Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 26

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: НАХХК,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Б

Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Бийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0066114 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч НАХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогтохдалай, түүний өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Б, гуравдагч этгээд Ч.Сүхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өсөхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч НАХХК шүүхэд гаргасан гомдолдоо: ...Сэлэнгэ аймгийн Сант сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Б нь Зөрчлийн 20330000012 дугаартай хэргийн асуудлаар шалгаж тогтоох, нотолбол зохих байдлыг бүрэн хэмжээгээр шалгаж тогтоогоогүй, хуулийн хэм хэмжээг зөв тогтоож хэрэглээгүй тул түүний үйлдсэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0066111 дугаартай шийтгэлийн хуудас, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 0066112 дугаартай шийтгэлийн хуудас шийтгэлүүдийг шүүхээр хэрэгсэхгүй болгож, хүчингүй болсон байна. Хамгийн харамсалтай бөгөөд гомдолтой зүйл нь улсын байцаагч А.Б нь эдгээр шийтгэл тогтоосон арга хэмжээ болон зөрчлийн хэргийн талаар, шалган шийдвэрлэх, хянан шийдвэрлэх ажиллагааны талаар холбогдогч НАХХК-нд огт мэдэгдээгүй ба эдгээрийн зарим баримт бичигтэй 6 дугаар сарын 10-ны өдөр араас нь хөөцөлдөж байж танилцсан.

Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Б нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 0066114 дугаартай шийтгэлийн хуудас гаргаж, манай НАХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан рапсын хаягдал хогоо зориулалтын цэгт хаяагүй хэмээн буруутгаж, 300 нэгжээр буюу 300.000 төгрөгөөр торгож, хохиролд 170.000 төгрөг, нөхөн төлбөрт 3.800.000 төгрөг, нийт 4.270.000 төгрөг төлөхийг даалгасныг зөвшөөрөх боломжгүй.

Учир нь улсын байцаагч А.Б нь хүнсний ургамал болох рапсын үлдэгдэл ямар учир шалтгааны улмаас аюултай хог хаягдлын жишиг болсон тухай зөрчлийн хэргийн баримт бичиг ба хохирогчийн мэдээлэл, гомдолтой танилцуулалгүй, тайлбар гаргах бололцоо олголгүйгээр хэргийн холбогдогчийн хууль ёсны эрхийг зөрчиж, зөрчлийн хэрэгтэй холбоотой санал, хүсэлт, гомдол гаргах эрхийг минь эдлүүлэхгүй, хууль ёсны эрх чөлөөг хясан боогдуулж, хууль зөрчсөн байна. Шинжээч гэх этгээдээс ямар үндэслэлээр юу гэсэн дүгнэлт гаргасан талаар танилцуулаагүй, дахин шинжээч томилуулах боломж олгоогүй хэргийг шийдвэрлэж байгаа нь зөрчлийн хэрэг нээсэн, шалгаж байгаа тухай албан ёсоор мэдэгдэхгүйгээр зөрчил шалгах ажиллагаа явуулсан. Манай НАХХК-ийн албан ёсны хаяг, утсаар мэдэгдээгүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээдэд шийтгэлийн хуудас гэх баримтыг орхиж явсан байна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Б нь холбогдогч этгээд болох НАХХК-ийн албан ёсны хаягаар шалгалтын баримт бичиг, шийтгэлийн хуудсыг шуудангаар явуулах, төрийн хяналт шалгалт хийгдэж байгаа тухай, гаргасан шийдвэрээ танилцуулах үүрэгтэй атал төрийн албан хаагч, нийтийн албан тушаалтны ёс зүйн наад захын үүрэг хариуцлагаа мартсан байна.

Гэтэл Хяналтын прокуророос 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын 3 дугаар зүйлд зөрчлийн хэрэг нээсэн тухай холбогдогч НАХХК-нд мэдэгдэхийг даалгасан байтал санаатайгаар манай компанид мэдэгдэлгүйгээр прокурорын тогтоолыг А.Б өөрөө зөрчсөн, манай компани 2020 оны 4 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд хог хаягдлыг өөрийн зардлаар зөөж зориулалтын цэгт буулгасан, хог хаягдлын талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, энэ тухайгаа Баруунбүрэн сумын Засаг даргад албан бичгээр мэдэгдсэн, манай компанийн нэрийг ашиглан бусад этгээдээс хог хаягдал үүсгэж байгаа учраас хамтран ажиллаж сэргийлэх, байгаль орчныг хамгаалах талаар мөн сумын Засаг даргад санал, хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн гэх ач холбогдолтой байдлыг, шалгавал зохих байдлыг тогтоогоогүй, хог хаягдал байхгүй болсон, түүнийг зөөж арилгасан байхад шийтгэлийн арга хэмжээ авч байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, зөрчилдөж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эдлэх эрхийг зөрчиж, зөрчил шалгаж байгаа асуудлаар холбогдогчид танилцуулж, мэдэгдэлгүйгээр ажиллагаа хийж, асуулт асуух боломжийг олголгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан, энэхүү шинжээчийн дүгнэлт гаргуулах тогтоолдоо шинжээчээс асуух асуултыг холбогдогчоос аваагүй, үүний улмаас шинжээчийн дүгнэлт нь учир дутагдалтай болсон, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийхдээ малын эмчийн дүгнэлт ашигласан гэж байгаа нь юунаас болж хохирогч иргэний үхрүүд үхсэн гэх хэрэгт ач холбогдолтой байдлыг үнэн зөв тогтоосон эсэх нь эргэлзээтэй болж байгаа. Зүй нь хэрвээ эдгээр үхэр рапс идсэнээс шууд шалтгаалан үхсэн юм бол үүнийг задлан шинжилгээ, эд эсийн нарийвчилсан шинжилгээгээр тогтоох учиртай гэж үзнэ. А.Б нь зөвхөн буруутгах талын нотлох баримтуудыг цуглуулсан, энэхүү хэрэгт авагдсан гэх фото зураг, тэмдэглэлийг үзүүлж, танилцуулсангүй, хэргийн хохирогч гэх иргэнд учирсан гэх хохирлын асуудлаар Байгаль орчны улсын байцаагч А.Б тэр иргэнийг төлөөлөх эрхгүй атлаа төлөөлөн ажиллаж хохирол тогтоох, төлүүлэхээр эрх мэдлээ ашиглаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул гомдолтой байна.

Сант сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Б мөнгө төлбөрийн хувийн асуудлаар хандахад нь татгалзсан тул 2012 онд манай НАХХК-нд улсын байцаагчийн актаар төлбөр тогтоосныг Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хүчингүй болгуулсанд А.Б өсөрхөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн сонирхлын үүднээс хандаж байгаа гэж үзэж гомдолтой байна.

Сант сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн талаар Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан ба 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өгсөн хариуг эс зөвшөөрч тус шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд хуульчилсан хяналт шалгалт хийх нийтлэг журам, үндэслэлийг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэргийн оролцогчийн эрх, эрх чөлөөг зөрчиж, албаны бүрэн эрхээ хэтрүүлэн, дураараа аашилж, хувийн өс хонзонгийн сэдэлттэй тогтоосон Сант сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Бийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0066114 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Б миний бие НАХХК-ийн захирал Б.Батсанаагийн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг дор дурдсанаар тайлбарлаж байна. Үүнд:

1.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат иргэн Ч.Сүхбаатар гомдол гаргаж түүнийг нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Баруунбүрэн сум улсын байцаагчгүй тул Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар шийдвэрлүүлэхээр хуваарилсан. Үүний дагуу сум дундын Прокурорын газраас тоот авч захиргааны хэрэг нээж зөрчлийг шалган шийдвэрлэсэн.

2.Зөрчлийн хэрэг нээх үед НАХХК-ийн захирал Ц.Тогтохдалайтай утсаар холбогдож, Орхон Сантын гүүрний орчимд уулзахаар болсон. Ингээд машин дотор нь уулзаж ирсэн өргөдөл Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газрын албан тоотуудыг хэлсэн. Захирал Ц.Тогтохдалай утсаараа зургийг нь дарж авсан. Би та энэ харилцааг мэддэг хүнээ томилж өгөөрэй гэж хэлсэн. Үүний дараагаас зөрчлийн хэрэгт оролцогчоор оролцсон. Иймд нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан зөрчлийн хэргийн материалыг танилцуулаагүй гэдэг нь худлаа байна. Мөн зөрчлийн хэрэгт байгаа шинжээчийн гаргасан үнэлгээний тайлан, үнэлгээ хийх эрхийг хувилж оролцогч С.Гэндэнсүрэнд тухайн цаг үед нь өгсөн. Иймд энэ тухай мэдээллийг бас л өгсөн. Гагцхүү өөрсдөө хоорондоо мэдээлэл солилцоогүй нь тодорхой байна.

3.Энэ зөрчлийг шалган шийдвэрлэхдээ миний бие 3 удаа шийтгэлийн хуудас бичсэн. Учир нь эхний шийтгэлийн хуудас дээр хохирол, нөхөн төлбөрийг бичилгүй дутуу орхисон гэдэг үндэслэлээр сум дундын шүүхээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Дараа нь дахин шүүхээс дурдагдсан алдааг засаад дахин бичсэн. Түүнийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс холбогдогчид үүрэг нөхөн биелүүлэх хугацааг буруу оногдуулсан гэх үндэслэлээр зөвтгөн өөрчлүүлэх шийдвэр гарсан. Иймээс шийтгэлийн хуудсыг зөвтгөн өөрчилж дахин бичсэн юм. Энэхүү шийтгэлийн хуудаст шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авсанаас хойш 30 хоногийг бүрэн эдлүүлсэн. Хуулиар олгогдсон гомдол гаргах эрх нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дууссан болно.

4.НАХХК-ийн гомдол гаргах эрх дууссан тул миний бие шийтгэлийн хуудсыг баталгаажуулахаар 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн юм. Шүүхээс холбогдогч НАХХК нь шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Сайхан сум дахь сум дунды Прокурорын газарт гомдол гаргасан тул шийтгэлийн хуудсыг баталгаажуулж, албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан байдаг. Одоо уг гомдол барагдаж аймгийн Мэргэжлийн хяналтын газраас НАХХК-нд Прокурорын газарт гомдол гаргах хариу өгсөн. Сум дундын Прокурорын газраас гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн байдаг тул холбогдогч НАХХК бүхий л эрхээ эдэлж хариу авсан.

5.Энэ зөрчлийг шалган шийдвэрлэхэд эхэлсэн цаг 2020 оны 02 дугаар сарын 01, дууссан цаг хугацаа 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд гомдол гаргах хугацаа нээлттэй бөгөөд маш тодорхой байсан. Гагцхүү өөрсдөө л ажлын уялдаагүй байсан. Өөрөөр хэлбэл би хууль ёсыг баримталж зөрчлийг шалган шийдвэрлэсэн. гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Сүхбаатар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НАХХК-ийн буруутай үйлдлээс болж эргэн тойрны малчдын мал удаа дараа үхэж байгаа нь үнэн юм. Мал үхсэн гол шалтгаан нь зориулалтын бус малын бэлчээрт өнжсөн рапсын хаягдал их асгаснаас үүдэлтэй. Энэ асуудлыг малчид болон сумын захиргаанаас удаа дараа сануулж хэлсээр байтал үл ойшоож дахин давтан асгаснаас манай 3 үхэр үхсэн юм. Үхэр хордож үхсэнийг орон нутгийн захиргаа мал аж ахуйн мэргэжилтэнд мэдэгдэж малын эмчийг авч ирж үзүүлсэн. Малын эмч үхсэн үхрүүдэд задлан хийж үзээд устгуулсан. Хордсон үхрүүдэд шингэн хийж 2 удаа ирсэн. Тухайн үед нь бригад хариуцаж байсан С.Гэндэнсүрэнд очиж хэлсэн боловч очоогүй. Энэ компани нь их хэмжээгээр рапс асгаснаас үхэр үхэж хохирол учруулсан нь тодорхой байхад яагаад хохирол барагдуулахгүй байгаа нь ойлгогдохгүй байна. Манай суманд байгаль орчны улсын байцаагч байхгүй учраас Сант сумын байцаагчид Сайхан сумын прокуророос хуваарилж өгсөн. Энэ хүн байгууллага хоёрын маргааны дунд манайх хохирч үлдмээргүй байна. Бид хариуцсан малын эмчийн дүгнэлтийг тунгаан бодож үзэхэд байсан хүмүүс болон өөрсдийн нүдээр харж гараар барьж үзсэн юунаас болж үхсэн тодорхойлолт нь байгаа. 2019 оны 6 дугаар сард мөн ижил үйлдлээс болж н.Сумъяагийнх хохироод үлдсэн. 2019 оны 10 дугаар сард дахин рапс асгасан байдлыг н.Сумъяа, Ц.Тогтохдалай захиралд үзүүлсэн. Энэ хүн хариуцлагатай байгаад тухайн үед нь устгасан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Энэ бол дэндүү амиа хичээсэн малчдыг үл тоосон үйлдлээс болсон тул гомдолтой байна. Мал хордож үхлээ энэ хаягдал дээрээ арга хэмжээ аваачээ, одоо үхсэн үхэрт задлан хийж байна очиж үз гэхэд С.Гэндэнсүрэн очоогүй тариан талбайд мал орсон үед өөрсдөө шилээд бариад авдаг шигээ хүнд учруулсан хохирлоо төлөх л ёстой гэж үзэж байна. Манай сумд болон Сайхан суманд үнэлгээний компани байхгүй учир Дархан-Уул аймагт байдаг Капитал зууч гэдэг компанид хандаж үнэлгээ гаргуулсан. Бид аль ч газар танил тал байхгүй хууль дүрмийн дагуу л явж байна. Энэ шүүх хуралд гэр бүлийн хамт оролцох хүсэлтэй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, талуудаас гаргасан тайлбар, нотлох баримтуудыг үнэлээд эрх бүхий этгээд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах үүргээ бүрэн биелүүлээгүй, нотлох баримт цуглуулах, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох зэрэг хуульд заасан зөрчил шалгах ажиллагааг дутуу явуулсан, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар санал авч, сонсох ажиллагаа явуулалгүй шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль бус гэсэн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Б нь хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях, эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас гуравдагч этгээдийн 3 үхэр үхсэн гэх зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0066114 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу НАХХК-ийг 300.000 төгрөгөөр торгож, хохирлын 170.000 төгрөг, нөхөн төлбөрийн 800.000 төгрөг, нийт 4.270.000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагчаас хүнсний ургамал болох рапсийн үлдэгдэл ямар учир шалтгааны улмаас аюултай хог хаягдлын жишиг болсон талаар тогтоогоогүй, зөрчлийн хэрэг, материалтай танилцуулалгүй холбогдогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн. Зөрчлийн хэрэг нээж, хянан шалгах ажиллагаа явуулж байгаа талаар НАХХК-ийн албан ёсны хаяг, утсаар мэдэгдээгүй гэж маргасан байна.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Б ... НАХХК-ийн захирал Ц.Тогтохдалайтай уулзаж, иргэний өргөдөл, Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газрын албан бичгүүдийг хэлж, энэ харилцааг мэддэг хүнээ томилж өгөөрэй гэж хэлсэн. Тус компанийн хөдөө аж ахуй хариуцсан менежер С.Гэндэнсүрэн зөрчийн хэрэгт оролцогчоор оролцсон. Би хууль ёсыг баримталж, зөрчлийг шалган шийдвэрлэсэн. гэдэг.

Гэтэл хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно., 1.2 дахь хэсэгт хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг, Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд төлөөлөх талаар зохицуулсан бөгөөд 17.1-д Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд өөрийн төлөөлөгчийг оролцуулж болно., 17.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогчийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх бөгөөд итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна. гэж тус тус заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч болох НАХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоолгүй, тус компанийн менежер гэх НАХХК-иас итгэмжлэл олгоогүй этгээдэд зөрчлийн талаар мэдэгдэж, холбогдох ажиллагаа хийсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.7, 2.9 дэх хэсэгт тус тус заасан НАХХК-ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах, хүсэлт гаргах болон зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг хууль ёсны эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Хэдийгээр хариуцагч НАХХК-ийн захирал Ц.Тогтохдалайтай уулзаж, холбогдох хүнийг томилж ирүүлэх талаар мэдэгдсэн гэх боловч зөрчлийн холбогдогч НАХХК-нд албан ёсоор мэдэгдээгүй болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан ...НАХХК-ийн захирал Ц.Тогтохдалайтай уулзаж, иргэний өргөдөл, Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газрын албан бичгүүдийг хэлсэн гэх тайлбараар тогтоогдож байна. Мөн тухайн зөрчилтэй холбогдуулан хариуцагчаас шийтгэлийн хуудас хуульд заасан шаардлага хангаагүй, харьяалал зөрчсөн зэрэг үндэслэлээр 2020 оны 02 дугаар сарын 17, 2020 оны 3 дугаар сарын 26, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тус тус 3 удаа бичигдсэн ба дээрх хугацаанд тус компанийн удирдлага өөрчлөгдөж, НАХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Биндэръяа овогтой Батсанааг гүйцэтгэх захирлаар томилжээ.

Дээрхээс үзвэл хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж заасан үүргээ биелүүлээгүй. Улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус заасан холбогдогчийг дуудан ирүүлэх, албадан ирүүлэх зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж буй эрх бүхий этгээд нь үйл ажиллагаандаа холбогдох хуулийг удирдлага болгон ажиллахаас гадна иргэн, хуулийн этгээдэд шийтгэлийн хуудас оногдуулахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэтэл хариуцагч НАХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоогоогүйн улмаас Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт ... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж тус тус заасан ажиллагааг зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн зөрчлийн хэрэг бүртгэлт гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгох бөгөөд эрх бүхий албан тушаалтан нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 1.6 дахь хэсэг, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийх, шинжээч томилох бүрэн эрхтэй атал хариуцагч бусдад учирсан хохирол болох гуравдагч этгээдийн 3 үхэр үхсэн шалтгааныг тогтоохдоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2, 4.10 дугаар зүйлийн 1, 5, 4.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу гуравдагч этгээдийн үхсэн 3 үхрээс шинжилгээ хийх зорилгоор дээж аваагүй, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилоогүй, зөвхөн малын эмч н.Шагжийн тодорхойлолтыг үндэслэл болгон шийтгэлийн хуудас оногдуулсан нь учир дутагдалтай болжээ.

Зүй нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Б Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргийн хүрээнд тухайн хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт хангалттай бүрдсэн тохиолдолд шийтгэлийн хуудас оногдуулах байсан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр НАХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Бийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0066114 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөрчлийн хэрэгт тайлбар, тодорхойлолт гаргасан малын эмч н.Шагжаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ шүүх хуралдаан дээр татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2, 2.4 дүгээр зүйлийн 1.5, 1.6, 3.1 дүгээр зүйлийн 2.7, 2.9, 3.5 дугаар зүйлийн 1, 1.2, 3.8 дугаар зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 2, 4.10 дугаар зүйлийн 1, 5, 4.11 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 4.16 дугаар зүйлийн 1,2,5, 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан НАХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Бийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0066114 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч НАХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА