Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 388/ШЦТ/2019

 

 

 

 

 

 

 

 

 

   2019           12              18                                            2019/ШЦТ/388

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг

-улсын яллагчаар Х.Оюунцэцэг

-шүүгдэгч Г.С-ын өмгөөлөгч Б.Дашдорж

-шүүгдэгч Ж.Т-н өмгөөлөгч Б.Энхтуяа

-иргэний нэхэмжлэгч Н.Тайванжаргал

-шүүгдэгч Г.С, Ж.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С, Ж.Т нарт холбогдох эрүүгийн 1934007550398 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

             Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Г.С, Ж.Т нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “Хойд ногоон тасаг” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, мөн 78-31 УНЧ улсын дугаартай “Приүс-20" маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

           

            Шүүхийн хэлэлцүүлэг:

Шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ: “Жоохон үйлдлээс болж гэр бүлийнхээ хүмүүсийг ийм байдалд оруулсандаа харамсаж байна” гэв

            Шүүгдэгч Ж.Т мэдүүлэхдээ: “Миний хувьд маш их гэмшиж байна. Ямар богино хугацаанд шоронгийн хаалгаар орох вэ гэдгийг мэдсэн. Мөн сургалт хийж байхад хүмүүст ямар хор хөнөөлтэй талаар мэдээлэл хийсэн байгаа” гэв.

            Иргэний нэхэмжлэгч Н.Тайванжаргал мэдүүлэхдээ: “Би Ж.Төгөлдөрийн ээж.  Хүү сургуулиа амжилттай төгслөө гэсэн. Машинаа өгчихөө гэхэд би өгсөн. Бэр утасдаад ээжээ ийм юм болчихлоо та тайван байгаарай гэсэн. Тэгээд би ийм зүйлд холбогдлоо гэдгийг мэдсэн. Би хар тамхи өөрөө дэлхий нийтийг хамарч сөрөг үр дагавартай байгаа ч хүүхдээ ийм зүйлд холбогдоно гэж бодоогүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 тал/, шүүгдэгч Г.С, Ж.Т нарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-32 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4964 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 тал/, шүүгдэгч Г.С, Ж.Т нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 68-72 талууд/, шээсний шинжилгээний хариу /хх-ийн 39 тал/, Сэтгэц судлалын дүгнэлт /хх-ийн 57 тал/, сэтгэцийн эмчийн дүгнэлт /хх-ийн 54 тал/, ял шийтгэлийг шалгасан баримт зэрэг болон шүүгдэгч Г.С, Ж.Т нарын хувийн байдлыг тогтоосон бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.С, Ж.Т нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “ Хойд ногоон тасаг” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, мөн 78-31 УНЧ улсын дугаартай “Приүс-20" маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • Хэргийн газарт үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар баг Хойд ногоон тасаг гэх газар байрлах хоёр салаа шороон замын голд жалганд ургасан 1 метрийн урттай өвс ургасан байх бөгөөд уг өвстэй жалганы хажууд саарал өнгийн 78-31 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх бөгөөд тээврийн хэрэгсэл дотор уг өвснөөс түүж ачсан байв.Уг жалганд байрлах ногоон өнгийн өвсний 2 ширхэг бутыг доороос нь дээш чиглэлтэй шувтарч түүж авсан байх бөгөөд шувтарч авах үед голын үндэс буюу бут нь нүцгэрч үлдсэн байдалтай байв...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 3-08 тал/
  • Тээврийн            хэрэгсэлд үзлэг хийсэн "... Уг тээврийн хэрэгсэл нь саарал өнгөтэй 78-31 УНЧ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн кабин дотор хойд суудал дээр ягаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн өвс байх бөгөөд өвсийг эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 тал/
  • Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 18 тал/
  • Хан Үнэлэмж ХХК-ийн 78-31 УНЧ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн үнэлгээний тайлан /хх-ийн 35 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 63-67 тал/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №4964 дугаартай “...2.3. Шинжилгээнд ирүүлсэн “Төв ЦГ-ын МБТ №2884 /355 гр/” гэж хаягласан ягаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Н.Тайванжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...78-31 УНЧ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлд байдаг ба уг тээврийн хэрэгслийг 2013 онд худалдаж хүнээс өрөөндөө авч байсан юм...Ж.Т нь миний төрсөн хүү байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/
  • Шүүгдэгч Ж.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “би хэргийн зүйл анги, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн найз Г.С хамт Аглагын хийд орохоор явсан ба бид хоёр явж байх замд машиндаа бинзен хийх зорилгоор Төв аймгийн Борнуур сум руу орсон юм. Төв аймгийн Борнуур сум үзье гээд тойроод шороон замаар ороод буцаж эргээд явж байтал замын хажууд жалганд хичээл дээр зааж байсан сэтгэцэт нөлөөлөх ургамал гээд ургамал ургасан юм шиг байсан. Тэгэхээр нь би Г.С хамт бууж үзэж сонирхоод зургийг нь харж байсан учраас мөн юм болов гэ хоорондоо ярилцаж байгаад жоохоныг гялгар уутанд хийж авсан. Тэгээд ууттай ургамлаа машины хойд суудал дээр шидчихээд явж байгаад цагдаа зогсоохоор нь шалгуулсан...би АШУИС-д суралцаж байхдаа сэтгэц судлалын хичээл дээр үзэж байсан ба уг хичээл дээр зургийг нь харуулж байсан юм...ямар нэгэн тодорхой зорилгогүй хичээлд үзэж байгаад биетээр хараад сонирхоод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 тал/
  • Шүүгдэгч Г.С мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “би прокурорын тогтоол болон хэргийн зүйл ангитай танилцсан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн найз Ж.Т хамт Төв аймгийн Борнуур сумын Аглаг бүтээлийн хийд орохоор явсан боловч замаа олоогүй. Тэгээд Борнуур сум орж үзье гээд Борнуур сумын төв ороод засмал замаас гараад шороон замд орж хэсэг явж байгаад хурдаа хасаад явж байтал шороон замын хажууд жалганд каннабис өндөр ургачихсан байхаар нь сонирхоод хоорондоо ярилцаж байгаад жоохоныг гялгар уутанд хийж аваад шороон замаар явж байгаад бие засахаар машинаас буугаад байж байтал цагдаа ирж шалгаад бид хоёрыг саатуулсан...бид хоёр гялгар ууттай ургамлаа арын суудал дээр тавьсан байсан... би АШУИС-д суралцдаг, бид нарт сэтгэц судлалын хичээл дээр каннабас буюу өвс гэж ургамлын талаар мэддэг...ямар нэгэн зорилго байгаагүй, хичээлд үзэж байгаад биетээр хараад сонирхоод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Түүнчлэн уг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

             Шүүгдэгч Г.С, Ж.Т нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

            Монгол улсын Олон улсын гэрээнд зааснаар сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэт нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Г.С, Ж.Т нарыг бүлэглэн НҮБ-ын 1971 онд баталсан “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай “ конвенцийн жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, 78-31 УНЧ улсын дугаартай “Приүс-20" маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.С, Ж.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.С, Ж.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч нарт дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.С, Ж.Т нарын гэм буруутай үйлдлийн улмаас Үндсэн хуулиар баталгаажсан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолд хор уршиг, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, үндэсний аюулгүй байдал зэрэгт ноцтой хохирол, хор уршиг учирч болох байсан хэдий ч бүлэглэж үйлдсэн уг хууль бус шинжтэй, санаатай үйлдлийг тухайн ноцтой хохирол, хор уршигт хүргэх нөхцөлийг бий болголгүй таслан зогсоосон учир хохирол, хор уршиг бий болоогүй, тиймээс шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            -Улсын яллагчаас Г.С, Ж.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 2 жил 1 сарын хугацааагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,

            -Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж нь “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял хөнгөрүүлнэ. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдлыг харгалзана. Хөнгөрүүлэх 4 нөхцөлийг хуульчилсан. Хэдийгээр гэмт хэрэгт холбогдсон хэдий боловч цаашид нийгмээс тусгаарлах хуулийн зохицуулалт байхгүй. Нийгэмд ямар хор нөлөө үзүүүлж болохыг бүрэн судалж, бид нарын өсвөр үеийнхэн маань алдаж болно. Хар тамхи хэрэглэх сохирхолтой хүн биш. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөхдөө болоод их сургуульдаа манлайлан суралцаж байгааг анхаарч үзэх ёстой. Нийгэмд ямар хор нөлөө үзүүлж болохыг бүрэн судалсан байгаа нь нийгэмд маш их үр нөлөөтэй. Шүүгдэгч нар нь эмч мэргэжлээр сургуулиа төгссөн. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн хэрэглэж тэнсэж, 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэж өгөөч гэж хүсэж байна” гэх саналыг,

            - Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь  “Шүүгдэгч нарын эзэмшсэн эмч мэргэжил гэдэг нь онцлогтой мэргэжил. Хар тамхины сурталчилгаанд эмч хүний мэдлэг чухал нөлөөтэй. Эрүүл мэндэд ямар хор нөлөөтэй вэ гэдэг сургалт хийнэ. Нийгэмд асар том хөрөнгө оруулалт хийж байгаа. Хүүхдүүдийн хувьд ийм онцлог хүмүүжилтэй байна гэдгийг харж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзаж, хэд хэдэн үүрэг хүлээлгэж хязгаарлалат тогтоож болно гэсэн байгаа. Тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү” гэх саналыг,

            -иргэний нэхэмжлэгч Н.Тайванжаргал нь: “Хүүхдийнхээ өмнөөс ийм үйлдэл хийсэнд маш их харамсаж байна. Би ходоодны хорт хавдартай. Би хэдэн жил амьдрахаа ч мэдэхгүй айна. Аав нь 2 жилийн өмнө нас барсан. Энэ хүн хэзээ ч дахин энэ үйлдлийг давтахгүй. Ээж нь хэдэн жил ч амьдрах нь мэдэгдэхгүй. Энэ хүүхдүүд насаараа хар толботой амьдрах нь хэцүү байна. Төрийн минь сүлд өршөө гэж гуймаар байна. Аав нь нас барсан ч би эх хүн. Тэнсэн харгалзаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Г.С, Ж.Т нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Г.С, Ж.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Г.С нь Монгол Анагаах ухааны олон улсын Их сургуульд Уламжлалт анагаахын их эмчээр суралцдаг, Ж.Төгөлдөр нь Монгол Анагаах ухааны олон улсын Их сургуулийг Уламжлалт анагаахын их эмчээр төгсөж, мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байгаа, мөн шүүгдэгч Г.С, Ж.Т нар нь үйлдсэн гэмт хэргийн нийгэмд аюултай хор уршигийг ухамсарлан ойлгож, энэ байдалдаа дүгнэлт хийн Сэтгэцэд нөлөөт бодисын хор уршигийн талаарх өсвөр үеийн хүүхэд залуучуудад сургалт, хичээл заасан нь хэрэгт авагдсан зургийн нотлох баримтаар нотлогддож байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн....гэмт хэргээс урьдчилан сэргийлэх...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж шүүгдэгч Г.С, Ж.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох хохирол байхгүй тул шүүгдэгч Г.С, Ж.Т нараас гаргуулах хохиролын асуудал байхгүй байна.

 

            Бусад асуудлаар:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 уут 355 граммын ургамлыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг,

                 -шүүгдэгч Г.С, Ж.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 78-31 УНЧ улсын дугаартай “Приүс-20" маркийн тээврийн хэрэгсэл нь Н.Тайванжаргалын өмчлөл болох нь хэрэгт авагдсан 78-31 УНЧ улсын дугаартай “Приүс-20" маркийн тээврийн хэрэслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 39 тал/, иргэний нэхэмжлэгч Н.Тайванжаргалын “...78-31 УНЧ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлд байдаг...Ж.Т нь миний төрсөн хүү байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогддог бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.С, Ж.Т нарын НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис/ургамал/”-ыг 78-31 УНЧ улсын дугаартай “Приүс-20" маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан Н.Тайванжаргалын эзэмшлийн 78-31 УНЧ улсын дугаартай “Приүс-20" маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 4.600.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.С, Ж.Т нараас хувь тэнцүүлэн 2.300.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.С Ж.Т нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С Ж.Т нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус тус 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Г.С Ж.Т нарт тус тус үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Г.С, Ж.Т нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус сануулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.С, Ж.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Н.Тайванжаргалын эзэмшлийн 78-31 УНЧ улсын дугаартай “Приүс-20" маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 4.600.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.С, Ж.Т нараас хувь тэнцүүлэн 2.300.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.С, Ж.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

  1. Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 уут 355 граммын ургамлыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С Ж.Тнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  2. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Г.С, Ж.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА