Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/458

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Ц.Т /№0317/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урьдынхан овогт Э.Д холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймаг Тэлмэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Урьдынхан овогт Э.Д

 Холбогдсон хэргийн талаар: Э.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Д нь - 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 19А байрны 07 тоотод оршин суух хохирогч Э.Эийн гэрийн хаалганы түгжээг эвдэн, нэвтэрч “Тошиба” загварын 32 ичнийн зурагт, “Нокиа” загварын гар утас, “Сони Плэйстейшн” тоглуулагч зэргийг хулгайлж нийт 865.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51-53, 216-217х/, Хохирогч Э.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сараас Э.Д нь гэртээ харихгүй гээд граж дээр хонож өнжөөд байхаар нь би өрөвдөөд гэртээ авчирч 2 хүүхэд цэцэрлэгт нь хүргэж өгч, аваад явж бай гээд байлгасан юмаа. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн үед хамт ажилладаг Эрдэнэбаатарыг гэрт очоод 2 дүүгээ хараад хоол унд хийж өгөөд байж бай гээд явуулсан юм. Тэгтэл Эрдэнэбаатар надруу яриад танайх зурагтаа яацын гээд залгахаар нь би байсан ш дээ гэтэл алга байна танайд хулгай орсон юм биш үү цагдаа дуудах уу гэхээр нь тэг тэг гээд би 00 цагийн үед гэртээ иртэл 42 инчийн “тошиба” маркийн LCD дэлгэцтэй өнгөт телевизор, “Nokia” маркийн товчлууртай гар утас, “Плейстейшн2” нэртэй видео тоглоом алга болсон байсан, ...Би хэнтэй орсоныг мэдэхгүй байна 5 настай хүү Э.Дг ганцаараа орж ирсэн гэж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 106х/, гэрч Б.Батжаргал /1хх-ийн 107х/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 121х/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 103х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 104х/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 96х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, - 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хандгайтын 14-192 тоот хохирогч Ч.Бгийн эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Монел” маркийн 32 инчийн зурагт хулгайлж нийт 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 51-53, 216-217х/ Хохирогч Ч.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 21-ний өглөө би өөрийн нөхрийн ажилдаа гараад явсан бөгөөд орой ажлаасаа ирэхэд манай гэрийн үүдний таамбар онгорхой, гэрийн хаалганы үүд ман адил онгойсон, гэр дотроос 32 инчийн Монел загварын зурагт, суурин компьютер зэрэг эд зүйлийг хулгайлж аваад явсан байсан. Тэгээд цагдаагийн ажилтнууд үзлэг шалгалт хийгээд явсан, би манай гэрээс эд зүйл хулгайлсан хүнийг миний төрсөн хүү Д гэж сэжиглэж энэ талаар цагдаад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5- 8х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 13х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, - 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 14-310 тоот хохирогч Г.Гын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Самсунг” маркийн 32 инчийн зурагт хулгайлж нийт 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 51-53, 216-217х/, Хохирогч Г.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр би Архангай аймгаас гэртээ ирээд галаа түлчихээд хадам аав Бүрэнтуяагийн гэр болох манайхаас 3 гудамжны наана байх гэрт нь байж байтал манай хажуу талд байх Бүрэнбадрал нь надруу залгаад манайх, танайх хоёрт хулгай орсон байна гэж утсаар яриад гэртээ ирэхэд монгол гэрийн үүдний таамбарын цоожийг лантуугаар цохичихсон байхаар нь цагдаа руу дуудлага өгчихөөд цагдаа нар ирсэний дараа гэрлүүгээ ороход манай гэрийн хойморт байх 32 инчийн “Самсунг” загварын Эл си ди зурагт алга болсон байсан. Тэгээд цагдаагийн ажилтнууд ирээд үзлэг шалгалт хийгээд явсан. Тэр өдрийн маргааш нь манай охин гар утсаа хайгаад олохгүй байсан уг гар утас нь “могул” загварын гар утас байсан. Манай гэрээс эд зүйлс хулгайлсан гэх хүнийг манай эхнэрийн ах Жаргалсайхан гэх хүнтэй найз нөхдийн харилцаатай болсон Төмөрбаатарын сүүлд суусан эхнэр Бгийн хүү Дг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38х/. хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 29- 32х/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36х/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 28х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, - 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 13-341 a тоот хохирогч Г.Зын гэрийн хаалганы түгжээг эвдэн орон байранд нь нэвтэрч “Эл Жи” маркийн 55 инчийн зурагтыг хулгайлж нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 51-53, 216-217х/ Хохирогч Г.Зын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цаг 40 минутанд орчим эхнэр М, хоёр хүү, Г нарын хамтаар машинтайгаа ажлаар гараад явсан юм. Тухайн үед манай гэрт хүн үлдээгүй бөгөөд гэрээ цоожлоод гараад явсан. Орой 19 цагийн орчим дүү Мөнхбаатар надруу гар утсаараа залгаад "би танай гэрт иртэл танай гэрийн хаалга цоожгүй байна, хүн байгаа юм байх гэж бодоод онгойлготол гэр дотор байсан зурагт байхгүй болхоор нь буцаагаад хаачихлаа" гэж хэлсэн. Үүнийг сонсоод эхнэр М бид хоёр гэрлүүгээ явсан ба замдаа цагдаад дуудлага өгсөн. Гэрийнхээ гадна ирээд байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд шалгасны дараа гэрлүүгээ орж эд зүйлсээ шалгаж үзэхэд 2014 онд АНУ-аас бэлэг болгож явуулсан 55 инчийн Эл Жи маркийн смарт Лед телевизор хулгайлагдсан байсан юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 139х/ гэрч Д.Г /1хх-ийн 140х/, Ч.М /1хх-ийн 141х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 133-135х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 147х/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 131х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, - 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 2-362 тоот хохирогч М.Эийн өвлийн сууцны хаалганы түгжээг эвдэн нэвтэрч “Ти Си Эл” маркийн 48 инчийн зурагт, мужааны багаж зэргийг хулгайлж нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 51-53, 216-217х/, Хохирогч М.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би нөхөр Ж.Оын хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Булгийн 0 дугаар гудамжны 000 тоотод амьдардаг юм. Тэгтэл 2017 оны 5 дугаар сарын 05-ны өглөөний 08 цаг өнгөрч байхад байшингаа хаалгаа ил цоожоор цоожлоод нөхөр бид хоёр гарсан юм тэгээд гадуур ажил төрөл хөөцөлдөж явж байгаад 13 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл манай байшингийн хаалганы цоож байхгүй байхаар нь би гэртээ нөхрийгөө ирсэн юм байх гэж бодоод ортол манай гэрт хулгайч ороод эхлээд харахад лав зурагт алдагдсан байсан болохоор шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд удалгүй цагдаагийн бүрэлдэхүүн ирж манай гэрт үзлэг шалгалт хийсэний дараа гэрийнхээ эд хогшилийг бүртгээд үзэхэд “ТСЛ” брендийн 48 инчийн ЛСД зурагт, жижиг өрөөнд байсан КЕН брендийн цохилттой дрилл, цахилгаан хөрөө, шруп мастер зэрэг эд зүйлс алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 87-89х/ хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх-ийн 73-76х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 79х/, эд хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 91х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 91х/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 72х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, - 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 18-26 б тоотод оршин суух хохирогч Ө.Агийн гэрийн хаалганы түгжээг эвдэн нэвтэрч 32 ичнийн зурагт, 1 хос мөнгөн ээмэг, мөнгөн бөгж зэргийг хулгайлж нийт 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 51-53, 216-217х/, Хохирогч Ө.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 09 цаг 50 минутын үед эхнэр Б, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо зүүн нарангийн 00-000 тоотод байрлах гэрээсээ гарсан. Тэгээд ажилтай явж байгаад 15:50 минутанд гэртээ 2 хүүхдийн хамт ирэхэд манай монгол гэрийн урд байрлах амбаарны модон ханыг эвдэлж онгойлгоод дотогш хулгайч орсон байхаар нь гэртээ ороод үзэхэд манай гэрийн 32 инчийн ЛЕД зурагт байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /1ххийн 173-175х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 165-166х/, мөрдөгчийн магадлагаа /1хх-ийн 176х/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 183х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 184х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч Э.Д нь 6 удаагийн үйлдлээр хүний байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлийг хулгайлан бусдад нийт 4.045.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Э.Дд ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эд зүйлийг нь хохирогч нарт буцаан өгч бусдад учруулсан хохирлынхоо заримыг нь төлж барагдуулсан, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Э.Д нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 4.045.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба үүнээс хохирогч Э.Эт учруулсан 865.000 төгрөгийн хохиролоос 150.000 төгрөгөөр үнэлэгдсэн бугуйн цагаас /1хх-ийн 121х/ бусад эд зүйлийг нь хохирогчид буцаан өгсөн /1хх-ийн 103х/, хохирогч Ч.Б нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илрхийлсэн /1хх-ийн 240х/, хохирогч Г.Гад учирсан 300.000 төгрөгийн хохирол огт төлөгдөөгүй, хохирогч Г.Зад учирсан 1.200.000 төгрөгийн хохирол огт төлөөгдөөгүй, хохирогч М.Эөд учирсан 1.000.000 төгрөгийн хохиролоос 200.000 төгрөгөөр үнэлэгдсэн /1хх-ийн 79х/ дрилл, хөрөө, шруп мастераас бусад эд зүйлийг буцаан өгсөн /1хх-ийн 91х/, хохирогч Ө.Ад учирсан хохиролыг бүгдийг төлж барагдуулсан /1хх-ийн 184х/, иргэний нэхэмжлэгч М.Ц нийт 370.000 төгрөг нэхэмжилж байгаа /1хх-ийн 181-182х/ зэргийг үндэслэн шүүгдэгчээс нийт 2.220.000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт оногдох хувиар нь олгох нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Урьдынхан овогт Э.Дг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Дд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Дгийн цагдан хоригдсон нийт 135 /нэг зуун гучин тав/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дгээс нийт 2.220.000 /хоёр сая хоёр зуун хорин мянга/ төгрөг гаргуулан, хохирогч Г.Гад 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, хохирогч М.Эөд 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, хохирогч Э.Эт 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Г.Зад 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Цд 370.000 /гурван зуун далан мянга/ төгрөг тус тус олгосугай. 6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.БАТГЭРЭЛ