай зөвшөөрлийн 9 жилийн хугацаа 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дууссан байна. ... Б  ХХК нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ашигт малтмалын хайгуулын 7151Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн геологи хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэх хүсэлтээ 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрийн захиргааны байгууллагад өгч, Б  ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын 7151Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон тул Б  ХХК нь нэгэнт дуусгавар болсон ашигт малтмалын хайгуулын 7151Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхгүй байна. Иймд Б  ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 25, 26 дугаар зүйлд заасныг баримтлан Б  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын *****тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосныг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар давж заалдах гомдолдоо: Б  ХХК нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ашигт малтмалын хайгуулын 7151X дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн геологи хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэх хүсэлтээ 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрийн захиргааны байгууллагад өгчээ. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсноос хойш 9 сарын дараа хайгуулын ажлын үр дүнгийн тайлангаа хэлэлцүүлэх хүсэлтээ өгчээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж тов тодорхой зааж өгсөн.

Төрийн захиргааны байгууллага Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Цагаан-Өндөр нэртэй 1487.78 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 7151X дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2004 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Б  ХХК -д олгосон байна. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу дээрх тусгай зөвшөөрлийн 9 жилийн хугацаа 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дууссан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтад хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт хугацаа 9 жил байхаар хуульчилсан. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно, 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж заасан байна.

Монгол Улсад одоо дагаж мөрдөгдөж хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж заасны дагуу Б  ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 7151X дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө хүлээлгэн өгөөгүй тул Кадастрын хэлтэс дээрх хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасны дагуу дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор хуульчилжээ.

Төрийн захиргааны байгууллагад хууль зөрчиж, үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн эрхийг хүчин төгөлдөр байдлыг хэвээр хадгалах үүрэг хуулиар олгогдоогүй.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн , Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана гэж заасны дагуу Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно, 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж хуульчилсныг биелүүлж ажилласан.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй, мөн хуулийн 24.2-д Энэ хуулийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно гэж хуульчилсан тул Б  ХХК нь нэгэнт дуусгавар болсон ашигт малтмалын хайгуулын 7151X дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхгүй байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 95 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б ХХК-аас ашигт малтмалын хайгуулын *****дугаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосныг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б ХХК-аас *****дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах буюу 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө хайгуулын талбайд 2009-2012 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах хүсэлтийг 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ирсэн бичгийн бүртгэлийн карт-ын 430 дугаарт бүртгэн хүлээн авч, зөвлөх инженер С.А-ийг  2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шинжээчээр томилсон болохыг Ашигт малтмалын газрын Геологийн албаны дарга 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4-6589 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгджээ.

 

Эндээс нэхэмжлэгч Б  ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 /Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө/-д заасан үүргээ биелүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хайгуулын тусгай зөвшөөрөл дуусах хугацаанаас 2 сарын өмнө холбогдох төрийн захиргааны байгууллагад хандсан нь харагдаж байна.

 

Харин тухайн үед буюу 2014 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг тодорхой заагаагүй байсан, томилогдсон шинжээч С.Алтангэрэлээс зарим ажиллагааг нэмж гүйцэтгүүлсэн зэргээс шалтгаалж, шинжээчийн дүгнэлт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө гараагүй, энэ хугацаанд хариуцагч байгууллагад нэхэмжлэгч компани нөхцөл байдлын талаар танилцуулж, 2013 оны 04 дүгээр сарын 10, 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд хандаж байсан, улмаар шинжээчийн дүгнэлт гарснаар Б  ХХК-ийн хайгуулын ажлын дүнг хүлээн зөвшөөрсөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар тушаалаар Ашигт малтмалын газрын дарга *****дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг зөвшөөрчээ.

 

Дээрх шинжээчийн болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хугацаа шаардагдсан, энэ явцад тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанд нэхэмжлэгчийг буруутган тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хуулийн хугацаа дууссанаас хойш 9 сарын дараа 2009-2012 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэх хүсэлтээ өгсөн гэх үндэслэлгүй.

 

Эдгээр асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР