Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Зээрд адуу овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Боржигон овогт ДанзансамбуугийнШинэбал Шүүгдэгч Тарнич овогт Бумба-ЭрдэниДаваатогтох Тайж овогт Сумъяагийн Гансүх Шүүгэдэгч нарын өмгөөлөгч Нирун овогт Ванчингийн Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Даваатогтох, С.Гансүх нарт холбогдох 1923001500099 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тарнич овогт Бумба-Эрдэнийн Даваатогтох /Регистрийн дугаар: ИР78071717/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Сумъяагийн Гансүх /Регистрийн дугаар: ИР78042012/

Шүүгдэгч Б.Даваатогтох, С.Гансүх нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Тарнич овогт Бумба-Эрдэнийн Даваатогтох, Тайж овогт Сумъяагийн Гансүх нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Агьт багийн нутаг “Их нарийн” гэх газар 3,6 метр куб шинэс модыг бэлтгэсэн хэргийн үйл баримт нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Их нарийн” гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн “...талбай дотор шинээр тайрагдсан модны хожуул 4 ширхэг байсан... Мөн тухайн газарт унасан 7 ширхэг модыг тайрч авсан байв. Хэрэг учрал болсон гэх газарт байсан 2.50 см урттай 66 ширхэг модыг эд мөрийн баримтаар хураан авч битүүмжлэв...” гэсэн хэсэг, тухайн газарт мод бэлтгэсэн талаараа мэдүүлсэн шүүгдэгч Б.Даваатогтохын “...2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би Цагаанхайрхан сумын Агьт багийн нутаг Их нарийн гэх нэртэй газраас С.Гансүхтэй хамт 2 портер орчим мод бэлтгэсэн... Дандаа л газрын унанги хуурай модыг 2 метр орчмоор тайрч 66 ширхэг мод бэлтгэсэн... Тухайн модыг бэлтгэхдээ хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан гар хөрөө ашигласан... мод бэлтгэх эрхийн бичиг /гоожин/ авч чадалгүй мод бэлтгэсэн. ...С.Гансүх бид хоёр 66 ширхэг модоо хувааж авах зорилготой бэлтгэсэн...” гэсэн мэдүүлгээр, түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн шүүгдэгч С.Гансүхийн “... 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би Цагаанхайрхан сумын Агьт багийн нутаг Их нарийны ам гэх газрын ногоон бүсийн ойгоос иргэн Б.Даваатогтохын хамт сумын байгаль хамгаалагчаас мод бэлтгэх зөвшөөрөл авалгүй галын түлээний мод бэлтгэж байгаад сумын байгаль хамгаалагч Дашцэрэнд баригдсан...Даваатогтохын хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөгөөр хөрөөдсөн...Тэр өдөр ажлын зав гараад завтай өдрөө галын модоо бэлтгээд авъя гэж бодсон юм. Тэгээд модоо бэлдчихээд ачихаасаа өмнө мод бэлтгэх эрхийн бичиг байгаль хамгаалагчаар бичүүлээд авч болох байх гэж бодсон юм...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байна. Шүүгдэгч Б.Даваатогтох С.Гансүх нар нь ийнхүү мод бэлтгэхдээ эрх бүхий албан тушаалтнаас зохих зөвшөөрөл аваагүй болох нь гэрч Б.Дашцэрэнгийн “Би 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн үүрэгт ажлын хүрээнд Цагаанхайрхан сумын Агьт багийн нутаг Их нарийн гэх газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Цагаанхайрхан сумын Агьт багийн Их нарийний модон дээр очсон. Манай сумын Даваатогтох, Гансүх гэдэг хоёр ах тухайн газар түлээний мод бэлтгэж ачихад бэлэн болгоод хураачихсан сууж байсан... Цагаанхайрхан суманд надаас өөр мод бэлтгэх эрхийн бичиг олгодог хүн байхгүй. Б.Даваатогтох, С.Гансүх нар надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд аваагүй...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон. Б.Даваатогтох С.Гансүх ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 216000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай бэлтгэсэн модонд экологи эдийн засгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги/байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилжээ. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан. Шүүгдэгч С.Гансүх, Б.Даваатогтох нар нь дээрх хуулийг зөрчиж зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч С.Гансүх, Б.Даваатогтох нарын Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсэг болон Ойд бэлтгэх журмыг зөрчин эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй улсын тусгай хамгаалалттай газар мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан заасан ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Гансүх, Б.Даваатогтох нар нь бодит хохирлоо нөхөн төлсөн болох нь Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын тамгын газрын дансанд 216000 төгрөг шилжүүлсэн баримтаар тогтоогдсон ба Байгаль Орчныг хамгаалах тухай 49 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасан нөхөн төлбөрийн үлдэгдэл 432000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Шүүгдэгч С.Гансүх, Б.Даваатогтох нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3,6 метр куб мод гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого, моторт хөрөө нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл байх тул улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Сумъяагийн Гансүх, Тарнич овогт Бумба-Эрдэний Даваатогтох нарыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэж ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, баримтлан шүүгдэгч С.Гансүх, Б.Даваатогтох нарт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч С.Гансүх, Б.Даваатогтох нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх , зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг тус тус хүлээлгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Гансүх, Б.Даваатогтох нарт анхааруулсугай. 5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гансүхээс 216000 төгрөг, шүүгдэгч Б.Даваатогтохоос 216000 төгрөгийг тус тус гаргуулж Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газарт олгож, шүүгдэгч нарт төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг даалгасугай. 5.Шүүгдэгч С.Гансүх, Б.Даваатогтох нарт өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн моторт хөрөө, Завхан аймгийн сумын Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газрын хашаанд хадгалагдаж байгаа 3,6 метр куб шинэс модыг улсын орлого болгосугай. 7. Шүүгдэгч Б.Даваатогтохын нас гүйцсэн монголын эр үхэр 1 ширхэг, шүүгдэгч С.Гансүхийн нас гүйцсэн эр үхэр 1 ширхгийг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5/51, 5/52 тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 8. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ